Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01369

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Сагийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 183/ШШ2021/01428 дугаар шийдвэртэй, Ц.Сагийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох, 12 м.кв талбай бүхий автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх баримтыг гаргаж өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Са нь 2004 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Э” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 102 дугаар байрны 5 тоот хаягт орших 62.40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 21,000,000 төгрөгөөр, мөн хаягт харьяалагдах 12 тоот, 12 м.кв талбай бүхий автомашины дулаан зогсоолыг 2004 оны 05 дугаар сарын 11-нд 2,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан.

Тухайн үед тус байрны захиалагч нар нэгдсэн журмаар хүлээж байгаад 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан бөгөөд автомашины дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч тус бүр өөрсдөө гаргуулан авч байсан. Энэ үед нэхэмжлэгч нь голдуу хөдөө явдаг ажилд орсноор автомашины дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг хөөцөлдөн гаргуулж авах завгүй болж улмаар мартагдсан. Ингээд 2020 оны сүүлчээс эхлэн автомашины дулаан зогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авахаар хөөцөлдөхөд улсын бүртгэлийн байгууллагаас “Э”ХХК-иас төлбөр тооцоо дууссан эсэх талаар бичиг авч ир гэсэн.

Улсын бүртгэлийн байгууллагын шаардлагын дагуу “Э”ХХК-тай уулзахад “...2004 оны санхүүгийн тооцоо шүүж шалгах боломжгүй. Архивын хуулийн хугацаа дууссан” гэдэг хариу өгсөн.

Ц.Сагийн өөрийн хариуцлагагүй үйлдлээс олон жилийн хугацаа өнгөрөхөд хүргэсэн боловч төлбөр нь бүрэн төлөгдсөн, 16 жилийн турш ямар нэгэн өмчийн маргаангүйгээр өмчилж ирсэн өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлж чадахгүй хохирч байна.

Иймд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102, 103 дугаар байрны доор байрлах 12 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбай бүхий автомашины дулаан зогсоолыг Ц.Сагийн өмч мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх бичгийг “Э”ХХК-аас гаргуулж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “Э” ХХК нь Ц.Сатай автомашины дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан шаардлагыг зөрчиж буюу гэрээг бичгээр үйлдэх, нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг зөрчиж байгуулсан.

Зохигчид хуульд заасан хэлбэр, шаардлагыг зөрчиж, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан тул “Э” ХХК-ийн зүгээс автомашины дулааны зогсоолыг Ц.Сад гаргаж өгөх үүрэг үүсэхгүй. Иймд манай компаниас авто зогсоолыг 2,000,000 төгрөгөөр худалдсан, худалдах хүсэл сонирхол байгаа эсэх нь харагдахгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн ерөнхий арван жилийн хугацаа тус тус дуусгавар болсон.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 112.1 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102, 103 дугаар байрны доор байрлах 12 тоот хаягт байршилтай 12 м.кв талбай бүхий автомашины дулааны зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц.Саг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх бичгийг хариуцагч “Э”ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Ц.Сад олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 117,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Сад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 “Э” ХХК нь Ц.Сатай орон сууц худалдах худалдан авах гэрээг 2004 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд тус гэрээнээс өөр гэрээг Ц.Сатай байгуулаагүй буюу автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс талуудын хооронд автомашины зогсоол худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээг амаар байгуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Автомашины дулаан зогсоол нь үл хөдлөх эд хөрөнгө тул талуудын хооронд байгуулагдаж буй хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байсан боловч шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

“Э” ХХК нь тус авто зогсоолыг 2 000 000 төгрөгөөр худалдах хүсэл зориг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа бөгөөд тухайн үед тус авто зогсоолыг өөр үнийн дүнгээр зарж байх боломжтойгоос гадна анхан шатны шүүх дээрх 2 000 000 төгрөгийг автомашины зогсоолын төлбөр гэж хэт нэг талыг барьсан нотлох баримтгүй хийсвэр дүгнэлт хийсэн.

Иймд талуудын хооронд автомашины дулаан зогсоол худалдан худалдан авах хэлцэл байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүх хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг ноцтой зөрчиж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Ц.Са болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөгийг “Э” ХХК-руу шилжүүлж, тус өдөр амаар автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлан, шүүх тус тус тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэн 2004 оны 05 дугаар сарын 11-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч Ц.Са нь 2004 оны 05 дугаар сарын 11-ны өдөр автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол тус өдрөөс хойш ганц ч удаа “Э” ХХК-иас автомашины зогсоолын гэрчилгээ гаргаж өгөхийг шаардаагүй бөгөөд 17 жилийн дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Э” ХХК-д гэрчилгээтэй холбоотой хүсэлт тавьсан байдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Са хуулиар тогтоосон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг ноцтой зөрчиж, 17 жилийн дараа “Э” ХХК-д хүсэлт гаргаж, 18 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуульд заагдсан хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг илт зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шаардах эрхтэй гэж үзэж байгаа нь хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Са нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102, 103 дугаар байрны доор байрлах 12 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбай бүхий автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх баримтыг гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.Са нь “Э” ХХК-д 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөгийг төлсөн, “Э” ХХК нь бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж уг мөнгөн хөрөнгийг хүлээн авахдаа гүйлгээний утгыг “байрны төлбөрт /граж/” гэж тодорхойлсон байна. Худалдан авагч нь гараашийг 2004 оноос хойш эзэмшиж байгаа талаар талууд маргаагүй. Иймд талуудын хооронд гарааш, худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. Уг үүргийн хэлцлийн хүрээнд худалдан авагч төлбөрийг төлсөн, худалдагч эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлсэн, харин өмчлөлийг шилжүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнийг төлсөн худалдан авагч нь үнийг төлснөөр уг эд хөрөнгийн өмчлөгч болсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг талууд бичгээр байгуулах учиртай бөгөөд худалдагч тал худалдан авагчийн төлсөн төлбөрийг хүлээн авсан атлаа өөрийн зүгээс гэрээ байгуулах үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн хэлцлийн үндсэн дээр үнийг төлсөн худалдан авагчийг буруутгах боломжгүй юм.

 

Худалдан авагч буюу нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг байгуулахыг шаардах эрхтэй ба уг шаардах эрхийг хэрэгжүүлэхдээ тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор тодорхойлж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсчээ. Иймд анхан шатны шүүх худалдан авагч Ц.Саг автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Ц.Сүнжилмаа нь 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гараашийн үнийг төлсөн өмчлөгч тул өмчлөгчийн хувьд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хэзээд ч шаардах эрхтэй. Учир нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн эрх нь туйлын эрх тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 183/ШШ2021/01428 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА