Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01392

 

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01392

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүхийн Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/01868 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХСҮТд холбогдох Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, хариуцагчийн төлөөлөгч Н.Эрдэнэхүү, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж, О.Мягмарсүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2000 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ХСҮТд хөдөлмөрийн гэрээ байгуулан тасралтгүй 21 дэх жилдээ мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт их эмчээр ажиллаж, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг хугацаагүй сунгасан. Гэтэл захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/368 тоот тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас гэнэт халсан. Ажлаас халах үндсэн шалтгаан нь ХСҮТийн захирлын түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүгийн 10 сарын турш явуулсан удаа дараагийн алдаа дутагдлыг эсэргүүцэн төвийн хамт олны зүгээс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт хандан ХСҮТийн захирлын ил тод, шударга сонгон шалгаруулалт явуулах 101 эмч, ажилчдын гарын үсэг, 463 ажилтны саналын хуудастай хүсэлт илгээсэн. Үүнээс болж захиргаанаас уг хүсэлтэд гарын үсэг зурсан, толгойлсон эмч ажилчдыг өрөөндөө дуудаж дарамтлах, сахилгын шийтгэл ногдуулах, халах, хагалан бутаргах зэрэг хууль бус үйлдлүүд удаа дараа явуулж эхэлсэн байдаг. Үүний нэг золиос нь анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Б миний бие болоод байна. ХСҮТийн ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/368 дугаар тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 2.6, хөдөлмөрийн гэрээний 3.1.8в-д сануулах буюу цалин бууруулах арга хэмжээ авагдсан боловч зөрчлөө давтан гаргасан, 4.2-т заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч санаачилан хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл сахилгын шийтгэл ногдуулна, ёс зүйн алдаа зөрчил 2-оос доошгүй удаа гарган энэ нь холбогдох баримтаар тогтоогдсон байх гэснийг үндэслэн ажлаас халсан. Хэрэв захиргааны зүгээс аливаа шалтгаанаар ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа тохиолдолд уг ажилтанд тухайн шийдвэр тогтоолыг танилцуулж, тайлбар мэдүүлэг авах ёстой. Гэвч ёс зүйн зөрчил гаргасан талаар мэдэгдээгүй. Мөн Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/368 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг танилцуулаагүй болно. Иймд ХСҮТийн ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХСҮТийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь ХСҮТтэй 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, хагалгаа, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмчээр 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2011 онд ёс зүйн зөрчил гаргаж сануулах, 2020 онд 2 удаа ёс зүйн зөрчил гаргаж, Ёс зүйн салбар хорооны 03, 04 тоот дүгнэлтүүдийг үндэслэн захиргааны арга хэмжээ авсан. Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ерөнхий захирлын Б/368 дугаар тушаал нь Хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомж болон байгууллагын дотоод дүрэм, журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудад үндэслэгдэж гарсан. ХСҮТийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 03 тоот, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 04 тоот тогтоолуудыг гаргаж ажилтан Б.Бд сахилгын арга хэмжээ авах санал гаргаж захиргаанд ирүүлсэн. Дээрх тогтоол, хуралдааны тэмдэглэлд дурдсанаар хагалгаа, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн их эмч Б.Б нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн холбогдох хэд хэдэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон байсан. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах, захиргааны арга хэмжээ авах асуудлыг ХСҮТийн захиргаанд хүргүүлэхээр шийдвэрлэж санал ирүүлсэн юм. Тус саналыг ХСҮТийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, гишүүд бүгд нэг санал гаргаж дэмжсэнээр ажилтан Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 2.6, хөдөлмөрийн гэрээний 3.1.8в, мөн гэрээний 4.2 дахь заалтуудыг болон тус төвийн Ёс зүйн салбар хорооны 2020 оны 03, 04 дүгээр тогтоолуудыг үндэслэн Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан. Байгууллагын зүгээс холбогдох нэгж, салбарын хуралдааны тэмдэглэл, тогтоол байгааг нотлох баримтаар гаргасан Б.Бд холбогдуулан холбогдох этгээдүүдээс ХСҮТийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд хандаж өргөдөл, гомдол гаргасан, энэ талаар холбогдох этгээдүүдээс тайлбар мэдүүлгийг нь авсан, Б.Бд энэ талаар танилцуулж өөрөөс нь тайлбар мэдүүлэг авсан, сүүлд ёс зүйн хорооны 03, 04 дүгээр тогтоолуудыг гарсан цаг тухай бүрт өөрт нь танилцуулж нэг хувийг өгч байсан. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/256 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх журмын 5.11, 5.12-т зааснаар Б.Б нь уг тогтоолуудыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор дээд шатны байгууллага болох Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд гомдол гаргаж хандах бүрэн боломжтой байсан хэдий ч энэ эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй болно. Дээрх зүйлд заасан зөрчлийг ажилтан Б.Б гаргасан болохыг салбарын байгууллагын дүгнэлтээр тогтоосон. Б.Б нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг заасныг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь буруу байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бг ХСҮТийн хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ХСҮТөөс 9 879 980 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэгч Б.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ХСҮТд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ХСҮТөөс улсын тэмдэгтийн хураамжид 313 430 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ...Хөдөлмөрийн гэрээний 4.2-т тодорхойлсноор ёс зүйн дүрмийн 2 удаагийн зөрчил нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд хамаарах боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах журамтай. Хариуцагч байгууллагыг Ёс зүйн салбар хорооны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар сахилгын зөрчлийг ирлүүлсэн гэж үзэх бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрснөөр 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зөрчилд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй болно... гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Ажил олгогч нь ХСҮТийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 тоот, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 тоот тогтоолуудыг тус тус үндэслэн Б.Бд сахилгын арга хэмжээ авсан байхад Б.Бгийн гаргасан зөрчлийг гэрээнд нэрлэн заагаагүй, сахилгын арга хэмжээ авах хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хэргийн үйл баримтын талаар илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн. ХСҮТийн Ерөнхий Захирлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А31 дүгээр тушаалаар батлагдсан тус эмнэлэгт мөрдөгдөж буй Хөдөлмөрийн дотоод журмын 2.6, Хөдөлмөрийн гэрээний 3.1.8в, мөн гэрээний 4.2 дахь заалт болон тус төвийн Ёс зүйн салбар хорооны 2020 оны 03, 04 дүгээр тогтоолуудыг үндэслэн Б.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Мөн хэрэгт Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/256 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх журам авагдсан ба уг журмын 5.11, 5.12-т зааснаар Б.Б нь уг тогтоолуудыг гардаж авснаас хойшх 14 хоногийн дотор дээд шатны байгууллага болох Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд гомдол гаргана гэж ойлгож тушаал гаргахгүйгээр хүлээсэн. Гомдол гаргах боломжтой байсан хэдий ч энэ эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй байхад шүүх нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлэхдээ уг нөхцөл байдлыг огт анхаарч үзээгүй. Хуульд зааснаар ажилтны гаргасан зөрчил нь тус бүрдээ тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрт нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг хуулиар шаардаагүй. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жил, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байхыг ойлгоно.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхгүй, сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлгоно гэж Улсын дээд шүүхээс тайлбарласан ба шүүх шийдвэр гаргахдаа уг тайлбарыг анхаарч үзээгүй.

Шүүх ...Харин ёс зүйн хорооны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэж болох хэдий ч нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан ёс зүйн зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд хамаарахгүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Б.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2-т ямар тохиолдлыг ноцтой зөрчилд тооцож болохыг талууд харилцан тохиролцсон. Энэ талаарх нотлох баримт хэргийн баримтаар нотлогдоно. Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь буруу байхад энэ талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Шүүх ёс зүйн салбар хорооны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар сахилгын зөрчлийг илрүүлсэн гэж үзэх бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа өнгөрснөөр 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зөрчилд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Ажил олгогчийн хувьд Б.Бг уг ёс зүйн салбар хорооны тогтоолуудад дээд шатны байгууллагад гомдол гаргах хугацааг хүлээсний эцэст тушаал гаргасанд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт ажлаас халах, ажил хүлээлцэх талаар зохицуулсан бөгөөд уг хэсэгт ...ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана... гэж заасны дагуу Б.Бг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын арга хэмжээг авсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ХСҮТд холбогдуулан тус төвийн ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулаж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Б нь ХСҮТийн хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасагт мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмчээр ажиллаж байгаад тус төвийн ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/368 дугаар тушаалаар ажлаас халагдсан байна. /1хав-7х/

 

Ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан дээрх тушаалд Ёс зүйн алдаа зөрчил удаа дараа гарган холбогдох баримтаар тогтоогдон, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар бүлгийн 6 дугаар заалт, хөдөлмөрийн гэрээний 3.1.8в, 4.2, Ёс зүйн хорооны 2020 оны 3, 4 дүгээр тогтоолыг үндэслэн болгожээ.

 

ХСҮТийн тасгийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар Б.Бг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр цээжний хөндийн мэс ажилбар хийгдсэн өвчтөнд интубаци тавих ажилбарын үед гарсан хүндрэлийн улмаас цагаан мөгөөрсөн хоолой гэмтсэн талаар хэлэлцээд эмч нарыг гүтгэн доромжилж, хамт олны дунд нэг хүндэд нь санаатай халдан ёс зүйгүй авир гаргасан гэж ХСҮТ-ийн захиргаа болон ёс зүйн хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. /1хав-156-158/

 

ХСҮТийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо дээрх асуудлыг хянан хэлэлцэж, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хагалгаа, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн их эмч Б.Б нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 8.6, 8.9-т заасныг зөрчсөн гэж дүгнэн, захиргааны арга хэмжээ авах асуудлыг ХСҮТийн захиргаанд хүргүүлсэн байна. /1хав-44х/

Мөн сувилахуйн албаны арга зүйч Н.Наранчимэг ёс зүйн хороонд хандаж 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эрчимт эмчилгээний тасгаар хяналт үзлэг хийгээд явж байхад эмч Б.Б дуудаад өвчтөн унаж байсныг өөрийн биеэр харсан уу, үзсэн харсан юмаа яриарай, ховын чанартай юм ярихгүй шүү гэж маш ширүүн хурц байдалтай асуудал тавьсан гэх агуулга бүхий өргөдөл гаргасны дагуу Н.Наранчимэг, Б.Б нараас тайлбар авч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэн 04 дүгээр тогтоол гаргаж, нэхэмжлэгч Б.Бг Эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийн 6.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэн сахилгын шийтгэл ногдуулах, захиргааны арга хэмжээ авахуулах асуудлыг ХСҮТийн захиргаанд хүргүүлэхээр шийдвэрлэжээ. /1хав-40-42-х/

 

Эдгээр ёс зүйн хорооны шийдвэрийн талаар гомдол гаргасан, эсхүл эдгээр шийдвэр хүчингүй болсон гэх баримт хэрэгт байхгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан.

 

ХСҮТ, Б.Б нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т Ажилтан дараах хэлбэрийн сахилгын зөрчлийг нэг удаа гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэж үзэж энэхүү гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэл болно. Үүнд: ...Ёс зүйн алдаа зөрчил 2-с доошгүй удаа гарган энэ нь холбогдох баримтаар тогтоогдсон байх гэж заасан байна. /1хав-22-24-х/

 

Нэхэмжлэгч Б.Б нь ёс зүйн зөрчлийг 2 удаа гаргасан нь ХСҮТийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03, мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаар тогтоол зэрэг баримтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчөөгүй байна. Гэтэл анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан ёс зүйн зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд хамаарахгүй гэж дүгнэн Ёс зүйн салбар хорооны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар сахилгын зөрчлийг илрүүлсэн гэж үзэж улмаар сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа өнгөрснөөр 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зөрчилд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй гэж дүгнэхдээ хууль буруу хэрэглэжээ. /1хав-210-х/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд 2 удаа ёс зүйн зөрчил гаргасныг сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан. Уг гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зурсан байна.

 

Нэхэмжлэгч Б.Б 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолоор эхний ёс зүйн зөрчил гаргасныг, дараагийн ёс зүйн зөрчил гаргасныг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор тогтоосон. Энэ үеэс ноцтой зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацааг тоологдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт заагдаж буй эхний ёс зүйн зөрчлийн шийдвэр 2020 оны 10 дугаар сарын 26-ны тогтоолоор баталгаажсныг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар сахилгын ноцтой зөрчлийг ажил олгогч илрүүлсэн гэж тоолж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Иймд ХСҮТийн ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/368 дугаар тушаалаар хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Б.Б нь хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/01868 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан хариуцагч ХСҮТд холбогдуулан тус төвийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 173 029 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.БАЙГАЛМАА