2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/03161

 

 

 

 

 

 

 

       

2025               04                  21                                192/ШШ2025/03161

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 06 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 02 дугаар хороо, Жуулчны 17/21 дүгээр байр, 401 тоот хаягт байрлах “Нэмүүн инженер” ХХК (*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Үйлдвэр 43А, 151 тоот хаягт байрлах “Мөнгөн гануу” ХХК (*******),

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Бага тойруу, өөрийн байранд байрлах Монгол Улсын Боловсролын Их Сургууль (цаашид МУБИС гэх, РД:9087702)-нд тус тус холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 105,248,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагч МУБИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

Хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч МУБИС-аас татгалзаж, хариуцагч компанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 105,248,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч “Нэмүүн инженер” ХХК нь өмнө нь “Түнтгэр нөөлөгт инженер” ХХК нэртэй байсан. Хариуцагч “Мөнгөн гануу” ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Түнтгэр нөөлөгт инженер” ХХК нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга”-ын гадна цахилгаан хангамж, 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35 кв-ын 1 талдаа хуурай салгуур бүхий таслуур байрлуулах, 35/0.4 кв-ын 400 кв чадалтай дэд станцыг угсарч суурилуулах ажил гүйцэтгэх, захиалагч “Мөнгөн гануу” ХХК нь ажлын хөлс 220,000,000 төгрөгийг төлөх үүрэг тус тус хүлээсэн.

1.2.Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр барилгын ажлын зөвшөөрөл олгосноор “Түнтгэр нөөлөгт инженер” ХХК нь гэрээт ажлыг 2020 оны 04 дүгээр сараас 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд бүрэн гүйцэтгэж, улсын комисст 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн. Хариуцагч компани 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 60,000,000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг нийт 125,000,000 төгрөгийг төлсөн.

1.3.Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй, Ажил гүйцэтгэх гэрээний 4.4-т захиалагч нь гэрээний 3.2, 3.3, 3.4-т төлбөр хийх үүргээ биелүүлэх үүрэг хүлээнэ гэж заасныг одоог хүртэл биелүүлээгүй. Иймд үлдэгдэл ажпын хөлс 95,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн алданги 10,248,000 төгрөг, нийт 105,248,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.

 

2.Хариуцагч “Мөнгөн гануу” ХХК нь нэхэмжлэлийн хувь, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзал, түүний үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нь дараах агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарласан. Үүнд:

2.1.МУБИС-ын тодорхой удирдлага албан тушаалаа ашиглан цахилгааны ажлыг төсөвт өртгөөс 2 дахин үнэтэй нөхцөлөөр манай компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллуулах шаардлага тавьсныг зөвшөөрөөгүй бөгөөд “Нэмүүн инженер” ХХК-ийн хүнтэй уулзаж байгаагүй, гэрээ байгуулаагүй. “Зүр констракшн” ХХК бусадтай гэрээ байгуулж, МУБИС-аас орж ирж байсан мөнгийг захиран зарцуулсан.

2.2.Нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулсан гэх *******, нар нь манай компанид ажиллаж байгаагүй, манай компанийг төлөөлөх эрхгүй хүмүүс гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч МУБИС, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

3.1.МУБИС 2019 оны 05 дугаар сард Тэрэлжид байх оюутны дадлагын хээрийн баазыг барьж угсрах тендерийг зарласан. Энэ тендерт “Мөнгөн гануу” ХХК шалгарсан байдаг. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нийт 2,500,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж таван давхар оюутны дадлагын хээрийн баазыг барьж явуулах ажилд шалгараад ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Энэ ажилд нь туслан гүйцэтгэгч хэд хэдэн компани орсон байдаг. Үүний нэг нь “Нэмүүн инженер” ХХК байдаг. “Нэмүүн инженер” ХХК 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээгээ цуцлах өдөр хүртэл МУБИС-аас “Мөнгөн гануу” ХХК-нд 1,500,181,250 төгрөгийг шилжүүлсэн. Энэ төлбөрт ажлын гүйцэтгэлээр нь шилжүүлж байсан тул тухайн үед баригдсан байсан цахилгааны дэд станцын өгөх төлбөр бүрэн шингэчихсэн байсан.

3.2.2020 оны 09 дүгээр сард цахилгааны дэд станцыг улсын комисст хүлээлгэж өгөөд ашиглалтад оруулсан байдаг. Одоо цахилгааны мөнгийг тухайн дэд станцаар нь шийдээд явж байгаа. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу бид нар цахилгааны дэд станцын төлбөрийг “Мөнгөн гануу” ХХК руу шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн шаардаж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч компани 2021 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гарсан, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн магадлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ МУБИС болон “Мөнгөн гануу” ХХК-ийн хооронд байгуулагдсан. Харин “Мөнгөн гануу” ХХК болон “Нэмүүн инженер” ХХК хоорондоо тусдаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Иймд гэрээний дагуу тус тусдаа үүрэг хүлээнэ. МУБИС нь “Нэмүүн инженер” ХХК-ийн өмнө ямар нэгэн гэрээний үүрэг хариуцахгүй талаар шүүх хуралд дүгнэсэн байгаа. Иймд хэргийн бодит нөхцөл байдал болон шүүхийн шийдвэрийн дагуу МУБИС-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

4.Нэхэмжлагч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Мөнгөн гануу” ХХК-аас 60,000,000, 50,000,000, 15,000,000 төгрөг төлсөн төлбөрийн баримт, МУБИС-ийн сургалтын барилгын гадна дэд өртөөний угсралтын ажлын төсөв,

 

