Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 215/МА2021/00009

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 133/ШШ2021/00166 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 4-13- ... тоотод оршин суух, Б овогт Ц.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг, Өрнөл 7 байр, ... тоотод оршин суух, Ж овогт Д.Д-д холбогдох,

тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1.591.000 /нэг сая таван зуун ерэн нэгэн мянга/ төгрөг, үнэлгээний төлбөр 83.000 /наян гурван мянган/ төгрөг, нийт 1.674.000 /нэг сая зургаан зуун далан дөрвөн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Есөнбулаг сумын Индэрт багийн нутаг дэвсгэрт өөрийн toyota-Corolla Axio автомашиныг жолоодож явсан. Уг явцад миний урд явж байсан 08-61 УБЯ улсын дугаартай toyota-harrier маркийн автомашиныг жолоодож явсан Д.Д нь туслах зам руу оронгуутаа урдуур дарсан үйлдэл гаргасны улмаас аль аль машинд хохирол учирсан тул аймгийн Цагдаагийн газар руу дуудлага өгсөн. Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирж хэмжилт хийж harrier маркийн авто машины буруу байна гэсэн дүгнэлт гаргаж та хоёр тохиролцох боломжтой юу? гэсэн. Тэгэхэд иргэн Д.Д-ийн зүгээс хоёулаа тохиролцъё. Цагдаагаар явахаар торгууль, оноо хасах асуудал үүснэ. Миний бие жолоочийн үнэмлэх, бичиг баримт байхгүй байна гэсэн учраас тохиролцох бол хөрөнгийн үнэлгээ хийлгэе гэсэн. Цагдаагийн албан хаагчид Б.М болон цагдаа нар “А” ХХК-иар үнэлгээ хийлгэ, манайх зөвхөн “А” ХХК-ийн үнэлгээг хүлээн авч байгаа гэхээр нь үнэлгээ хийлгүүлсэн. Үнэлгээ 3 хоногийн дараа гарна гэсэн учраас Д.Д би машиныг чинь мөнгөөр засаж өгч чадахгүй. Би өөрөө бүх сэлбэгийг нь авч засаж өгье гэдэг байдлаар бид хоёр харилцан тохиролцсон. Харилцан тохиролцсоны дагуу би 12 дугаар сарын 30-ны дотор миний машиныг янзалж өгөөрэй гэсэн хүсэлтийг тавьсан. Тэгээд 12 дугаар сарын 24-ний өдрийн үед хөл хорио тавигдаж 12 дугаар сарын 30-ны дотор янзлах боломжтой гэж ярьсан. Гэтэл Д.Д Улаанбаатар хотод зах нээгдэхгүй байгаа учраас түр байж бай би засаж өгнө гэсэн. Засаж өгөхгүй 1 дүгээр сарын 20-ны өдөр хүрсэн болохоор та засаж өгөхгүй бол би өөрөө сэлбэгээ авъя та мөнгийг өгчих гэсэн. Тэгэхэд тийм боломжгүй байхгүй гэсэн. Тэгэхээр нь Б.М дээр очиж засаж өгөхгүй байна гэхэд хөрөнгийн үнэлгээ дээр санал нийлэхгүй байна. Учир нь мөнгөн дүнгээр өндөр гарсан учраас би төлөх боломжгүй гэсэн. Тэгэхээр нэмэлт хугацаа буюу 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаа тогтоож өгье. Энэ хугацаанд багтаагаад засаж өг гээд Д.Д-ийн зүгээс төлж өгнө гээд салсан. Дараа нь таны хугацаа нь дуусаж байна гэхэд би төлөх боломжгүй гэхээр нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед хэргийн газар дээр 5 хүн ирсэн. Бусад хүмүүсийг санахгүй байгаа учраас гэрчээр дуудаж шүүх хуралдаанд оруулаагүй. Миний бие Ц.С нь иргэн Д.Д-д 2020.12.16, 2020.12.17, 2020.12.21, 2020.12.25, 2021.01.11, 2021.01.17, 2021.01.20-ны өдрүүдэд утсаар автомашин нэн даруй засварлаж өгөхийг шаардсан боловч өнөөдрийн хүртэл тодорхой үр дүн гарахгүй, засварлаж өгөөгүй. Иймд иргэн Д.Д-ээс автомашинд учирсан хохирол болох 1.591.000 төгрөг, үнэлгээний төлбөр 83.000 төгрөг, нийт 1.674.000 төгрөгийг нэн даруй гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ц.С-ын нэхэмжлэлтэй 1.674.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийг өөрөө гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн агуулга бүхий хариу тайлбар гаргасан. Д.Д-тэй уулзаж ярилцахад 12 дугаар сарын 13-ны өдөр тухайн зам тээврийн осол болсон. Гэхдээ Д.Д, Ц.С хоёрын хэний буруутай үйлдлээс болж тухайн осол гарсан талаар мөрдөн шалгаж тогтоогоогүй. Миний ойлгосноор хэн хэний буруутай үйлдэл байсан учраас биднийг хоорондоо тохиролцоод яв гэсэн гэж ойлгосон. Түүнээс Ц.С-ын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг би нөхөн төлнө гэсэн асуудал яригдаагүй. Өөр өөрсдийн машин засах юм байна гэдэг зүйл ярьдаг. Хариуцагч Д.Д Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон дүрмийг зөрчсөний улмаас Ц.С-д хохирол учирсан эсэхэд эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд уг зам тээврийн осол нь Д.Д-ийн буруутай үйл ажиллагаанаас буюу санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан гэдэг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны болон шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй. Энэ нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч Ж овогтой Д.Д-д холбогдох тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1.591.000 /нэг сая таван зуун ерөн нэгэн мянга/ төгрөг, үнэлгээний төлбөр 83.000 /наян гурван мянган/ төгрөг, нийт 1.674.000 /нэг сая зургаан зуун далан дөрвөн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б овогтой Ц.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.734 /дөчин нэгэн мянга долоон зуун гучин дөрвөн/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн улсын орлогод хэвээр үлдээж ... шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Ц.С Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Д.Д-ээс гэм хор учруулсны хохирол 1.674.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 133/ШШ2021/00166 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасны үндэслэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь Тоуоtа harrier 08-61 УБЯ автомашиныг жолоодож явсан жолооч болох иргэн Д.Д нь зам тээврийн осол гарган миний эд хөрөнгөд хохирол учруулсан. Хариуцагч Д.Д нь үйл явдлыг ухамсарлан өөрөө төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байсан тул Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу эзэмшигчээс бус жолоочоос шаардсан болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага нь тээврийн хэрэгсэл эзэмшигчид холбогдуулсан шаардлага биш байна. Бусдын хууль бус үйлдлийн улмаас өөрт нь гэм хор учирсан этгээд буюу тээврийн хэрэгслийн эзэмшигчид, эсхүл гэм буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхээ өөрөө сонгон хэрэгжүүлэх боломжтой, хуулиар хязгаарлалт тавиагүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс иргэн Д.Д-ээс гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс “миний автомашин биш тул би хариуцахгүй” гэж маргаагүй. Мөн уг тээврийн хэрэгсэл нь гэр бүлийн хүний автомашин гэх тайлбарыг шүүхийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь гаргаж байсан, автомашины гэрчилгээг цагдаагийн албан хаагчид өгсөн байсныг хэлэлцүүлгийн шатанд танилцсан болно. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Д.Д-ээс гэм хор учруулсан хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 133/ШШ2021/00166 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нь Ц.С-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Тус шүүхэд Ц.С-ын нэхэмжлэлтэй, Д.Д-д холбогдох гэм хорын хохирол 1.591.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь тус хэргийг үнэн зөв, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилсэн гэж дурдсан байгаа бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна. Гэвч хариуцагч Д.Д-ийн хувьд бусдын эд хөрөнгөд буюу нэхэмжлэгч Ц.С-ын унаж явсан тээврийн хэрэгсэлд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учруулаагүй бөгөөд эрх бүхий байгууллагаас хариуцагч Д.Д-ийн буруутай эсэхийг тогтоосон ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Хэргийн үйл баримтын тухайд нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “би зогсоох арга хэмжээ аваагүй, авах шаардлагагүй” гэж тайлбарласан бөгөөд түүний гаргаж өгсөн автомашины хар хайрцагны бичлэгт Д.Д нь зүүн гар тийш эргэх дохиог өгсөний дараа эргэх үйлдлээ эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч Ц.С нь эргэх үйлдэл эхэлсний дараа түүнийг харж, мэдсэн атлаа ямар нэгэн зогсоох арга хэмжээг огт авалгүйгээр шууд очиж хажуу талаас нь мөргөсөн байна. Үүнээс үзэхэд тус осол нь нэхэмжлэгч Ц.С-ын буруугаас болж гарсан байх тул Ц.С нь өөрөө өөртөө хохирол учруулсан атлаа Д.Д-ээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 133/ШШ2021/00166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримттай холбоотой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Д.Д-д холбогдуулан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1.591.000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсний төлбөр 83.000 төгрөг, нийт 1.674.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Д.Д-ийн жолоодож явсан 08 61 УБЯ улсын дугаартай “Toyota harrier” маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнд уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Г.Б бөгөөд Д.Д нь уг автомашиныг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан, эсхүл өмчлөгчийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй аль байдлаар түр эзэмшиж, ашиглаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн /хуучин байрны/ хойт талын засмал зам дээр 61 07 ГАА улсын дугаартай “Toyota Axio” маркийн тээврийн хэрэгсэл болон 08 61 УБЯ улсын дугаартай “Toyota harrier” маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол болсон бөгөөд уг осолд Д.Д гэм буруутай байсан байна.

 

Нэхэмжлэгч Ц.С тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч ирсний дараа Д.Д нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутайгаа хүлээн зөвшөөрч Ц.С-ын машинд үүссэн эвдрэлийг засч, хохирлыг барагдуулахыг зөвшөөрч Д.Д, Ц.С нар нь хоорондоо тохиролцож, цагдаагийн байгууллагаар шалгуулахаас татгалзаж дуудлагыг буцаасан байна.

Мөн тухайн үед “Toyota harrier” авто машиныг жолоодож явсан хариуцагч Д.Д нь өөрт болон тээврийн хэрэгсэлд холбогдох ямар нэгэн бичиг баримтгүй байсны улмаас даатгалын байгууллага дуудаагүй байна.

Эдгээр байдал нь тухайн үед дуудлагын дагуу ослын газарт очсон цагдаагийн ажилтан Б.М-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч Ц.С-ын тайлбар зэргээр тогтоогдсон байна.

 

Тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад учирсан гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч тэргүүн ээлжинд хариуцахаар байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Түүнчлэн  хариуцагч Д.Д “Toyota harrier” авто машины өмчлөгч, эзэмшигчийн талаар маргаагүй, тухайн осол гарахад гэм буруугүй байсан талаар маргаж байгаа бөгөөд хариуцагч уг тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирлыг хариуцахгүй гэдгээ нотолж чадаагүй байна.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 133/ШШ2021/00166 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ж овогт Д.Д-ээс тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1.591.000 төгрөг, үнэлгээний төлбөр 83.000 төгрөг, нийт 1.674.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “...улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэсний дараа “хариуцагч Д.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид 41.734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.734 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.С-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.Э

 

            ШҮҮГЧИД                          Ш.Б

 

                                                              Т.Ж