Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 485

 

Б.Э-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар магадлалтай, Б.Э-д холбогдох 1930001330096 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэг хариуцах чадвартай, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар  540,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан Б овогт Б-ийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах”, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Э-ыг мал хулгайлах, мөнгө угаах гэмт гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох З.Гуамаралын эзэмшлийн “Тоёота приус” загварын 88-50 улсын дугаартай машиныг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэн гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Э нь өөрийн эцэг И.Б-той бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Д.Т-ын нэг үхрийг хулгайлж түүнд 1,800,000 төгрөг, мөн сарын 06-ны шөнө Э.Д-ийн нэг адууг хулгайлж түүнд 518,000 төгрөгийн хохирлыг үргэлжилсэн үйлдлээр учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч И.Б, Э.Э, Д.Х, Ц.О, хохирогч Э.Д, Д.Т, яллагдагч Б.Э нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна. Гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээс үзэхэд Б.Э- нь хохирогч Д.Т-ын нэг үхэр, Э.Д-ийн нэг адууг И.Б-ийн хамт бүлэглэн хулгайлахад идэвхтэй, биечлэн оролцож, өөрөө адууг хаана байгааг заан өгч, эхнэрийнхээ эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн өөрөө борлуулж мөнгийг өөрийн дансандаа авч ашигласан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн эдгээр мэдүүлгүүдийг хэрхэн, яаж ойлгоод тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Б.Э-ы эцэг И.Б-той бүлэглэн Д.Т, Э.Д нарын үхэр, адууг хулгайлсан үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинж нь хулгайн үйлдэлд ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй, зөвхөн хулгайн гэмт хэргийн улмаас олсон мөнгө орлого гэдгийг мэдэж авсан байдаг. Шүүх Б.Э-ыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна түүний үйлдэлд мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг буруу тайлбарлан хэрэглэж Б.Э-ы хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эхнэр З.Г-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл “Тоёото приус” загварын 88-50 СҮА дугаартай машиныг хурааж улсын орлого болгожээ. Гэтэл Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-т хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж заасан. Энэ хэрэгт хохирогч Д.Т-т учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч Э.Дүүрэнбилэг нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж мэдүүлсэн бөгөөд хэрэг шалгах ажиллагааны зардал гэж тооцож нэхэмжилсэн зүйл байхгүй байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар заасан байхад Г-ын машиныг хураасан нь үндэслэлгүй байна. Автомашиныг Г-д олгож, хохирол болох хэрэг шалгах ажиллагаатай холбогдох төлөх төлбөр зардал байвал гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн И.Б, Б.Э нараар хуваан төлүүлэх бөгөөд И.Б нас барсан тул шүүгдэгч өөрт оногдох хэсгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Б.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ш.Одонсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э нь хоёр удаа гэмт хэрэг үйлдсэн, тусдаа бие даасан гэмт хэргүүд. Эцэгтэйгээ хамтран мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгон хураахаар заасан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Э нь И.Б-той бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хавцгайтын булаг” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн Д.Т-ын нэг тооны үхрийг хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн И.Бямбадоржийн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон адууны мах гэдгийг мэдсээр байж, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Э.Э-д өгч 518,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч ашигласан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э-ы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн мал хулгайлах, мөнгө угаах гэмт гэмт хэргүүдийг  үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал Б.Э нь Баян-Өлзийтийн худгийн баруун урд гүү сарваа хоёр хэвтчихсэн байсан болохыг эцэг И.Б-д хэлснээр эцэг нь “Тоёота Приус” загварын 88-50 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ уг  газарт ирж гүүг нядалж, улмаар машинаар тээвэрлэн ирж байх замдаа машиныхаа дугуй нь хагарч, цаашаа явах боломжгүй болсон үед Б.Э нь домкрат авчирч өгөхдөө түүний энэхүү үйлдлийг мэдсэн атлаа гүүний махыг бусдад 518,000 төгрөгөөр хамт зарж борлуулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл И.Бямбадорж нь гүүг нядалж, улмаар машин механизм ашиглаж тээвэрлэснээр энэхүү хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдож буй бөгөөд харин Б.Э нь энэ гэмт хэрэг үйлдэгдсэний дараа гүүний махыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулах ажиллагаанд нэгдсэнээс гадна олсон мөнгөө өөрийн дансаараа дамжуулан авсан түүний үйлдлийг мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Э нь И.Б-той бүлэглэн иргэн Д.Т-ын нэг тооны үхрийг хулгайлахдаа өөрийн эхнэр З.Гуамаралын эзэмшлийн “Тоёота приус” загварын 88-50 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан нь тогтоогдсон тул анхан шатны шүүх уг тээврийн хэрэгслийн үнэ болох 4,120,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт  хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан билээ.

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд  тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН