Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 14

 

С.Л холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 163/2018/0039/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   С.Л

            Нарийн бичгийн дарга                              С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой С.Л холбогдох 1715001550014 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Л гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, …… бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй .......... , урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, , Ч овогт С.Л .

 Шүүгдэгч С.Л  нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутагт согтуугаар иргэн Б.Б толгойн тус газар луу чулуу шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ч овогт С. Л г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Энэ хэрэгт шүүгдэгч С.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй бөгөөд хохирогч нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Л урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж,

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Л авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Л  давж заалдах гомдолдоо:

“... Би хийсэн хэргийнхээ гэм бурууг ойлгож байна. Маш их харамсаж байна. Миний ар гэрийн амьдрал хүнд 2-12 насны нялх дөрвөн хүүхэдтэй. Эхнэр хөдөлмөр хийх чадвар муу. Саяхнаас эргэлтээр ирэхдээ түлээ, модгүй болсон гэж байна. Мах, шөл олж идэхэд хэцүү байна гэнэ. Байшинг нь сахиж байгаа айл маань энэ хавраас ирнэ. Бид хаашаа гарахаа мэдэхгүй гэх мэтээр зовлон их байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж хорих ялыг минь өөрчилж өгөхийг хүсэж байна. Албадан ажил авчихбал эдлэх ялынхаа илүү цагийг гэр бүлдээ зориулах боломжтой билээ...” гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “…  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд

   Шүүгдэгч С.Л  нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр согтуурсан үедээ Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт иргэн Б.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж,  толгойн тус газар луу чулуу шидэж эрүүл мэндэд нь “...баруун зулайн цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, зулайн дэлбэнд цус хуралт, хуйханд язарсан шарх бүхий” хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-10/,

хохирогч Б.Б “...би асуудал болсны маргааш нь билүү нөгөөдөр нь билүү Бямбаатай утсаар ярьж асуухад ...өндөр нам 2 залуутай таарч маргалдсан, өндөр залуу нь чулуугаар цохисон гэсэн...би болсон асуудлын талаар бол юу ч мэдэхгүй, санахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх 18/,

гэрч Д.Бямбаагийн “...Б  нөгөө хоёр залуу руу та хоёр яагаад хүн явуулахгүй байгаа юм гээд агсарсан. Нөгөө хоёр залуу ч мөн тухайн үед согтуу явж таарсан болохоор Б той хэрүүл маргаан хийсэн...өндөр залуу нь газраас чулуу аваад Б  руу цохих гээд очихоор нь би урдаас нь гүйж очоод болохгүй гэхэд өнөөх залуу миний дээгүүр гарт барьсан чулуугаа Б  руу шидчихсэн...” гэх мэдүүлэг /хх 20/,

   хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 304 дугаартай дүгнэлт /хх 34/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Л гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 38/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв байна.

С.Л  нь “ … миний ар гэрийн амьдралыг ... харгалзан үзэж хорих ялыг минь өөрчилж өгөхийг хүсэж байна ... ” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Л гийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэлийг оногдуулжээ.

   Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Л гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ  

           ШҮҮГЧИД                                                     С.ЦЭЦЭГМАА

                                                                                

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН