Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01382

 

 

 

 

 

                                      Р.Тын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/01347 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Тын хариуцагч М.Гд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.Гтай Жи тайм компанид танилцаж, 2016 онд 2 155 400 төгрөг зээлдүүлж буцаагаад авсан. М.Г 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр 100 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 16 900 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийг Р.Таас авч, сарын дотор буцааж өгнө гэсэн.  Уг мөнгийг н.Гэрэлбатын цалин буухаар буцааж өгнө гэдэг боловч буцааж өгөөгүй. Зээлээ төлөхгүй алга болсон тул Баянгол дүүргийн шүүхээр эрэн сурвалжлуулж хаягийг тодруулсан. 35 717 400 төгрөг нэхэмжилсэн боловч  зээлийн хүүд тооцсон 17 717 400 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээл 18 000 000 төгрөгөө нэхэмжилж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдсан. Жи тайм сүлжээний эрүүгийн хэрэг 2017 оны 2 сараас эхлэн шалгагдсан бөгөөд энэ үед М.Г хохирогчоор оролцоход нэхэмжлэгч уулзаж, утсаар ярьж мөнгөө шаардаж байсан. Мөн Д.Ахариуцагчтай биечлэн уулзах, утсаар ярих зэргээр холбогдож байсан гэжээ.  

 Хариуцагчийн тайлбарт: 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 16 900 000 төгрөг авахдаа “Жи тайм корпораци” ХХК-ийн Р.Тын доод суудалд орж ажиллаж, Р.Тыг шар матрицийн орой дээр суудалтай болгож өгсөн тул үр дүнд нь “Житайм корпораци” ХХК-аас олгосон цалин байсан. М.Г нь Р.Тын суудлыг шар матрицийн орой дээрх суудал болгохын тулд доороо 32 хүнийг элсүүлэн ажиллуулсан. Үүний дүнд 16 900 000 төгрөгийг авсан. Уг мөнгийг авахдаа шат матрицийн суудалд Г.Тэргэл нэртэй хариуцагчийн нөхөр болох Г.Гэрэлбатын нэр дээр суудал үүсгэсэн байсан, улмаар уг суудлын цалинг буухад мөнгийг нь Р.Тт өгөхөөр тохиролцсон. Хариуцагч Р.Таас авсан 16 900 000 төгрөгийг “Житайм корпораци” ХХК-ийн дансанд 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 11 550 700 төгрөгийг Л.Батсүрэнгээр, 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 3 050 000 төгрөгийг Т.Батцэцэгийн нэрээр, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 2 293 000 төгрөгийг нөхөр Г.Гэрэлбатын нэрээр нийт 16 893 700 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дүнд Г.Гэрэлбатын шар матрицийн суудлын цалин олгогдон уг мөнгөнөөс Р.Тт олгохоор тохиролцсон. Гэтэл “Жи тайм корпораци” ХХК 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс дампуурч, эрүүгийн журмаар шалгагдаж одоог хүртэл хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй. М.Г тус хэргийн улмаас хохирсон иргэдийн нэг юм. Мөн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ггаас зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Тт олгож, нэхэмжлэгч Р.Тын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 336 537 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Ггаас улсын тэмдэгтийн хураамжинд 247 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Тт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нийт 3 удаагийн гүйлгээгээр 18 000 000 төгрөг зээлдүүлсэн. Шүүх зээлийн гэрээний үүрэг биелүүлэх хугацаа, зээлдэгчийн эрх ашиг хэзээ, хэрхэн зөрчигдсөн болон зээлийн гэрээний үүргийн биелэлтийн шаардах эрхээ хэрэгжүүлсэн талаар буюу маргааныг шүүхээр шийдвэрлэх хуулийн заалтыг хэрэглэсэн эсэх, гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хэрхэн тасалдсан зэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Зээлийн гэрээний нөхцөл нь хариуцагч М.Ггийн нөхөр н.ГЖи тайм сүлжээний шар матрицийн суудал ахиулах зорилготой байсан ба уг суудлын цалинг ороход Р.Тт мөнгийг буцааж өгөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээ 1 сарын хугацаатай байгуулагдсан талаар талууд маргаагүй.  2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс зээлийн гэрээний хугацааг тооцоход гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэх бөгөөд нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасныг шаардах эрхээ хэрэгжүүлсэн хугацаа гэж үзнэ. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М.Гг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан. Шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэдэг нь хугацааг тасалдуулахад хүргэсэн нөхцөл байдал болохоос өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр дахин шинээр тоолох юм.  2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бичсэн гэх баримтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Тухайн бичвэрийг хариуцагчийн зүгээс анх зээл авахдаа бичиж өгч байсан гэж тайлбарладаг бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бичсэн байдаг. Энэ нь зээлийн гэрээ байгуулсны дараа хариуцагч талаас зөвшөөрөл буюу баталгаа гаргаж өгсөн баримт биш. Гэтэл шүүхээс уг баримтыг хариуцагчийн баталгаа гаргасан баримт гэж дүгнэсэн. Уг баримтыг хэзээ бичсэн нь тодорхойгүй гэж тайлбарлаж байхад шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсэгт уг бичвэрийг 2020 оны 12 дугаар сарын 30-нд бичиж өгсөн гэх дүгнэлт хийсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн болон шийдвэрийн үндэслэл хэсгийн тайлбарууд өөр хоорондоо зөрүүтэй байна.

2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гар бичвэрийг бичиж өгсөн гэж дүгнэсэн бол тухайн өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа дахин тоологдох ёстой. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хариуцагч шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөр тооцоход мөн адил шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх нь эрх зүйн харилцааг зогсоож байгаа биш харин уг харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхийг хязгаарлаж байгаа. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч Р.Т нь дээрх зээлийн гэрээний үүргийг шаардаж хариуцагчтай холбогдож байсан талаараа болон Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа хэд хэдэн удаа цагдаагийн газрын гадаа тааралдаж байсан, түүнчлэн гэрч Д.Ань хариуцагч Д.Гантуяатай утсаар ярихад нь хэд хэдэн удаа хамт байсан талаар мэдүүлж байгаа зэргээс Иргэний хуулийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Жи тайм сүлжээний эрүүгийн хэрэг 2017 оны 02 дугаар сараас эхлэн шалгагдсан бөгөөд М.Гг хохирогчоор оролцож байх үед миний бие уулзаж, утсаар ярьж байнга мөнгөө нэхэж байсан, мөн гэрч Д.Алтаннавчтай хэд хэдэн удаа очсон, мөн утсаар хүртэл яриулж байсан гэх агуулга бүхий хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгүүд нь өөр бусад нотлох баримт буюу гар утсаар ярьсан, дуудлага хийж байсан талаарх баримт, зурвас илгээсэн эсэх баримт зэрэг бусад нотолгооны ач холбогдол бүхий баримтаар давхар тогтоогддоггүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгч болон гэрчийн тайлбарыг дангаар нь үнэлсэн. Гэтэл хуульд заасан журмаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шүүхийн журмаар шаардаж байгаагүй, “Жи тайм” сүлжээний хэрэг эрүүгийн журмаар шалгагдах явцад Цагдаагийн байгууллагын гадаа таарсан гэж мэдүүлж, түүнчлэн гэрч Д.Алтаннавчтай хэд хэдэн удаа утсаар ярьсан гэх тайлбар хэлдэг. Гэрч Д.Ань шүүх хуралд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Т ахын өмнөөс М.Гтай утсаар ярих гэж залгаж байсан, гэрт нь очиж байсан гэх тайлбар мэдүүлэг өгдөг. Гэрч Д.Ань Р.Тт М.Гг шүүхэд өгөх талаар тайлбарлаж, Р.Тыг өмгөөлөгчтэй холбож танилцуулж, зөвлөгөө авахуулж, зээлийн гэрээний үүргийг М.Ггаар хүлээлгэх зорилготой байсан талаар гэрчийн мэдүүлгийн явцад тодорхой болдог. Энэ нь гэрч хэргийн аль нэг талтай ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэл мөн бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Анх нэхэмжлэгч Р.Тт өмгөөлөгч танилцуулж байсан юм уу” гэх тодруулсан асуултад “би өөрөө Т ахыг мэдэх тул Гс мөнгө зээлсэн эсэх асуудлаар хууль зүйн зөвлөгөө авахаар өмгөөлөгчтэй холбож өгч байсан” гэж мэдүүлэг өгсөн. Хэрэгт хувийн ашиг сонирхолтой байж болох гэрчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэрийн үндэслэл болгосон, уг мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдоогүй байдлыг үл харгалзан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах заалтыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй. Шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дах хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Р.Т хариуцагч М.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ “хариуцагчид 3 удаагийн гүйлгээгээр 18 000 000 төгрөг зээлдүүлсэн. Тэрээр нөхөр н.Гын цалинг буухаар буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй ..,” гэж тайлбарлажээ.

 

Хэргийн 8 дугаар талд “ ... 2016.12.30-ны өдөр Zaya2 суудал буулган цалингаас нь 18 000 000 төгрөг М.Г хүлээн авлаа. Дараагаар аль болох хурдан хугацаанд “gtergel шарын мөрөн дээр байгаа Г.Г нөхрийнхөө цалинг гарахаар буцаан 18 000 000 төгрөгийг Р.Тт ахад өгнө ...” гэсэн баримт авагдсан. Хариуцагч “нэхэмжлэгчийг Жи тайм сүлжээний шар матрицийн орой дээрх суудалд суулгаж, нэхэмжлэгч 16 900 000 төгрөгийн цалин авсан .., 18 000 000 төгрөгийг н.Гэрэлбатын Жи тайм сүлжээний шар матрицийн суудал ахиулах зорилгоор зээлдэн авч, уг суудлын цалин ороход буцааж өгөхөөр тохиролцсон ..,” гэж тайлбарласан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “М.Г, Р.Т нар Жи Тайм сүлжээний Э.О холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдон шалгагдаж байгаа” гэж тайлбарласан тул мөнгө зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлийг болон маргаан бүхий асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. /хх114/

 

Шүүхээс маргааны зүйлийг тодруулаагүйгээс зохигчид хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэлийн үндэслэлийн талаар хангалттай мэтгэлцэж чадаагүй, давж заалдах шатны шүүх  уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх замаар хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/01347 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

                                   

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                  ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                    А.МӨНХЗУЛ