Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01377

 

 

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01377

 

Д.З, Ц.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01599 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.З, Ц.Ц нарын нэхэмжлэлтэй хариуцагч Ш ХХК-д холбогдох орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц , нэхэмжлэгч Д.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны зүйл болох 3 өрөө байрыг 2018 оны 10 сард барилга барьж байгаа компанитай гэрээ хийж, бид мөнгөө 100 хувь төлсөн ба гэрчилгээ нь 2021 оны 4 сард гарсан. Би 2020 оны 5 сард нөхөртэйгөө ярилцаад энэ орон сууцаа худалдахаар болж Ш ХХК-ийн захирал Д.Б-тай гэрээ байгуулсан. Орон сууцны үнийг авахаар жил гаруй хугацаанд хариуцагчтай олон удаа ярилцсан боловч үнийг нь төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрээгээ цуцалъя, орон сууцаа суллаж асуудлыг шийдэж өгнө үү гэж албан бичиг өгсөн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С хүлээж аваагүй. Би Д.Б-д орон сууцандаа орох тухайгаа амаар болон бичгээр хүсэлт гаргаж өгсөн боловч хариу өгөөгүй учраас шүүхэд хандсан. Манай орон сууцанд өөр хүн оруулснаа бид нарт хэлээгүй. Одоо орон сууцаа суллуулж авах хүсэлтэй байна. Орон сууцны үнийг яриад очиж уулзахад аргацаасан байдлаар уулзаагүй. Бид энэ орон сууцыг худалдаж авахын тулд олон жил хөдөлмөрлөж хураасан мөнгө хүрэхгүй байсан тул хүнээс мөнгө зээлж өгсөн. Одоо Олимп хотхонд орон сууц түрээсэлж байгаа тул орон сууцаа буцааж авна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Бид энэ байранд амьдардаггүй учир амьдарч байгаа хүнийг нь татах хэрэгтэй. Амьдардаггүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж чадахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК-ийн эзэмшлээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 1404 дүгээр байрны 52 тоот 3 өрөө орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч Д.З , Ц.Ц нарт буцаан олгож, нэхэмжлэгч Д.З , Ц.Ц нараас орон сууцны үнэд төлөгдсөн 27 000 000 төгрөгийг гаргуулж Ш ХХК-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722 877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 722 877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 205 дугаар зүйлд гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг хуульчилж тодорхойлсон бөгөөд хууль зүйн дээрх зохицуулалтыг нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн холбогдож байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Нэхэмжлэгч Д.З , Ц.Ц нараас ...Гэрээнээс татгалзах... талаар ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, татгалзах үр дагавартай холбоотойгоор шаардлагаа тодруулсан гэх үйл баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүй хууль зүйн зохицуулалт буюу Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг хэрэглэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөх үр дагаварт хүргэж байна.

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг заасан өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Ш ХХК-тай 2020 оны 5 дугаар сард орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад тухайн гэрээтэй холбоотой ямар нэгэн шаардлага байхгүй. Талуудын хооронд үүссэн маргаан бүхий асуудалд гэрээний зохицуулалттай холбоотой шаардлага байхгүй бөгөөд нэхэмжлэгч нь зөвхөн хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд учирч буй маргааныг шуүхийн журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн. Гэтэл нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагад анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж байгаа нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг илтэд алдагдуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах буюу нэмэгдүүлэх байрь суурь илэрхийлсэн тул шүүх тус шаардлагад нийцүүлж шаардлагыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрлэж байгаа талаар дурдсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд ялангуяа шүүх хуралдааны явцад гэрээнээс татгалзах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн, тодруулсан зүйл байхгүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлээс ч дээрх нөхцөл байдал тодорхой харагдана. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ц.Ц нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар тодруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлох нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхэд халдаж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, агуулгыг буруу дүгнэснээр шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүд гэж тодорхойлоход хүрч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн тодорхойлсон ...Албадан чөлөөлүүлэх... шаардлагатай хууль зүйн хувьд огт хамааралгүй Иргэний хуулийн зүйл хэсгүүдийг хэрэглэсэн байгаа нь хууль хэрэглээний хувьд ноцтой алдаа юм.

Анхан шатны шүүхээс маргаан бүхий асуудалд хамааралгүй хууль зүйн зохицуулалтыг хэрэглэж байгаа шалтгаан нөхцөл нь шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгаатай шууд холбоотой байна. Талуудын дунд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Ш ХХК нь орон сууцны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй талаар нэхэмжлэгч нарын зүгээс тайлбарлаж мэдүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан Ш ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 01/26 дугаартай албан бичиг, Ш ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Тооцоо нийлсэн акт зэрэг бичгийн баримтуудаар хариуцагч Ш ХХК-иас нэхэмжлэгч нарт төлсөн 27 000 000 төгрөгийг орон сууцны төлбөрт бус гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үр дагаварт алданги болгон төлж байгаагаа удаа дараа тодорхой мэдэгдэж, илэрхийлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгэзр зүйлийн 44.1 дэх хэсгүүдэд заасан бичгийн нотлох баримтын хуулиар тогтоосон шаардлагуудыг бүрэн хангасан нотлох баримтууд хэрэгт авагдсаар байхад тухайн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож чадаагүй байна.

Хэрэв дээрх баримтуудыг анхан шатны шүүх бүхэлд дүгнэж үзээд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдийг хэрэглэх хууль зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтаар ...нэхэмжлэгч нараас 27 000 000 төгрөг гаргуулах... шийдвэр гарах боломжгүй хууль зүйн үр дагвар үүсэх байжээ. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөр шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл алдагдах, маргаан бүхий асуудлын талаар шүүх хууль бус дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг буруу дүгнэж шийдвэрлэх үр дагавар үүсгэсэн байна.

Анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэх эрхийн хүрээнд хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцаа албадан чөлөөлүүлэх бөгөөд талуудын дунд байгуулсан гэрээний үүрэгтэй холбогдох ямар нэгэн үүргийн гүйцэтгэл шаардаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бус нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчлэн шийдвэрлэж байгаа нь хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхэд нэхэмжлэгч орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэл гаргаж, шүүхээс хариуцагчид уг нэхэмжлэлийг гардуулсан байхад шүүгч шийдвэртээ шүүх хуралдааны явцад нэхэмжпэлийн шаардлагыг тодруулахад худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өөрсдийн өмчлөлийн орон сууцыг буцаан авахыг хүссэн болно гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн бөгөөд нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг гардуулаагүй, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөөгүй байхад шүүх шийдвэрлсэн нь үндэслэлгүй. Мөн маргаан бүхий орон сууцанд Ш ХХК байрладаггүй, захирал нь амьдардаггүй гэдгийг шүүх хуралдаанд тайлбарлаж, одоо амьдарч байгаа хүний мэдээллийг гаргаж өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаан хийсэн хууль зөрчсөн үйлдэл юм. Шүүхээс хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлээгүй болно. Иймд анхан шатны шийдвэрт хүчингүй, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.З , Ц.Ц нар нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зохицуулсан байна.

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан уу, эсхүл талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэх нь тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Энэ талаарх зохигчдын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01599 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.З аас төлсөн 292 950 төгрөгийг, хариуцагч Ш ХХК-аас төлсөн 722 877 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