Хариуцагч “Мөнгөн гануу” ХХК-аас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тус компанийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” 181/ШЗ20221/11200 дугаар захирамжийн шүүхийн архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Түншлэлийн хамтран ажиллах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Мөнгөн гануу” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Мөнгөн гануу” ХХК-нд ажиллаж буй даатгуулагчдын 2019, 2020 оны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын маягт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, “Түнтгэр нөөлөгт инженер” ХХК-ийн дэд станц угсарч суурилуулах ажлын тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Мөнгөн гануу” ХХК-аас “Зүр констракшн” ХХК-нд хүргүүлсэн ажил эрчимжүүлэх, тайлан авах тухай баримт бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг,

 

Хариуцагч МУБИС-аас итгэмжлэл, хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ы өдрийн 181/ШШ2021/02207 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 313 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбарыг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Авлигатай тэмцэх газраас Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний нэмэлт гэрээг гаргуулан авсан, гэрч Б.Батсолонгоос мэдүүлэг авч, нэхэмжлэгч талын хүсэлтээр Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас баримт гаргуулахаар шаардсан боловч уг баримт байхгүй тухай хариу ирүүлсэн, нэхэмжлэгч талын хүсэлтээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас МУБИС-аас 2019 онд зарласан оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажлын тендер шалгаруулалтад “Мөнгөн гануу” ХХК-ийн хүргүүлсэн тендерийн материал, ажлын төсвийг гаргуулан авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 105,248,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Мөнгөн гануу” ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, МУБИС-ийн “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга”-ын гадна цахилгаан хангамж, 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35 кв-ын 1 талдаа хуурай салгуур бүхий таслуур байрлуулах, 35/0.4 кв-ын 400 кв чадалтай дэд станцыг угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэсэн боловч “Мөнгөн гануу” ХХК нь ажлын хөлс 220,000,000 төгрөгөөс 125,000,000 төгрөгийг төлж үлдэх 95,000,000 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс нь манай компанид ажилладаггүй хүмүүс гэж тайлбарлаж байх бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

4.Хариуцагч МУБИС, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ цахилгаан хангамж, цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станц угсарч суурилуулах ажлын хөлсийг төлчихсөн, уг асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж тайлбарлаж байна.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Хариуцагч МУБИС-аас 2019 онд оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажлын тендер шалгаруулалт зарласан. (Хэргийн II хавтсын 38 дахь тал)

5.2.Дээрх тендерт “Мөнгөн гануу” ХХК шалгарсан үйл баримтын талаар зохигч талуудын хооронд маргаангүй.

5.3.Нэхэмжлэгч “Нэмүүн инженер” ХХК болон хариуцагч “Мөнгөн гануу” ХХК-ийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэг талаас МУБИС-ийн “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга”-ын гадна цахилгаан хангамж, 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35 кв-ын 1 талдаа хуурай салгуур бүхий таслуур байрлуулах, 35/0.4 кв-ын 400 кв чадалтай дэд станцыг угсарч суурилуулах, нөгөө талаас уг ажлын хөлс 220,000,000 төгрөгийг төлөх гол нөхцөл бүхий “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан. (Хэргийн I хавтсын 9-11, 54-60 дахь тал)

5.4.Хариуцагч “Мөнгөн гануу” ХХК нь дээр дурдсан гэрээний үүрэгт 125,000,000 төгрөг төлсөн гэх нэхэмжлэгч компанийн тайлбарыг няцаагаагүй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч “Нэмүүн инженер” ХХК-ийн зүгээс хариуцагч МУБИС-нд холбоогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 95,000,000 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/02207 дугаар шийдвэрээр “Нэмүүн инженер” ХХК нь МУБИС-ийн Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын 85/0.4 кВа хүчин чадал бүхий гадна цахилгааны ажлыг хийж гүйцэтгэсэн, уг ажлын хөлсийг “Мөнгөн гануу” ХХК төлөх үүрэгтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 313 дугаар магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. (Хэргийн I хавтсын 54-60 дахь тал)

 

Мөн хариуцагч “Мөнгөн гануу” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч “Мөнгөн гануу” ХХК-аас төлөөгүй үлдэгдэл ажлын хөлс болох 95,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

7.Нэхэмжлэгч “Нэмүүн инженер” ХХК болон хариуцагч “Мөнгөн гануу” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 6.2-т “Захиалагч тал 3.3, 3.4-р зүйлд заасан (захиалагчийн нэхэмжлэх, ажлын гүйцэтгэл өгснөөс хойш) санхүүжилт өгөх хугацааг 5 хоногоос дээш хэтрүүлсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний уг заалтад заасан үнийн дүнгээс 0.002%-иар бодож гүйцэтгэгчид алданги төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “…хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанд нийцэж байх бөгөөд хариуцагч “Мөнгөн гануу” ХХК нь ажлын хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүрэг болох 95,000,000 төгрөгийн 0.002 хувийн алдангийг тооцон шаардах эрхтэй байна.

 

8.Нэхэмжлэгч “Нэмүүн инженер” ХХК нь урьд нь хариуцагч МУБИС-д холбогдуулж ажлын хөлс 95,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч МУБИС-ийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж заасан үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн… 65.1.3-65.1.8… заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно…” гэж зааснаар хариуцагч МУБИС-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компаниас 105,248,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож, хариуцагч МУБИС-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 820,140 төгрөгийн 684,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 135,950 төгрөгийг буцаан, хариуцагч компаниас 684,190 төгрөгийг нөхөн гаргуулж нэхэмжлэгч компанид тус тус олгохоор хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Мөнгөн гануу” ХХК-аас 105,248,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Нэмүүн инженер” ХХК-нд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуульд холбогдох “Нэмүүн инженер” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Нэмүүн инженер” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 820,140 төгрөгийн 684,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Нэмүүн инженер” ХХК-ийн илүү төлсөн 135,950 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч “Мөнгөн гануу” ХХК-аас 684,190 төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгч “Нэмүүн инженер” ХХК-нд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД