Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01464

 

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01464

 

 

П.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/01615 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлтэй, ТБ ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б- миний бие 2010 оны 6 дугаар сараас Сэлэнгэ аймгийн хадгаламж банкны Алтанбулаг дахь тооцооны төвийн захирлаар, 2013 оны 7 дугаар сард Хадгаламж банк, Төрийн банк хоёр нэгдэж үйл ажиллагаа явуулах үед тооцооны төв хариуцсан менежерийн албан тушаалд тус тус томилогдож ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сард Төрийн банкны Сэлэнгэ аймаг дахь салбарын захирлаар томилогдон ажилласан юм. Гэтэл Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар caрын 05-ны өдрийн Б/1123 дугаартай тушаалаар намайг сахилгын зөрчил 2 удаа гаргасан гэж ажлаас халсан юм. Би сахилгын зөрчил гаргаагүй, ямар нэгэн буруутай зүйл хийгээгүй. Миний бие эрүүл мэндийн хувьд эмчилгээтэй байсны улмаас зээлийн хуралд оролцож чадаагүй тохиолдол байсан. Төрийн банкны гүйцэтгэх захирал урьд өмнө нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б/726 дугаартай тушаал гаргаж намайг сахилгын зөрчил гаргаагүй байхад мөн л намайг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй сахилгын зөрчил гаргасан гэж үзэж үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан юм. Миний хувьд сахилгын зөрчил гаргаагүй учир тус шийтгэлийг зөвшөөрөхгүй гэж сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсан дээр гарын үсгээ зураагүй юм. Би хэдийгээр гомдолтой байсан боловч удирдлагатайгаа зөрөлдөөд байхыг хүсээгүй учраас тухайн үед хүлээцтэй хандаад өнгөрсөн юм. Намайг ажлаас халах үед миний ээлжийн амралтын хугацаа дуусаагүй байхад Төрийн банкны удирдлагаас намайг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох шаардлагатай, сургалт явагдах тул суух шаардлагатай гэсэн тул 8 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа орсон юм. Гэтэл намайг ажилдаа орох шаардлагатай гэж үүрэг өгсөн атлаа ажилдаа ороод 2 хонож байхад буюу сонгууль болсны дараагийн 8 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халсан юм. Төрийн банкны гүйцэтгэх захирлын намайг сахилгын зөрчил гаргасан гээд байгаа зүйлүүд нь үндэслэлгүй бөгөөд миний ажлын гүйцэтгэлээс хамаарахгүй, шалтгаалахгүй зүйлүүд юм. Тухайлбал: Чанаргүй зээлийн багц нэмэгдсэн, төлөвлөгөөг хангалттай хэрэгжүүлээгүй гэж бичсэн байдаг. Гэтэл дэлхийн хэмжээнд тархаад байгаа Ковид-19 цар тахлаас шалтгаалан Засгийн газраас хорио цээрийн дэглэм хязгаарлалт тогтоож улсын хил хаасан билээ. Манай Сэлэнгэ аймаг Орос улстай хил залгаа оршдог тул улсын хил хааснаас болж хүмүүсийн бизнесийн үйл ажиллагаа зогсож зээлийн эргэн төлөлт удааширсан явдал их болсон. Засгийн газраас зээлийг 6 сараар хойшлуулах шийдвэр гарсан, мөн өндөр настнуудын зээлийг тэглэсний улмаас зээлдэгч тэтгэврийн зээлийг хүссэн үедээ авч байсан байдал өөрчлөгдөж жилд нэг удаа 6 сарын хугацаатай зээл олгох болсон зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан банкнаас зээл авч байгаа иргэдийн тоо буурах, үзүүлэлт буурах тохиолдол байгаа юм. Төрийн банкны удирдлагын зүгээс өгсөн үүрэг, төлөвлөгөөг хангалттай биелүүлэх боломж бодит байдал дээр хэрэгжих нөхцөлгүй байгаа нь дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаануудаас болсон байхад намайг буруутгаж үүрэг даалгавар биелүүлээгүй сахилгын зөрчил 2 удаа гаргасан гэж шийтгэж ажлаас халсан явдлыг хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэж үзэж гомдолтой байна. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/1123 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, П.Б- намайг Сэлэнгэ аймгийн Төрийн банкны салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэж өгнө үү.

Дотоод хяналт шалгалтын газраас өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй гэсэн боловч яг ямар үүрэг даалгавар өгсөн нь тодорхойгүй байгаа. Ж.Энхзоригийн зээлийн асуудалд хяналт тавиагүй гэдэг, би өөрөө 5 сая төгрөгийн кредит картын зээлийн хорооны хурлыг удирдаж явуулсан, харин гүйлгээг хийхдээ харилцааны ахлах менежер, нягтлан бодогч хоёр буруу хийж 25 000 000 төгрөг олгосон байсан, энэ асуудалд надаас илүүтэйгээр тэр хоёр хүн буруутай, надад програмын хяналт тавих эрх байхгүй, гэхдээ 25 000 000 төгрөгийн зээл нь төлөгдөөд дууссан, байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй. Мөн Б.Э-гийн 19 000 000 төгрөгийн автомашины зээлийн асуудалд хяналт тавиагүй гэдэг. Харин энэ зээлийн хорооны хурлыг намайг орлож байсан Б.Н удирдаж явуулсан, миний зүгээс даатгал хийгдээгүй гэдгийг нь материал хянах явцдаа мэдээд чеклээгүй орхисон байсныг дараа нь ерөнхий нягтлан гүйлгээ хийхдээ даатгал хийлгэсэн байдлаар чеклээд зээлийг олгосон байсан. Энд мөн миний бие буруугүй. Мөн ажлаас халсан тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3 дах хэсэгт заасныг зөрчсөн, тушаалд ажил хүлээлцэх хугацааг заагаагүй, ажлыг албан ёсоор хүлээлцээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон бол гэсэн үндэслэлийг тушаалд заасан. Гэтэл миний бие буюу салбарын захирал эд хөрөнгө, албан тушаал хариуцсан субьект биш, энэ нь ихэвчлэн нярав, нягтланд хамаарах заалт гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тушаалд заасан үндэслэлүүд бүгд баримтаар няцаагдаж байгаа, намайг зориуд халж, өөрийн хүнээ оронд нь авах гэсэн явуургүй арга гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн банкны гүйцэтгэх захирлын Б/558 тоот тушаалаар П.Б-ийг Сэлэнгэ салбарын захирлаар томилсон. П.Б- нь Сэлэнгэ салбарын захирлаар ажиллаж байхдаа үүрэгт ажил, чиг үүргийг хангалттай биелүүлж ажиллаагүй нь Дотоод хяналт шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн банкны гүйцэтгэх захирлын Б/1123 тоот тушаалаар ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэх хэсэгт 5.28.3, 5.28.7, 5.28.57-д заасан хөдөлмөрийн гэрээний заалтууд хөдөлмөрийн дотоод журамд нэгэн адил байгаа. Сахилгын зөрчлийг жилд 2 удаа гаргасан нь ноцтой зөрчил юм гэдгийг хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан. Гэрээний 7.4.3, 7.4.7 7.4.57-д заалтууд ижилхэн. Давтан зөрчлийн хувьд, захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр б/726 тушаалаар нэхэмжлэгчийн цалинг 3 сар хүртэл, 20 хувиар бууруулж сахилгын арга хэмжээ авсан. Энэ тушаалыг нэхэмжлэгч танилцаж мэдсэн боловч гомдол гаргаагүй. Энэ нь 2020 оны эхний улирлын хяналт шалгалтаар тогтоогдсон. Энэ хяналт шалгалтаар нэхэмжлэгчид үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй, Сэлэнгэ салбарын зээлийн чанар муудаж, төлбөрийн зөрчилтэй зээл нь 2 хувиас хэтэрсэн байсныг бууруулаагүй, харин ч 2,9 хувь болж өссөн байсан. Тийм учраас энэ нь удирдлагаас өгсөн шууд үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн зөрчилд орж байгаа юм. Зээлийн хорооны ажиллах журмын 2.4 дэх хэсэгт салбар тооцооны зээлийн хорооны гишүүн, нарийн бичгийн дарга нь өвчтэй, чөлөөтэй, томилолттой зэрэг асуудлаар өөр хүн оронд нь томилох бол орон нутгийн хувьд салбарын хорооны дарга нь томилно гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар би томилсон юм гэдэг асуудал яригддаг. Энэ тушаалын хугацаа дууссан, тухай бүр тушаалаар томилох хүнээ заах байтал нэг л удаа тушаал гаргаад дандаа санамж бичгээр өөрчлөөд явсан байгаа. Өөрөөр хэлбэл, Б.Наранбаатар гэж хүний өөрийнх нь эзгүйд орлох тушаал байхад Х.М-г санамж бичгээр томилсон байсан нь ажилдаа хайнга хандсаныг илэрхийлж байна.

Мөн нэхэмжлэгч нь зээлийн хорооны ажиллах журмын 7.3 дугаар зүйлд зээлийн хорооноос гарсан шийдвэрт хяналт тавих чиг үүрэгтэй. Зээлийн хороо зээлээ шийдчихээд түүнийг хаяад байхгүй, зээлийн хорооны гишүүд олгосон зээлийнхээ хэрэгжилт, нэмэлт шаардлага биелэгдэж байна уу, үгүй юу гэдгийг хянах үүрэгтэй. Зөвхөн зээлийг олгосон судалсан харилцааны менежер энэ асуудлыг хийдэггүй юм. Жишээлбэл, барьцаа хөрөнгөгүй зээл олгосон, зээлдэгч н.Долгорсүрэн өөрөө энэ талаар хяналт шалгалтын явцад тайлбар өгсөн байдаг. Түүнчлэн, Ж.Энхзоригийн зээл, Б.Энхтуяагийн зээлийн асуудал яригддаг. Ж.Энхзоригт 5 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй карт олгох байтал 25 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй карт олгосон, зээлийн хорооны шийдвэрийг ажилтан зөрчих эрхгүй байдаг. Зээлийн хорооны ажиллах журмын 7.3-д зааснаар өөрийнхөө олгосон зээлд хяналт тавих, шийдвэрийнхээ хэрэгжилтийг хянах ёстой байтал хянаагүй. Мөн Б.Э-гийн зээлийн хуралд оролцоогүй, 17 000 000 төгрөгийн автомашины зээлийн даатгалыг шалгаагүй, зээлийн хорооны шийдвэрийн биелэлтэд хяналт тавиагүй, энэ мэтчилэн зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээгээр тухайлан тохиролцсон байгааг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэж байгаа. Энэ бүгд нь хяналт шалгалтын тайлангаар тогтоогдож байгаа. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан П.Б-ийг ТБ ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан ТБ ХХК-аас 29 954 494 төгрөгийг гаргуулж П.Б-д олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсгийг баримтлан П.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 307 722 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн 8 дугаар талд Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ салбарын зүгээс удирдлагаас буюу шалгалтын багийн өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг эцсийн байдлаар 73 хувийн гүйцэтгэлтэй биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч П.Б- нь энэ талаар шат дараалсан ямар арга хэмжээ авах байсан нь тодорхойгүй болжээ гэж дурдсан. Шүүх ийнхүү эцсийн байдлаар 73 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн боловч тухайлан үүрэг болгосон 2 үүрэг даалгаврын биелэлтийг 0 хувийн гүйцэтгэлтэй байгааг огт дурдаагүй. Зээлийн хорооны ажиллаж журмын 4.5-д хорооны хурлын шийдвэрийн биелэлтийг хянах гэж Зээлийн хорооны нийт гишүүдэд хамааруулан тодорхой дурдсан байхад хянах ажилтан тодорхойгүй гэсэн нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг зөвтгөн тайлбарласан байгаа нь илтэд үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан Салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтоос харвал Салбарын захирал нь салбарын хэмжээнд хяналт тавих эрхтэйгээс гадна үүрэгтэй этгээд болох нь харагдаж байна. Зохих албан тушаалтнууд хариуцлага хүлээсэн буюу зөрчил гаргасан ажилтнаас гадна түүнийг хянах эрх бүхий албан тушаалтан хяналт хэрэгжүүлж тухайн зөрчлийг эрт илрүүлэх зөрчил гаргахгүй байх талаар анхаарал тавих байтал нэхэмжлэгчийн зүгээс ажлын байрны тодорхойлолт болон журмаар үүрэг болгосон үүргүүдийг хэрэгжүүлж ажиллаагүй. Үүнээс гадна хянах боломжгүй, эрх байхгүй, боломжгүй гэдэг тайлбар нь илтэд үндэслэлгүй тайлбар юм. Төрийн банкны зээлийн хорооны ажиллах журмын 2.3-т Орон нутгийн салбарын зээлийн хорооны дарга нь орон нутгийн салбар, тооцооны төвийн зээлийн хорооны даргыг орлон ажиллах ажилтныг томилох бөгөөд орлон ажиллах хугацаанд нэг зээлдэгчид олгох зээлийн эрхийн хэмжээг Иргэдийн банкны үйл ажиллагаа хариуцсан нэгжтэй зөвшилцсөний үндсэн дээр тогтоож салбарын захирлын тушаалаар баталгаажуулна гэж заасан.

Зээлийн хорооны ажиллах журмын дээрх заалтыг харвал орлон ажиллах ажилтны орлон ажиллах хугацаанд нэг зээлдэгчид олгох зээлийн эрхийн хэмжээг заавал тогтоох, салбарын захирлын тушаалаар баталгаажуулах гэсэн хоёр үндсэн шаардлага тавигдсан байна. Уг заалтын дагуу нэхэмжлэгч нь Төрийн банкны Сэлэнгэ салбарын захирлаар ажиллаж байх хугацаанд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр салбарын зээлийн хорооны даргыг орлох ажилтнаар Б.Наранбаатарыг нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг 100 000 000 төгрөг байхаар томилсон болох хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбараас тодорхой харагддаг. Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар зөвхөн Б.Наранбаатарт зээлийн хорооны даргыг орлох ажилтнаар томилж бусад ажилтнуудад нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг тогтоогоогүй, салбарын захирлын тушаалаар томилоогүй зэрэг журмын шаардлага хангасан хэлбэрээр томилоогүй байна. Гэтэл шүүх П.Б- нь зээлийн хорооны даргыг орлон ажиллах ажилтныг тушаалаар нэгэнт томилсон, тушаалд заасан Б.Наранбаатар нэхэмжлэгчийг эзгүй байх хугацааны дийлэнхи хэсэгт орлосон, харин Д.Хилийнчулуу 1 удаа, Х.Мөнхсаран, Л.Энхцэцэг, Б.Баярцэнгэл нар 2-6 удаа орлосон нь журмын дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй, харин ч журмын заалтыг зохих байдлаар хэрэгжүүлсэн байна гэж үзлээ гэж дүгнэсэн. Мөн нэгэнт журмаар үүрэг болгосон заалтыг зөрчиж салбарын захирлын тушаалаар томилоогүй албан тушаалтыг зээлийн хорооны даргаар ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад баримтаар нотлогдсонгүй, сөрөг нөлөөгүй байна гэх зэргээр илтэд үндэслэлгүй, нотлох баримтыг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Шүүх ийнхүү нэхэмжлэгч нь Төрийн банкны холбогдох дүрэм, журмын зөрчсөн байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/1123 тоот тушаалд дурдсан зөрчлүүд нь зөрчил биш байна гэж үзэн ажилтан нь давтан зөрчил гаргаагүй байна гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна. Төлөвлөгөө гаргаагүй зөрчилд нотлох баримт бүрдүүлэх боломж байхгүй бөгөөд нэхэмжлэгч төлөвлөгөө гаргаж ажиллаагүй талаар хэрэгжүүлээгүй гэдгээ шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа хангалттай тодорхой дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтоос харвал нэхэмжлэгч нь салбар, харьяа нэгжүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нэгдсэн удирдлагаар хангах, зайны болон биечилсэн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, салбар, нэгжийн активыг оновчтой удирдаж ОНБГ-ын зээлийн багцын чанарыг 2 хувиас хэтрүүлэхгүй ажиллаж, хүү олгодоггүй активыг хэрэгцээнээс илүү нэмэгдүүлэхгүй, найдваргүй авлага үүсгэхгүй ажиллах, нэгжийн ажлын гүйцэтгэлийг дүгнэх, боловсронгуй тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх, Төв банкнаас олгогдсон эрхийн хүрээнд салбарын зээлийн хорооны даргын үүргийг гүйцэтгэж, салбар, тооцооны төвүүдийн зээлийн хорооны үйл ажиллагааг удирдах, түүнд хяналт тавих, чанартай хуралдуулах, бүх төрлийн тайлан мэдээний үнэн зөв байдалд хяналт тавьж ажиллах, ДАГ, Хяналт, шалгалтын газраас салбар, нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалт, түүнд хийсэн үнэлэлт, дүгнэлт, тавьсан акт, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллах бөгөөд шалгалтын үнэлгээг улирал тутам сайжруулж ажиллах гэсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Шүүх нэхэмжлэгчийн харилцааны ахлах менежер, ерөнхий нягтлан бодогч нар зээлийн үйл ажиллагааны мэдээллээр хангадаг, санаачилгаараа зээлийн үйл ажиллагааг хянах боломжгүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй гээд нэхэмжлэгч П.Б- нь шат дараалсан ямар хяналт тавих байсан нь ойлгомжгүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан зайн болон биечилсэн хяналтыг хэрэгжүүлж ажиллаж байсан бол салбар, тооцооны төвд гарсан зөрчлүүдийг илрүүлэх боломжтой, зөрчил илрэх ёстой байсан бөгөөд нэгэнт хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүй тул зөрчлүүд нь дотоод хяналт шалгалтын явцад илэрсэн байдаг. Нэхэмжлэгч П.Б- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан давтан зөрчил болон ноцтой зөрчлүүдийг гаргасан болох нь Төрийн банкны Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтаар илэрсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад зөрчлүүд нь баримтаар нотлогдохгүй байна, тодорхойгүй байна гэх зэргээр ажил олгогчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/1123 тоот тушаалыг хуульд хэрхэн нийцэхгүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж талуудын харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хохирол болон ажил олгогчийн нэр хүндэд хэрхэн нөлөөлсөн болох нь тогтоогдохгүй байна гэх зэргээр зөрчлийн шинж агуулаагүй байна гэж дүгнэж байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч ТБ ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Сэлэнгэ салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил болон хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

