Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/00158

 

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/00158

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, ** дугаар хороолол, ***** хотхон, ***3 тоот хаягт оршин суух Р.Т /РД:ОЮ*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *дүгээр хороо, Вива сити *** байр, **** тоот хаягт оршин суух М.Г /РД:УП*****/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Р.Т, түүний өмгөөлөгч М.Ц

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Р.Тын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх М.Гтай ***компанид байхдаа танилцсан. М.Г нь **** ажиллаж байхдаа 2016 онд 2 155 400 төгрөг зээлж аваад буцаагаад тооцоо хийж байсан. Тэгээд дахиад 18 000 000 төгрөгийг 3 удаагийн зээлээр авсан. 2016 оны 12 сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 12 сарын 31-ний өдөр 100 000 төгрөг, 2017 оны 01 сарын 9-ний өдөр 16 900 000 төгрөг аваад, нийт 18 000 000 төгрөг авсан. Энийгээ надад сарын дотор буцааж өгнө гэсэн бичиг хийж өгсөн. Анх М.Г нь мөнгөө н.Гэрэлбатын цалин буухаар буцааж хурдан хугацаанд өгнө гэж ярьж байсан. М.Гтай иргэн Д.Ааар дамжуулж танилцаж байсан. 18 000 000 төгрөгийг өгч, энэ бичиг хийж өгсөнөөс хойш сарын дараа өдөр болгон ярьж шаарддаг байсан. Би зээл аваад таны мөнгийг өгнө, та битгий санаа зовоорой гэж хэлж байсан. Ингээд Жи таймын эрүүгийн хэргээр шалгагдаж байтал цагдаагийн газрын үүдэнд надтай таараад би таны мөнгийг ямар ч байсан тусад нь өгнө, Жи таймын хэргээр шалгуулаад явахаар маш их удна, тийм учраас би таньд хэлсэн ярьсандаа зээл аваад хурдан хугацаанд өгнө гэж ярьж байсан. 2018 оны 12 дугаар сарын эхээр Т ахаа би 2 давхрын цонхоосоо унаад хүзүүгээ хугалчихаад гэмтлийн эмнэлэгт хэвтсэн, зээл гарахад яг бэлэн болж байсан, уучлаарай эмчилгээ хийлгэж дуусаад гарч зээл авч таны мөнгийг өгнө гэж байсан. Тэгээд 2019 оны эхээр гэв гэнэт утсаа дуут шуудан дээр тавиад эхэлсэн. Тэгж явсаар байгаад сүүлдээ бүр утсаа унтраагаад, утас нь холбогдохгүй болсон. Сүхбаатар дүүргийн шүүхэд хандахад энэ хүнийг оршин суугаа хаяг дээр байхгүй байна гэсэн учир би Баянгол дүүргийн шүүхэд хандаж, эрэн сурвалжлуулж хаягийг тодруулсан. Хариуцагч М.Ггаас 35 717 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Үүнээс хүүнд тооцсон 17 717 400 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээлдүүлсэн 18 000 000 төгрөгөө нэхэмжилж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдсан гэж үзэж байна. учир нь ***сүлжээний эрүүгийн хэрэг 2017 оны 2 сараас эхлэн шалгагдсан бөгөөд энэ үед М.Гг хохирогчоор оролцож байх үед миний бие уулзаж, утсаар ярьж байнга мөнгөө нэхэж байсан. Мөн Д.Атай хэд хэдэн удаа очсон, мөн утсаар хүртэл яриулж байсан. Энэ мөнгө нь эрүүгийн хэргийн хохирол төлбөртэй ямар ч хамааралгүй бөгөөд уг эрүүгийн хэрэг нь дууссан гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Г нь нэхэмжлэгч Р.Таас 2017.01.09-ний өдөр 16 900 000 төгрөгийг авахдаа ***корпораци ХХК-ийн Р.Тын доод суудалд орж ажиллаж, түүнийг шар матрицийн орой дээр суудалтай болгож өгсөн бөгөөд үүний үр дүнд **** корпораци ХХК-ийас олгосон цалин байсан. М.Г нь Р.Тын суудлыг шар матрицийн орой дээрх суудал болгох гэж хичээл зүтгэл гарган ажилласан бөгөөд доороо 32 хүнийг элсүүлэн ажиллуулж байж Р.Т нь шар матрицийн орой дээр суудалтай болж үүний цалин 16 900 000 төгрөгийг авсан. Түүнчлэн М.Г нь анх уг мөнгийг авахдаа шат матрицийн суудалд Г.Тнэртэй өөрийн нөхөр болох Г.Гын нэр дээр суудал үүсгэсэн байсан бөгөөд уг суудлын цалинг буухад мөнгийг нь Р.Тт өгөхөөр тохиролцсон байдаг. М.Г нь Р.Таас 16 900 000 төгрөгийг 2017.01.09-ний өдөр авсан бөгөөд уг мөнгийг эргүүлээд **** корпораци ХХК-ийн дансанд оруулсан бөгөөд ингэж оруулахдаа 2017.01.09-ний өдөр 11 550 700 төгрөгийг Л.Бгээр, 2017.01.12-ны өдөр 3 050 000 төгрөгийг Т.Батцэцэгийн нэрээр, 2017.01.17-ны өдөр 2 293 000 төгрөгийг нөхөр Г.Гын нэрээр нийт 16 893 700 тус тус **** корпораци ХХК-д оруулсан бөгөөд ингэж оруулснаар Г.Гын шар матрицийн суудлын цалин олгогдох байсан бөгөөд уг мөнгөнөөс Р.Тт олгохоор тохиролцсон байсан талаар дээр дурдсан бөгөөд хэргийн материалд уг тохиролцооны бичиг хавсаргагдсан байгаа. Гэтэл ***корпораци ХХК нь 2017.01.20-ны өдрөөс эхлэн дампуурч, уг хэрэг нь эрүүгийн журмаар шалгагдан одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд М.Г нь **** корпораци ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт бусад олон зуун иргэний адил залилуулан хохирсон иргэн. Иймд Р.Тын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Учир нь хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан талаар баримт байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс дансны хуулга, М.Гд 18 000 000 төгрөгийг өгсөн бичгийн баримт эх хувиараа, 2020.09.22-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2020.09.30-ны өдрийн 102/ШШ2020/****** дугаар хариуцагч М.Гг эрэн сурвалжлуулах тухай шүүхийн шийдвэр, 2020.07.17-ны өдрийн 2020/ШЦТ/687 дугаар Шийтгэх тогтоол, 2020.02.28-ны өдрийн 26 дугаар Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай Прокурорын тогтоол, Р.Тын тооцоо гаргасан баримт, 2021.09.23-ны өдрийн 354 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, хариуцагчаас Худалдаа хөгжлийн банкны 2017.01.17-ны өдөр ***ХХК-д мөнгө шилжүүлсэн баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлт, тайлбараар Хаан банк ХХК-иас ********* тоот данс эзэмшигчийн мэдээлэл, 2017.01.09-ний өдрийн 11 550 700 төгрөгийн орлогын гүйлгээний талаарх лавлагаа, Худалдаа хөгжлийн банк ХХК-иас **** тоот данс эзэмшигчийн болон 2017.01.12-ны өдрийн 3 052 700 төгрөгийн орлогын баримт, 2017.01.17-ны өдрийн 2 293 670 төгрөгийн орлогын мэдээллийг, ******** тоот данс, ******* тоот дансны эзэмшигчийн талаарх мэдээлэл зэргийг шүүх бүрдүүлсэн./хх-ийн 40-49/

