Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 00036

 

      Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч С.Л , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Л д холбогдох эрүүгийн 1715001550014 дугаартай, 163/2018/0039/э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган суманд оршин суух, ял шийтгүүлж байсан, Ч  овогт С  Л  

 Шүүгдэгч С.Л  нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний  эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Л гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө гэх мэдүүлэг,      

           1715001550014 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:

Хохирогч Б.Б өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна зүүн түрүүнд найз Уламбаярынд очсон юм. Уламбаяр гэртээ байгаагүй, тэгээд тэдний урд миний цэргийн найз Бямбаагийнх байдаг, тэднийд очсон. ...Бямбаатай хамт гарч дэлгүүрээс 1 шил архи, 1 хайрцаг тамхи, 1 ширхэг ундаа авсан. ....Тэгээд тэр архиа ууж дуусаад бид хоёр Уламбаярынд очсон, Уламбаяр гэртээ ирсэн байсан. Бид хоёр Уламбаярыг дагуулаад гадагш гарч нөгөө дэлгүүрээсээ нэг шил архи аваад Бямбаагийн гэрт нь очиж Уламбаяр бид 2 нөгөө нэг шил архиа уусан.  Архиа ууж дуусахад Бямбаа намайг “чи согтсон байна, би чамайг дээшээ өгсөөгөөд товгор дээр гаргаад өгье” гэж хэлж байсан. Тэрнээс хойш болсон асуудлыг сайн санахгүй байна. ...Нэг сэрэхэд гэртээ унтаж байсан. Миний толгойг боосон байсан, асуусан чинь чи толгойгоо хагалуулчихаад орж ирсэн. Тэгээд эмнэлэг явж оёо тавиулж боолгосон гэсэн. Би асуудал болсны маргааш нь билүү нөгөөдөр нь Бямбаатай утсаар ярьж асуухад 1 дүгээр 10 жилийн арын гудамжинд юм уудаа явж байгаад өндөр нам 2 залуутай таарч маргалдсан, өндөр залуу нь чулуугаар цохисон гэж хэлсэн гэх /хх-17-18 тал/ мэдүүлэг,  ...энэ хүнд гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй. Мөнгө нэхэмжлэхгүй, баримтаар гаргасан мөнгийг нэхэмжлэхээс татгалзаж байна гэх /хх-46 тал/ тайлбар,

Гэрч Л.Б өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой 15 цагийн үед өөрийн гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байгаад гадаа түлээ хагалахаар гарсан чинь гаднах хашааны хаалган дээр надтай хамт цэрэгт байсан найз болох Болд дуудсан. ...Тэгээд дэлгүүрээс архи, ундаагаа худалдаж авчихаад гараад ойрхон задгай газарт шовгорын торх руу хамт ороод ...Болд өөрөө задлаад уусан. ...Тэгээд тэр архиа ууж дуусаад бид хоёр хамт Уламбаярынд очсон. Уламбаяр гэртээ ирсэн байсан, гэрт нь байсан хагас шил архийг тэр 2 хувааж уусан. Тэгээд 16 цагийн үед Уламбаярын гэрээс бид 3 гарч яваад ...дэлгүүрээсээ нэг шил архи худалдаж авч ...ууцгаагаад Болд нилээд согтсон, тасарсан гэж хэлж болно. Тэгээд Уламбаяр бид хоёр Болдыг хүргэж өгөхөөр Зүүн түрүүний гол гараад Дэнж дээр гараад гудамжинд явж байтал  нэгдүгээр 12 жилийн дунд сургуулийн арын засмал дээр явж байсан 2 залуу бид гурвыг дуудсан. Болдыг би аваад цааш гудамж руугаа явсан, харин Уламбаяр дуудсан хоёр залуу руу явсан.  Уламбаярыг ирэхгүй удаад байхаар нь бид хоёр санаа зовоод ...очиж уулзсан. Болд нөгөө хоёр залуу руу “та нар яагаад хүн явуулахгүй байгаа юм” гээд агсарсан. Нөгөө хоёр залуу ч мөн согтуу байсан болохоор Болдтой хэрүүл маргаан хийсэн. ...Болд руу цохих гээд очихоор нь би урдаас нь очоод “болохгүй” гэхэд өнөөх залуу миний дээгүүр гартаа барьсан чулуугаа Болд руу шидчихсэн. Эргээд хартал Болд газар унасан. Удалгүй түүний тархинаас нь цус гарч байсан. ...Одоо өндөр залууг харвал танина гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,

Гэрч П.Л өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн багцаанд гэртээ ганцаараа ирсэн, тэр үед би  хашаан дотроо түлээ авахаар явж байхад надтай юм дуугараагүй гартаа хөвөнтэй бээлий шиг юм барьчихсан гэрлүүгээ орсон. Тэгээд би араас нь гэртээ ортол гэрийн хойморын шалан дээр дээшээ хараад хэвтсэн гар нь цус болсон байхаар нь “яасан, юу болсон юм бэ” гээд очоод толгойг нь дээш өргөх гэтэл толгойны ард ширдэгэн дээр нил цус тунасан байсан. Тэгээд хүүхэд рүүгээ утсаар яриад дуудсан чинь хүүхэд маань хүрч ирээд өөрийнхөө машинаар шууд эмнэлэг рүү авч явсан гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,

