Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01498

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01498

 

Н ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/01607 дугаар шийдвэртэй

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б ХХК-д холбогдох

Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн нийт төлбөр, алданги, бараа материалыг өөр нийлүүлэгчээс авч, суурилуулсантай холбоотой гарсан хохирол 412 419 308 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, М.Золбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ишинноров, түүний өмгөөлөгч Г.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Н ХХК-ийн төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, М.Золбоо нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Б ХХК-тай харилцан тохиролцож 19/107 тоот Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-г байгуулж, гэрээний дагуу Б ХХК нь манай компанийн хэрэгжүүлж буй шинэ яармаг төслийн С1, 01, В1, В2, С2 блок барилгуудын шилэн гадна фасад, шилэн тагтны хаалт болон хүйтэн өрөөний хаалгыг нийлүүлж, суурилуулан манай компанид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний 2.11-д зааснаар урьдчилгаа 182 647 261 төгрөгийг Б ХХК-д шилжүүлсэн. Нөгөө талаас Б ХХК нь гэрээ байгуулагдсанаар бараа, материалыг БНХАУ-д захиалан үйлдвэрлүүлж, гэрээний 2.5-нд заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд гэрээнд заасан бүхий л бараа, материал буюу шилэн гадна фасад, шилэн тагтны хаалт, хүйтний өрөөний хаалгыг шинэ яармаг төслийн талбай дээр авч ирэн суурилуулалт хийж хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байх ёстой байсан. Гэвч Б ХХК нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байгаа, захиалга хийгдсэн байгаа боловч ирээгүй байна, гаднаас оруулж ирж байгаа гэх зэрэг олон шалтаг шалтгаан хэлж гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа, бүрэн гүйцэт биелүүлээгүй буюу зөвхөн С1 блокын тагтны шилэн хаалт, шилэн фасад суурилуулалтын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй явж байсан тул манай компани нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 01/388 дугаартай албан бичгээр гэрээний үүргээ яаралтай гүйцэтгэх, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл гэрээт ажлыг дуусгаагүй тохиолдолд гэрээ цуцлах тухай албан мэдэгдлийг өгч, үүргээ гүйцэтгэх хугацаа олгосон. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл дахин хугацаа олгож хүлээсэн боловч мөн ямар нэг үр дүн гараагүй тул Б ХХК нь өөрөө 19/107 тоот гэрээг харилцан тохиролцож цуцлахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд В1, С1 блокод шаардлагатай шилэн гадна фасад, тагтны шилэн хаалт, хүйтний өрөөний хаалганууд БНХАУ-ын үйлдвэрлэгчид үйлдвэрлэгдэж дууссан байгаа боловч үйлдвэрлэгч талд үлдэгдэл төлбөрөө шилжүүлж чадахгүй байгаагаас татан авалт хийж чадахгүй байгаа гэсэн тул манай компани нь нэгэнт шилжүүлсэн урьдчилгаа төлбөртөө бараа, материал авч хохиролгүй болох үүднээс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19/163 тоот Бараа, материал бэлтгэн нийлүүлэх гэрээ гэж шинэ гэрээ байгуулан В1, С1 блокын шилэн гадна фасад, тагтны шилэн хаалт, хүйтний өрөөний хаалгыг хүлээн авахаар харилцан тохиролцсон. Тус 19/163 тоот гэрээний дагуу 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 85 605 548 төгрөгийг буюу нийт 338 252 764.5 төгрөг (19/107 тоот гэрээний урьдчилгаа төлбөрийн хамт)-ийн санхүүжилтийг Б ХХК-нд олгосон. 19/163 тоот гэрээний 2.5-д харилцан тохиролцсоны дагуу 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүх шаардлагатай материал талбай дээр буугаад, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байхаар тохиролцсон. Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар мөн л гүйцэтгэл дутуу, зөвхөн С1 блок 35 хувийн гүйцэтгэлтэйгээр ажил нь явагдаж байсан бөгөөд тус гэрээний дагуу гүйцэтгээгүй ажлын улмаас барилгын дулаан алдагдаж манай компанид хохирол учирч байгааг мөн өдрийн 01/08 тоот албан бичгээр мэдэгдэж байсан. Тус мэдэгдэлд хүчээ нэмэгдүүлэн ажиллаж 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дотор ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг шаардсан боловч мөн л үл дүн гараагүй. Б ХХК-ийн хийж гүйцэтгэсэн байсан ажилд хяналт шалгалтыг хийхэд нийлүүлсэн бараа, материал чанарын шаардлага хангахгүй, гүйцэтгэл буруу хийгдсэн доголдол илэрч байсан тул тухай бүр үл тохирлын тайлан гаргаж, алдаа дутагдалтай ажлыг засах хугацаа нөхцөлөөр хангаж ажилласан боловч мөн л ямар нэг үр дүн гараагүй. Б ХХК-д үүргээ гүйцэтгэх боломж олгож гэрээг дахин шинэчлэн байгуулж, урт хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхийг хүлээж, хугацаа өгч, нэмэлт санхүүжилт олгоод ч гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй тул манай компани дахин шинэ нийлүүлэгч сонгон шалгаруулж 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20/018 тоот гэрээгээр У ХХК-тай, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 19/179 тоот гэрээгээр Х ХХК-тай тус тус гэрээ байгуулан тухайн бараа, материалыг худалдан авч суурилуулалтын ажлыг гүйцэтгүүлсэн. Иймд Б ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй манай компанид хохирол учруулсан тул дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд 19/107 тоот гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа 182 647 261 төгрөг, 19/163 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 155 605 548 төгрөг, нийт 338 252 809 төгрөг, 19/107 тоот гэрээний 5.1-т заасны дагуу уг гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны нийт 32 хоногийн алданги 35 422 499.20 төгрөг, 19/163 тоот гэрээний 5.1-т заасны дагуу уг гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нийт 27 хоногийн алданги 14 881 26.70 төгрөг, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэг болон 19/163 тоот гэрээний 4.7, 5.3-т зааснаар Б ХХК-ийн нийлүүлээгүй бараа, материалыг өөр компаниас худалдан авч, шинээр гүйцэтгүүлсэнтэй холбоотойгоор гарсан 20/018 тоот гэрээний ажлын хөлс 150 000 000 төгрөг, 19/179 тоот гэрээний ажлын хөлс 28 000 000 төгрөг, бараа материалын төлбөр 48 712 831 төгрөг нийт 226 712 831 төгрөгийн хохирол төлбөр, Б ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг нэгж үнэлгээгээр тооцож акт үйлдэж уг актаар хийж гүйцэтгэсэн ажлыг 167 175 156 төгрөгт тооцсон, мөн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Б ХХК-иас хүлээн авсан бараа материал болох 34 902 931.23 төгрөгүүдийн нийлбэрийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж нийт 412 419 308 төгрөгийг Б ХХК-иас гаргуулан Н ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч С.Бямбадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний гол нөхцөл, гэрээг өөрчилсөн шалтгаан, төлбөрийн нөхцөл манай Б ХХК нь метал цонх, хаалганы үйлдвэрлэл, барилгын засвар, засал чимэглэл чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Н ХХК-тай 19/107 тоот Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-г байгуулж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ яармаг орон сууцны цогцолбор хороолол төсөл-ийн барилгын ажилд С1, С2, В1, В2, D1 гэсэн 5 блок барилгуудад шаардлагатай шилэн гадна фасад, шилэн тагтны хаалт, хүйтний өрөөний хаалга гэсэн 3 төрлийн бараа материалыг бэлтгэн нийлүүлж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. 19/107 тоот Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-ээр хийж гүйцэтгэх ажлын тоо, хэмжээ нь С1, С2, D1 блок барилгуудад шаардлагатай шилэн гадна фасад-313.435 м.кв, С1, С2, В1, В2, D1 блок барилгуудад шаардлагатай шилэн тагтны хаалт-3245.055 м.кв, С1, С2, В1, В2, D1 блок барилгуудад шаардлагатай хүйтний өрөөний хаалга-781.2 м.кв буюу гэрээний нийт үнийн дүн нь 1 106 953 100 төгрөг байсан. Гэрээний үнийн дүнгийн 35 хувийг бэлэн мөнгөөр санхүүжүүлж, үлдсэн 65%-ийг бартер /байр/-аар төлж барагдуулахаар тохиролцсон боловч хожим байрны өмчлөх эрхийг шилжүүлж авах талаар ярилцахад бүх байр нь Худалдаа хөгжлийн банк-ны барьцаанд байдаг тул шилжүүлж авах боломжгүй болох нь тодорхой болсон. Захиалагчаас манай компанид 19/107 тоот гэрээний дагуу 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 150 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 32 647 261 төгрөг, нийт 182 647 261.5 төгрөгийн урьдчилгаа төлбөр олгосон. Гэрээний 2.5-д Бараа нийлүүлэх хуваарь, хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 01-нд угсралт хийгдсэн байна гэж тохирсон боловч гэрээ байгуулагдсаны дараа захиалагч талаас хэв солиулах ажлыг нэмэлтээр захиалсантай холбоотойгоор 1 сарын хугацаа алдагдаж ажлын гүйцэтгэл хойшилсон. Захиалагчаас шалтгаалсан энэ нэг сарын хугацаанд алданги тооцохгүй гэдгийг захиалагч Н ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/402 тоот албан мэдэгдэлд дурдсан. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хамтарсан уулзалтаар 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 19/107 тоот Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-г хүчингүй болгож С1, В1 блокын барилгын ажил дээр шинээр гэрээ байгуулахаар болсон. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 19/163 тоот Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-г байгуулсан ба манай компани С1 блок барилгад шаардлагатай шилэн гадна фасад-125 м.кв. С1, В1 блок барилгуудад шаардлагатай шилэн тагтны хаалт-1691.28 м.кв, С1, В1 блок барилгуудад шаардлагатай хүйтний өрөөний хаалга 327.5 м.кв бэлтгэн нийлүүлж суурилуулах ажлыг өмнөх гэрээгээр авсан 182 647 261.5 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг оролцуулан нийт 551 158 100 төгрөгөөр хийж дуусгахаар харилцан тохиролцсон. 19/163 тоот шинэ гэрээ байгуулагдсаны дараа В1 блокын барилгад шаардлагатай эхлүүлэх гэхээр санхүүжилт орж ирэхгүй байсан учир С1 блокын барилгад шаардлагатай ажлуудыг манай компани хийж дуусгахаар Б.Батбаяр захиралтай тухайн үед нь ярилцаж тохиролцон С1 блок барилгад шаардлагатай шилэн фасад, шилэн тагтны хаалт, хүйтний өрөөний хаалганы ажлыг хийж гүйцэтгэх төсвийн тоо хэмжээ, үнийн тарифийг гаргаж өгсөн. Мөн анх гэрээ байгуулахаас 1 жил гаруй хугацааны өмнө манай компани үнийн саналаа тус компани руу илгээж байсан. Шинээр байгуулсан 19/163 тоот гэрээг цуцлах талаар манайд огт хэлээгүй байсан бөгөөд С1 блокын барилгад шаардлагатай ажлуудыг Б.Батбаяр захиралтай тохиролцсон манай компани хийж дуусгахаар ажиллаж байсан. Гэтэл 2020 он гараад удаагүй үед уулзалтад дуудсан. Яваад очтол манай ажлыг өөр компаниар хийлгэхээр болж, шинээр гэрээ байгуулах компанийн хүмүүс нь ч ирчихсэн бидний хийсэн ажлыг шүүмжлээд сууж байсан. Ингээд манай компани 2020 оны 1 дүгээр сард ажлаа хүлээлгэж өгөөд уг төслөөс гарсан. Манай компани нь Шинэ яармаг орон сууцны цогцолбор хороолол төслийн барилгын С1 блок дээр хийсэн ажлын тайлангаа 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар захиалагч талд гаргаж өгсөн. Үүнд шилэн фасадны ажил 35 850 800 төгрөг, хүйтний өрөөний хаалга ажил 25 442 240 төгрөг, шилэн тагтны хаалт ажил 270 550 900 төгрөг тагтны хаалтны ажил 331 843 940 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн захиалагчийн мэдэлд хүлээлгэж өгсөн. Тиймээс Н ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг 167 175 156 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиалагч талаас манай компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, манай компанийн оронд өөр компани оруулах болсонтой холбоотойгоор удаа дараа манай компанийн нэр дээр үл тохирлын тайлан гаргаж ирүүлсээр байсан тул манай компаниас төлөөлөгчтэй хамтран 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэхэд ашигласан дээж авч барилгын физикийн лабораторид хүргэж шинжлүүлэхэд уг материал стандартын шаардлага хангасан гэж дүгнэлт гарсан болно. Тухайн үед өвлийн улирал байсан тул захиалагч талаас барилгын дулаан халаалтаа яаралтай авах шаардлагатай байгаа тул цонхнуудыг дулаан алдахаас сэргийлэх үүднээс битүүлэх хэрэгтэй байсан. Урдаас захиалсан материал бүрэн