           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Т хариуцагч М.Гд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг, хүү 17 717 400 төгрөг, нийт 35 717 400 төгрөг гаргуулахаар шаарсдныг, шүүх хуралдаанд зээлийн хүүгийн 17 717 400 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээл 18 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Анх М.Г нь мөнгөө н.Гэрэлбатын цалин буухаар буцааж хурдан хугацаанд өгнө гэж ярьж байсан. М.Гтай иргэн Д.Ааар дамжуулж танилцаж байсан. 18 000 000 төгрөгийг өгч, энэ бичиг хийж өгснөөс хойш сарын дараа өдөр болгон ярьж шаарддаг байсан. Би зээл аваад таны мөнгийг өгнө, та битгий санаа зовоорой гэж хэлж байсан. Ингээд Жи таймын эрүүгийн хэргээр шалгагдаж байтал цагдаагийн газрын үүдэнд надтай таараад би таны мөнгийг ямар ч байсан тусад нь өгнө, Жи таймын хэргээр шалгуулаад явахаар маш их удна, тийм учраас би таньд хэлсэн ярьсандаа зээл аваад хурдан хугацаанд өгнө гэж ярьж байсан... гэх тайлбарыг гаргаж, хариуцагч М.Ггийн бичгээр бичиж өгсөн баримтыг, гэрчээр Д.Аийг оролцуулах хүсэлтийг гаргаж, холбогдох дансны хуулгуудын хамт ирүүлжээ.

