Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01437

 

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01437

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/01674 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох орон сууц битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1340 тоот шийдвэрээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байрны 15 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Б-, З.Уянга, З.Оргил нарыг тогтоож уг орон сууцыг Б.Б-, З.Уянга, З.Оргил нарын өмчлөлд үлдээж, Б.Б- нараас 22 000 000 төгрөгийг гаргуулж О.Зоригтбаатарт олгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ хугацаанд Б.Б- хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон үл хөдлөх эд хөрөнгийнхөө өмчлөгчийн бүртгэлд бүртгэгдэж О.Зоригтбаатарт ногдох хэсгийн 22 000 000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах тухай хүсэлтийг НШШГГ-т гаргасан боловч тус газраас О.Зоригтбаатарын төлөх төлбөр 22 000 000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, захиран зарцуулах эрхийг нээх боломжгүй гэх хариуг өгсөн. Мөн төлбөр төлөгч бус этгээд Б.Б-ийг төлбөр төлөгч этгээд гэж үзэн О.Зоригтбаатарт холбогдох бүхий л төлбөрийг төлөхийг шаардаж байгаа нь хууль бус үйлдэл юм. 2016 онд 1 800 000 төгрөгийг төлсөн ба үлдсэн 20 200 000 төгрөгийг төлөхийг шаардсан. Тухайн орон сууцыг хууль бусаар дуудлага худалдаанд оруулсан. Дуудлага худалдаа зохион байгуулсан ажиллагаа шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон. Үлдэх 20 200 000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сард бэлнээр төлөх гээд очтол О.Зоригтбаатарын бүх өр төлбөрт нь орон сууцыг битүүмжилнэ гэсэн. Б.Б- нар нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулан, үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зайлшгүй шаардлага үүссэн.

Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль бусаар ажиллагаа хийж орон сууцыг битүүмжилсэн тул Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байрны 15 тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1548 дугаар шийдвэрээр хариуцагч О.Зоригтбаатараас 9 223 120 төгрөгийг гаргуулж Ж.Болдбаатарт, мөн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 241-А шийдвэрээр 27 663 100 төгрөгийг гаргуулж Хөрөнгө оруулалт хөгжлийн сан ХЗХ-нд, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолоор О.Зоригтбаатараас 13 000 000 төгрөгийг гаргуулж В.Лхагвасүрэнд, мөн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 291 дүгээр шийдвэрээр 1 900 000 төгрөгийг гаргуулж Д.Наранчимэгт олгохоор тус тус шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 45 дугаар байрны 15 тоот төлбөр төлөгч О.Зоригтбаатарын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 4462.8 дэх хэсэгт гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх мөн хуулийн 44.2.14-т төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэж зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Төлбөр төлөгч О.Зоригтбаатарын шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрийг барагдуулаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 2010 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1340 дугаар шийдвэр, гүйцэтгэх баримт бичиг тус газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтлах тул орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байрны 15 тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Б.Б-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн аваагүй. Мөн бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээд болох З.Уянга, З.Оргил нарыг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулах тухай гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан нь Үндсэн хуулиар олгогдсон хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг хязгаарласан. Анхан шатны шүүх ..мөн Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1340 дугаартай шийдвэрээр О.Зоригтбаатар болон Б.Б- нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байрны 15 тоот орон сууцыг Б.Б-, охин З.Уянга, хүү З.Оргил нарын өмчлөлд үлдээж, Б.Б-ээс О.Зоригтбаатарт ногдох хэсэг болох 22 000 000 төгрөгийг гаргуулан О.Зоригтбаатарт олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.., НШШГГ- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх баримт бичиг болох шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нээж, төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг гаргуулан төлбөр авагчид өгөх үндсэн үүрэгтэй. Б.Б- нь 22 000 000 төгрөгийг О.Зоригтбаатарт төлөх, О.Зоригтбаатар нь Б.Б-т Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байрны 15 тоот орон сууцны өмчлөлийг шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд энэхүү шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдээгүй, хариуцагч байгууллагад тус шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа эхлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна... гэж дүгнэсэн.

Гэтэл Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1340 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Б-ээс гадна 3. Уянга, 3. Оргил нар хамтран өмчлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хууь ёсоор тогтоогдсон, мөн О.Зоригтбаатарт ногдох 22 000 000 төгрөгийг дундаасаа өгөх үүргийг хүлээсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг шийдвэрийг О.Зоригтбаатар, Б.Б-, З.Уянга, З.Оргил нар сайн дураараа биелүүлэхгүй байгаа тохиолдолд зохигчийн хэн нэг нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийг гаргуулах гүйцэтгэх хуудас бичүүлэх тухай хүсэлтийг Баянгол дүүргийн шүүхэд хандан гаргаж тэдний гаргасан хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх юм. Б.Б- болон О.Зоригтбаатар нь харилцан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх ямар нэгэн хүсэл зорилго байгаагүй бөгөөд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ НШШГГ-т байсан. Хариуцагч байгууллага захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсан болно.

Ийм шалтгааны улмаас Б.Б- нар болон мөн О.Зоригтбаатар ч шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгч өөрчлөгдөхтэй холбоотой бүртгэлийг хийлгэж чадаагүй. Б.Б- О.Зоригтбаатарт ногдох 22 000 000 төгрөгийг орон сууцаа захиран зарцуулах журмаар гаргаж өгөх боломжгүйн улмаас Б.Б- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш удаа дараа хариуцагч байгууллагад хандан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон учир дээрх хөрөнгийг захиран зарцуулах замаар О.Зоригтбаатарт ногдох хэсгийн төлбөр болох 22 000 000 төгрөгийг төлж барагдуулах тухай, мөн өмчлөлд нь шилжихээр шүүхээр шийдвэрлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлэн бүртгүүлж захиран зарцуулах замаар О.Зоригтбаатарт ногдох хэсгийн 22 000 000 төгрөгийг төлж үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай хүсэлт удаа дараа гаргасан. Хариуцагч байгууллага болон дээд шатны удирдах байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ....О.Зоригтбаатарт ногдох хэсгийн 22 000 000 төгрөгийг төлсөн тохиолдолд л хүсэлтийг нь хангах боломжтой. ... 22 000 000 төгрөгийг төлнө үү гэх хариуг өгч байснаас бус Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1340 дугаар шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичүүлж битүүмжлэлтэй холбоотой болон төлбөр, өмчлөх эрхтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүл гэх хариу өгөөгүй. Б.Б- 1 800 000 төгрөгийг О.Зоригтбаатарын төлбөрт төлсөн. Мөн 20 200 000 төгрөгийг нь төлөхөөр очиход ... 20 200 000 төгрөгийг авч болно, гэхдээ О.Зоригтбаатарт холбогдох бүх гүйцэтгэх хуудсыг дуусгавар болсны дараагаар Б.Б- нарт холбогдох өмчлөлийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн тул орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Гэтэл НШШГГ- Баянгол дүүргийн шүүхийн төлбөр төлөгчөөр тогтоогдоогүй этгээд болох Б.Б- нарын өмчлөлд хүчин төгөлдөр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар битүүмжилсэн ажиллагааг ажиллагааг анхан шатны шүүх .... өмчлөлийг шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд энэхүү шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдээгүй, хариуцагч байгууллагад шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа эхлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1340 дугаартай шийдвэрийг албадан биелүүлэх талаар ямар нэгэн ажиллагаа хийх үүрэг үүсээгүй байх тул орон сууцыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Түүнчлэн, Б.Б- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч этгээд биш байх тул түүнээс 20 200 000 төгрөгийг аваагүй шийдвэр гүйцэтгэгчийн үйлдэл хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1340 дугаар шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн байсан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт заасан дарааллыг баримтлан Б.Б- нарын өмчлөлийн асуудлыг дарааллын дагуу хамгийн сүүлд шийдвэрлэнэ. Г.Хангарьдын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон О.Зоригтбаатарын өмчлөх эрхийг сэргээсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 749 дугаар захирамжийн дагуу О.Зоригтбаатарын өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас шууд мэдэлд авсан, гэрчилгээ О.Зоригтбаатар шилжээгүй тул гэрчилгээг гаргаж өгнө үү өмчлөх эрхээ бүртгүүлэх хүсэлтэй байна гэх утга бүхий хүсэлт гомдлыг Б.Б- нар өгч байсныг хуулийн дагуу шийдвэрлэж хангах боломжгүй талаар хариу өгч байсан... гэж тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар Б.Б- нар битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнээгүй.

НШШГГ- нь Б.Б- уг орон сууцны гэрчилгээг шилжүүлэн авч О.Зоригтбаатар ногдох хэсгийн төлбөрийг төлөх хязгаарласан. Заавал гүйцэтгэх хуудас бичүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэх шаардлагагүй шүүхийн шийдвэрийн биелэлтэд саад учруулж илт хууль бус үйлдэл хийж буй шалтгаанаа гүйцэтгэх хуудас бичгдээгүй учир битүүмжлэлээс чөлөөлөх боломжгүй гэж тайлбарласан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэхэд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байрны 15 тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1548 дугаар шийдвэрээр хариуцагч О.Зоригтбаатараас 9 223 120 төгрөгийг гаргуулж Ж.Болдбаатарт, мөн тус шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 241-А шийдвэрээр О.Зоригтбаатараас 27 663 100 төгрөгийг гаргуулж Хөрөнгө оруулалт хөгжлийн сан ХЗХ-нд, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 291 дугаар шийтгэх тогтоолоор О.Зоригтбаатараас 13 000 000 төгрөгийг гаргуулж В.Лхагвасүрэнд, мөн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 291 дугаар шийдвэрээр О.Зоригтбаатараас 1 900 000 төгрөгийг гаргуулж Д.Наранчимэгт тус тус олгож шийдвэрлэжээ. /хх-28-34, 41-47, 54-58/

О.Зоригтбаатараас төлбөр гаргуулсан дээрх шүүхийн шийдвэрүүдэд гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч НШШГГ- шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 146/3011 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 байрны 15 тоот хаягт байрлах төлбөр төлөгчийн өмчлөлийн орон сууцыг битүүмжилж, мөн өдрийн 146/609 дугаар тогтоолоор хураах ажиллагааг явуулсныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна гэж заасан. Төлбөр төлөгч О.Зоригтбаатараас төлбөр гаргуулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон шийтгэх тогтоолыг гүйцэтгэхээр шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдсон байна.

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1340 дугаартай шийдвэрээр О.Зоригтбаатар, Б.Баярмаа нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байрны 15 тоот хаягт байрлах орон сууцыг Б.Б-, охин З.Уянга, хүү З.Оргил нарын өмчлөлд үлдээж, Б.Б- нараас 22 000 000 төгрөг гаргуулж О.Зоригтбаатарт олгож шийдвэрлэжээ. /хх-67-69-х/

Нэхэмжлэгч Б.Б- нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаагүй тул хариуцагч НШШГГ- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1340 дугаар шийдвэрийг үндэслэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх боломжгүй тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, албадан гүйцэтгэх хүсэлт гаргаагүй, улмаар албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байх тул 20 200 000 төгрөгийг төлүүлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй тухай шийдвэр гүйцэтгэх байгууллагын тайлбар хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-т заасны дагуу Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1340 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэхэд энэ магадлал саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран нэхэмжлэгчээр З.Уянга, З.Оргил нарыг оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар зүйлийн 29-ний өдрийн 102/ШЗ2021/08007 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй./хх172/

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/01674 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.НЯМБАЗАР

                    ШҮҮГЧИД                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                             Д.БАЙГАЛМАА