Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0678

 

С.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагч Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн Ц.А, гуравдагч этгээд Г.Г, түүний өмгөөлөгч Х.О нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-н гаргасан давж заалдах гомдлоор С.Б-н нэхэмжлэлтэй,Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.Б 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн Г.Г-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүсжээ.

Хоёр. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр:

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч С.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн Г.Г-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Г.*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болсон бөгөөд уг иргэдийн Нийтийн Хурлаар 8 тогтоол гарсныг нотлох баримтыг хэрэгт өгсөн. Уг 8 тогтоолоос иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолд нэхэмжлэгч маргаан үүсгэж, бусад тогтоолтой маргаагүй. Гэтэл уг тогтоолын агуулга нь иргэдийн Нийтийн Хурлаас сонгуульд олонхийн санал авсан иргэнийг Засаг даргаар томилуулахаар уламжилсан. Харин иргэдийн Нийтийн Хурлын сонгуулийн үйл явцтай холбоотой 7 тогтоолд маргаан үүсгээгүй. Ялангуяа иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолд нэхэмжлэгч маргаагүй. Уг тогтоол хүчинтэй хэвээр байгаа. Энэхүү тогтоол нь Засаг даргыг сонгох сонгуульд оролцсон иргэдийн саналын хуудсыг тоолж, сонгуулийн үйл явцыг баталгаажуулж, хамгийн олон санал авсан иргэнийг баталгаажуулсан тогтоол. Уг тогтоолыг үндэслэн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоол гарсан. Дээрх иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоол хүчинтэй байхад иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй.

2. Тус багт харьяалалгүй 5 иргэн санал өгсөн гэх асуудлыг анхан шатны шүүх хийсвэр дүгнэлт хийсэн. Дээрх 5 иргэн тус багийн харьяалалгүй гэх боловч Засаг даргыг сонгох сонгуульд ялангуяа 249 хүн санал өгсөн иргэд дотор санал өгсөн эсэхийг нотлоогүй, түүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анх хуралдаанд оролцохоор ирсэн 270 хүний бүртгэлд дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Бүртгэл, хаяг нь өөр боловч тухайн багт суурьшин амьдардаг эсэх, тухайн хуралдаанд санал өгсөн эсэх, Засаг даргыг сонгох саналд дээрх 5 иргэн оролцсон эсэх нотлогдоогүй байхад уг 5 хүнийг санал өгсөн байна гэж үзэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

3. Нэхэмжлэгч иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны явцын талаар маргаагүй гэж шүүх дүгнэлт хийсэн. Уг хуралдааны явцыг илэрхийлж дүгнэсэн эрх зүйн акт буюу тогтоолоор баталгаажуулсан тогтоолуудад бүхэлд нь дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг бүхэлд нь анхаараагүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтыг үндэслэлгүй хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байх тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 13 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн, үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хуралдаанд оролцсон сонгогчдын олонхийн буюу 50,4 хувийн саналаар Г.Г-г багийн Засаг даргад сонгох саналыг сумын Засаг даргад уламжилжээ. Иргэдийн Нийтийн Хурлаас санал болгосны дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаар захирамжаар нэр бүхий иргэдийг багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсны дотор Г.Г-г томилсон байна.

Нэхэмжлэгч С.Б нь Уурхайчин багийн Засаг даргыг сонгох санал хураалтад тус багт харьяалалгүй иргэд оролцсон буюу тус багийн иргэдийн Нийтийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасан Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн оролцож болох бөгөөд... гэсэн заалтыг зөрчсөн, энэ нь 2 саналын зөрүүтэйгээр ялагдахад нөлөөлсөн гэж, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга нь иргэдийн Нийтийн Хурлаас олонхийн саналаар сонгогдсон иргэнийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг баримтлан, иргэдийн Нийтийн Хурлаас санал ирүүлсний дагуу 5 өдөрт багтаан захирамж гарган батламжилсан гэж, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нь тус харьяаллын бус 5 иргэний саналыг саналд оруулан тооцно гэсэн журам байхгүй буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална гэж заасны дагуу олонхийн саналаар шийдвэр гаргасан гэж тус тус маргажээ.

Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр багийн Засаг даргад Г.Г, С.Б нарыг нэр дэвшүүлж, нууцаар санал хураасан ба 270 саналын хуудас олгогдож, хайрцагнаас гарсан 249 саналын хуудасны хүчинтэй 244 саналын хуудаснаас Г.Г 123 буюу 50.4 хувь, С.Бат-Эрдэнэд 121 буюу 49.6 хувийн санал тус тус авсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно, 23 дугаар зүйлийн 23.10-т Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж тус тус заажээ.

Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын ирц бүртгэлд 269 иргэд хуралдаанд оролцсоноор бүртгэгдсэн байх ба багийн иргэдийн Нийтийн Хуралд тухайн багт харьяалагддаггүй, шилжин явсан нэр бүхий 5 иргэд оролцсон нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1044 дүгээр албан бичиг, Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын ирц бүртгэлээр тогтоогдсон байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг даргад нэр дэвшигч Г.Г, С.Б нарт санал өгсөн санал хураалтын дүн нь 2 саналын тооны зөрүүтэй байсан ба дээрх харьяаллын бус 5 хүний санал нь санал хураалтын үр дүн өөрчлөгдөхүйц байдлаар нөлөөлж болохоор байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дүгээр тогтоол хүчинтэй байхад иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж тайлбарласан ч шүүхээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолын үндэслэлийг хянаж байгаа бөгөөд тухайн тогтоол нь Уурхайчин багийн Засаг даргад нэр дэвшигчид санал өгөх эрхгүй байсан, тухайн багт харьяалагддаггүй иргэдийг оролцуулж хийсэн санал хураалтын үр дүнд гарсан байгаа тул комиссын тогтоол хүчин төгөлдөр эсэхээс үл хамааран тус тогтоолыг хүчингүй болгох боломжтой.

Түүнчлэн ...тус багийн харьяалалгүй гэх нэр бүхий 5 иргэн Засаг даргыг сонгох сонгуульд санал өгсөн 249 иргэд дотор байсан эсэх нь нотлогдоогүй гэж хариуцагч маргасан боловч эдгээр иргэд нь хуралдаанд оролцсон тул санал хураалтад оролцох бүрэн боломжтой байсан байна. Санал хураалтад оролцсон тохиолдолд, тэдний саналаас шалтгаалан санал хураалтын үр дүн өөрчлөгдөх боломжтой юм.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэрийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэж бичсэн байх тул зөвтгөх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн... гэснийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