Хариуцагч М.Ггийн төлөөлөгч ...М.Г нь Р.Таас нийт 18 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Уг авсан мөнгөө ***корпораци ХХК-ийн дансанд оруулсан бөгөөд ингэж оруулахдаа 2017.01.09-ний өдөр 11 550 700 төгрөгийг Л.Бгээр, 2017.01.12-ны өдөр 3 050 000 төгрөгийг Т.Батцэцэгийн нэрээр, 2017.01.17-ны өдөр 2 293 000 төгрөгийг нөхөр Г.Гын нэрээр нийт 16 893 700 тус тус **** корпораци ХХК-д оруулсан нь бөгөөд ингэж оруулснаар Г.Гын шар матрицийн суудлын цалин олгогдох байсан бөгөөд уг мөнгөнөөс Р.Тт олгохоор тохиролцсон байсан талаар дээр дурдсан бөгөөд хэргийн материалд уг тохиролцооны бичиг хавсаргагдсан байгаа. Гэтэл **** корпораци ХХК нь 2017.01.20-ны өдрөөс эхлэн дампуурч, уг хэрэг нь эрүүгийн журмаар шалгагдан одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд М.Г нь ***корпораци ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт бусад олон зуун иргэний адил залилуулан хохирсон иргэн... Мөн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан. гэх тайлбарыг гаргаж, маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч Д.Аийн мэдүүлэг, болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт хариуцагч М.Ггийн 2016 оны 12 сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Р.Тт бичиж өгсөн 2016.12.30-ны өдөр Zaya2 суудал буулгаж цалингаас нь 18 000 000 төгрөг Мөнхжаргал овогтой Гантуяа /УП89092085/ хүлээн авлаа. Дараагаар аль болох хурдан хугацаанд gtergel шарын мөрөн дээр байгаа Г.Г /РД:УХ****** регистрийн дугаартай/ нөхрийнхөө цалинг гарахаар буцаан 18 000 000 төгрөгийг Раднаа овогтой Төмөрбаатар ахад өгнөө гэсэн бичгийн баримт эх хувиараа авагдсан байна.

Хариуцагч М.Г нэхэмжлэгч Р.Таас 18 000 000 төгрөгийг зээлж авсан талаараа маргаагүй ба уг мөнгийг ***корпораци ХХК-ийн дансанд оруулсан бөгөөд ингэж оруулахдаа 2017.01.09-ний өдөр 11 550 700 төгрөгийг Л.Бгээр, 2017.01.12-ны өдөр 3 050 000 төгрөгийг Т.Батцэцэгийн нэрээр, 2017.01.17-ны өдөр 2 293 000 төгрөгийг нөхөр Г.Гын нэрээр нийт 16 893 700 тус тус шилжүүлсэн гэж тайлбарлаж байх ба энэ талаарх баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 40-44/

Харин уг ***сүлжээ нь хариуцагч М.Гг мөнгө шилжүүлсний дараа буюу 2017 оны 02 сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаа нь зогсож, улмаар тус сүлжээтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэгдэж, одоог хүртэл шалгагдаж байгаа болох нь, мөн уг хэрэгт нэхэмжлэгч Р.Т, хариуцагч М.Г нар нь хохирогчоор тогтоогджээ.

Дээрх эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байх ба эрүүгийн хэргийн хохирол төлбөр нь уг зээлийн маргаан бүхий хэрэгт хамааралгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан Прокурорын тогтоол, Шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна./хх-ийн 53-90/

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан нэхэмжлэгч Р.Т нь 2016.12.28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016.12.31-ний өдөр 100 000 төгрөг, 2018.01.09-ний өдөр 16 900 000 төгрөгийн 3 удаагийн бэлэн бус гүйлгээгээр нийт 18 000 000 төгрөгийг хариуцагч М.Ггийн дансанд шилжүүлж өгсөн зэрэг үйл баримт тогтоогдсон, талууд маргаагүй тул хариуцагч нь зээлж авсан 18 000 000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. /хх-5, 46-49/

Хариуцагч тал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг ба энэ хугацааг нэхэмжлэгч тал хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь дараах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Р.Т нь дээрх зээлийн гэрээний үүргийг шаардаж хариуцагчтай холбогдож байсан талаараа болон эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа хэд хэдэн удаа уулзаж мөнгөө нэхэж байсан гэж, түүнчлэн гэрч Д.А нь хариуцагч М.Гтай утсаар ярихад нь хэд хэдэн удаа хамт байсан талаар мэдүүлсэн болон хариуцагч М.Гд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан байгаа зэргээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Р.Т нь хариуцагч М.Ггаас зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ггаас зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Тт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Тын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 336 537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ггаас улсын тэмдэгтийн хураамжинд 247 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Тт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