Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01469

 

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01467

 

 

 

Д.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/01454 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагчАБ- ХХК, Б.Г- нарт холбогдохАБ- ХХК-аас амины орон сууц бариулах гэрээнээс татгалзаж 259 350 000 төгрөг, Б.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 53 100 000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гантулга, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөрАБ- ХХК-тай амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан, энэхүү гэрээгээр Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Бумбатын аманд байрлалтай 43 айлын АОС Бумбат Вилла хотхоны 12 тоот 133 м.кв талбай бүхий 1 давхар амины орон сууцыг захиалсан. Гэрээний төлбөрийгАБ- ХХК-ийн захирал Б.Г-тай олон жил хамтран ажилласан, цалин хөлс аваагүй, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашгаас авах ёстой байсан ашиг, Б.Г-ын хэрэгжүүлж байгаа болон урд өмнө хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт оруулсан хөрөнгө мөнгө зэргийг нийт 259 350 000 төгрөгийн төлбөрт харилцан тооцсон. Миний бие Б.Г-т 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр автомашин, бэлэн мөнгө, түлш зэргийг 53 100 000 төгрөгт тооцож өгсөн. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 63 дугаар байрны мансардны 1 тоот орон сууцыг өгөхөөр тохиролцсон. Гэвч өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй. Д.Н-аас Б.Г- нь бэлнээр 3 300 000 төгрөг, ХААН банк ХХК-ийн дансаар хэд хэдэн удаагийн шилжүүлгээр 15 000 000 төгрөг, бусдаар дамжуулан 1 200 000 төгрөг, Б.Г- Д.Атартунгалаг нарын хооронд байгуулагдсан дээврийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өөрийн Рино маркийн автомашиныг 15 000 000 төгрөгт тооцуулан Д.Атартунгалагт шилжүүлж өгсөн. Б.Г-ын бусдаас худалдан авсан түлшний төлбөрөөс 5 100 000 төгрөгийг Д.Н-а түлш борлуулагчид төлсөн. Б.Г- нь хүнд цалин өгөх хэрэгтэй байна гэж бэлнээр 1 500 000 төгрөг авсан. Мөн Б.Чулуунсүрэнд Б.Г-ын төлөх ёстой өр төлбөрөөс 12 000 000 төгрөг төлсөн. Иймд Б.Г-аас 53 100 000 төгрөг, хариуцагчАБ- ХХК-аас 259 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХариуцагчАБ- ХХК болон Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н-а нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөрАБ- ХХК-тай 19/04 дугаар амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан гэж байгаа боловч уг гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу хүчин төгөлдөр бус гэрээ юм. Уг гэрээнд заасан төлбөрийг Д.Н-а төлөөгүй бөгөөд Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Бумбатын аманд байрлалтай 43 айлын АОС Бумбат Вилла хотхоны 12 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй. Мөн уг орон сууц ньАБ- ХХК-ийн өмчлөлийн биш. Д.Н-а 53 100 000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлд дурдсан автомашин, бэлэн мөнгө, түлш зэрэг нийт 53 100 000 төгрөгийн эд зүйл өгсөн гэх боловч бодитоорАБ- ХХК-д хүлээлгэн өгөөгүй. Харин Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 63 дугаар байрны мансардны 1 тоот орон сууцанд 1 жилийн хугацаандАБ- ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг хувь эзэмшигчийн хувьд түр оршин суусан. Тиймээс уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгөхөөр тохиролцоогүй. Д.Н-а ньАБ- ХХК-ийн дүрэмд заасны дагуу компанийн нийт хувьцааны 50 хувийг эзэмшдэг. Энэ хүрээнд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эрх мэдлийг ашиглан амины орон сууц захиалан бариулах гэрээг зээл авах зорилгоор байгуулсан. Тус гэрээний 4.2-т заасны дагуу гэрээний төлбөрт 259 350 000 төгрөгийг төлсөн, мөн бэлэн мөнгө, түлш зэрэгт тооцон 53 100 000 төгрөг өгсөн нь үндэслэлгүй.АБ- ХХК-д Д.Н-ын оруулсан хөрөнгө оруулалт гэх баримт нь хуурамч. Энэ талаарАБ- ХХК-ийн нягтлан бодогч Б.Баттулга нь гэрчээр шүүх хуралдаанд оролцож тайлбараа өгснөөр үгүйсгэгдсэн.

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийнАБ- ХХК болон Рэска ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээндАБ- ХХК нь туслан гүйцэтгэгчийн үүрэг хүлээн гэрээнд заасны дагуу ажил үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Бумбат Виллаж төсөл нь 100 хувь Рэска ХХК-ийн өмч юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тулАБ- ХХК-аас 259 350 000 төгрөг, Б.Г-аас 53 100 000 төгрөг тус тус гаргуулах тухай Д.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,720,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Б.Г-ын нэхэмжилсэн 53 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ХААН банк ХХК дахь Б.Г-ын эзэмшлийн 5102059351 тоот дансанд тус банк дахь Д.Н-ын эзэмшлийн 5046293804 тоот данснаас 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ганаад гэх утгаар 1 000 000 төгрөг, мөн өдөр дахин 1 000 000 төгрөг, /Нарантулга/ гэх утгаар 9 300 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нарантулгаас гэх утгатай 150 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 750 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ганбаярт гэх утгаар 100 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 135 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нарантулгаас гэх утгаар 310 000 төгрөг, нийт 12 745 000 төгрөг шилжүүлсэн. Д.Н-а дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх талаар Б.Г- маргаагүй. Түүнчлэн, Б.Чулуунсүрэнд Б.Г-ын төлөх ёстой байсан 12 000 000 төгрөгийг төлсөн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Үүнээс гадна Б.Г-т бэлнээр 1 500 000 төгрөг өгсөн, Б.Г-ын өмнөөс түлш борлуулагч Д.Атартунгалагт 5 100 000 төгрөгийг төлсөн ньД.Атартунгалагийн мэдүүлгээр нотлогддог.

Дээрх мөнгийг төлөх ёстой болох нь Б.Г- болон Д.Н-а нарын хоорондын чатаар харилцсан бичвэрээр давхар тогтоогдоно. 53 100 000 төгрөгийн төлбөрт Баянзүрх дүүргийн 4 хороо, 63 дугаар байрны мансардны 1 тоотод байрлах орон сууцны өмчлөлийг шилжүүлж өгөхөөр тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Г-аас 53 100 000 төгрөг гаргуулж Д.Н-ад олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Н-а нь амины орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, хариуцагчАБ- ХХК-аас 259 350 000 төгрөг, хариуцагч Б.Г-т холбогдуулан зээлээр өгсөн мөнгөн хөрөнгө болон бараа бүтээгдэхүүний үнэд 53 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч Д.Н-а нь хариуцагчАБ- ХХК-ийн хооронд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгчАБ- ХХК нь Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Бумбатын аманд байрлалтай 43 айлын АОС Бумбат Вилла хотхоны 12 тоот, 133 м.кв талбайтай, 1 давхар амины орон сууцыг барьж гүйцэтгэх, захиалагч Д.Н-а нь амины орон сууцны 1 м.кв-ыг 1 950 000 төгрөгөөр тооцож 133 м.кв талбайн төлбөрт нийт 259 350 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хх-5-9/

 

Хариуцагчийн төлөөлөгч дээрх гэрээ бодитоор хэрэгжээгүй, Д.Н-а нь бусдаас зээл авахын тулд амины орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан гэж маргасан. Нэхэмжлэгч Д.Н-а амины орон сууц захиалан бариулах гэрээний үнэд хариуцагчАБ- ХХК-д 259 350 000 төгрөг төлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч дээрх гэрээнд заасан үүргийг биелүүлж, төлбөр төлсөн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ бодитоор хэрэгжсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Н-а нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчАБ- ХХК-аас 259 350 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Н-а нь хариуцагч Б.Г-т зээлээр өгсөн мөнгөн хөрөнгө болон бараа бүтээгдэхүүний үнэд нийт 53 100 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн хувьд хэрэгт авагдсан хийгээд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Н-а нь хариуцагч Б.Г-т 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ganaad гэсэн утгатай 2 удаагийн гүйлгээгээр тус бүр 1 000 000 төгрөг, мөн өдөр Нарантулга гэсэн утгатай 9 300 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Narantulgaas гэж 150 000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ganbayart гэж 750 000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр Ganbayart гэж 100 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ganbayart гэж 135 000 төгрөг, мөн оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Narantulgaas гэж 310 000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь ХААН банк ХХК дахь Б.Г-ын эзэмшлийн 5102059351 тоот дансны хуулгаар тогтоогджээ. /хх-163-174/

Мөн гэрч Б.Чулуунсүрэн ... Б.Г- 15 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлсэн, зээлсэн мөнгөний хугацаа нь болоход Д.Н-а 12 000 000 төгрөг өгсөн... гэж, мөн гэрч Д.Атартунгалаг ...Актив бриж ХХК-ийн барилга дээр ажил хийж байсан, ...ажлын хөлс 15 000 000 төгрөгт тооцож Д.Н-ын өмчлөлийн автомашиныг авсан... гэж тус тус мэдүүлсэн байхаас гаднаАБ- ХХК-ийн нягтлан бодогч Б.Баттулгын гарын үсэг, санхүүгийн тэмдэг бүхий Д.Н-ын оруулсан хөрөнгө оруулалт гэх бичмэл баримтад нийт дүн 53 100 000 төгрөг гэж тодорхойлсон зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Н-ын ...Б.Г-ын бусдад төлөх төлбөрийг төлсөн... гэх тайлбар илүү үндэслэлтэй байна. Хариуцагч Б.Г- ньАБ- ХХК-ийн захирал нь болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх-11, 98,180-181, 186-187-х/

Иймд талууд Д.Н-аасАБ- ХХК-д шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон бараа бүтээгдэхүүний үнийн дүнг тооцож баримт үйлдсэн гэж үзэхээр байна. /хх-11/

Нэхэмжлэгч Д.Н-а болон хариуцагчАБ- ХХК-ийн хооронд хууль болон гэрээний үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр шилжүүлсэн 53 100 000 төгрөгийг буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчАБ- ХХК-аас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дахь хэсэгт Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж заасан тул нэхэмжлэгч Д.Н-а нь өөрийн шилжүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг хариуцагчАБ- ХХК-аас шаардах эрхтэй гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1АБ- ХХК-аас 53 100 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-ад олгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэхАБ- ХХК-аас 259 350 000 төгрөгт гаргуулах болон Б.Г-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

ХариуцагчАБ- ХХК-ийн нягтлан бодогч Б.Баттулга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож ... энэ акт нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн. Д.Н-а гарын үсэг зурж, тамга дараад өг гэхээр нь Д.Н-ын хүсэлтээр үйлдэж өгсөн. Актад бичигдсэн бэлэн мөнгө, түлш, автомашин зэргийгАБ- ХХК-д оруулсан эсэхийг мэдэхгүй. Энэ нь намайг ажилд орохоос өмнөх асуудал. Би зүгээр л шивэлтүүдийг нь хийдэг байсан ... гэж мэдүүлсэн байх боловч тэрээр хариуцагч байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан, Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдохоор байхад үндэслэн анхан шатны шүүх уг мэдүүлэгт нэхэмжлэгч Д.Н-а нь мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. /хх-ийн 115-119/

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/01454 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчАБ- ХХК-аас 53 100 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-ад олгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэхАБ- ХХК-аас 259 350 000 төгрөг гаргуулах болон Б.Г-т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...хэвээр үлдээсүгэй гэснийг ...хэвээр үлдээж, хариуцагчАБ- ХХК-аас 423 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-ад олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 423 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.БАЙГАЛМАА