Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/01599

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 23 өдөр                  Дугаар 183/ШШ2021/01599                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний  шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.З-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Ц нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ш ХХК-д холбогдох,

 

Орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.З, Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц, Д.З нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Маргааны зүйл болох 3 өрөө байрыг 2018 оны 10 сард барилга барьж байгаа компанитай гэрээ хийж, бид мөнгөө 100 хувь төлсөн ба гэрчилгээ нь 2021 оны 04 сард гарсан. Би 2020 оны 05 сард нөхөртэйгөө ярилцаад энэ байраа зарахаар болж Ш ХХК-ийн захирал Б-тай гэрээ байгуулсан. Байрны үнийг авахаар жил гаруй хугацаанд хариуцагчтай олон удаа ярилцсан боловч үнийг нь төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө 2021.04.05-ны өдөр гэрээгээ цуцалъя, байраа суллаж асуудлыг шийдэж өгнө үү гэж албан бичиг өгсөн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С хүлээж аваагүй. Би Бд байрандаа орох тухайгаа амаар болон бичгээр хүсэлт гаргаж өгсөн боловч хариу өгөөгүй учраас шүүхэд хандсан. Манай байранд өөр хүн оруулснаа бид нарт хэлээгүй. Одоо орон сууцаа суллуулж авах хүсэлтэй байна. Байрны үнийг яриад очиж уулзахад аргацаасан байдлаар уулзаагүй. Бид энэ байрыг худалдаж авахын тулд олон жил хөдөлмөрлөж хураасан мөнгө маань хүрэхгүй байсан учраас өөр хүнээс мөнгө зээлж өгсөн. Одоо Олимп хотхонд байр түрээсэлж байгаа тул байраа буцааж авна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага бол миний өмчлөлийн орон сууцыг хуульд заасан үндэслэлээр чөлөөлүүлж өгнө үү гэсэн байгаа. Хариуцагчийн хувьд олон зүйл ярихгүй, нэхэмжлэгчтэй гэрээ хийсэн. Бид энэ байранд амьдардаггүй учир амьдарч байгаа хүнийг нь татах хэрэгтэй. Амьдардаггүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж чадахгүй гэв.

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Д.З, Ц.Ц нарын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. 

 

Нэхэмжлэгч Д.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, .... хотхоны ....дүгээр байрны ... тоот 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх, суллуулах”-ыг хүссэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эхнэр Ц.Ц нь хамтран нэхэмжлэгчээр оролцож, тэрээр шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Ш ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өөрсдийн өмчлөлийн орон сууцыг буцаан авахыг хүссэн болно.

 

Хариуцагч Ш ХХК-ийн өмгөөлөгч, төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “...талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ үргэлжилж байгаа, уг байранд Ш ХХК үйл ажиллагаа явуулаагүй, захирал Д.Б амьдраагүй тул суллах үүргийг хариуцагч хүлээхгүй” гэж тайлбарлажээ.

 

   Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2020.05.09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний 2.1, 3.1, 3.2-т зааснаар Д.З-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, .... хотхоны .... дүгээр байрны .... дүгээр давхар .... тоот 71,06 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Ш ХХК нь худалдан авсан, орон сууцны нэг м/кв талбайг 2,200,000 төгрөгөөр тооцож нийтдээ 156,332,000 төгрөгийг 2020.05.09-ний өдрөөс 2020.06.30-ны өдрийн хооронд тодорхой хэмжээгээр хэсэгчлэн   төлөхөөр тохирсон байна.

 

         Шүүх талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Худалдан авагч тал буюу хариуцагч Ш ХХК нь орон сууцны үнэд тодорхой хэмжээний мөнгө төлж байсан гэх бөгөөд 2020 оны 10, 11 сард сүүлийн төлөлт хийж нийтдээ 27,000,000 төгрөгийг төлсөн, уг мөнгийг нэхэмжлэгч нар хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд гэрээний хугацаа дууссан боловч үлдэгдэл мөнгийг төлөөгүй, түүнчлэн уг орон сууцанд өөр хүмүүс амьдарч байгаа талаар нэхэмжлэгч нар тайлбарласан болно.

Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан  авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020.09.25-ны өдрийн гэрээнд үндсэн төлбөр, алданги нийтдээ 167,624,440 төгрөгийг Ш ХХК нь 2020.09.30-ны өдөр төлөхөөр, заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 2020.10.01-ний дотор орон сууцыг суллаж өгөхөөр тохиролцсон байна.

Мөн Ш ХХК, Ц.Ц нарын хооронд 2020.08.02-ны өдрийн тооцоо нийлсэн байдал, хариуцагч талын гаргасан 2020.09.25-ны 09/03-ны өдрийн баталгаа, төлбөр барагдуулах тухай 2021.03.09-ний өдрийн ... тоот, 2021.03.25-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээс үзэхэд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг суллаж өгөхийг хариуцагч удаа дараа мэдэгдэж байжээ.

  Нэхэмжлэгч нар нь худалдах, худалдан авах гэрээг цуцлах, байр чөлөөлөх тухай мэдэгдлийг удаа дараа гаргаж байсан, мэдэгдлийг бичгээр өгөхөд хариуцагч Ш ХХК хүлээж аваагүй гэж тайлбарлаж, 2021.04.05-ны өдрийн 2 удаагийн мэдэгдлийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй болно.

Иймд нэхэмжлэгч нар орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж өөрсдийн өмчлөлийн байраа буцаан авахыг хүссэн тул  Хан-Уул дүүргийн....дүгээр хороо, .... хотхоны ..... дүгээр байрны .... дүгээр давхар .... тоот 71,06 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Ш ХХК-ийн эзэмшлээс гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгож, байрны үнэд төлөгдсөн гэх 27,000,000 төгрөгийг Д.З, Ц.Ц нараас гаргуулан Ш ХХК-д буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-т заасан “гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахад гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна” гэсэн заалтад нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

 

                                                ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК-ийн эзэмшлээс  Хан-Уул дүүргийн... дүгээр хороо, .... хотхоны ... дүгээр байрны ... тоот 3 өрөө орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч Д.З, Ц.Ц нарт буцаан олгож, нэхэмжлэгч Д.З, Ц.Ц нараас орон сууцны үнэд төлөгдсөн 27,000,000 төгрөгийг гаргуулж Ш ХХК-д буцаан олгосугай.,

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722,877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 722,877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