Урьд нь Төрийн банкны захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/726 дугаар тушаалаар нэхэмжлэгч П.Б-ийг ажлын байрны тодорхойлолтод заасан ...орон нутгийн зээлийн багцын чанарыг 2 хувиас хэтрүүлэхгүй ажиллах... зэрэг чиг үүргийг хангалттай биелүүлж ажиллаагүй, ...тооцооны төвүүдийг нэгдсэн удирдлагаар хангах, зайны болон биечилсэн хяналтыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй хийгдсэнээс ашиглан, залилангийн шинжтэй үйлдэл илэрсэн, ...зээл шийдвэрлэх эрхийн хэмжээ хэтрүүлсэн зөрчлүүд гаргасан үндэслэлээр түүнд үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ба нэхэмжлэгч нь уг тушаалд гомдол гаргаагүй учир түүнийг сахилгын шийтгэлтэй гэж үзнэ. /хх-ийн 25 /

Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/1123 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэл буюу сахилгын зөрчил давтан гаргасан, эд хариуцагч ажил олгогчийн итгэлийг эвдсэн буруутай үйлдэл гаргасан үндэслэлээр, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, 7.4.7, 7.4.57 дах заалтыг удирдлага болгон ажлаас чөлөөлөгдсөн ба П.Б-ийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалттай биелүүлж ажиллаагүй, удирдлагын зүгээс шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй, дотоод хяналт шалгалтын газраас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, зээлийн үйл ажиллагааны журмын 24.5.1.е дэх заалт, зээлийн хорооны ажиллах журмын 7.3 дах заалтыг тус тус зөрчин хувийн хэрэг болон зээлийн хорооны шийдвэрийн хэрэгжилтэд холбогдох удирдлагын зүгээс шат дараалсан арга хэмжээ авч ажиллаагүй, зээлдэгч Ж.Энхзоригтын зээлийн тухайд зээлийн хорооны ажиллах журмын 4.5 дахь заалт, зээлийн үйл ажиллагааны журмын 10.6.2.ж дэх заалтыг тус тус зөрчин хорооны нэмэлт шаардлагад хяналт тавьж ажиллаагүй, зээлдэгч Б.Энхтуяад 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 17 000 000 төгрөгийн автомашины ахуйн хэрэглээний зээл олгохдоо зээлийн үйл ажиллагааны журмын 31.8.4 дэх заалтыг зөрчин хөрөнгийн даатгалд хамруулаагүй, зээлийн хорооны ажиллах журмын 2.4 дэх заалтыг зөрчин салбарын зээлийн хорооны даргыг орлон ажиллах ажилтныг салбарын захирлын тушаалаар томилолгүй, салбарын захирлын хувьд салбарын зээлийн хорооны хуралд албан томилолт, өвчтэй, чөлөөтэй зэрэг шалтгаанаар оролцоогүй, салбар, харьяа нэгжүүдийн зээлийн багцын ангилал 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар чанаргүй ангилалд шилжсэн, зээлийн хэмжээ өмнөх улирлын чанаргүй зээлийн багцаас 39 хувиар нэмэгдсэн, 2020 оны 2 дугаар сард нийт 10 төрлийн бизнес төлөвлөгөөг хангалттай хэрэгжүүлээгүй, зайны хяналтын зөрчлийн тоо нь 2020 оны 2 дугаар улиралд 3,64 хувь болж өссөн, улсын тэмдэгтийн хураамжийн авлага 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1 153 801 төгрөг болж тус тус өссөн, хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, сахилгын шийтгэл ногдуулах тухай 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/726 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан гэж уг тушаалд заасан. / хх-ийн 25 /

Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааны дотор нэхэмжлэгч шүүхэд гаргасан ба энэ талаар талууд маргаагүй.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т ажилтан дараах ноцтой зөрчлүүд гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална, 7.4.3-т хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан, 7.4.7-д ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, 7.4.57-д нэгжийн захирал, зээлийн ажилтан чанаргүй зээлийг төлүүлэх талаар төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлээгүй, төлүүлэх талаар арга хэмжээ аваагүй, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй гэж тохиролцжээ. /хх-ийн 28-32 /

Хариуцагч тал ТБ ХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын газраас 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ салбарт гэнэтийн, газар дээрх, хэсэгчилсэн шалгалтыг явуулж, 2020 оны шалгалтаас хойшхи хугацааны баримт, материалыг шалгасан байх бөгөөд уг хяналт, шалгалтын тайлангаар нэхэмжлэгч П.Б-ийг ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан зөрчлүүдийг тогтоогдсон гэж тайлбарласан.

Гэвч Дотоод хяналт, шалгалтын газрын тайлан 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гарсан байхад 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь зөрчлийг шалгаж тогтоохоос өмнө өөрт нь танилцуулалгүйгээр шийтгэл ногдуулжээ. Үүрэг даалгавар биелэгдээгүй шалтгааныг тодруулах тайлбар гаргах эрхээр хангаагүй, нэхэмжлэгч шалгалтын явцад буюу 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн хооронд өвчтэй байсан болох нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн магадлагаагаар тогтоогджээ.

Ийм учраас давтан зөрчил гаргасан гэх ажил олгогчийн тушаал үндэслэлгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй болно. / хх-ийн 93, 117 /

Нэхэмжлэгч П.Б-ийн гаргасан ...Ковид-19 цар тахлаас шалтгаалан Засгийн газраас хорио цээрийн дэглэм хязгаарлалт тогтоож улсын хил хааснаас Орос улстай хил залгаа оршдог Сэлэнгэ аймгийн иргэдийн бизнесийн үйл ажиллагаа зогсож зээлийн эргэн төлөлт удааширсан, Засгийн газраас зээлийг 6 сараар хойшлуулах шийдвэр гарсан, мөн өндөр настнуудын зээлийг тэглэсэн зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан банкнаас зээл авч байгаа иргэдийн тоо, үзүүлэлт буурах, зарим сөрөг үзүүлэлт өсөх хандлага байгаа... гэсэн тайлбарыг хариуцагч үндэслэл бүхий баримтаар няцаан үгүйсгэж чадаагүй, нэхэмжлэгчийг хугацаатай үүрэг даалгавар биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн нотлох баримтад нийцсэн байна.

Зээлдэгч Ж.Э, Б.Э нарт олгосон зээл, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй харилцааны ахлах менежер, ерөнхий нягтлан бодогч нарт сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд үүнд салбарын захирлын буруутай үйлдэл эс үйлдэл нөлөөлсөн гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. /хх-ийн 138, 139/ Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтэд хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй болно.

Нэхэмжлэгч П.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн хорооны даргыг орлох ажилтныг томилох тухай тушаал гаргаж, хавсралтыг батлан, Сэлэнгэ салбарт, өөрийнхөө эзгүйд орлох хүнээр 150 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй, 1 зээлдэгчид олгох зээлийн эрхийн хэмжээ 100 000 000 төгрөг байхаар харилцааны менежер Б.Наранбаатарыг томилсон байх бөгөөд тэрээр 2019 оны 5 сараас 2020 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацаанд өөрийнхөө эзгүй байх тухай бүрт санамж бичиг үйлдэн орлох эрхийг шилжүүлж байсныг хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцох үндэслэлгүй болохыг анхан шатны шүүхээс дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэв.

Мөн Хөдөлмөрийн гэрээний 7.4.57-д заасан нэгжийн захирал, зээлийн ажилтан чанаргүй зээлийг төлүүлэх талаар төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлээгүй, төлүүлэх талаар арга хэмжээ аваагүй, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй гэсэн зөрчлийг нэхэмжлэгч гаргасан байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д хамааруулах үндэслэлгүй болохыг шүүх зөв тайлбарласан байна.

Иймд анхан шатны шүүх П.Б-ийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг ТБ ХХК-ийн Сэлэнгэ салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх нэхэмжлэгч П.Б-ийн нэг сарын дундаж цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 29 954 494 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, уг олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ТБ ХХК-д даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Дотоод хяналт, шалгалтын газрын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тайланг нэхэмжлэгчид танилцуулаагүй, түүнд тайлбар гаргах эрхээр олголгүй П.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...Тбанкны Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтаар Нэхэмжлэгч П.Б-ийн давтан зөрчил болон ноцтой зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдсон... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүх хэт нэг талыг барьсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/01615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 307 723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