Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 92

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн 1830001330096 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан Б.Э.

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 Шүүгдэгч Б.Э нь И.Бтой бүлэглэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө иргэн Д.Тын 1 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан, - мөн иргэн И.Бийн хулгайлсан 1 тооны адууны махыг хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 2019 оны 03 дугаар сарын 06- ны өдөр малын ченжид тушааж мөнгийг нь дансаараа шилжүүлэн авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: -

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би айлын нэг тооны үхрийг махны ченжид өгсөн. Гарсан хохирол 1800000 төгрөгийг үхрийн эзэнд өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Аавын янзалж ирсэн адууны мөнгийг өөрийнхөө дансаар авч ашигласан хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв. Хохирогч Д.Тын “...2019 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас улаан зүсмийн, далиу эвэртэй, зүүн чих араас ганзага, баруун чих урдаас ганзага имтэй соёолон насны эр үхэр алдсан. Надад Б.Э нь үхрийн хохирол болох 1.800.000 төгрөгийг өгсөн тул надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10/ ,

 Гэрч Д.Хийн “...2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн орчимд миний өөрийн 96518070 гэсэн дугаарын утас руу дугаарыг нь мартчихсан байна нэг танихгүй утаснаас залгаад “үхрийн мах хэдээр авч байгаа юм” гэхээр нь 5000-6000 мянгын хооронд авч байна гэсэн юм. Тэгээд нэг хэсэг алга болж байгаад 17 цагийн үед Жишиг хорооллын 1-4 тоотод хүрээд ир гэхээр нь Эрдэнэчимэг гэж хүнтэй хамт очиж үхрийн махыг нь хиллэж 1 килограммыг нь 5.500 төгрөгөөр бодоод 220 килограмм мах 1.210.000 төгрөгөөр авсан. Тэгээд уг махаа “Тансаг” зоогийн газарт 1 килограммыг нь 6.700 төгрөгөөр бодож нийт 225 килограмм мах 1.507.500 төгрөгөөр зарсан. Энэ махнаас би 290.000 төгрөгийн ашиг олсон. Би хулгайн мах гэж мэдээгүй. Өөрөө гэрээсээ авч ирсэн гэж надад хэлж байсан болохоор худалдаж авсан. Хулгайн мах гэж мэдсэн бол авахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

Гэрч Ц.Оын “...Би өөрөө “Тансаг” зоогийн газарт нярав ажилтай хүн байгаа юм. 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр арьсны ченж Хэрлэнчимэг гэж хүнээс 225 килограмм жинтэй үхрийн мах 1 килограммыг нь 6700 төгрөгөөр бодож нийт 1.507.500 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, Хохирогч Э.Дүүрэнбилэгийн “... 2019 оны 03 дугаар сарын 03-ны өглөө би адуугаа хураахад манай хонгор халзан гүү, унагатайгаа байхгүй байсан. Ер нь жаахан ядарсан байсан. Би тэр өдрөө болон маргааш нь унагатай гүүгээ хайгаад олохгүй байсан. Ер нь бол үхсэн байх гэж бодож байсан. Харин цагдаагийн байгууллагаас дуудаж үхсэн адууны толгой үзүүлсэн. Манай хонгор халзан гүү мөн байсан. Сартай хонгор халзан гүү 8 настай. Миний хонгор халзан гүү сарваа нь хөхөөд жаахан ядруухан байсан. Би үхсэн байх гэж бодож байсан. Махны хамгийн бага үнээр бодож 500.000 төгрөгөөр үнэлнэ. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

Гэрч И.Бийн “...Би 2019 оны 03 дугаар сарын 05-ны орой аймгийн төвд Жишиг хороололд 1-4 тоотод гэртээ байхад манай хүү Энхтайван Баян-Өлзийт рүү хөдөө яваад ирэхдээ Баян-Өлзийтийн худгийн баруун урд дор гүү сарваа хоёр хэвтчихсэн байна гэж хэлж ирсэн юм. Тэгэхээр нь би хүүгээсээ үхсэн байна уу гэж асуухад үхээгүй байна лээ гэж хэлсэн. Тэгээд би хүүгээ 13 дугаар дэлгүүрийн ойролцоо байдаг гэр лүү нь буулгаж өгөөд аав нь өнөө орой машинаар чинь аймаг дотор таксинд явъя гэж хэлээд приус маркийн 88-50 СҮА дугаартай машиныг нь авсан юм. Тэгээд машинаар нь урд талын “НИК” шатахуун түгээх станцаас 20.000 төгрөгөөр бензин аваад шууд хүүгийн хэлсэн нөгөө адуу байгаа гэсэн газар луу 22 цагийн үед гарч явсан юм. Тэгээд адуу байгаа газарт очиход хонгор халзан зүсмийн гүү хэвтэж байсан. Тэгээд би уг гүүг шууд цусалж амь тавиулаад өвчиж янзлаад мах, арьс, толгой, шийр гэдсийг нь бүгдийг авч аймаг руу хөдөлсөн юм. Тэгээд Энх-Амарын замаар явж байгаад зүүн тийшээ Төмөртэйн зам руу эргэж яваад аймаг руу зүүн хойд талаас орж ирээд Бүжин цех дээр очиход нэг залуу байсан. Тэр залууд хэмжүүлээд махаа арьстай нь өгсөн. Толгой, шийр, гэдсээ Энх-Амараас зүүн тийшээ төв замаас салаад бүдэг замаар явж байгаад буулгаж хаясан. Махаа өгчихөөд гэртээ ирээд удаагүй байхад цагдаа манай гэр лүү орж ирсэн. Би тэр адууг хэнийх гэдгийг нь мэдэхгүй. Ашиг олох зорилгоор ядраад хэвтсэн адууг нядалж авч ирсэн юм. Хонгор халзан гүү байсан. Тамгыг нь хараагүй. Бүжин цехийн залуу хэлэхдээ 120 кг хүрэхгүй бол 4.800 төгрөгөөр авч байгаа гэсэн. Миний авч ирсэн гүүний мах 109 кг татаж байна гэсэн чинь дансаар араас чинь хийнэ гэхээр нь хүү Энхтайвангийн дансыг өгсөн. Би адуу нядлахаа явахдаа ганцаараа явсан юм тэгээд ирж яваад аймагт ойрхон ирээд машины дугуй хагарч өргөх данхраад байхгүй хүү Энхтайванг дуудсан юм. Тэгээд бид мах өгөхдөө цуг явж махаа өгсөн. Манай хүү намайг та яаж байгаа юм бэ гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би аав нь мөнгө төгрөггүй хэцүү байна. Нэгэнт хийчихсэн юмыг яах вэ дээ гэж хэлээд хүүгээ ятгаад бид 2 цуг явж мах өгсөн юм. Хүний адуу хулгайлсан энэ үйлдэл нь миний буруу би гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

Гэрч Э.Эийн “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 09 цагт ажил дээрээ очоод байж байхад Энхтайван гэдэг хүн өөрөөсөө ахимаг насны нэг ахтай хамт цагаан өнгийн Приус 11 маркийн автомашинтай ирээд адууны мах авах уу гэхээр нь авч байна гээд махыг нь үзэхэд 109 кг болж байсан. Тэр үед би адууных нь толгойг асуухад Энхтайвантай явж байсан ах тэр адууны толгой нь байхгүй гэж хэлсэн. Тэгээд л би уг адууны махыг нэг кг-ийг нь 4.600 төгрөгөөр бодож адууны арьстай нь хамт 518.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод Энхтайван гэдэг хүнээс дансаа өгөөрэй гэхэд тэрээр 5644222856 дугаарын данс өгөхөд нь компанийн захирал болох Буяндалайн Энхцэцэг рүү мессеж илгээн уг 518.000 төгрөгийг Б.Энхцэцэг захирал уг данс руу шилжүүлсэн юм...Энэ хүнтэй төрөл садангийн холбоо байхгүй. Урьд өмнө Энхтайван болон түүнтэй хамт явсан хүн манайд ямар ч мал, мах өгч байгаагүй” гэх мэдүүлэг /ххийн 51/,

