2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/00788

 

 

 

 

 

 

                                                         2025             01            29  

                                       192/ШШ2025/00788

              

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.А. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М-д холбогдох,

109,413,067 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.А, түүний өмгөөлөгч О, хариуцагчийн төлөөлөгч Д, түүний өмгөөлөгч Ш, шинжээч Р., Ж, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Р.А миний бие 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр "М" ХХК-тай … хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөр гүнт зуслан дах 700 мкв хэмжээтэй газарт 51.95 мкв хэмжээтэй Блокон өрөгт бүтээц бүхий 1 ширхэг амины орон сууцыг 119,485,000 төгрөгөөр бариулахаар тохиролцож амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу миний бие "М " ХХК-д 93,893,050 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн "М ХХК нь гэрээний дагуу амины орон сууцыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 60 хоногийн дотор захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл гэрээнд заасан хугацаанд амины орон сууцны барилгыг барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад 2022 оны 11 дүгээр сард багтаан барилгын ажлыг дуусган хүлээлгэн өгөхөөр албан бичгээр амлалт өгч байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдий хүрсэн. Иймд амины орон сууц захиалгаар барих гэрээг цуцлаж, гэрээний дагуу шилжүүлсэн 93,893,050 төгрөг, мөн гэрээний 3.2-т заасны дагуу гэрээ цуцлах хүртэл хугацааны алдангид 15,520,017 төгрөг нийт 109,413,067 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Нийт гэрээний үнийн дүн бол 119,485,000 төгрөг. Шинжээчийн дүгнэлтээр хэдэн төгргийн зардал гарсныг бол тооцчихсон байгаа. Мөн манай компанийн тайлан явуулдаг эхсель файлыг хүртэл хэрэгт хавсаргасан. Догодлыг бол арилгах боломжтой гэж үзсэн. Тэр өмч хөрөнгө эцэссийн эцэст миний өмч хөрөнгө биш. Тэгэхээр би тэрийг яаж авах юм. Тодорхой хэмжээний хүмүүс ажиллаж өчнөөн их хүч хөдөлмөрөө зарцуулчихсан. Тэр догодлыг засах боломжтой байсаар байтал тэрийг хаяаад дахиад захиалагчийн нэхэмжилж байгаа 109,000,000 төгрөгийг төлөх юм уу? тэр догодлыг засах боломжтой гэдгийг инжинер хүмүүс хэлж байна. Шүүхээс томилсон шинжээч хүртэл хэлжбайна. Эдгээр хүмүүст итгэхгүй бол өөр хэнд итгэх юм. Надад бол зохимжгүй санагдаж байна. Барилга байшинг үргэлжлүүлэх талаар ярилцах хэрэгтэй. Хэдэн төгрөг компанинд төлсөн, хэдэн төгрөг зарцуулсан гэдгээр үргэлжлүүлэх ёстой. Түүнээс миний газар, миний байшин биш. Надтай зөндөө олон эвлэрэх боломж олгосон утсаа авдаггүй. Би байнга залгадаг. Утсаа ерөөсөө авдаггүй, манай талаас байнга залгадаг, намайг бүр элдэв бусаар хараасан маш их доромжилсон. Ес зүйгүй үйлдэл их гаргасан болохоор надад энэ барилгыг үргэлжлүүлэх дээрээс мөн бүх оруулсан мөнгийг ийшээ зарцуулчихаад байхад ийм ёс зүйгүй шалчигнасан үйлдэл гаргаж байгаа учраас энэ ажлыг угаасаа зогсоосон. Гэрээний мөнгөөр би өөртөө байр, машин аваагүй. Өнөөдөр барилгын компани нар ямар зарчмаар үйл ажиллагаа явуулж байгаа тэрүүгээр тоосгоо зөөж, арматур зөөгөөд тэнд байгаа ажилчдаа хооллож бензинийн мөнгөө өгөөд үйл ажиллагаа явуулсан. н.