Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 124/2017/0027/З |
Дугаар | 221/МА2017/0691 |
Огноо | 2017-09-26 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2017/0691
Л.Д, Б.Б нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, Л.Д, Б.Бнарын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр:
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЛЛ.Д, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т-н Л.Д, Б.Бнарыг ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч Л.Д, Б.Б нарыг Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг дунд үйлдвэр, хоршоо бирж, ахуйн үйлчилгээ экстейншний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус тус эгүүлэн тогтоосон байна.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Л.Д, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр болж тус хуралдаанаас 41 дүгээр шүүхийн шийдвэр гарсан.
2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 41 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.
Иймд хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхийнхээ дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.
Л.Д, Б.Б нар нь Хөдөлмөрийн хэлтсийн жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажиллаж байгаад 2015 онд Хөдөлмөрийн хэлтсээс чөлөөлөгдсөн, Аж үйлдвэрийн яамны орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажиллаж байгаад 2015 онд Хөдөлмөрийн хэлтсээс чөлөөлөгдсөн Аж үйлдвэрийн яамны орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтэст харьяалагдан ажиллаж байсан. Ингээд Аж үйлдвэрийн яам татан буугдсанаар нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байдаг.
Гэхдээ нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн субъект нь Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар биш байхад анхан шатны шүүх дээрх хүмүүсийг Увс аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газарт ажиллах ёстой гэж үзэж, манай байгууллагыг хариуцагчаар татаж хэргийг шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.
Учир нь Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2017 онд батлагдсан орон тоогоор Жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй. Маргаан бүхий ажлын байрны нэр, чиг үүрэг нь өөр байгаа. Ажлын байрны тодорхойлолт ч өөр байгаа. Гуравдагч этгээд Я.О, О.М нар нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг дунд үйлдвэр, хоршоо, бирж, ахуй үйлчилгээ, экстейншний асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоон дээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь Л.Д, Б.Б нарын ажлын байр биш юм.
Өөрөөр хэлбэл ажлын байрны нэр, гүйцэтгэх чиг үүрэг нь өөр учраас сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай болсон. Зөвхөн жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн биш хоршоо, бирж, ахуй үйлчилгээ, экстейншн гээд эрхлэх чиг үүрэг нь өргөжсөн учраас үүнийг нэхэмжлэгч нарын хэлээд байгаа Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний ажлын байр гэж үзэх боломжгүй.
Тэгээд ч Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184 дүгээр тушаалаар аймгуудын жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлж шийдвэрлээд тус мэргэжилтнүүдийг шилжүүлэн ажиллуулах тухай Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/378 тоот албан бичгийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт биш аймгийн Засаг дарга н.Батсайханд ирүүлсэн байдаг. Ийм учраас хэргийн хариуцагч нь Увс аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газар биш Увс аймгийн Засаг дарга, түүний тамгын газар юм. Хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын хооронд байгуулагдсан үр дүнгийн гэрээ авагдсан байгаа. тэгэхээр төсвийн захирагч буюу Увс аймгийн Засаг даргын Тамгын газар нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч нараас Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж, хариуцагчаас мэргэжилтнүүдийг авч ажиллуулах ямар нэг шийдвэр тус байгууллагад албан ёсоор ирээгүй, мөн манай байгууллагын шинэчлэгдсэн бүтэц, орон тоонд тус ажлын байр байхгүй гэж тус тус маргасан байна.
Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184 дүгээр тушаалаар Аж үйлдвэрийн яам татан буугдсантай холбогдуулан орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан 51 мэргэжилтэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсний дотор Л.Д, Б.Б нар хамрагджээ.
Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/378 дугаар албан бичгээр эдгээр ажилтнуудыг Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт мэдэгдсэн байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/1497 дугаар албан бичгээр аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн чиг үүргийг хавсралтын дагуу зохион байгуулах удирдамжийг хүргүүлсний дагуу Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний албаны дарга бөгөөд жижиг, дунд үйлдвэр, хоршоо, бирж, ахуй үйлчилгээ, экстейншний асуудал хариуцсан мэргэжилтэн, Жижиг дунд үйлдвэр, хоршоо, бирж, ахуй үйлчилгээ, экстейншний асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн 2 орон тоог баталж, О.М-г Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний албаны жижиг дунд үйлдвэр, хоршоо, бирж, ахуй үйлчилгээ, экстейншиний асуудал хариуцсан мэргэжилтнээр түр, Я.О-г Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний албаны даргаар тус тус томилсон байна.
Анхан шатны шүүх ...Нэхэмжлэгч нарын эрхэлж байсан албан тушаал аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцэд батлагдахдаа нэршлийн хувьд өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдэн батлагдсан байх боловч шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгч Л.Д, Б.Б нарын Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолттой харьцуулан үзэхэд агуулгын хувьд эрс өөрчлөгдсөн зүйлгүй, салбарын эрхлэх асуудлын хүрээнд бирж, экстейшн гэх нэршил, чиг үүрэг нэмэгдсэн нь тухайн ажлын байрыг сул орон тоонд тооцож, шинээр сонгон шалгаруулалт явуулах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн зөв байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг тусгажээ.
Л.Д, Б.Б нарын ажиллаж байсан Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хариуцагчийн шинээр бий болсон гэж тайлбарлаж байгаа Жижиг дунд үйлдвэр, хоршоо, бирж, ахуй үйлчилгээ, экстейшний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээс өөр биш бөгөөд хэвээр хадгалагдсан, харин хөдөө аж ахуйн бирж, экстейншний бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэг нэмэгдсэн, бусад чиг үүргүүд ерөнхий агуулгын хүрээндээ адил байх тул чиг үүрэг нь өөр гэж үзэх боломжгүй бөгөөд уг албан тушаалд томилон ажиллуулах боломжтой байсан байна.
Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч нарын ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн, өмнө ажиллаж байсан орон тоо байхгүй хэмээн тус газарт ажиллаж байгаагүй О.М, Я.О нарыг томилж, нэхэмжлэгч нарыг томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт ...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах... гэж заасныг зөрчсөн байна.
Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/378 дугаар ...Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажиллуулна уу гэсэн албан бичиг, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/727 дугаар ... жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийн асуудал тус яаманд шилжиж ирсэнтэй холбогдуулан орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүдийн орон тоог жижиг, дунд үйлдвэр, хоршоо, бирж, ахуй үйлчилгээ, экстейшны асуудал хариуцсан мэргэжилтэн байхаар баталсан тул Л.Д, Б.Б нарын асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхийг... хариуцагчид мэдэгдсэн байгаагаас үзэхэд тэдгээрийн орон тоо байхгүй, чиг үүрэг хэвээр хадгалагдаагүй, энэ хэргийн хариуцагч нь манайх биш гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Л.Д, Б.Б нарыг Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажиллуулахаар дээд шатны байгууллага болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас албан бичиг явуулсан байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нарыг ажлын байраар хангах үүрэг бүхий субьект нь Увс аймгийн Засаг дарга биш, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар байна.
Анхан шатны шүүх энэ талаар ...Нэхэмжлэгч нар нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст харьяалагдан Аж үйлдвэрийн яамны орон нутаг дахь мэргэжилтнээр ажиллаж албан үүргээ гүйцэтгэж байсныг үндэслэн аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч нарыг албан тушаалаас чөлөөлөх, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хуулийн дагуу хэрэгжүүлэх талаарх шаардлагыг тавьж ажиллах ёстой.. гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Жижиг, дунд үйлдвэр, хоршоо бирж, ахуй, үйлчилгээ, экстейншний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор тодорхойлсон байх ба анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулалгүйгээр нэхэмжлэгч нарыг өмнө нь ажиллаж байгаагүй албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь агуулгын хувьд нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэр ойлгомжтой, биелэгдэх боломжтой нөхцөл байдлыг харгалзан Тогтоох хэсэгт томилохыг даалгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...эгүүлэн тогтоосугай гэснийг ...томилохыг даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