ирээгүй байсан тул барилгын дулаан алдагдахаас хамгаалах зорилгоор манай компани ажлын төсөвт ороогүй илүү зардал гаргаж цонхны жийргэвч резин зэрэг материалыг түр зуур орлуулан суурилуулж өгсөн бөгөөд материал ирэхээр сольж өгнө гэдгийг ярьж тохирсон хэрнээ захиалагч тал уг түр зуурын орлуулах бүтээгдэхүүн дээр чанарын шаардлага хангаагүй ажил гүйцэтгэсэн гэж үл тохирлын тайлан гаргаж ирүүлдэг байсан. Манай компаниас нийт 70 535 880 төгрөгийн бараа материал хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэгч Н ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд 34 902 931.23 төгрөгийн бараа материал хүлээн авсан гэж бичсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал бараа материалын нэгж үнэлгээг Хятад дахь үйлдвэрийн нэгж үнэлгээ /үнийн санал/-ээр тооцсон байна. Гэтэл бараа материалыг Хятад улсаас Монгол улсад импортлон оруулж ирэхийн тулд гааль, нөат, хураамж, тээвэр гээд үйлдвэрийн үнэ дээр маш олон нэмэлт зардал шингэдэг. Эдгээр зардлыг тооцсоны үндсэн дээр тухайн бараа бүтээгдэхүүний Монголын зах зээл дээрх жишиг үнэ тогтдог. Манай компани уг бараа материалыг Монголын зах зээл дээрх ижил төстэй бараа бүтээгдэхүүний жишиг үнээр монгол улсын нутаг дэвсгэрт нийлүүлсэн тул Хятад улсын үйлдвэрийн нэгж үнэлгээгээр тооцох үндэслэлгүй юм. Түүнчлэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр барилгын талбай дээр очиход барилгын талбай дээр хураалттай байсан манай компанийн бараа материалаас 15 800 000 төгрөгийн бараа материал дутсан /алга болсон/ байдаг. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 19/163 тоот шинэ гэрээний 2.5-д Бараа нийлүүлэх хуваарь, хугацааг захиалагчаас дундын санхүүжилтээр хүссэн төлбөр болох 50 000 000 төгрөгийг нийлүүлэгчийн данс руу шилжүүлсний дараа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүх шаардлагатай материал талбайд ирж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгнө. Шилний төлбөр болох дундын 2 дахь санхүүжилтийн төлбөрийг шилжүүлснээс хойш бүх шиллэгээний ажил календарийн 15 хоногт хийгдэнэ гэж заасныг захиалагчаас дундын 2 дахь санхүүжилт болох 50 000 000 төгрөгийг нийлүүлэгчийн дансанд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн өдрөөс хойш календарийн 15 хоногийг тооцоход ажил гүйцэтгэх эцсийн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар байсан. Хэдийгээр гэрээт ажил хугацаандаа дуусаагүй боловч захиалагчаас манай талд гүйцэтгэх хугацаатай мэдэгдлүүдийг өгч ажил хүлээлгэж өгөх хугацааг сунгаж байсан. Тухайлбал, захиалагч Н ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/388 тоот мэдэгдэлд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд гэрээт ажлыг бүрэн дуусгах, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/402 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт 2019 оны 12 дугаар сарын 04-ний дотор С1-н 1-р давхрын фасадны бүх шил шилэн хаалтны бүх шилийг шиллэж өгөхөөр тохиролцох, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/08 тоот мэдэгдэлд гэрээт бүх 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дотор бүрэн дуусгаж, захиалагчид хүлээлгэж өгөх, С1 барилгын 1-р давхрын шилэн фасад угсралтын ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэхэд бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхийг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/025 тоот мэдэгдэлд С1 барилгын ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дотор бүрэн дуусгаж захиалагчид хүлээлгэж өгөхийг тус тус мэдэгдсэн. 19/107 тоот гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа 182 647 261 төгрөг, 19/163 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 155 605 548 төгрөг, нийт 338 252 809 төгрөгийг буцаан нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээр дурдсанчлан, манай компани нь захиалагчийн барьж буй Шинэ яармаг орон сууцны цогцолбор хороолол төслийн А зоны С1 блок барилгын гадна шилэн фасад, шилэн тагтны хаалт, хүйтний өрөөний хаалга зэргийг бэлтгэн нийлүүлж, угсарч суурилуулахад гарсан зардал болон нэхэмжлэгч талд биетээр нийлүүлсэн бараа материалын үнэ талбай дээрээс алга болсон /дутсан/ бараа материалын үнэ нийт 418 179 820 төгрөгийн зардал гаргасан тул гэрээний төлбөрийг буцааж төлөх боломжгүй. 