Батчимэг гэдэг төсөвчин нүдээрээ очиж хараагүй үзээгүй байж ямар ажил хэр их хэмжээний мөнгө төгрөг орсныг мэдэхгүй байж 52,000,000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. н.Б гэдэг хүнийг дуудаж асуумаар байна. Тэгээд дутуу бодсон, зах зээлийнхээ үнийг мэдэхгүй төсөв гаргасан. Зах зээлийн үнийн судалгаа гэдэг зүйлийг заавал хийх ёстой. Шинжээч нар надаас ядаргаа болтлоо энэ чинь ясан, тэр чинь яасан гээд байнга асуусан. 52,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээч хүнийхээ гаргасан зардлыг тооцуулаагүй. Зах зээл дээр цонх блок ямар үнэтэй байна, 100 айл захаас материал авахад ямар үнэтэй байна гэдгийг судлах хэрэгтэй шүү дээ тэр төсөвчин. Барилгыг буулган дээрээс нь 109 сая төгрөг төлнө гэдэг зүйл бол аж ахуй нэгжийн хувьд хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй санагдаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиалагч маань 7 хоног л ажилласан гэж тайлбарлаж байгаа. Ямар ажлын барилгын суурийг ухах үед 90 хоног зарцуулна шүү дээ. Яаж ч бодсон, бүхэл бүтэн суурь хийгдэж, өрлөг, дээврийг ажил хийгдсэн байгаа. Тэнд 100,000,000 төгргийн ажил хийгдсэн байхад хэзээ ч 7 хоногийн дотор хийгдэхгүй. Хэрвээ үнэхээр шаардлагатай гэвэл тэнд ажилласан бүх хүмүүсийг дуудахад хүртэл бэлэн байна. Тэгж бас худлаа хэлж болохгүй. Бид нар ч гэсэн хүний мөнгийг авч ажил хийж байгаа. Нэхэмжлэгч талаас яг яах гэж байгаа нь мэдэгдэхгүй байна. Би тэр байшинг буулгаж авч яваад дахиад 109,000,000 төгрөг төлөх юм үү? тэр байр яахаараа миний өмч хөрөнгө болдог юм. Миний газар дээр ч биш. Би тэр айлын хашаанд дураараа ч орох эрхгүй шүү дээ” гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс амины орон сууц захиалгаар барих гэрээ /хх 4-8/, төлбөр төлөх график /хх 12/, м ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22/35 дугаар албан бичиг /хх 13/, барилгын дотор засал хийх ажлын төсөв /хх 14-16/, м ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 22/07 дугаар албан бичиг /хх 17/, Р.Аын хаан банкны дансны хуулга /хх 18-19/, худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 20-23/, амины орон сууцны ажлын зураг /хх 24-41/, фото зураг /хх 65-68/, улаан шугамыг шалгаж, тэг тэнхлэг тавьсан акт /хх 72/, суурийн нүх ухсан акт /хх 73/, суурь хийсэн акт /хх 75-76/, өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт /хх 77-78/, хана, сууринд төмөр бетон бүс хийсэн акт /хх 79-80/, төмөр бетон зүрхэвч цутгасан акт /хх 81-82/, Э ББСБ-ээс авсан зээлийн нэмэлт гэрээ, зээлийн гэрээ /хх 83-87/, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн цалингийн зээлийн гэрээ /хх 88-89/, амины орон сууцны барилгын үлдэгдэл ажлын төсөв /хх 160-167/, барилгын явцын гүйцэтгэлийн явцын төсөв /хх 167-179/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 43-44/,  зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр Х ХХК-аар шинжээчийн дүгнэлт /хх 101-140/ гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч П.Д-г /хх 184-186/, шинжээчээр Р-т, Ж.У нарыг асууж, хариуцагч байгууллагын цахим хуудаст үзлэг хийсэн байна.

           ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

              5. Нэхэмжлэгч Р.А нь хариуцагч гэрээнд заасан хугацаанд амины орон сууцыг барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад амлалт өгч байсан боловч биелүүлээгүй, гэрээний зүйлд ноцтой доголдол илэрсэн гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж, 109,413,067 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч өөрөө хөрсний геологчийн дүгнэлт гаргуулах байсан, доголдол илэрсэнд нэхэмжлэгч буруутай, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 5,770,000 төгрөгийг төлж болно, ажлын үр дүн гарсан гэж маргажээ.

 

              6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

             

              Зохигч 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр … Өвөр гүнт зуслах дахь 700 м.кв хэмжээтэй газарт 51.95 м.кв хэмжээтэй, блокон өрөгт бүтээц бүхий амины орон сууцыг 119,485,000 төгрөгөөр 60 хоногийн хугацаанд бариулахаар тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбар, амины орон сууц захиалгаар барих гэрээ, төлбөр төлөх графикаар тогтоогджээ.

             

              Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч Р.А нь 93,893,050 төгрөгийг бараа материал болон мөнгөөр төлжээ. Захиалагч хуваарьт хугацаандаа мөнгөө төлсөн бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.

             

              Хариуцагч нь суурын нүх ухсан актад Л ХХК-иар инженер геологичийн дүгнэлт гаргуулаагүй, өмнөх загвар дээрээ акт үйлдсэн, нэхэмжлэгч дүгнэлт хийлгэх байсан гэж тайлбарладаг бөгөөд гэрч П.Д геологичийн дүгнэлт гаргаагүй байсан талаар мэдүүлсэн зэргээс үзэхэд хариуцагч хөрсний геологичийн дүгнэлтгүйгээр барилга барьжээ.  

             

              Мөн Х ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд хамар хана хөндлөн цуурсан, бетон шаланд хагарал үүссэн, гадна хана ташуу хагаралтай, бүс бетон хагарал үүссэн доголдол илэрсэн гэсэн бөгөөд шинжээч шүүх хуралдаанд тэдгээрийг засварлах зардлыг тооцохдоо суурийн зураг гаргасан П.Д-н саналыг авсан гэж мэдүүлсэн боловч П.Д гэрчээр мэдүүлэг өгөхдөө “хөрсний ус эсхүл гадаргын ус суурь руу орсноос болсон уу гэдгийг мэдэхгүй, үүнийг геологич тогтооно” гэснээс үзвэл шинжээч доголдлыг арилгах зарлын тооцооллыг үндэслэлтэй тогтоож чадсангүй. Барилгын суурийн зураг гаргасан гэрч П.Д доголдол илэрсэн шалтгааныг тогоогоогүй байхад шинжээч түүнийг тайлбарт үндэслэн доголдол арилгах зарлыг тогтоох боломжгүй юм.

 

              7. Зохигч … 51.95 м.кв хэмжээтэй, блокон өрөгт бүтээц бүхий амины орон сууцыг 119,485,000 төгрөгөөр 60 хоногийн хугацаанд бариулахаар тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

              Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, ...гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, ...талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ, ...гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 352 дугаар зүйлийн 352.1, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус зохицуулсан.

             

              Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээнээс татгалзаж байгаа гэж тодорхойлсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно”, 221.2 дахь хэсэгт “... эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” заасныг баримтлан нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан хугацаа тоолох, урьдчилан сануулах журмаар гэрээнээс татгалзаж болно.

 

               …. хэмжээтэй, блокон өрөгт бүтээц бүхий амины орон сууцны хамар хана хөндлөн цуурсан, бетон шаланд хагарал үүссэн, гадна хана ташуу хагаралтай, бүс бетон хагарал үүссэн доголдол илэрсэн нь цаашид нэмэгдэх боломжтой, хагарал үүссэн шалтгаан нөхцөлийг хөрсний геологчийн дүгнэлт гаргахгүйгээр тогтоох боломжгүй, дүгнэлт гарсан тохиолдолд дахин суурийг өөрчлөх /аяган суурь хийх/ боломжгүй байх тул шүүхээс гэрээний ноцтой зөрчил үүссэн гэж үзлээ.

             

              Хариуцагч гэрээгээр хөрсний геологичийн дүгнэлтийг нэхэмжлэгч хийх байсан гэдгээ нотлоогүйгээс гадна хариуцагч мэргэжлийн байгууллага болохын хувьд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1 дэх хэсэгт “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”, 350.1.4-т “ ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас олгосон эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах” заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл барилгын компани хөрсний геологчийн дүгнэлтгүй барилга барьсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

              Мөн гэрээнд зааснаар 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ашиглалтад орох байсан амины орон сууц 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ашиглалтад ороогүй, үр дүн гараагүй байхаас гадна доголдол үүссэн шалтааны тухайд хариуцагч буруугүй гэж маргаж байгаа нөхцөлд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй юм.

 

              Иймд нэхэмжлэгч иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, хариуцагчид шилжүүлсэн 93,893,050 төгрөгөө буцаан шаардах эрхтэй болжээ.

               

              8. Талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжтой үлджээ.

             

              9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 231.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус зохицуулсан.

 

              Талууд гэрээний 3.2-д үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй бол ...алданги тооцохоор харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээ байгуулагдахаас өмнөх нөхцөлийг үүсгэж байгаа учир гэрээний дагуу алданги шаардах эрхгүй юм.

 

10. Иймээс М ХХК-иас 93,893,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ад олгож, үлдэх 15,520,017 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

11. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 705,016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 627,415 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, зохигчоос 2,200,000 төгрөгийг хуваан гаргуулж Х ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас 93,893,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ад олгож, нэхэмжлэлийн үлдэх 15,520,017 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 705,016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 627,415 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, зохигчоос 2,200,000 төгрөгийг хуваан гаргуулж Х ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бнэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б холбогдох,

11,970,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5,698,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А хариуцагч Б, түүний өмгөөлөгч С шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Хариуцагчийн сурталчилснаар энэ бараа компьютер худалдаж авч цахилгаанд холбох юм бол мөнгө олдог гэсэн. Хязгааргүй мөнгө үйлдвэрлэдэг гэсэн. Олон тооны хүмүүс ингэж авч, авсан хүмүүс нь баяжчихсан байгаа гэдэг ойлголт өгсөн. Хүмүүс өөрөө зүгээр сууж байгаад мөнгө олох сонирхолтой байдаг. Тэгээд ийм баталгаатай газраас шууд аваад мөнгө үйлдвэрлэх юм бодсон. Тийм үү гэж асуухад тийм гэсэн. Мөнгө олдог уу гэхэд олдог гэсэн. Мөнгөө өгөөд үүнийг шууд ашиглаад мөнгө олох уу гэхэд үгүй гэсэн. Программ суулгадаг юмаа гэсэн. Программ суулгана гэдэг нь дийлэнх ойлголтоор интернет орж татаж суулгадаг, хамгийн удаан цаг болдог. Ойлголт бас ерөөсөө ийм. Тэгээд 5-10 минут дотор суулгах юм бол уу гэсэн энэ чинь уддаг юмаа гэсэн. Хэд хоног гэсэн 7 хоног гэж хэлсэн. 06 дугаар сарын 26-ны өдөр болсон үйл явдал. 26-аас хойш 7 хоногийн дотор бодож үзэхээр 07 сарын 01, 02-ны өдөр. 1-ний өдөр энэ хүн олдоогүй. Иргэний хуульд хугацааны тухай зохицуулалт бий. Хугацаа хэтэрвэл татгалзах эрх нь нөгөө талд нь өөрөө байдаг. Тэгээд мөнгөө авъя гэхэд мөнгөө өгөхгүй гэсэн. Худалдах худалдан авах гэрээнд зохицуулалт бий. Ерөөсөө гардуулж өгсөн байхыг шаарддаг. Ерөөсөө хард нь Ц.Б гар хүрээгүй гэж үзэж болно. Энэ хүн худалдаж авсан аваагүй гэх юм бол Ц.Б.н гарын хээ орсон байна уу гэдгийг шалгах боломжтой. Гар хүрээгүй зайнаас л харсан өөр зүйл байхгүй. Хариуцагч өөрөө ийм төрлийн зүйл зардаг хүн. 1000 хүнд койны төхөөрөмж зарсан хүн. 1000 хүнд зарсан бол тэр хүмүүс мөнгө олборлож баяждаг юм бол хариуцагч яагаад койн олборлодоггүй вэ өөрөө олборлодоггүй байж хүнд зардгийг хууран мэхлэлт гэнэ. Залгуурт холбоход шууд мөнгө олдог гэж ярьсан. Хэрвээ тийм зүйл байх юм бол яагаад өөрөө ашигладаггүй вэ энэ бол зүгээр хууран мэхлэлт. 10,000,000 төгрөгөөр хэн ч үүнийг шууд авахгүй. Хүнийг мөнгийг зүгээр эргэлдүүлсэн асуудал гарч ирж байгаа. Хэрвээ эргэлдүүлээгүй гэж байгаа бол яагаад шууд зарагдах үнэ дээр зөрүү мөнгийг нь гаргаж өгье гэж хэлж болоогүй юм. Тийм болохоор өөрийнхөө хард диск бусад зүйлсээ худалдахын тулд бусдыг толгойг эргүүлдэг. Одоо 2 жилийн хооронд койн гэж юуг, олборлон гэдэг нь юу вэ гэдгийг Олон Улсад яадаг вэ гэдгийг Орос улсад хэрхэн яаж үүсдэг, шүүхээр хэрхэн шийдвэрлэдэг тийм баримтууд байна. Америк Улс янз бүрээр шийдсэн байна лээ. Татвартай холбоотой шийдвэр гаргасан байсан. Үүнийг бол албан ёсоор зөвшөөрдөг Улс орон гэж байхгүй. Нөгөө талаар энэ бол хулгай, зөвшөөрөлгүй хулгай, программ өөрөө үнэтэй байх ёстой. Тэр программыг хэзээ хаанаас ямар төгрөгөөс авсан баримтаа гаргаж өгөх ёстой. Асуулт хариулт дээр энэ хүн миний нууц гэж хэлсэн. Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Нууц программ гэж байхгүй. Хүний оюуны өмч, оюуны өмчийг үнэгүй ашиглаж бусдад зарах зохицуулалт нь ямар байдаг бэ. Программ худалдсан гэдэг тухайн зүйлийг үзээгүй хараагүй мэдэхгүй. Энэ өөрөө ойлгомжгүй тодорхойгүй. Монголд койн олборлолтыг зөвшөөрсөн ямар ч ойлголт байхгүй. Койн олборлолт чинь өөрөө хулгай. Хулгай хийдэг төхөөрөмжийг хүнд худалдах зохицуулалт эрх нь байхгүй. Хулгай зохицуулалт Монгол Улсад одоохондоо үүсээгүй. Тийм учраас 11,970,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “А.Э өөрөө бид нарын харилцаанд байгаагүй учраас өөрөөр ярьж байна. Ц.Б-г гэрчээр дуудсан найз нь анх тэр наймааг хийсэн юм. Тэгэхэд нэхэмжлэгч хажууд нь дагаж явж байснаа бид хоёрын наймаанд орж ирж би үүнээс чинь авъя гэсэн. н.Л-т гэдэг найз нь надтай наймаа хийгээд авч явсан. Өөрөө бүх зүйлээ харж сонгож тохирсон. н.Л-д эхлээд харилцаа үүссэн учраас тэрийг нь эхлээд хард дискт программ үүсгэж дуусгасан. Тэрний дараа үүсгэнэ гэдгийг Ц.Б өөрөө ч мэдэж байсан. Наадмын дараа өөрөө амарж байгаад ирсэн. Тэр үед би ажил дээрээ байсан. Утас маань нээлттэй байсан. Өөрт нь бол ав гэж уриалсан зүйл байхгүй. Өөрийнх гаргасан шийдвэр санал. Тухайн үед олон ч хүн авсан байх. Гэхдээ 1000 гэж дэгсдүүлж байна. Би ч бас өөрөө ашигладаг. Цахим түрүүвч үүсгэсэн тэр дотор  зоос маань ч бий. Нууц программ биш. Интернэтэд байгаа одоо ч нэр хаягтай ашиглагдаж байгаа. Койн олборлох жагсаалтад хүртэл бий. Үүнийг эзэмшихийн тулд хүн болгонд давтагдашгүй түрүүвч гэж үүсдэг. Тэр түрүүвч дээр зориулсан файл үүсдэг. Өөр хүн ашиглах боломжгүй, тухайн хард эзэмшигч хүн маань ашиглах боломжтой. Тэгж байж энэ чинь бусад файлаас ялгагдана. Тэр файлыг хадгалснаар интернэтэд холбож хард үйл ажиллагаа явуулснаар урамшуулал гэдэг зоос байдаг, Ц.Б н.Л гэдэг хүнийг нь хажуудаа суулгаж байгаад түрүүвч үүсгэж, файл үүсгээд үүсгэсэн файл болгон та хоёрын хард дискт суудаг. Шифрлэгдэж үүсэж байгаа файлууд тэр хард дээр гололдог хүчин. Тэр программ бол интернэтэд холбогдож үнэлэмж үүсгэдэг. Гол нь үүсгэхийн тулд хүчин чадал удаан хугацаа шаарддаг. Би өөрөө энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь харилцаагаа дуусгаж авч явсан. Нөгөөх нь ах нь үүнийг авахаа болилоо гэсэн. Өөрөө үүнийг чи зараад өгөөжээ гэсэн. Тэгээд шүүхэд өгсөн байсан. Эхлээд цагдаад гомдол гаргасан байсан. Би өөртөө нь зөндөө ярьсан харилцаа байдаг. Өөрөө ах нь авна гэсэн. Ингэж их хугацаа оруулчхаад, хүний хөдөлмөр шүү дээ. Тухайн үед өөрөө нэг ч удаа ирж уулзаагүй. Найз н.Л  гэдэг хүн аль хэдийн юмаа аваад ашиглаж яваа. Тэр гэрчээр орохдоо намайг буруутгасан зүйл яриагүй. Хулхидсан зүйл байхгүй. 1000 гаруй хүн гэдэг зүйл байхгүй шүү. Энэ бол хууран мэхлэлт биш, Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн ашиглаж явж байгаа техник тоног төхөөрөмж. Зүгээр суугаад мөнгө олно уу зүгээр суухгүй байж байгаад мөнгө олно хувь хүний өөрийнх нь асуудал байх. Нэхэмжлэгчийг ав гэж уриалан дуудаагүй. Өөрөө хажууд харж байгаад шийдлээ гаргасан хүн. Энэ хард дээр Ц.Б-н давтагдашгүй түрүүвч үүсэж шифрлэгдсэн зөвхөн нэхэмжлэгч ашиглах боломжтой файлууд үүссэн байгаа. Амласан цаг хугацаандаа өгөөгүй гэж буруутгадаг. Яг тохирсон хугацаандаа үүсгэсэн. Үүнийг батлахын тулд мэргэжлийн байгууллагаар шинжлүүлэх хүсэлттэй байсан. Уг нь бол хувиараа 150,000 төгрөгөөр бүх хард шинжлүүлсэн. Бүх цаг хугацаандаа үүссэнийг баталсан. Нэхэмжлэгч өөрөө таг болдог, утсаа авдаггүй. Шүүх дээр ирээд үл ойлголцол үүсээд байгаа болохоос. Хажууд нь н.Л байсан. Тэгээд н.Л юмаа авсан. Ц.Б өөрөө хүлээж аваагүйгээс болж өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Түүнээс тийм залилсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч гар хүрээгүй гэсэн зүйл байхгүй, анх барьж сонгож авсан. Дэлгүүрт орж ирээд олон хард диск сонгож авсан. н.Лутбат гэдэг найзаа худалдаж авахад нь дагаж ирчхээд. Өөрөө ийм төрлийн койн олборлодог ах нь зөндөө олон, энэ хүн мэдэхийн дээдээр мэдсэн. Харин төлөөлөгч нь мэдэхгүй байхыг үгүйсгэхгүй. Хард дээрх болох процессыг мэдэж байсан. Өөрөө зүгээр тухайн үед болчихлоо гэхэд ирж аваагүй. Наадмын дараа ирж авна гэсэн ирж аваагүй. Удаа дараа утсаар ярьж холбогдоход ирж авна гэдэг байсан. Сүүлд 8 сард бил үү ах нь үүнийг ашиглахаа болилоо гэсэн. Би барааг нь алга болгосон зүйл байхгүй. Одоо зүгээр энэ хард диск авахад бид хоёрын асуудал дуусаж байгаа юм. Тийм зүйл дээр ийм ажил удах шалтгаан байсан уу. Нэхэмжлэгчийн нөгөө төлөөлөгч н.А нь хамаагүй нааштай хүн байна лээ. Эвлэрүүлэх боломжтой, би зүгээр өөрөө 1,000,000 төгрөг санал тавьсан юм тэгэхэд за л гэсэн. Би төлөөлөгч нь буруу ойлголттой зүйл яриад шүүхийн ажиллагааг удаашруулж байна” гэж маргажээ.

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Дотор нь ямар файл байгааг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан. А.Э төлөөлөгч өөрөө л ингэж үнэгүйдүүлж ярьж байгаа учраас гомдолтой байгаа. Тухайн файлыг үүсгэхэд цаг хугацаа ордог, нэг үүсэж байгаа файл нь гэхэд 100 GB файл үүсдэг. Тэгж байж өндөр хүчин чадлаар үүсгэдэг. Хүч хөдөлмөр их ордог. Энэ бол программ нууц гэсэн зүйл байхгүй. Энэ бол нээлттэй программ нэхэмжлэгчийн төлөөлөгч зохиож ярьж байна. Одоо би тухайн үед харж үзэж аваагүй, энэ бол тэр үеийн ханшаар нэхэмжилж байгаа 5,682,098 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “Өмнөх хурлын тэмдэглэлд 1000 хүнд худалдсан гэсэн өөрийнх нь үг бий. Би 1000 хүнд тодруулахад 1000 хүн гэсэн. Нэг бол би худалч. Эсвэл шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлсөн нарийн бичиг худалч. Энэ байгууллагын нууц гэж хавтаст хэрэгт бас хурлын тэмдэглэлд авагдсан байгаа. Нөгөө талаар тэр 100 gb гэнэ үү анхнаасаа яриа дотор олон зуун файл гэж яригдсан зүйл байхгүй, нотолсон зүйл байхгүй. н.Л бол математикийн багш байсан. Аваад буцаагаад өгөх гэсэн боловч авахгүй гэсэн. Би өөрөөс нь асуусан тэгэхэд зарцуулсан мөнгөний 50 хувийг олсон гэдэг зүйл ярьсан. 10,000,000 төгрөг авлаа гэхэд 5,000,000 төгрөг авсан. Тэр хүн маань Ц.Б шиг шүүхэд хандаагүй. Тэр хүн одоо хүртэл ашиглаагүй. Тэр нь дээр нь тулах юм бол ахиад тэр гэрчийг дуудаж оруулж ирж болно. Намайг худлаа хэллээ гэдэг нь үгүйсгэгдэж байна. Би худлаа хэлдэг хүн биш. Манай улсад бол энэ хулгайг хүлээн зөвшөөрөх зохицуулалт өөрөө байхгүй. Хулгай хийхийг зөвшөөрсөн зүйл байхгүй. Хулгай биш юмаа гэдгийг нотолсон баримт ч байхгүй. Энэ хүн сая гоё гоё тайлбар хэлсэн. Хэлсэн тайлбараа нотлох ёстой. Нотолсон зүйл нэг ч байхгүй. Хард диск үнийг хил гаалиар ийм төгрөгөөр оруулсан гээд нотлох ёстой. Өөрөөр хэлбэл 10 төгрөгийн үнэтэй юмыг 20 төгрөг гэж зарсан зүйл байгаа. Бодит хард диск үнэ 5-6 сая төгрөг байгаа. Энэ хүний талаас гэрч дагуулж ирэх бүрэн боломжтой, нотлох боломж зөндөө байгаа. Манай талаас нотлох шаардлага байхгүй, аваагүй нь үнэн. Эд нарын байрнаас бид гаргаагүй. Цаг хугацааны хувьд 2-3 жил боллоо. 11,970,000 төгрөг банкны хүүгээр бодохоор нэлээн өсчихсөн. Ц.Б-д хохирол учирсан болохоос энэ хүнд ямар ч хохирол байхгүй. 1,000,000 төгрөг дээр эвлэрэх тухайд онгоцны тийзийн асуудал тухайн үед үүсээд тэр үед 1,000,000 төгрөг өгч эвлэрээгүй. Дараа нь мөнгө өгөөгүй учир эвлэрэхгүй гэсэн. Миний мэдэж байгаа зүйл ийм л байна” гэсэн тайлбарыг гаргаж байна.

5. Нэхэмжлэгчээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх 5/, итгэмжлэл /хх 23/, хариуцагчаас Chia койн олборлохтой холбоотой үнийн тариф /хх 13/, зарлагын баримт /хх 14, 82/, хаан банкны 5035400923 дугаар дансны хуулга /хх 44, 83/, кассын орлогын ордер /хх 81/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайлан /хх 84-117/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Я.Л-с гэрчийн мэдүүлэг /хх 47-48/ авсан байна.

          ҮНДЭСЛЭХ нь:

6. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэл болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч нь хулгай хийх зорилготой зүйл борлуулсан, хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй учир гэрээнээс татгалзсан, гэрээний зүйлд гар хүрээгүй, хууран мэхэлж хэлцэл хийсэн тул койн олборлох зориулалттай төхөөрөмжийн үнэ 11.970.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ хүчин төгөлдөр, хугацаандаа ирж аваагүй, авахаа больсон тул зараад өг гээд авахгүй байсан гэсэн үндэслэлээр маргаж, нэмэлт зардалд 5,682,098 төгрөг гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 11,970,000 төгрөгийг хариуцагчийн дансаар шилжүүлж, хариуцагч 10tb usb 3.0-ийг 4 ширхэг, 12tb usb 3.0-ийг 2 ширхэг, 8tb usb 3.0-ийг 1 ширхэг, mini pc 1 ширхэг, usb port hub 1 ширхэгийг койн олборлох зориулалттай программын хамт нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар,  Chia койн олборлохтой холбоотой үнийн тариф, зарлагын баримт, хаан банкны 5035400923 дугаар дансны хуулга, кассын орлогын ордероор тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хулгай хийх зорилготой зүйл худалдан авсан, хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй, гэрээний зүйлд гар хүрээгүй учир гэрээ хийгдээгүй, хууран мэхэлж хэлцэл хийсэн гэснээ, хариуцагч нь программ суулгах нэмэлт ажлын хөлсийг тусдаа тохиролцсон болохоо тус тус баримтаар баримтаар нотлоогүй байна.

9. 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б хариуцагч Б.А-с цахим орчинд койн олборлохын тулд ажиллахад тохируулсан программтай төхөөрөмж худалдан авахаар тохирч, 11.970.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн  тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт “нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” зааснаар гаргасан нэхэмжлэгчийн 10tb usb 3.0-ийг 4 ширхэг, 12tb usb 3.0-ийг 2 ширхэг, 8tb usb 3.0-ийг 1 ширхэг, mini pc 1 ширхэг, usb port hub 1 ширхэгийг койн олбоглох программын хамт худалдан авах саналыг хариуцагч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” зааснаар хүлээн авснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний талуудын эрх, үүрэг үүсдэг үүсжээ.

Нэхэмжлэгч худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн доголдолтой холбогдуулан шаардлага гаргаагүй бөгөөд тогтоосон хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзаж байна.

Нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд гэрээний зүйлийг ашиглахад бэлэн болгох байсан гэсэн бол хариуцагч нь гэрч н.Л-н дискт программ үүсгэсний дараа үүсгэнэ гэдгийг Ц.Б өөрөө мэдэж байсан, наадмын дараа ирж авна гэсэн боловч ирээгүй, тэр үед би ажил дээрээ байсан, утас маань нээлттэй байсан гэжээ.

Нэхэмжлэгч нь худалдан авсан зүйлийг 7 хоногийн хугацаанд ашиглахад бэлэн болгоогүй бол гэрээнээс татгалзахаар тохиролцсон болохоо нотлоогүйгээс гадна Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” зааснаар нэмэлт хугацаа тогтоогоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчид худалдан авсан хөрөнгийг нөгөө тал 7 хоногийн хугацаанд нь хүлээлгэн өгөх буюу программ суулган бэлэн болгох нь чухал ач холбогдолтой, заавал баримтлах, харилцан хамаарал бүхий үүрэг гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч цахим орчноос койн олборлох зорилготойгоор эд хөрөнгө худалдан авсан бөгөөд зөвхөн 7 хоногийн дотор үйл ажиллагаа явуулах байсан гэсэн үндэслэл тогтоогдсонгүй.

Иймээс дээрх үндэслэлээр гэрээнээс татгалзах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна.

10. Энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гэрээ дуусгавар болоогүй байна. 

Нэхэмжлэгч нь хариуцагч хулгай хийх зорилготой зүйл борлуулсан, хууран мэхэлж хэлцэл хийсэн гэсэн боловч үүнийгээ нотлоогүй, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” зааснаар хариуцагчийг гэм буруутайд тооцсон зүйлгүй тул хэлцэл хүчин төгөлдөр байна.

Мөн Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-д “худалдан авагч худалдан авсан эд хөрөнгөө хугацаанд нь хүлээж аваагүй бол худалдагч уг эд хөрөнгийг хадгалах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч худалдан авсан эд хөрөнгөө ирж авах үүргээ биелүүлээгүйн шалтгаанаар гэрээнээс таталзах эрх үүсэхгүй юм. Энэ талаарх нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гар хүрээгүй тул гэрээнээс татгалзсан гэсэн тайлбар үндэслэлгүй болжээ.

11. Иймд дээр үндэслэлээр хариуцагч Б.А-д холбогдох, 11,970,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

12. Хариуцагч Б.А Ц.Б манай байгууллагын үйлчилгээний үнэ тарифын дагуу Сhia койны олборлоход шаардлагатай 658 плот үүсгэсэн үнийн дүн болох 5,698,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээх ёстой гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч Б.А-с койн олборлохын тулд ажиллахад тохируулсан программтай төхөөрөмжийг 11.970.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэхээр тохиролцсон талаар өмнө дүгнэсэн бөгөөд хариуцагч нэмэлт ажлын хөлс тохиролцсон болохоо нотлоогүй байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болжээ.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар зохигчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг зааснаар хариуцагч Б.А-д холбогдох, 11,970,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-ийн үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгч Ц.Б-д холбогдох, 5,698,000  төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.А-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,470 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,118 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.