Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

         Улсын яллагч Б.Батнасан

         Хохирогч Г.Б

         Шүүгдэгч Х.Н, П.Г, Я.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

         Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

         Шинжээч Ч.С, Б.Д /онлайнаар/

         Гэрч О.Г, З.Б, Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я.Ц, П.Г, Ж.Г, Х.Н нарт холбогдох 1716001540021 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч П.Г: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн ... сумын харьяат, ***  оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн .... оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДД... регистрийн дугаартай, Я овогт П-н Г гэв.

Шүүгдэгч Я.Ц: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн ... сумын харьяат, ***  оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт ... оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан, ДЮ... регистрийн дугаартай, Г овогт Я-н Ц гэв.

Шүүгдэгч Ж.Г: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн ... сумын харьяат, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ... оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ПЮ...  регистрийн дугаартай, Ш овогт Ж-н Г гэв.

Шүүгдэгч Х.Н: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн ... сумын харьяат, ***  оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .... оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДД.... регистрийн дугаартай, З овогт Х-н Н гэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Г, П.Г, Я.Ц, Х.Н нар нь *** аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт буюу Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2017 оны 12 сарын 10-ны өдөр бүлэглэн ховор амьтан болох 2 тооны дааган насны хуланг *** ГАҮ улсын дугаартай *** маркын автомашинаар хөөж буудан, тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж Монгол орны байгаль орчинд 20.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгч Ж.Г, П.Г, Я.Ц, Х.Н нар *** аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт буюу Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2017 оны 12 сарын 10-ны өдөр бүлэглэн ховор амьтан болох 2 тооны дааган насны хуланг *** улсын дугаартай *** маркын автомашинаар хөөж буудан, тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж Монгол орны байгаль орчинд 20.700.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал  нь хүрээлэн байгаа орчинд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Г, П.Г, Я.Ц, Х.Н гэм буруутай болох нь:

          Шүүгдэгч  Я.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүтэн сайн өдөр байсан. Манай дүүгийнх *** сумын *** багт өвөлжиж байсан. Тэнд хүүгээ хүргэж өгөх мөн дүүгийн хүүхэд байсан учраас хүргэж өгөх ажилтай байсан. Би өөрөө унаагүй учраас хамт ажилладаг Х.Н гэдэг залууг гуйгаад явж байсан замдаа түлш нь тасалдаад байсан учраас цаашаа явж болохгүй юм байна өөр машин хайя гээд Ж.Гтой унаа байна уу айлд очих гэсэн болохгүй байна гээд Ж.Гийн бор 69 машинаар явсан. Манай дүүгийнд очиход хүн байгаагүй. Тэр эхнэр хүүхэд нь сум дээр байдаг. Өөрөө хүр дүүтэйгээ байсан чинь хоёулаа байгаагүй. Нэг нь хониндоо яваад өөрөө надтай зөрөөд явсан байсан. Өглөө эрт байсан учраас хамар дээр гарч чоно нохой харая гээд гараад энэ гурвыг үлдээгээд П.Г бид хоёр доошоо явсан. Бид хоёр доошоо яваад бөөн тоосон дунд ороод энэ хулан гэдэг амьтан байсан тул буудаад 1 хулан алсан. Нэг хулан нь шархадсан байдалтай хоцроод байсан. Тэгэхээр нь араас нь очиж тэрийг нь алаад бид хоёр өөдөө явсан. Энэ гурав өмнөөс алхаж ирээд яндан чинь чирэгдсэн явж байна гэсэн учраас салгаж авч дотор хийгээд цаашаа хөдөлсөн тэгээд явж байхад араас машин орж ирээд гүйцэж жоохон түрүүлээд зогссон. Тэгээд Ж.Г буугаад би бас буусан. Миний хамраас цус гоожиж байсан учир бууж хамрын цусаа цэвэрлээд тэрлэгээ тайлсан. Хуланг Г бид хоёр явж алсан. П.Г бид хоёр хуваагаад нөхөн төлбөрт 41.400.000 төгрөг төлсөн. Ийм ховор амьтан хуланг агнасандаа харамсаж байна. Гийн хэлдгээр 2, 3 сар дутуу нойртой санаа сэтгэл зовж ингэж явж байна. Калибраар буудаагүй, калибраар хуланг буудлаа гэхэд цаашаа нэвтлээд гарна. Би хэрэг үйлдсэн нотлогдсон батлагдсан. Хуулийн дагуу ямар хариуцлага байдаг юм түүнийг хүлээж авахад бэлэн байна. Миний хувь хүний бодол Ж.Г Тонхил сумд 17,18 жил тамгын газрын дарга хийсэн. Хүн их хамт байхаар уйддаг, ард түмэн нь уйдсан юм болов уу даа. Үүнээс хойш ийм хэрэг үйлдэхгүй. Сэтгэлийн тамтай хэцүү байдаг юм байна. Хойшид ийм асуудалтай орооцолдохгүй...” гэсэн мэдүүлэг,

          Шүүгдэгч  П.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өглөө ажил байхгүй болохоор нь Цынд мотоцикльтой очсон. Би Тонхил руу дүүгийн рүүгээ явах гэж байна. Хүүгээ хүргэж өгчихөөд ирэх гэж байна. Н багштай явахаар боллоо чи ажил байгаа юм уу явах юм уу гэхээр нь тэр өдөр ажил байхгүй байсан учраас яваад ирье гэж хэлсэн.  Гэртээ очиж мотоциклио тавьчихаад ирсэн чинь Цынх цай хийсэн байсан. Цай уугаад сууж байсан чинь Н ирсэн. Замдаа явж байгаад машин нь тасалдаад болохгүй болохоор нь цаашаа ярьсан. Ганзийнд очоод Ганзийн 69 машинтай цаашаа явсан. Барлагийн амаар давсны дараа урагшаа явж байгаад нэг айлд очсон дүүгийнх нь байсан юм билээ. Тэр эзэнгүй байсан тул тэндээс явж байгаад хамар толгой дээр гарч дурандъя гэсэн. Зогсож байсан газраас энэ гурвыг орхиод бид хоёр доошоо явсан. Доошоо явж байгаад хулан таарсан. Нэг хулан буудсан тэр дороо унасан. Тэр хуланг машинд авч тавьчихаад явж байсан хулангууд яваад алга болсон нэг хулан үлдсэн байсан. Ойртоод очсон явж чадахгүй хурдан хөдөлгөөнгүй байсан тул шархадсан байна гэж үзээд дараагийнхийг нь буудсан. Тэгээд машиндаа авч тавиад эргэж яваад гурван хүнээ авах гээд очсон чинь яндан салсан байна гэсэн. Яндангаа авч тавиад хөдлөөд явж байтал араас машин орж ирээд зогсоосон. Тэгээд баригдсан, хууль бус ан хийсэндээ гэмшиж байгаа. Хуланг би хоёр амтай дровинк буугаар буудсан. Хоёулаа явж байсан. Би энэ хууль зөрчсөн асуудал хийснээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Энэ дээр хэлж яриад байх зүйл олон алга. Би олон жил төрийн алба хашиж байгаад одоо ажилгүй байгаа ч гэсэн цагдаа, прокурорт итгэж явдаг. Одоо ч итгэж явдаг. Ийм асуудал дахин гаргахгүй хүлээлгэсэн хариуцлагыг хүлээж авахад бэлэн байна...” гэсэн мэдүүлэг, 

          Шинжээч Ч.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...хоёр тооны хуланд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр нэг хулангийн биед 0.5х0.5, нөгөө хулангийн биед 3х3 см хэмжээтэй хоёр сумны хошууны нүх байгаа. Эдгээр хоёр нүх нь нэг буугаар буудсан үед үүсэх боломжгүй гэж харсан. Нэг хулангийн бие дээр 5 мм диаметртэй сумны хошууны нүх үүссэн байгаа. Энэ 5 мм орчим нүхийг дровинк бууны ганц үрэл үүсгэлээ гэхэд хажуугаар нь 5, 10 сантиметрт дахин нүх үүсэх ёстой. Ганц үрэл тэгж үүсгэх боломжгүй. ТОЗ-8 буугаар буудсан бол сумны хошуу гарахгүй байх боломжтой...” гэсэн мэдүүлэг,

                  Шинжээч Б.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Хоёр хуланд нэг нэг мөр байгаа учраас үүнийг оролтын мөр гэж үзэж байгаа. Хоёр мөр байвал нэгийг нь гаралтын мөр нэгийг нь оролтын мөр гэж үзнэ. Нэг мөр байгаа учраас оролтын мөр гэж үзэж байгаа. Хоёр нүх өөр өөр байгаа учраас нэг буугаар буудсан гэж үзэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Хулан адуу нь яагаад хуулиараа нэн ховор амьтны жагсаалтад оруулаад байгаа юм бэ гэхээр Амьтны тухай хуулиар Монгол орны амьтдыг нэн ховор, ховор, элбэг амьтан гэж ангилж байгаа. Хулан адуу манай дэлхийн 6-7 улсад байдаг. Монгол, Хятад, Энэтхэг, Казахстан, Туркминстан, Иран, Изриал зэрэг улсуудад байдаг. Нийтдээ манай дэлхий дээр 56.000 хулан байдаг. Үүний нэгдүгээрт буюу Монгол оронд 75 хувь буюу 43.000 тоо толгой хулан байна. Манай Монгол орны Дорнонговь, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн урд хэсгээр нутаглаж байгаа. Хятад улсад 5.000, Энэтхэг 4.000, Казахстанд 3.000 гээд  бусад улсад 250-650 дээд тал нь 1000 хүрэхгүй цөөн хулантай, 250-300 гаран хулантай газруудад бол зэрлэг догшин биш. Дандаа тэжээмэл гаршуулсан байдалтай байдаг.  Ховордсон цөөрсөн энэ утгаараа Монгол орон бол Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж байхдаа 1930-аад оноос эхлээд хорьж цаазалсан байдаг. Хамгийн сүүлд 2011 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад багтааж өгсөн байгаа. Эр, эм байгалийн эдийн засгийн экологийн байдлаар ач холбогдолтой гэж үздэг. Хулан адууг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр, тусгай төлбөр төлж агнах хууль эрх зүйн зохицуулалт Монгол Улсад үйлчилж байгаа. Энэ хэрэг гарсантай холбогдуулаад төрд буюу байгаль экологид хохирол учирсан. Үүнийг хуулийн дагуу хоёр дахин нугалж төлөх ёстой. Үүнийг нэхэмжилсэн, шүүгдэгч нар хохирлыг төлж барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг,

Гэрч О.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Бид бүгд эрх, үүргийнхээ дагуу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд болзолт хугацаанд хийдэг судалгаа шинжилгээ, хяналт шалгалтыг хавсарсан ажлаар нийт дархан цаазат газар, түүний зарим орчны бүсийг хамарсан ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлыг ихэвчлэн хоёр хувааж хийдэг. Газар нутаг том учраас тухайн үед манай баг бүх нутгийг хамарч хийсэн. 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Дархан цаазат газрын орчны бүсийн Охин гэдэг газар хоноод өглөө нь Тахь усанд ирээд үдийн цайгаа уучихаад 13 цагт Ховд аймгийн Алтай сумын нутагт байрлах Тахийн ус гээд байгаль хамгаалагчийн ажлын байран дээрээс хөдөлсөн. Маршрутын дагуу Сэртэн уулыг өвөрлөөд Ховд аймаг Говь-Алтай аймгийн нутгийн залгаа энэ газраар явж байхдаа эхлээд тоос харсан. Тухайн тоосыг ан амьтны тоос байх магадлалтай гэж үзээд хоёр аймгийн залгаа нутаг руу ойртож ирээд зогсож дурандсан. Бид нар хэсэг явж байгаад дурандаж үзээд орчин нөхцөл байдлыг дурандаж шалгадаг. Эхлээд харахдаа бор ногоон өнгийн жаран ес машиныг хамар сөхсөн байдалтай байхыг харсан. Тэгээд  тухайн өдөр орон даяар тооллого явж байсан өдөр байсан. Бид бүгд тооллогын замд Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн тооллогын машинтай тааралдсан учраас энэ машиныг Тонхил сумын Алтансоёмбо багт тооллого хийж яваа машин байна гэж анхан шатны дүгнэлт хийгээд цаашаа ажлаа үргэлжлүүлсэн. Тэгээд явж байгаад Сэртэнгийн өврийн нэгэн толгой дээр гараад машин нь эвдэрч хэмхэрсэн байна уу, яасан байна уу очиж тусламж үзүүлэх хэмжээнд байна уу гээд хоорондоо ярилцаад зогсож дурандахад хамгийн эхний дурандалтыг би хийсэн. Том сваровский маркийн телескопоор зоож дурандсан. Бор ногоон жаран есний өмнө нэг хулан бол нэлээн хүнд шарх авсан бололтой явдал удааширсан алхсан явж байсан. Араас нь бор ногоон жаран ес аяархан дагаад явж байсан. Намайг дурандаад эхэлж байтал хулан унасан. Хулан унахад машины 3 хаалга онгойгоод 3-4 хүн бууж ирсэн. Энэ хэргийг шалгах хэрэгтэй гээд дараагийнхаа хүмүүст дурангаа шилжүүлж өгөөд толгойн орой дээр гарч жи мобайлын утсыг асаагаад Ховд аймгийн Алтай сумд байрладаг байгаль хамгаалагчид байдлыг мэдээллээд ийм хүмүүстэй тулах нь тодорхой боллоо. Та бүгд бид нарт асуудал гарах юм бол 1 цагийн дараа ямар нэгэн хариу өгөхгүй бол холбогдоорой гээд дараа нь хамгаалалтын захиргаа руу жолоочдоо утастаж хэлсэн. Ийм ийм байрлал дээр ийм цэг дээр бид нар бор ногоон өнгийн машинтай хүмүүсийн наанаас явах гэж байна. Эдгээр хүмүүс хулгайн ан хийсэн, хулан агнасан нь тодорхой болсон. Энэ хүмүүсийг очиж уулзах саатуулах байдлаар явлаа гэдгийг хэлсэн. Ингээд энэ хооронд манай дурандаж байгаа хүмүүс хуланг өргөөд машин руу хийчихлээ яаралтай явна уу та гээд тэр хооронд жоохон цаг алдсан. Түлш дуусах дөхсөн байсан учраас хүмүүстэй хөөцөлдөх ажил гарч магадгүй гээд машин руугаа түлшээ хийсэн. Машин руугаа түлшээ хийж байхад машин хөдлөөд эхэлсэн байсан. Машины наанаас очоод Сэртэн уулын өвөр рүү очиж уулзалдсан. Анхан шатны үзлэг хийхэд машинд хоёр хулан алаад хийсэн байсан. Хоёулаа дөнгөж саяхан агнагдсан. Хамгийн сүүлд байгаа нь бид нарын харсан хулан байсан. Үйлдсэн хэргээ хүмүүс газар дээрээ хүлээн зөвшөөрсөн. Хамгаалалтын захиргаа дээр очих, нэг бол Тонхил сум орох хэргийн эд материалыг дараагийн шатанд шилжүүлэх албан шаардлагыг сайн хүлээж аваагүй. Машин хулангийн цаагуур тойрч очиж зогссон. 3 хаалга онгойхыг нь харсан. Урд талын хоёр хаалга, хойд талын нэг хаалга онгойсон. Ойролцоогоор 3-4 хүн бууж ирэхийг хараад миний дурандах ажиллагаа дууссан. Баригдах хүртэл машин хөдөлгөөнөө тасралтгүй үргэлжлүүлсэн. Энэ машинд замаас нь хүн суух тийм боломж байгаагүй, хулан унасан цэгээс ойролцоогоор 1 километрийн дотор манайхан ажиглаж байсан. Энэ хүмүүсийг зогсоох үед машиныг Ганз ах жолоодож явсан. Би та нар ямар сэдэл сонирхлоор энэ анг агнасан бэ, хууль зөрчсөнөө мэдэж байна уу? гэхэд бүгд мэдэж байна гээд хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Сүүлийн үед хулангийн уушгийг эмчилгээнд хэрэглэдэг гэсэн яриа гардаг тэрэнтэй холбоотой юм уу гэхэд үгүй ахуйн сонирхлоор гэсэн. Голлож уулзсан хүн Ганз байсан. Буруу хэрэг хийлээ, буруутай хэрэг хийсэн байна бидний буруу гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг,

Гэрч З.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говьд ан амьтны тооллого хийж явсан. 12 дугаар сарын 10-ны өдөр гэр рүүгээ явж байхад УАЗ 469 машинтай хүмүүс хулан агнахыг газар дээр нь зогсоосон. Ан амьтны тооллого хийж яваад дурандахад тооллого хийж явсан хулангийн хэсгээс бор жаран ес машин явж байсан. Бид нар буугаад дурандахад урд нь нэг хулан явж харагдсан. Тэгсэн хулан унасан байсан. Дурандаж байхад машинаас 4 хүн бууж ирэх шиг болсон. Ямар нэгэн зогсолт хийсэн зүйл байхгүй. Уулын өөд явж байгаад эргээд хүч алдаад явсан. Тэр хооронд машин тэрэгнээс хүн буухыг, суухыг хараагүй. Зогсоох үед машиныг Ганз жолоодож явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.А-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би тусгай хамгаалалттай газар нутагт ажилладаг. Байгаль орчны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Орчны бүсийн газар нутгийн тухай хууль зэргийг хэрэгжүүлж ажиллах эрхтэй. Тэгш сар болгон хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийж хэрэгжүүлдэг. 2017 оны 12 дугаар сарын 9, 10 хоёрт хоёр өдрийн хугацаанд дархан газрын нийт нутгаар хяналт шалгалтын ажлаа хийгээд явж байсан. 12 дугаар сарын 10-ны өдөр ажлаараа явж байхад бид нар зэрлэг амьтны тооллого гээд мониторингийн ажлаа хэрэгжүүлээд явж байсан. Сэртэн гэж уулын өвөрт нэг толгод дээр гараад зэрлэг амьтдынхаа байршил хөдөлгөөнийг ажиглаад тооллогын ажлаа хийгээд явж байхад нэг машин явж байна гэж бүгдээрээ дурандаж харсан. Бүгдээрээ тэндээс ажлаа үргэлжлүүлээд байж байхад тэр машины тэнд хулан унасан гэдэг мэдээллийг харж үзсэн. Хэрэгжүүлж явсан ажлаа зогсоогоод машины явж байсан зүгт яваад очиход энэ хүмүүс хэрэг үйлдсэн байсан. Газар дээр нь очиж зургийг нь авч баримтжуулж дараагийн газар нь шилжүүлж ажилласан. Би телескопоор харахдаа хоёр цагаан хувцастай хүнийг харсан. Тэр бол маш хол байсан. Шар жипи ээсээр хэмжихэд 10 километр гарантай газар байсан. Би хоёр цагаан хувцастай хүн харсан. Тэгээд би хамт олондоо цагаан цоохор хувцастай хүмүүс юм шиг байна гэж хэлсэн. Дараа нь яваад очиход цагаан дээл байсан. Энэ хүмүүсийн араас хөдөлснөөс хойш энэ машин замдаа зогсоогүй гэсэн мэдүүлэг,

        Гэрч Б.О-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...манай грашинд байгаа номер дугааргүй ногоон өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг 2017.12.10-ны орой 20-21 цагийн үед Тонхил сумын ЗДТГ-н дарга Ж.Г гэх хүн Дарив сумын хүмүүс гэх сайн танихгүй 4 хүний хамт ирж машинаа манай грашинд тавьсан..., Ганз надад ярихдаа Говьруу (Говь гэдэг нь Алтансоёмбоос баруун тийш, тахийн талаас хойш байдаг Дархан цаазтай газар) яваад ирсэн чинь машин эвдэрсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-92рт/,

         Гэрч Н.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...нөгөө машиныг хөөж очсон. Тэгэхэд тус машин дотор 2 ширхэг хулан алаад машины ар хэсэгт зөрүүлж хийсэн байсан. Машиныг шалгахад ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, дорвинк маркийн буу 1 ширхэг байсан. Бууны хоолойд тус бүр нэг, нэг сум байсныг би авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-124рт/,

         Гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Би Говь-Алтай аймгийн Тонхил хариуцсан хэсгийн төлөөлөгч хийдэг юм. 2017 оны 12 сарын 10-ны орой 20 цагийн орчимд Тахийн талын дарга Г 95189318 гэсэн дугаараас надтай яриад танай сумын ЗДТГ-ын дарга Ж.Г нь хулан агнасан байна. Тэгээд Ганз нь өөрөө явчихлаа гэж мэдэгдсэн. Ганб-ыг утсаар ярьснаас хойш би хэсгийн цагдаа ахлагч Б-ны хамт Ж.Гийг сум руу орж ирэхийг нь хүлээсэн боловч тухайн шөнө Ганз нь сумд ирээгүй. Маргааш нь буюу 12 сарын 11-ний өдөр Ганз Дарив сумын Гийн хамтаар Н гэдэг жолоочийн хамт ирэхээр нь уулзаад болсон явдлыг тодруулах гэсэн боловч Ганз, Г нар нь бүгд согтуу байсан учраас гэрт нь хүргэж өгсөн. Харин 12 сарын 12-ны өглөө Ж.Гтой уулзаад түүнийг дагуулж, хэсгийн цагдаа Б-ны хамтаар өөрийнхөө 15-07 ГАҮ дугаартай “Ланд-80” маркын машинаар явж хулан агнасан газрыг заалгасан бөгөөд тухайн зааж байгаа зургийг хэсгийн цагдаа Б авсан юм. Ганз нь надад ярихдаа унаж явсан бор ногоон өнгийн УАЗ-469 машин нь хүний машин байсан бөгөөд түүнийг унаж хулан хөөж яваад машин нь эвдэрсэн учраас Алтансоёмбо багт машиныг нь үлдээгээд ирсэн гэж хэлж байсан.

          Ганз нь Дарив сумын иргэн Г, Ц, Н, Г гэх хүмүүсийн хамт явж хулан агнасан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1хх99-100-рт/,

          Гэрч М.Баярсайханы мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Би Говь-Алтай аймгийн Тонхил хариуцсан хэсгийн цагдаа хийдэг юм. 2017 оны 12 сарын 10-ны орой 20 цагийн орчимд хэсгийн төлөөлөгч мэдээлэл ирсэн, шалгах ажил байна хүрээд ир гэсэн. Тэгээд төлөөлөгчийн хамт сумын урд талд Ж.Гийг хүлээсэн боловч тухайн шөнө Ганз нь сумд ирээгүй. Маргааш нь буюу 12 сарын 11-ний өдөр Ганз Дарив сумын Гийн хамтаар Н гэдэг жолоочийн хамт ирэхээр нь уулзаад болсон явдлыг тодруулах гэсэн боловч Ганз, Г нар нь бүгд согтуу байсан учраас гэрт нь хүргэж өгсөн. Харин 12 сарын 12-ны өглөө Ж.Гтой уулзаад түүнийг дагуулж, хэсгийн төлөөлөгч Ц.Х-н  хамт түүний 15-07 ГАҮ дугаартай “Ланд-80” маркын машинаар явж хулан агнасан газрыг заалгасан бөгөөд Ганзоор агнагдсан хуланг заалгаж байгаад би өөрийнхөө гар утас дээр 2 ширхэг зураг авсан. Ж.Г нь ярихдаа машинаар хөөгөөд буудаж алсан гэсэн, машиндаа 5 хүн явсан, 2 буу байсан гэдгийг хэлж байсан, тахийн талын хүмүүс тааралдаж зураг авсан бөгөөд алсан хулангаа тухайн газраа үлдээсэн гэх зүйлийг хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх101-102/,

          Шинжээч Г.О-ын 2018.01.05-ны өдөр гаргасан дүгнэлт /1хх158/, шинжээч Ч.С-ын 2018.02.15-ны өдөр гаргасан 1258 дугаартай дүгнэлт /1хх187-188/, шинжээч Б.Д-н 2018.02.21-ний өдөр гаргасан 1879 дугаартай дүгнэлт /1хх192/,     хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх27-34/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх36-41/, эд мөрийн баримт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх54-59/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-63-77/, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

          Хавтаст хэрэгт хэрэг гарсан нутаг дэвсгэрийн харъяаллын талаар 2 нотлох баримт байгаа ба шүүх 1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудсан дахь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон  нутаг дэвсгэрт  буюу  Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багийн нутаг  Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт гэмт хэрэг гарсан байна гэж үзлээ.

Хэргийн байдлыг дүгнэхэд шүүгдэгч нарын хувьд 2 хулан агнасан асуудлаар маргадаггүй, шүүгдэгч П.Г, Ц нар гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Харин Ганз, Н нар хулан агнахад оролцоогүй, ТОЗ-8 маркын калибрь буугаар буудаагүй  гэж мэдүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардах эрхгүй учир шүүгдэгч нар мэдүүлгээ хэрхэн мэдүүлэх, мэдүүлэг өгөхөөс татгалзах талаар хуульд заасан эрхийнх нь асуудал юм.

Мөн өмгөөлөгч нар агнасан 2 хуланг ямар буугаар буудагдсаныг тогтоогоогүй гэж дүгнэлтдээ тайлбарласан ба Дархан газрын ажилтнууд шүүгдэгч нарын машинд үзлэг хийхэд ТОЗ-8 маркын болон Дорвинк маркын 2 төрлийн хоёр буу байсан, энэ хэрэгт дээрх 2 буу эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн,   энэ хэрэгт дээрх 2 буунаас өөр буу хураагдаагүй байна.

Шүүх шинжээч нарын дүгнэлт болон шинжээчээр мэдүүлэг өгөхдөө  “...хоёр хуланг буудсан сумны нүх нь өөр өөр хэмжээтэй,  хоёр сумны нүх хоёулаа өөр буугаар буудагдсан байх боломжтой...”  гэж мэдүүлснийг шүүх эргэлзээгүй талаас нь  үнэлсэн болно.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч  нар  “...гэрч Ганб холоос дурангаар хараад 4, 5 хүн байсан гэдгийг харах боломжгүй...” гэж дүгнэлтдээ тайлбарлаж байгаа ба дархан газрын ажилтнуудыг шүүгдэгч нар дээр очиж уулзахад  уг машинд  4 шүүгдэгч болон шүүгдэгч Цын хүү нийлээд 5 хүн байсан нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Г, Х.Н нар нь хулан агнахад яваагүй, ТОЗ-8 маркын калибрь бууг аваад хээр үлдсэн байсан гэж, шүүгдэгч Ж.Г би хээр сууж байгаад Г, Ц нарыг ирэх үед нь солигдож суугаад, машиныг жолоодсон гэж тус тус мэдүүлж байгаа хэдий ч улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар хулан агнах үед шүүгдэгч нар бүгдээрээ хамт явж байсан болох нь тогтоогдсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Я.Цын гуйснаар шүүгдэгч Х.Н өөрийн истана машинаар анх явсан ба машин нь Тонхил руу явах замд эвдэрсэн гээд машин сольж явахад  шүүгдэгч Х.Н цаашаа хамт явсан, өөрөөсөө 85.000 төгрөг гаргаж сольж явсан машинд  бензин хийсэн, Тонхил сумын төвөөс хулан агнасан газар хүртэл  175 километр байгаа болон хоёр буутай явсан, гэрч О.Гын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Энэ хүмүүсийг зогсоох үед машиныг Ганз ах жолоодож явсан. Би та нар ямар сэдэл сонирхлоор энэ анг агнасан бэ, хууль зөрчсөнөө мэдэж байна уу? гэхэд бүгд мэдэж байна гээд хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Сүүлийн үед хулангийн уушгийг эмчилгээнд хэрэглэдэг гэсэн яриа гардаг тэрэнтэй холбоотой юм уу гэхэд үгүй ахуйн сонирхлоор гэсэн. Голлож уулзсан хүн Ганз байсан. Буруу хэрэг хийлээ, буруутай хэрэг хийсэн байна бидний буруу гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч нар хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Мөн дархан газрын албан хаагч  гэрч Н.А-с эд мөрийн баримтаар тооцож хураан авсан шүүгдэгч нарыг саатуулах үед дарсан зургуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Гийн куртикны ханцуй, ажлын цагаан бээлий зэрэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон, шүүгдэгч Х.Нгийн цамцны урд хэсэг, өмдний урд хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байсан байна.

Шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгийг үнэлэхэд хоёр хуланг буудсан сумны нүх нь өөр өөр хэмжээтэй,  хоёр сумны нүх хоёулаа өөр буугаар буудагдсан байх боломжтой гэсэн нөхцөл байдлаар Ц.Х болон шүүгдэгч Х.Н, Ж.Г нар нь ТОЗ-8 маркийн буутай толгой дээр үлдсэн гэдэг нь мөн няцаагдаж байна.

Улсын яллагчийн мэдүүлэг шалгасан байдлын талаарх бичлэгийн талаар дүгнэлтдээ дурдсан 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь хулангаа агнаад машинд хийсэн газар гутлын улны мөр байгаа ба шүүгдэгч  “...Ж.Г, Х.Н нарын бид нар  энэ толгойн орой дээр сууж байгаад машинд суусан...” гэдэг газар гутлын улны мөр байхгүй байгаа гэснээр   давхар няцаагдаж байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч О.Г, З.Б, Н.А, Б.М нарын мэдүүлгийг үнэлэхэд шүүгдэгч нар бүгд хамт явж байсан болон сүүлчийн хуланг алснаас хойш машин зогсоогүй, зогсож хүн суулгах, яндан тайлж авах зэрэг ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэдэг нь батлагдаж байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хэргийг шалгахдаа хэтэрхий нэг талыг барьсан гэх ба  мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцаад энэ талаар ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй болох нь 2 дугаар хавтаст хэргийн 62-66 дугаар хуудсан дахь хэргийн материал танилцуулсан тэмдэглэлээс харагдаж байна.

Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн миний үйлчлүүлэгч Ж.Гийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг гүйцэтгэсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэлтдээ дурдсан нь тогтоогдохгүй байна. Учир нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа 2018 оны 01 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд шалгасан болох нь хавтаст хэргийн 68-72, 73-77 дугаар хуудсан дахь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч нарыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар татсан, тухайн үед гэрчээр мэдүүлэг авсан байсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд зааснаар Ж.Гоос зөвшөөрөл авах шаардлагагүй болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Нгийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн “...Х.Н энэ хэрэгт гэм буруутай байна ийм оролцоотой ингээд энэ хоёр хуланг агнасан байна гэх нотлох баримт байхгүй байх тул Х.Нг гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн “...Ж.Гийг буруутай гэх үйлдлийг тогтоож ирүүлээгүй учир шүүгдэгч Ж.Гт  холбогдох үйлдлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу  хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин гэмт хэрэг гарсан талаарх мэдээллийг ГИДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргааны газрын дарга О.Г 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Тонхил сумын хэсгийн төлөөлөгч Ц.Х-т мэдээлэл өгсөн байхад ямар нэгэн хуульд заасан ажиллагааг гүйцэтгээгүй, улмаар 2 хоногийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 12-ны 21 цаг 10 минутад мөрдөн байцаах тасгийн мөрдөгч С.Батмагнайд мэдээлэл өгсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар хуудсан дахь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр тогтоогдож байна.

Дээрх байдлаар Тонхил сумын хэсгийн төлөөлөгч хуульд зааснаар ажиллагаа хийгээгүй, хугацаа хэтрүүлж мэдээллийг шууд мөрдөгч С.Батмагнайд өгсөн зэрэг асуудал нь хуульд заасан үндэслэл журамд нийцэж байгаа эсэхийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хэрэг учрал  12 сарын 12-ны өдөр буюу өвлийн улиралд гарсан, агнагдсан хуланг муудсан гэх үндэслэлээр эд мөрийн баримтаар тооцоогүй нь эргэлзээтэй, буудагдсан хэсгийн арьсыг аваагүй байдал нь ямар буугаар буудагдсаныг тогтоох боломжгүй байдалд хүргэсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар гэрчээр байцаалт авахдаа хуульд заасан эрхийг тайлбарлаж өгөөгүй гэж дүгнэлтдээ дурдсан ба хавтаст хэрэгт байгаа гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан эрх, үүргийг танилцуулж мэдүүлэг авсан тэмдэглэл байгааг дурдах нь зүйтэй байна.

Гэрч Ц.Х-н мэдүүлэгт Г гэсэн хүний нэр дурдагдсан бөгөөд шүүгдэгч нарын дунд Г гэдэг хүн байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ж.Г, П.Г, Я.Ц, Х.Н нарыг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 Шүүгдэгч Ж.Г, П.Г, Я.Ц, Х.Н нарыг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  шүүгдэгч тус бүрд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 Шүүгдэгч П.Г нараас 41.400.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрийн сангийн дансанд тушаасан, шүүгдэгч нар нь энэ мөнгийг П.Г, Я.Ц нараас тушаасан гэж мэдүүлж байх тул шүүгдэгч П.Г, Я.Ц нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзэх үндэслэл болж байна.

 Шүүхээс шүүгдэгч Ж.Г, П.Г, Я.Ц, Х.Н нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, П.Г, Я.Ц нар нь амьтны аймагт учруулсан хохирол 41.400.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч Ж.Г, П.Г, Я.Ц, Х.Н нар нь бүлэглэж үйлдсэн байх тул мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Г, Я.Ц нар нь амьтны аймагт учруулсан хохирол 41.400.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 54-44 ГАҮ улсын дугаартай УАЗ 31512 маркийн 2.000.000 төгрөгний үнэлгээ бүхий авто машиныг эзэмшигч буюу иргэний нэхэмжлэгч  Ч.Ж-д олгож, машины үнийн 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Г, П.Г, Я.Ц, Х.Н нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч нараас тус бүр 500.000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олож, эд мөрийн баримтаар хураагдсан хулангийн толгой 2 ширхэг, ТОЗ-8 маркийн галт зэвсгийн ар хэсэгтээ Т үсгэн хэлбэртэй сумны хонгио 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон сонингийн цаас, хулдаасны тасархай тус бүр 1 ширхэг, машины баруун талын гишгүүрний дээд хэсэгт байх цус болсон доторлогооны эмжээр төмөрний хугархай 1 ширхэг, дробинк маркийн ар хэсэгтээ 16 гэсэн дугаартай сумны хонгио 1 ширхэг, сумны хошууны хэлтэрхий мэт металл 1 ширхэг, бууны гол төмрийн арчдас 3 ширхэг зэргийг устгаж, Я.Ц, Я.Д нарын эзэмшлийн гэх улсын бүртгэлгүй 33840 гол төмөртэй, 51135 дугаарын замагтай ТОЗ-8 загварын галт зэвсэг 1 ширхэг, *** дугаартай гол төмөр, *** дугаарын замагтай дровинк маркийн галт зэвсгүүдийг хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлж, 8 гегавит багтаамжтай улаан өнгийн плашийг эзэмшигч Н.А-д олгож, хэргийн газрын үзлэгийн болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны дүрс бичлэгийн CD 2 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн Ж-н Ганз, Я овгийн П-н Г, Г овгийн Я-н Ц, З овгийн Х Н нарыг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, П.Г, Я.Ц, Х.Н нарыг тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, П.Г, Я.Ц, Х.Н нарт тус бүрд нь оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Г, П.Г, Я.Ц, Х.Н нарыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ***ГАҮ улсын дугаартай *** маркийн 2.000.000 төгрөгний үнэлгээ бүхий авто машиныг эзэмшигч Ч.Ж-д олгож, машины үнийн 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Г, П.Г, Я.Ц, Х.Н нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч нараас тус бүр 500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгох албадлагын арга хэмжээг авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хулангийн толгой 2 ширхэг, ТОЗ-8 маркийн галт зэвсгийн ар хэсэгтээ Т үсгэн хэлбэртэй сумны хонгио 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон сонингийн цаас, хулдаасны тасархай тус бүр 1 ширхэг, машины баруун талын гишгүүрний дээд хэсэгт байх цус болсон доторлогооны эмжээр төмөрний хугархай 1 ширхэг, дробинк маркийн ар хэсэгтээ 16 гэсэн дугаартай сумны хонгио 1 ширхэг, сумны хошууны хэлтэрхий мэт металл 1 ширхэг, бууны гол төмрийн арчдас 3 ширхэг зэргийг устгаж, Я.Ц, Я.Д нарын эзэмшлийн гэх улсын бүртгэлгүй 33840 гол төмөртэй, 51135 дугаарын замагтай ТОЗ-8 загварын галт зэвсэг 1 ширхэг, *** дугаартай гол төмөр, *** дугаарын замагтай дровинк маркийн галт зэвсгүүдийг хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлж, 8 гегавит багтаамжтай улаан өнгийн плашийг эзэмшигч Н.А-д олгож, хэргийн газрын үзлэгийн болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны дүрс бичлэгийн CD 2 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Г, Я.Ц нар нь амьтны аймагт учруулсан хохирол 41.400.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Г, П.Г, Я.Ц, Х.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.САРАНТУЯА