Яллагдагч Б.Эы “...2019 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас 30 гаран тооны үхэр дотроос улаан зүсмийн соёолон эр үхрийг бэлчээр дээр нь өөрийн талийгаач эцэг Бямбадоржийн хамт нядлаад, 88-50 СҮА улсын дугаартай приус11 маркийн автомашинаар ачиж ирсэн. Тэгээд махны ченж Хэрлэнчимэг гэж хүнд 1.210.000 төгрөгөөр зарж борлуулсан. Манай аав И.Б 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өвчний улмаас Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэгт нас барсан. Хохирогч Д.Тт үхрийн үнэ болох 1.800.000 төгрөгийг нь өгч хохирлыг барагдуулсан. Хулгай хийсэндээ их гэмшиж байна. ...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хөдөө адуундаа явчихаад ирсэн. Ирээд аавтайгаа юм ярьж байгаад Баян-Өлзтийтэд гүү, даага 2 худгийн баруун урд талд хэвтсэн байна гэж хэлсэн. Тэгтэл аав манай машинаар тэр хэвтсэн гүүг шөнө яваад ажилласан байсан. Тэгээд ирэх замдаа аймгаас хойш 4 километрт дугуй нь хагарсан данхраад байхгүй гэж аав над руу утсаар залгасан. Би зам дээрээс такси аваад аавд данхраад аваачиж өгсөн. Тэр үед би миний ярьсан гүүг ажиллаж ирснийг мэдсэн. Тэгээд аав бид 2 хамт явж “Бүжин” цехэд адууны махаа өгсөн. Махны мөнгийг би өөрийн 5644222856 тоот дансаар 518.000 төгрөг шилжүүлж аваад аавдаа өгсөн. Аав өөрийн гэсэн дансгүй юм. Би аавыг ачаад ирсэн хойно нь хулгайн адуу гэдгийг мэдсэн. Би өөрийн дансаараа хулгайн адууны мөнгийг шилжүүлж авсан. Нэгэнт хулгай хийгээд аваад ирсэн болохоор малын ченжид өгч мөнгө болгосон. Машины мотор засуулаад хөлсийг нь өгөөгүй, мөнгө хэрэгтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 03, 06 /

 Шүүгдэгч Б.Эы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/

Сүхбаатар аймгийн Уулбаян суман дахь эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 40-41/

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн засаг даргаар 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/281 дугаартай тодорхойлолт /хх-ийн 23/

И.Бийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 73/

Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын газрын 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 5/18 тоот тогтоол


Шүүгдэгч Б.Э нь И.Бтой бүлэглэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө иргэн Д.Тын 1 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, мөн И.Бийн хулгайлсан 1 тооны адууны махыг хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр малын ченжид тушааж мөнгийг нь дансаараа шилжүүлэн авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Б.Эы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Т, Э.Дүүрэнбилэг гэрч Д.Х, Ц.О, И.Б, Э.Э нарын мэдүүлгүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна

. Шүүгдэгч Б.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Эгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Б.Эг мал хулгайлах, мөнгө угаах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, шунахай сэдэлтээр, бусдын мал хулгайлж бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан, мөн И.Бийн хулгайлсан 1 тооны адууны махыг хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр малын ченжид тушааж мөнгийг нь дансаараа шилжүүлэн авч ашигласан байна.

 Шүүгдэгч Б.Эд ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд, хулгайн гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн нь мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эы хувийн байдал, хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулж , эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн улсын яллагчийн сонсгож байгаа хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: 2015 оны эрүүгийн хуульд хорих ял оногдуулж тэнсэнэ гэсэн ойлголт, хуулийн заалт байхгүй бөгөөд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл тэнсэж болно гэж заасан бөгөөд тухайн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-т Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй гэж зааснаас үзэхэд шүүгдэгч Энхтайванд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

Учир нь: Шүүгдэгч Б.Эы үйлдсэн хэрэг нь хэдийгээр эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн боловч шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул мөн хуулийн 7.1-р зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Т, Э.Дүүрэнбилэг нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.Эы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох З.Гуамаралын эзэмшлийн Тоёото приус маркийн 88-50 СҮА улсын дугаартай 4120000 төгрөгөөр үнэлэгдсэн тэдний дундын өмч болох машиныг хурааж улсын орлого болгох, тогтоол гүйцэтгэлийн ажиллагаа хийгдтэл хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5/08 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.

Шүүгдэгч Б.Эыг мал хулгайлах, мөнгө угаах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох З.Гуамаралын эзэмшлийн Тоёото приус маркийн 88-50 СҮА улсын дугаартай машиныг хурааж улсын орлого болгосугай.

6. Тогтоол гүйцэтгэлийн ажиллагаа хийгдтэл хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5/08 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай

8. Ялтан Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хохирогч Д.Тт учирсан хохирол 1800000 төгрөг нөхөн төлөгдсөн, хохирогч Э.Дүүрэнбилэг хохирол нэхэмжлээүй, хохирогч нар гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.



ДАРГАЛАГЧ                 СУГАР