Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2017/0510/З |
Дугаар | 221/МА2017/0770 |
Огноо | 2017-11-01 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2017/0770
"В" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, С.О, гуравдагч этгээд "Ц.К" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, түүний өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээд Б.Х, Б.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нарыг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 645 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "В" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 645 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.5, 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч "В" ХХК-ийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан "Ц.К" ХХК-ийн нэр дээр Ү-2206052057, Ү-2206052058, Ү-2206052059, Ү-2206052060, Ү-2206052061 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг "В" ХХК-ийн нэр дээр гаргахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа маргаан бүхий орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгохдоо Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5514 дүгээр шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар магадлал, Хяналтын шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 219 дүгээр тогтол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/13644 дүгээр өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгүүдийг тус тус үндэслэсэн гэдгээ илэрхийлсэн. Ингэхдээ хамгийн сүүлд ирсэн буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 1/13644 дүгээр өмчлөх эрх шилжүүлэх албан тоотыг гол үндэслэл болгосон тухайгаа дурдсан. Гэтэл дээрх шүүхийн шийдвэрүүдэд маргаан бүхий орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг "Ц.К" ХХК-ийн нэр дээр олгохыг даалгасан тухай агуулга байгаагүй болно.
Өөрөөр хэлбэл Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь шүүхийн шийдвэрийн агуулгыг дур мэдэн хууль бусаар тайлбарласан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирсэн хууль бус албан бичгийг үндэслэн тус тус бүртгэл хийсэн нь хууль дээдлэх, бүртгэл үнэн зөв байх зарчмыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь өөрийн үйл ажиллагаандаа буруу ашигласан гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 645 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрүүдэд маргаан бүхий орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг "Ц.К" ХХК-ийн нэр дээр олгохыг даалгасан тухай агуулга байгаагүй байхад бүртгэл хийсэн нь хууль бус хэмээн маргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл "Ц.К" ХХК нь "В" ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 201-16, 201-35 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн В2-276, 277, 278 тоот Захиалгаар авто машины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргээ биелүүлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 16, 35 тоот орон сууцнууд болон В2 давхар дахь 76, 77, 78 дугаар авто зогсоолууд, тэдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхийг нотлох, өөрөөс хамаарах бичиг баримтуудыг захиалагч "Ц.К" ХХК-д хүлээлгэн өгөхийг үүрэг болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Харин "В" ХХК нь "Ц.К" ХХК холбогдуулан 201-16, 201-3 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн В2-276, 277, 278 тоот Захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүдээс тус тус татгалзаж, хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5514 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч "В" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч "Ц.К" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Зайсан голден вилл хотхоны 201 дүгээр байрны 1 дүгээрорцын 16 тоот, 2 дугаар орцын 35 тоот орон сууц болон тухайн байрны В2 давхар дахь 76, 77, 78 дугаар авто зогсоолууд, түүнтэй холбоотой баримт бичгийг "Ц.К" ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч "В" ХХК-д үүрэг болгосугай гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 5855 дугаар захирамж, мөн өдрийн 623 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/13644 тоот албан бичгийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ.
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол болон тэдгээрийг үндэслэж гарсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг, "Ц.К" ХХК-ийн мэдүүлэг, дүрэм, гэрчилгээ, Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ, барилгын план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг "Ц.К" ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2-т заасантай нийцсэн байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 219 тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Зайсан Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 1 дүгээр орцын 16 тоот, 2 дугаар орцын 35 тоот орон сууц болон тухайн байрны В2 давхар дахь 76, 77, 78 дугаар авто зогсоолууд, түүнтэй холбоотой баримт бичгийг "Ц.К" ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлэхийг "В" ХХК-д үүрэг болгохыг тодорхой заасан байхад нэхэмжлэгчээс иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдэд маргаан бүхий орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг "Ц.К" ХХК-ийн нэр дээр олгохыг даалгасан агуулга байгаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