Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01458

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01458

 

 

 

 

 

 

 

 

 

М.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/01194 дугаар шийдвэртэй

М.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч А ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 24 554 357 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр М.Б тухайн компанийн түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан ресторан дотор зоорины давхар руу буухаар өргөх төхөөрөмжийн дээр зогстол гэнэт торосс нь тасарч өргөх төхөөрөмж унаснаас болж баруун хөл шагайгаараа хугарч, арьс язарч, баруун тавхай бяцарсан. Улмаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлж байгаад 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хагалгаанд орж өсгийгөө хадуулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 98 дугаартай дүгнэлтээр М.Бгийн биед бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун хөлийн өсгий ясны ил хугарал, баруун шагайн үенд шарх, баруун тохойнд цус хурсан, уг гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна гэж тогтоосон. Нэхэмжлэгч Герман улсад очиж Нийдерберг дэх Хелиосын нэрэмжит эмнэлэгт 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хагалгаанд дахин орж, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хэвтэн эмчлүүлсэн. Мөн үргэлжлүүлэн амбулаториор боолт цэвэрлэгээ эмчилгээ хийлгэсэн боловч шарх нь эдгэрэхгүй хүндрэл өгч 2019 оны 6 дугаар сарын 16-аас 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрүүдэд дахин эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Иймд эрүүл мэндийн бодит хохиролд нийт 25 000 789 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд 446 431 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үлдэх 24 554 357 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Б нь Хан Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны 279 тоот шүүхийн шийтгэх тогтоолоор 17 938 850 төгрөгийг нэхэмжилсэн. Компаниас М.Бгийн уг эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Дахин эмчилгээг хийлгэх талаар бидэнд огт мэдэгдээгүй, өмнөх авсан мөнгөөр хэрхэн эмчилгээ хийлгэсэн талаар тайлан гаргаж өгөх ёстой. М.Бгийн одоогийн нэхэмжилж буй 24 554 357 төгрөгийг хариуцагч компани нь төлөх үндэслэлгүй. Мөн шийтгэх тогтоолоор хоёр иргэнийг татсан, хариуцагчийг зөв тогтоосон эсэх, хагалгааг зайлшгүй Герман улсад очиж хийх шаардлагатай байсан эсэх нь тогтоогдоогүй. Үйл баримт, гэмтэл учирсан талаар маргахгүй. Дахин хагалгаа хийх шаардлагатай байсан нь тогтоогдоогүй, маш эргэлзээтэй байдлаар нотлох баримтуудыг бүрдүүлсэн, албан ёсны нотлох баримт биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК-иас 24 554 357.20 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 280 722 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хариуцагчаас 24 554 357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж иргэн М.Бгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 28 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 440 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 1 сарын 8.0-12.0 сая төгрөгийн төлбөртеөгзэр рестораны зориулалтаар түрээслэн ашиглаж байсан. Түрээсэлсэн объектод тодорхой засан сайжруулалт, засварын ажлыг манай компани түрээслүүлэгч талтай харилцан тохиролцсоны дагуу хийж, тохижуулсан. Энэ хүрээнд 2017 оны 10 дугаар сард 1 дүгээр давхраас зоорийн давхар руу буудаг тавцан /төхөөрөмж/-г Асиан тауэр ХХК-аар угсруулсан. 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр М.Б нь дээр дурдсан тавцангаар зоорийн давхар руу буух үед тухайн төхөөрөмжийн тросс тасарч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан харамсалтай үйл явдал болсон. Улмаар тухайн үед манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Г, Асиан тауэр-ийн захирал Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйл буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэж, ялагдагчаар татан шалгасан. Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор Т.Г, Г.Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай тооцож, манай компаниас 17 938 850 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бд олгож шийдвэрлэсэн. Хэдийгээр эрүүгийн хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй, давхардалтай баримтууд авагдсан байсныг шүүх хэрхэн үнэлж, шийдвэрлэснээ шийдвэртээ тодорхой дурдаж, заагаагүй байсан ч компанийн зүгээс түрээслүүлэгч эрүүл мэндээрээ хохирсонд харамсаж, маргаагүй, тогтоосон төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн Цагдаагийн байгууллагаас анхлан эрүүгийн хэргийг шалгаж байх үед М.Б нь манай компанийн захирал Д.Нямсүрэнд шийтгэх тогтоолд дурдсан мөнгийг төлчихвөл гомдолгүй гэдгээ хэлж байсан байдаг учир мөрдөн байцаалтын шатанд Д.Нямсүрэн хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлнө гэж маргахгүйгээр хүлээн зөвшөөрсөн тайлбар, мэдүүлэг өгч байсан болно. Гэтэл дахин иргэний хэргийн шүүхээр биднээс ихээхэн хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг үйл ажиллагаа доголдсон, алдагдал хүлээсэн байгаа энэ үед хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр шүүх иргэний хэрэгт хариуцагчаар дан ганц манай компанийг татаж байгаа нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийхгүй, бидний төлсөн мөнгийг нэхэмжлэгч чухам юунд захиран зарцуулсныг тодруулалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар манай компанийг хариуцагч гэж шууд үзэхэд учир дутагдалтай юм. Мөн нэхэмжлэгчид гэм хор учирсан үйл ядвал гагцхүү хариуцагч компанийн буруугаас болсон эсэхийг бүрэн тогтоож, цаашлаад гэм хор учрахад нэхэмжлэгч хохирогчдын хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн эсэх, хариуцлагын хэмжээг хуваарилах шаардлага буй эсэхийг тогтоож, үүнд дүгнэлт хийх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад нөлөөлнө гэж үззж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 24 554 357 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Б 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед өргөх, зөөх, тээвэрлэх төхөөрөмжөөр Хаб ресторан баарны зоорийн давхар руу буух үед тухайн төхөөрөмжийн тороос тасарч М.Бгийн биед бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун хөлийн өсгий ясны ил хугарал, баруун шагайн үенд шарх, баруун тохойн цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 279 дугаар хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор Т.Г, Г.Б нарыг М.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэм буруутайд тооцож, иргэний хариуцагч А ХХК-аас хохиролд 17 938 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгож шийдвэрлэжээ. /хх.4-10/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...уг гэмтлийн улмаас Герман Улсад очиж Нийдерберг дэх Хелисоны нэрэмжит эмнэлэгт хэвтэн хагалгаанд орсон, эмчилгээний хийлгэсэн зардал гэж тайлбарласан байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь .хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч М.Б нь хариуцагч А ХХК-аас эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан зардлаа шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч талын буруутай ажиллагааны улмаас М.Б нь Герман улсад очиж Нийдерберг дэх Хелисоны нэрэмжит эмнэлэгт хагалгаанд орж хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн бичгүүд болон эм худалдан авсан эмийн сангийн баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх 24 554 357 төгрөгийн зардал гаргасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэргийн 23-54 дүгээр талд Кайзер дүүрэг дэх эмийн сангийн баримтууд, төлбөр тооцооны хуудас, Нийдерберг дэх Хелисоны нэрэмжит тулгуур эрхтэн, гэмтлийн мэс заслын эмнэлгийн баримт, төлбөрийн мэдээлэл зэрэг баримтууд авагджээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо ... гэм хор учирсан үйл явдал гагцхүү хариуцагч компанийн буруугаас болсон эсэхийг бүрэн тогтоож, гэм хор учрахад нэхэмжлэгч хохирогчдын хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн эсэхэд дүгнэлт хийх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад нөлөөлнө гэсэн үндэслэл заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дахь хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ...Т.Г, Г.Б нарыг М.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэм буруутайд тооцож, иргэний хариуцагчаар А ХХК-ийг татаж хариуцагч байгууллагаас гэм хорын хохирлыг гаргуулж хохирогч М.Бд олгож шийдвэрлэсэн үйл баримтыг дахин нотлохгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэмтэл учирахад түүний хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар дүгнэлт хийгээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Анхан шатны шүүх ...Т.Г, Г.Б нарын буруутай ажиллагааны улмаас М.Бгийн эрүүл мэндэд гэм хор учирч Герман улсад мэс засал хийлгэсэн байх тул түүнд учирсан хохирлыг А ХХК хариуцах нь зүйтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийн заасантай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгчид мэдэгдсэн, томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байх тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/01194 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 280 722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ц.ИЧИНХОРЛОО