Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 425

 

 

 

 

 

 

 

 

 

     М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

ялтан М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарын өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын  26-ны өдрийн 530 дугаар шийтгэх тогтоолыг эс зөршөөрч ялтан М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар, тэдний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт холбогдох 201526030498 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигин овгийн Мягмарсүрэнгийн Оюунбаатар, 1983 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт /Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, Булганы 6а-7 гудамжны 4 тоотод оршин суух хаягтай/, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан, 2 дугаар хэсэг, 14-751 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ГЕ83081813/,

-1998 оны 1 дүгээр сарын 1-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан,

-2000 оны 6 дугаар сарын 9-нд Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 158 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар нийт 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

-2005 оны 4 дүгээр сарын 4-нд Баянзүрх дүүргийн шүүхийн 179 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 278.3 заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-2009 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 88 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн.

 

2. Соном овгийн Намжилсүрэнгийн Өлзийбаатар, 1979 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт /Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр баг Шаргад оршин суух хаягтай/, Сонгинохайрхан дүүргийн Зүүн салаад оршин суух, ял шийтгэлгүй,  /регистрийн дугаар: ЙЙ79012910/,

 

М.Оюунбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 6 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 1 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг Халдвартын клиникийн эмнэлгийн ажилчдын 2 дугаар байрны урд хэсгийн гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтаг шалтгаангүйгээр Ч.Батбаярын нүүр рүү цохиж унагаан, Н.Өлзийбаатартай бүлэглэн түүний нүүр, толгой руу өшиглөж биед нь баруун нүдний ухархайн дотор хана, гайморын хөндийн хана, хамар ясны нийлмэл хугарал, баруун зовхи шанаанд цус хуралт, баруун хөмсөг дээд уруулд няцарсан шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

Н.Өлзийбаатар нь М.Оюунбаатартай бүлэглэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 6 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 1 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг Халдвартын клиникийн эмнэлгийн ажилчдын 2 дугаар байрны урд хэсгийн гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтаг шалтгаангүйгээр Ч.Батбаярын нүүр, толгой руу өшиглөж биед нь баруун нүдний ухархайн дотор хана, гайморын хөндийн хана, хамар ясны нийлмэл хугарал, баруун зовхи шанаанд цус хуралт, баруун хөмсөг дээд уруулд няцарсан шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овгийн Мягмарсүрэнгийн Оюунбаатар, Соном овгийн Намжилсүрэнгийн Өлзийбаатар нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар Н.Өлзийбаатарт 3 жил 1 сар хорих ял, М.Оюунбаатарт 3 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж шийтгэж,

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

шүүгдэгч М.Оюунбаатарын цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж,

Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн сиди 1 ширхэг, зураг 2 ширхэгийг хэрэгт хадгалж,

Иргэний хуулийн 497.1, 505.1-д зааснаар М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарын тус бүрээс 2.796.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Батбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Ялтан М.Оюунбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийгөө анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Учир нь 2009 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 88 тоот шийтгэх тогтоолоор 3 сар баривчлах ял шийтгүүлснээс хойш ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй. Хэрэг гарах үед хохирогч согтуу байсан ба бид нарыг өдөж зодоон үүсгэсэн. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос уучлалт гуйсан, хохирол төлбөрт 100.000 төгрөг төлсөн, анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Н.Өлзийбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...хохирогч Ч.Батбаяр “Зайсангийн атмаануудыг зодчихоод ирлээ” гээд Оюунбаатартай маргалдаж цохисон. Бидэнтэй уулзахаас өмнө өөр хүмүүстэй зодолдож, тэр уурандаа гудамжинд явсан бид нарыг архи уусан нөхцөл байдлыг далимдуулж өөр газар болсон зодооныг бид хоёртой зодолдсон мэт гүтгэж байна. Хохирогч чулуугаар цохиулсан гэж ярьдаг боловч бидэнд ямар ч чулуу байгаагүй. Зодоон эхлүүлсэн хүн нь хохирогч юм. Хохирогч Ч.Батбаяр, прокурор нар хуулийн байгууллагад ажилладаг хүмүүс болохоор бие биенээ таньдаг, анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогчийн хэлэх үгийг прокурор бичиж өгч байсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие ам бүл 5, бага хүүхэд маань 1 ой 2 сартай. Миний ээж 63 настай хавдрын элэгний цириоз өвчтэй, хэвтэрт байдаг. Би ар гэрийнхэнийгээ тэжээх гэж хотод орж ирсэн. Би өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэхгүй байна. Хохирогч Ч.Батбаяраас уучлалт гуйж, хохирол төлбөрт 100.000 төгрөг өгсөн. Анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөр төлсөн нөхцөл байдлыг минь харгалзан надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэжээ.

 

Ялтан М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарын өмгөөлөгч Т.Мөнхтуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 зүйлийн 321.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хуулийн 321.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Батбаяр нь согтуурсан байхдаа гудамжинд явж байсан М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт хандаж, “Зайсангийн атмантуудыг зодчихоод ирлээ” гэж хэлээд, улмаар М.Оюунбаатарын нүүр рүү нь шүргэснээр гэмт хэрэг эхэлсэн талаар М.Оюунбаатар мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүх хурал дээр мэдүүлсэн бол гэрч Н.Алтанхуяг нь  хавтаст хэргийн 21 дүгээр талд мэдүүлэхдээ “Ч.Батбаяр нь нэг залуугийн хамт хажуугаар гарахдаа шүргээд гарсан. Тэгэхээр нь Оюунбаатар чи яаж байнаа гээд Батбаярын нүд орчимд нь 2 удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлгээс харахад тус хэрэгт хохирогч нь хэл амаар өдөж гэмт хэргийн сэдэлтийг үүсгэсэн гэх үндэслэлтэй байна. Хохирогч өөр бусдад зодуулсан байдалдаа уурлаж замдаа тааралдсан М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар, Н.Алтанхуяг нарт “Зайсангийн атмануудыг зодчихоод ирлээ” гэсэн нь өмнө нь ямар нэгэн зодооны үйлдэл харагдаад байгаа юм.

Хохирогч Ч.Батбаярын зүй бус ажиллагааны улмаас өөр хоорондоо маргалдаж бие биенийхээ эрх чөлөөнд халдсан байгаа нь хувийн сэдэлттэй байх бөгөөд олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт холбогдох хэргийн зүйлчлэл нь бодит байдалд огт тохироогүй учир М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. М.Оюунбаатар нь дөрвөн удаа шийтгүүлсэн хэдий боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар ялтай байдал дуусгавар болохоор зохицуулсан. Шийтгэх тогтоолын 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9 дэх заалтуудыг хүчингүй болгуулах, тус шийтгэх тогтоолын дараалал алдагдсан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ялтнууд нь хүний халдашгүй байх эрхэд халдаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон. Ямар ч шалтаг, шалтгаангүйгээр бүлэглэн хохирогчийн нүдний ухархай, хамар ясны нийлмэл хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан. Анхан шатны шүүхээс ялтан нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч “Монгол Улсад хийлгэсэн эмчилгээний зардал 5.592.000 төгрөг болсныг нэхэмжилнэ, хэдийгээр үүнээс их хэмжээний зардал гаргаж эмчилгээ хийлгэсэн хэдий ч М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нар нь төлж барагдуулж чадахгүй тул бусад хохирлыг нэхэмжлэхгүй” гэдэг. Анхан шатны шүүх хуралдаан болоход хохирол төлөгдөөгүй байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж 3 жил 1 сарын хорих ял оногдуулснаас “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу 2 жилийн хорих ялыг нь хасч 1 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Ялтан нар одоог хүртэл хохирол төлж барагдуулаагүй байгаа тул хорих ял тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжгүй. Анхан шатны шүүх хуралдаан нээлттэй явагдсан боловч шийтгэх тогтоолд “хаалттай” гэж бичиж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дугаар нь давхардаж, дараалал алдаатай бичигдэж техникийн алдаа гаргасан байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд Н.Өлзийбаатарт гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээ, М.Оюунбаатарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан байсан гэтэл шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт “М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт урьд авагдсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж” гэж бичсэн байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2-т “Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэж тодорхой заажээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг хянан хэлэлцээд тогтоол гаргахдаа шүүгдэгч тус бүрээр гэмт хэрэг үйлдсэн эсэх, энэ гэмт хэрэг шүүгдэгч гэм буруутай эсэх, хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх, ял оногдуулах үндэслэлтэй эсэх, цагдан хоригдсон хоногийг хэрхэн тооцох, ялыг биечлэн эдлүүлэх ямар дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эсэх, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэх, “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийг хэрхэн хэрэглэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлд заасан шийдвэрлэвэл зохих асуудал тус бүрт дүгнэлт өгөх,

шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу шийдвэрлэсэн асуудал бүрийг хэрэглэсэн хуулийн заалтын хамт ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичсэн байвал зохино.    

 

Гэтэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 530 дугаар шийтгэх тогтоолоор М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүйгээр дараахь алдаа зөрчлүүдийг гаргажээ. Үүнд:

-Анхан шатны шүүх хуралдааныг нээлттэйгээр хийсэн атлаа тогтоолын удиртгал хэсэгт “хаалттай хийсэн” мэтээр бичсэн,

-Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудыг жагсаан бичсэн төдийгээр “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв” гэж М.Оюунбаатар, М.Өлзийбаатар нарын үйлдэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйл баримтыг дутуу дүгнэсэн,

-М.Оюунбаатарын хувьд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал дууссан эсэхийг дүгнээгүй атлаа 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийг хэрэглэн хорих ялаас өршөөн хассан,

-шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “4” гэсэн дугаарыг давхардуулан дугаарласан,

-М.Оюунбаатарын цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохдоо Эрүүгийн хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй,

-Н.Өлзийбаатарыг цагдан хоригдсон эсэх талаар шийтгэх тогтоолд дурдаагүй,

-хохирол төлбөр гаргуулсан Иргэний хуулийн зүйл заалтыг буруу бичсэн.

 

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол нөлөөлөхөөр хуулийн энэхүү хуулийн шаардлагыг зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан ялтан М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар, тэдний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг энэ удаад хянан хэлэлцээгүй болно.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад Улсын Их хурлаас Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталж, анхан шатны шүүхийн харъяалан шийдвэрлэх хэрэг маргаан өөрчлөгдсөнтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хэрэг гарсан газрыг харьяалах Хан-Уул дүүргийн шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 530 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Оюунбаатар, Н.Өлзийбаатар нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Хан-уул дүүргийн шүүхэд буцаасугай.

            2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

 ШҮҮГЧИД                                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                        Ц.ОЧ