19/107 тоот гэрээний 5.1-д заасны дагуу уг гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны нийт 32 хоногийн алданги 35 422 499.2 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь уг гэрээний дагуу ажил хүлээлцэх эцсийн хугацааг захиалагч Н ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/388 тоот мэдэгдэлдээ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байхаар сунгасан. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/402 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт 2019 оны 12 дугаар сарын 04-ний дотор С1-н 1-р давхрын фасадны бүх шил тагтны шилэн хаалтны бүх шилийг шиллэж өгөхөөр тохиролцсон. Түүнчлэн Захиалагчаас шалтгаалсан нэг сарын хугацаанд алданги тооцохгүй гэдгийг захиалагч талын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/402 тоот албан мэдэгдэлд дурдсан байдаг. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны хамтарсан уулзалтаар 19/107 тоот гэрээг хүчингүй болгож, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээг шинэчлэн байгуулснаар ажил гүйцэтгэх хугацаа 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгагдсан тул 19/107 тоот гэрээнд заасан ажил хүлээлцэх хугацаа зөрчигдөөгүй болно. 19/163 тоот гэрээний 5.1-т заасны дагуу уг гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны 27 хоногийн алданги 14 881 26.70 төгрөг нэхэмжилсэн нь мөн үндэслэлгүй байна. Ажил гүйцэтгэх хугацаа тодорхой шалтгаануудаар хойшилсон тул С1 барилгын бүх ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дотор бүрэн дуусгаж захиалагчид хүлээлгэж өгөхийг захиалагч тал 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/025 тоот мэдэгдэлдээ зааж өгсөн. Иймд 19/163 тоот гэрээний ажил хүлээлцэх хугацааг захиалагч тал хүлээн зөвшөөрч сунгаж байсан тул ажил хүлээлцэх хугацаа зөрчигдөөгүй болно. Улмаар захиалагч тал 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөр нийлүүлэгчтэй гэрээ байгуулах болсон тул манай компани ажлаа зогсоож, гүйцэтгэсэн ажлын тайлангаа гаргаж, хийсэн ажлаа бодитоор хүлээлгэн өгсөн. Захиалагч Н ХХК нь манай компанитай гэрээгээ цуцалсны дараагаар 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр У ХХК-тай 20/018 тоот Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Х ХХК-тай 19/179 тоот Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-г тус тус байгуулсан байна. Н ХХК нь манай компанитай байгуулсан гэрээгээ цуцалсны дараа эдгээр компаниудтай гэрээ байгуулсан байх тул тухайн компаниудад төлсөн гэрээний төлбөрийг захиалагч талд учирсан хохирол гэж үзэхгүй. Иймд У ХХК, Х ХХК-уудтай хийсэн хожим байгуулсан 20/018 тоот гэрээний ажлын хөлс 150 000 000 төгрөг, 19/179 тоот гэрээний ажлын хөлс 28 000 000 төгрөг, бараа материалын төлбөр 48 712 831 төгрөг, нийт 226 712 831 төгрөгийн хохирол нэхэмжилснийг манай компани төлөх үндэслэлгүй юм. Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 186 478 488 /нэг зуун наян зургаан сая дөрвөн зуун далан найман мянга дөрвөн зуун наян найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 225 940 820 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 220 046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 1 090 342 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч С.Бямбадорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх үнэлэх ёстой нотлох баримтыг үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн 10 дугаар нүүрний 3 дахь догол мөрөнд ... Б ХХК нь ... 30 хувийн гүйцэтгэлтэй хийж гүйцэтгэсэн болох нь 2020 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн 19/163, 19/107 тоот Гэрээ дүгнэсэн акт, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Материал хүлээлгэн өгсөн акт, мэдэгдэл хүлээлгэн өгсөн тухай албан бичгүүд, үл тохирлын тайлангууд, Н ХХК болон Б ХХК нарын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн барилгын зурагтай танилцаж ром суулгалт болон шилний зургийг гаргасан баримтууд, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б ХХК-ийн хурлын тэмдэглэл болон зохигчийн тайлбараар нотлогдож байна гэжээ. Гэвч гэрээ дүгнэсэн акт, материал хүлээлгэн өгсөн акт болон үл тохирлын тайлангуудад хариуцагчтай хүлээлцэж байгаагүй, зөвхөн нэхэмжлэгч талын гарын үсгээр баталгаажсан нэг талын баримтыг шүүх үнэлсэн. Шүүх нэхэмжлэгчийн гарын үсгээр баталгаажсан нотлох баримтуудыг үнэлсэн мөртлөө хариуцагчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ажлын тайланг нотлох баримтаар үнэлээгүй. Хоёр ижил баримтын нэгийг үнэлээд нэгийг нь үнэлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 34 902 931 төгрөгийн бараа материал нийлүүлсэн гэх боловч тус үнэ нь БНХАУ дахь үйлдвэрийн нэгж үнэлгээ юм. Бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад импортлон оруулж ирэхэд гааль, НӨАТ, хураамж, тээврийн үнэ зэрэг олон зардлууд шингэсний дараа тухайн бараа бүтээгдэхүүний Монгол улс дахь зах зээлийн үнэ тогтдог. Хариуцагчийн зүгээс Монгол улсын зах зээл дээрх ижил төстэй бараа бүтээгдэхүүний жишиг үнээр буюу 70 535 880 төгрөгийн бараа материалыг нэхэмжлэгчид нийлүүлсэн. Түүнчлэн хариуцагч нь шилэн фасадны ажил 35 850 800 төгрөг, хүйтний өрөөний ажил 25 442 240 төгрөг, шилэн тагтны хаалтын ажил 270 550 900 төгрөгийн буюу нийт 331 843 940 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Хариуцагчийн нийлүүлсэн бараа материал болон гүйцэтгэсэн ажлын хэмжээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид гаргаж өгсөн ажлын тайлангаар нотлогдож байна. Талуудын гаргаж өгсөн нотлох баримтууд нь зөвхөн нэг талын гарын үсгээр баталгаажсан баримтууд байхад шүүх нотлох баримтуудыг дэнсэлж үнэлэлгүйгээр, зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлын талбай дээр очиход барилгын талбай дээр хураалттай байсан манай компанийн бараа материалаас 15 800 000 төгрөгийн үнэ бүхий бараа материал дутсан байсан. Үүнд шилэн фасаднаас илүү гарсан 180-200 см хэмжээтэй 45 ширхэг, шилэн фасадны таг 10 ширхэг, холбогч 10 ширхэг байсан. Бараа материал алдагдсан талаар мэдсэн даруйдаа хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/19 албан тоотоор нэхэмжлэгчид мэдэгдэн арга хэмжээ авч өгөхийг шаардсан боловч нэхэмжлэгч ямар ч арга хэмжээ аваагүй. Талуудын хооронд байгуулсан 19/163 тоот Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний 4.5-д Нийлүүлэгч нь захиалагчийн өгсөн тоо хэмжээгээр барааг нийлүүлсэн боловч барилгын ажилд хэрэглэх тоо хэмжээнээс илүү гарсан тохиолдолд захиалагч нь нийлүүлэгчид мэдэгдсэний дагуу илүү нийлүүлэгдсэн барааг өөрийн зардлаар буцааж нийлүүлэгчид хүлээлгэн өгнө гэж заасан байдаг. Дээрх заалтаас харахад тухайн алдагдсан бараа материалыг нийлүүлэгчид буцаан хүлээлгэн өгөх хүртэлх эрсдэлийг нэхэмжлэгч хариуцах ёстой. Улмаар 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бараа материал дутсан 15 800 000 төгрөгийн үнийг тусган ажлын тайланг гаргасан. Шүүх нийлүүлсэн бараа материал болон хийсэн ажлыг үнэлэхдээ дээрх нөхцөл байдлыг хянан шалгаж шийдвэрээ гаргах ёстой байсан боловч зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлсэн нь нэг талыг барьсан шийдвэр болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн эрх зөрчигдсөн. Тус маргааны гол зүйл нь хариуцагч барааг дутуу нийлүүлсэн, ажлын гүйцэтгэл хангалтгүйн улмаас нэхэмжлэгч урьд олгосон санхүүжилтаар буцаахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс ажлын гүйцэтгэлийг 30%-тай байсан гэж үзэж байгаа боловч бидний зүгээс ажлыг 80 хувьтай гүйцэтгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг тогтоохын тулд хариуцагчаас нэхэмжлэгчид нийлүүлсэн бараа бодит байдал дээр хэр их байсан, ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байсан бэ гэдгийг тогтоох нь хамгийн чухал ач холбогдолтой. Хариуцагч 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр талууд гэрээг цуцлах үед хариуцагч хэдэн м.кв шилэн гадна фасад, шилэн тагтны хаалт, хүйтний өрөөний хаалга тус тус нийлүүлснийг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон. Гэвч тус компаниас 2021 оны 01 дүгээр сарын 06-07-ны өдөр ирүүлсэн албан тоотоор тухайн шинжилгээний ажил нь хөрөнгийн үнэлгээ хийх ажил биш, барилгын техникийн хяналтын чиглэлд хамаарах асуудал байна гэдэг хариу ирүүлсэн. Улмаар хариуцагч 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр барилгын техникийн хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг шинжээчээр томилуулах хүсэлт дахин гаргасан. Түүнчлэн хүсэлт гаргахдаа хариуцагч нь өөрсдийн нийлүүлсэн бараа материалыг орцоор нь ялгах боломжтой, хариуцагч түүхий эдийн орцод өөрчлөлт хийсэн учраас шууд ялгах боломжтой гэж удаа дараа тайлбарласан. Нэхэмжлэгч Барилгын ажил хийж дууссан, барилгын ажлаас хариуцагчийн хийсэн ажлыг ялгах боломжгүй... гэж тайлбарласныг баримтлан шинжээч томилох хүсэлтийг хангаагүй. Хамгийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхойлолгүйгээр шийдвэрээ гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан. Түүнчлэн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Яг ижил нөхцөл байдалд шүүх шинжээч томилно, шинжээч томилохгүй гэж хоёр эсрэг утгатай шийдвэр гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн. Хариуцагчаас алдангид 50 303 766 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Бараа материал бэлтгэн нийлүүлэх 19/107 гэрээ-ний ажил гүйцэтгэх хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болох байсан боловч захиалагч талаас хэв солиулах ажлыг нэмэлтээр захиалснаас үүдэн 1 сарын хугацааг тооцохгүй гэж тохиролцсон байдаг. Бараа материал бэлтгэн нийлүүлэх 19/107 гэрээний дагуу 32 хоногийн алдангид 35 422 499.2 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл захиалагч буюу Н ХХК-ны хүсэлтээс болж хугацаа хожимдох үр дагавар гарсан бөгөөд үүнийгээ ч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч алданги тооцохгүй гэж тохиролцсоор байтал шүүхээс алдангийг гаргуулж шийдсэн нь үндэслэлгүй болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр бараа материал бэлтгэн нийлүүлэх, ажлыг гүйцэтгэж дуусгах хугацааг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байхаар тохиролцсон. Гэвч бараа материал 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн үйлдвэр дээр буусан. Ажил 5 хоногийн хоцрогдолтой байсан тул дундын санхүүжилт 19,18%-ийг яаралтай шийдвэрлэн өгч ажлыг дуусгах талаар хүсэлтээ 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/19 албан тоотоор гарган өгч байсан. Гэвч тус дундын санхүүжилт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болон 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орж ирсэн. Дундын санхүүжилт хугацаандаа орж ирээгүйн улмаас ажил гүйцэтгэх хугацаа хойшилсон байхад шүүх хариуцагч гэрээний зэргээ зөрчин үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Б ХХК нь 70 сая төгрөгийн бараагаар, 331 сая төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн. Харин Н ХХК нь 34,9 сая төгрөгийн бараагаар, 167 сая төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн гэж шүүхэд маргадаг. Манай компани зүгээс нэхэмжлэгчид ажил үйлчилгээ хийж өгсний хариуд өглөгтэй биш харин 80 орчим сая төгрөгийн авлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх алдангийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/01607 дугаар шийдвэрийн

тогтоох хэгсгийн 1 дэх заалтын ...186 478 488 /нэг зуун наян зургаан сая дөрвөн зуун далан найман мянга дөрвөн зуун наян найман/... гэснийг 138 217 343 /нэг зуун гучин найман сая хоёр зуун арван долоон мянга гурван зуун дөчин гурав/... гэж, ...225 940 820... гэснийг ...274 201 965... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...1 090 342... гэснийг ...849 036... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 749 810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО