Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 215/МА2021/00015

 

Н ХХК-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2021/00214 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Оргил баг, 10- ... тоот, Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... -р баг, Харзат, Ус Алтай ХХК-ийн байр, А ХХК-д холбогдох,

 

Газрын эрх шилжүүлсний төлбөрт төлсөн 5.000.000 төгрөг, газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай гэж авсан зардал 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр А ХХК-тай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн МТ-ын агуулахын зүүн талд байрлах гэрчилгээний 000000592, нэгж талбарын 8208004877, улсын бүртгэлийн Э-0518000093 дугаартай 20000 м.кв газраас нь 7.433 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлж, худалдан авахаар харилцан тохиролцож газрын төлбөрт 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг, мөн тухайн газрын бичиг баримтыг хөөцөлдөхөд мөнгө шаардлагатай байна гэсний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг А ХХК-ий захирал З.Х-ын Хаан банкны 5495077052 тоот дансанд тус тус шилжүүлсэн. Гэтэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/151 дугаартай захирамжаар А ХХК-ий эзэмшлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн МТ-ын агуулахын зүүн талд байрлах гэрчилгээний 000000592, нэгж талбарын 8208004877, улсын бүртгэлийн Э-0518000093 дугаартай 20000 м.кв газрын эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон учраас манай компаний нэр дээр олгогдсон 7.433 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ мөн адил хүчингүй болж, бид тухайн газрыг эзэмших боломжгүй болсон. Иймд А ХХК-иас газрын эрх шилжүүлсний төлбөрт төлсөн 5.000.000 төгрөг, газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай гээд авсан зардал 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Н ХХК-ийн захирал болон А ХХК-ийн захирлын хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт байрлах 20000 м.кв талбай бүхий газраас Н ХХК 7434 м.кв талбай бүхий газрыг худалдан авахаар газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. Н ХХК-д 7434 м.кв газрын эрх шилжсэний дараа 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Есөнбулаг сумын Засаг даргын А/151 дугаартай захирамжаар А ХХК өмнө нь газрын төлбөрөө төлөөгүй гэдэг шалтгаанаар А ХХК-ийн 20000 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосны улмаас уг 20000 м.кв газраас салгаж авсан 7434 м.кв газар мөн адил хүчингүй болсон. Нэгэнт А ХХК-аас тухайн газрыг худалдаж авах боломжгүй болсон учраас уг газрын төлбөрт шилжүүлсэн үнэ болох 5.000.000 төгрөг, эзэмших эрх шилжүүлэхэд шаардлагатай гэж авсан зардал 500.000 төгрөгийг тус тус гаргуулах хүсэлттэй байна. Уг 5.500.000 төгрөгийг А ХХК-ийн захирал Х-ын Хаан банкны данс руу шилжүүлсэн байдаг. Уг мөнгөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэргийн хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д миний бие нэхэмжлэгч Н" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь А ХХК-иас газрын эрх шилжүүлсний төлбөрт төлсөн 5.000.000 төгрөг, газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай гээд авсан зардал 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Тус нэхэмжлэлийн шаардлагадаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 8 дугаар сард А ХХК-тай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн магнай трейдийн агуулахын зүүн талд байрлах гэрчилгээний 000000592, нэгж талбарын 8208004877, улсын бүртгэлийн Э-0518000093 дугаартай 20000 м.кв газраас нь 7.433 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлж худалдан авахаар харилцан тохиролцож нийт 5.500.000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. Гэтэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/151 дугаартай захирамжаар эзэмших эрхийг эзэмшигч этгээд нь удаа дараа төлөөгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон учир тус газраас 7.433 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авах боломжгүй болсон гэжээ. А ХХК нь 2016 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутагт 2 га газар авч, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тухайн жилдээ 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч малын шүлхий өвчин гарч үйл ажиллагаа явуулах боломжгүй болж иргэн Д.Л-д 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 40 сая төгрөгөөр эзэмших эрхийг шилжүүлэхээр болж, гэрээ байгуулсан байдаг. Д.Л нь гэрээний дагуу мөнгийг цувуулж өгч байгаад үлдэгдэл төлбөр болох 5.000.000 төгрөгийг Б.А гэдэг хүн Д.Л-аас газар худалдан авч байгаа гээд мөнгийг нь З.Х-т өгсөн гэдэг. З.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э нь Н ХХК-ийн захирал Б.А-тай 7433 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ хийсэн. Гэтэл газар эзэмших эрхээ шилжүүлж авсны дараа сумын Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж надаас газар эзэмших эрхийг шилжүүлж авахад төлсөн төлбөрийг буцаан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын А/134 дугаар захирамж гарч Н ХХК нь 7434 м.кв газрыг өөрийн эзэмшилд авсан байдаг. Эзэмшилд авснаас хойш газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэдэг нь тухайн хуулийн этгээдэд бүрэн эзэмших эрх шилжсэнээс хойш үүссэн асуудал бөгөөд эзэмших эрх нь зөрчигдсөн талаарх асуудлыг тухайн эзэмшигч өөрөө хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болно. Иймд эзэмших эрх шилжсэнээс хойш үүсэн хууль зүйн үр дагаврыг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-д холбогдох газрын эрх шилжүүлсний төлбөрт төлсөн 5.000.000 /таван сая/ төгрөг, газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай гэж авсан зардал 500.000 /таван зуун мянган/ төгрөг, нийт 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.950 /нэг зуун хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн улсын орлогод хэвээр үлдээж ... шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Н ХХК-ий зүгээс хариуцагч А ХХК-д холбогдуулан газрын эрх шилжүүлсний төлбөрт төлсөн 5.000.000 төгрөг, газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай гэж авсан зардал 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд мөн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар эрсдэл нь нэхэмжлэгчид бүрэн шилжсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болон талуудын маргаантай харилцаа, маргааны зүйлийг маргаагүй харилцаанаас ялган тодорхойлж чадаагүй байх бөгөөд үүнээс үүдэн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2021/00214 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Н ХХК нь А ХХК-д холбогдуулан газрын эрх шилжүүлсний төлбөрт төлсөн 5.000.000 төгрөг, газрын эрх шилжүүлэхэд зарцуулсан 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч тал ... А ХХК-ийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн МТ-ын агуулахын зүүн талд байрлах гэрчилгээний 000000592, нэгж талбарын 8208004877, улсын бүртгэлийн Э-0518000093 дугаартай 20000 м.кв газрын эзэмших эрхийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон учраас А ХХК-иас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан, манай компаний нэр дээр олгогдсон 7.433 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ мөн адил хүчингүй болж, бид тухайн газрыг эзэмших боломжгүй болсон. Иймд А ХХК-иас газрын эрх шилжүүлсний төлбөрт төлсөн 5.000.000 төгрөг, газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай гээд авсан зардал 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг гаргуулж өгнө үү... гэж, хариуцагч тал ...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын А/134 дугаар захирамж гарч Н ХХК нь 7434 м.кв газрыг өөрийн эзэмшилд авсан. Эзэмшилд авснаас хойш газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэдэг нь тухайн хуулийн этгээдэд бүрэн эзэмших эрх шилжсэнээс хойш үүссэн асуудал бөгөөд эзэмших эрх нь зөрчигдсөн талаарх асуудлыг тухайн эзэмшигч өөрөө хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болно. Иймд эзэмших эрх шилжсэнээс хойш үүсэн хууль зүйн үр дагаврыг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.

 

Талуудын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж газар эзэмших эрх шилжжээ.

 

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-т гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 3.4-д газар эзэмших эрхийг шилжүүлэн авагч нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх, эрх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан эрх, үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж тус тус заасан байна.

 

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-т зааснаар эрсдэл, үр шим шилжсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч А ХХК-ныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар 5.500.000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж уг мөнгийг нэхэмжилжээ.

 

Хариуцагч газар эзэмших эрхээ шилжүүлсний төлбөрт төлсөн 5.000.000 төгрөг, газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай гээд авсан зардал 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг авч өгсөн талаар талууд маргаагүй байна.

 

Н ХХК нь хариуцагч А ХХК-аас газар эзэмших эрхийг шилжүүлэн авч /х/х 84-р талд/ иргэн хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх ба үүнд 1, 2, 3, 4 дүгээр улиралд тус бүр 185850 төгрөгийн газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөхөөр тохирсноос өөр газрын төлбөрийн үүрэг хүлээгээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Газар шилжүүлэх гэрээ хийгдэж зохих журмын дагуу газар шилжүүлсний дараа тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлсэн захиргааны шийдвэрт А ХХК буруугүй байна.

 

А ХХК-ий ямар үйл ажиллагааны улмаас Н ХХК-д хохирол учирсан, газрыг эзэмшилдээ байлгах хугацаандаа хэзээ хэдэн төгрөгийн татвар төлөөгүйн улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан байдлыг нотлох үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй, хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2021/00214 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Ж

 

ШҮҮГЧИД Ч.Э

 

Ш.Б