Гэрч Г.У өгсөн: Би одоо сар өдрийг сайн санахгүй байна тэр өдөр гэртээ байж байхад Болд, Бямбаа хоёр манай гэрт хамт орж ирсэн тэгэхэд цаг 15 цаг л болж байсан шиг санаж байна. Тэр хоёр манайд орж ирэхдээ тал шил Ерөөл архитай орж ирсэн, тэгээд манай гадаа хашаан дотор тал шил архиа хувааж уугаад цуг гарч Бямбаагийн гадаа очиж дахин нэг шил ерөөл архи уусан. Тэгээд хаашаа явсан, юу болсоныг би огт санахгүй байгаа юм. Маргааш өглөө нь цагдаад дуудаж байна гэхэд нь очиход манай найз Болдыг хүнд зодуулж гэмтсэн гэж байсан. Тэгж л би мэдсэн, өөрөөр бол юу ч санахгүй байгаа юм гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

Гэрч Ё.Б өгсөн: С.Л  нь ядарсан хүнд их тусалдаг зан харилцаа сайтай хүний үгнээс гардаггүй, ажилсаг, эхнэр 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэхдээ тэр болгон архи уугаад байдаггүй тамхи татдаг. Тэр болгон хүний дургүй хүргээд байддагүй их ажилсаг дандаа хөдөө гадаа явж ажилладаг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ элдэв ааш гаргаад байдаггүй хүн гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Гэрч Ш.М өгсөн: С.Л тэй би гэр бүл болоод 12 жил болж байна. Зан байдлын хувьд даруухан ямар нэгэн элдэв ааш байхгүй. Ажилсаг ажил голохгүй хийнэ, энэ талаар хүмүүс ам сайтай байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг тэр болгон хэрэглээд байдаггүй, тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн элдэв ааш гаргаад байдаггүй. Хүнтэй сайхан харьцдаг хүн. Манай гэрийг ганц авч явж байгаа хүн. Хөдөө гадаа явж их ажил хийдэг гэх мэдүүлэг /хх-29 тал/,

Яллагдагч С.Л гийн өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шиг санаж байна гэрээсээ өдөр 15 цагийн үед Зүүнтүрүү орж ээжийнд очих гээд явж байтал 5 дугаар багт байдаг Тамир нэртэй дэлгүүрийн гадаа зүс таних нэрийг нь мэдэхгүй залуутай таараад “нэг шил юм уух гэсэн юм аа, би утсаа тавиад авчихъяа хамт ууя” гэхээр нь би “тэгье” гээд дэлгүүр лүү ороход худалдагч нь архи өгөөгүй, тэгэхээр нь бид хоёр дэлгүүрээс гараад хойшоо эргэсэн чинь арын гудамжнаас танихгүй 3 залуу гарч ирээд зам хөндлөн гарсан. Тэгтэл надтай хамт явсан залуу тэр гурвыг дуудсан чинь 3 залуу ирээд миний хамт явсан залуутай зодолдоод түүнийг унагааж байгаад дээр нь гараад зодоод байхаар нь би тэр залууг түлхээд унагасан.  Тэгээд надтай зодолдох гээд байхад нь миний таньдаг Уламбаяр гэдэг залуу ирж салгасан, тэгсэн чинь Бямбаа гэдэг залуу надтай зодолдох гээд байсан Болд гэдэг ахыг аваад цаашаа явсан боловч Болд гэдэг ах эргэж надруу дайраад хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би газраас чулуу аваад шидчихсэн чинь Болд гэдэг ахын толгойд оночихсон юм. Тэгээд би яваад гудамжны үзүүрт очоод хараад байсан чинь 10-20 минут газар хэвтэж байснаа босоод ирсэн, тэгэхээр нь би яваад өгсөн надтай хамт явсан залуу дээшээ салаад яваад өгсөн. Тэгээд л би Зүүн түрүү орж ээж дээр очоод хоолны юм аваад эргээд гэртээ ирсэн. Тийм л зүйл болсон, 2017 оны 10 дугаар сард намайг цагдаа нар ирж авяч явсан гэх мэдүүлэг /хх-38-39 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 304 дугаартай

1. Б.Б биед баруун зулайн цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, зулайн дэлбэнд цус хуралт, хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 24 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 01-02 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 07 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-10 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-31-33 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41,43 тал/, хохирлын баримт /хх-45 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 46-47 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч  С.Л  нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах 12 жилийн нэгдүгээр сургуулийн орчимд иргэн Б.Б толгойн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.Болд, гэрч Л.Б , П.Лхамсүрэн, Г.Уламбаяр нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмлэглэл, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 304 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

          Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Л г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

  Шүүгдэгч С.Л гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б эрүүл мэндэд хүнд хохирол учирч эмчилгээ, оношлогоотой холбоотой 888846 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтаа ирүүлсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Болд нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

           Шүүгдэгч С.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч С.Л гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон бага насны олон хүүхэдтэй, түүнээс өөр өрхийн орлого олох хүнгүй зэрэг түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт шүүгдэгч С.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй бөгөөд хохирогч нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

              ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Ч  овогт С .Л хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй бөгөөд хохирогч нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Л д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Л д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД