Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 550

 

Д.Б т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Э.Ганбат, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр магадлалтай, Д.Б т холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ч.Мөнхтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-н Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 6 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэсүгэй гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдлын “зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, “хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ц.Мөнхтуяа бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх ...Д.Б т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэхдээ дан ганц Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын ...1137 дугаартай дүгнэлт, ...шинжээч эмч Н.Ариунзулын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэлээ болгосон байх ба ...хэрэгт авагдсан бусад нотлох баримттай цогц байдлаар харьцуулан үнэлээгүй, яллах үндэслэл болж байсан нотлох баримтуудыг ямар учраас үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй. Мөн шинжээчийн дүгнэлтийн аль хэсгийг нь хүлээн зөвшөөрсөн, аль хэсгийг нь үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заалгүйгээр зөвхөн “....яаралтай ...мэс засал хийсэн бол амь нас аврагдах боломжтой байсан” гэх хэсгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Шинжээчдийн 1137 дугаартай дүгнэлт, ...гэрч Ж.Б, Б.Ц, Л.Б, Н.С нарын мэдүүлгийг ...хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Амь биед аюултай гэмтэлд гэмтэх үедээ амь насанд ноцтой байдалд хүргэсэн болон ердийн явцаараа үхэлд хүргэх гэсэн 2 төрлийн гэмтэл хамаардаг ба ердийн явцаараа үхэлд хүргэх гэмтэл нь өөрийн жам ёсны, шалтгаант холбоо бүхий шууд хүндрэлээр үхэлд хүргэдэг гэмтэл хамаардаг. ...Шүүх өөрийнх нь жам ёсны бус тохиолдлын чанартай буюу яаралтай мэс засал хийгдээгүйгээс амь нас нь хохирсон гэж хэт явцуу дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба хохирогч гэмтэл авсан даруй нас барсан, эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг нь хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж бөгөөд хохирогч хэзээ нас барсан нь зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй.

Хүнийг санаатай алах, хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийг ялган зүйлчилхэд гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгыг харгалзан үзэх ба шүүгдэгч Д.Б  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх бөгөөд түүний үйлдлийн үр дагавраас учирсан гэмтлийн улмаас хохирогч нас барсан болох нь гэрч Ж.Б, …гэрч Д.Б нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Мөн давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан зарчмыг удирдлага болгож шийдвэрлэсэн атлаа өөрийн эргэлзэх болсон үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй нь магадлал хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоож, прокуророос Д.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэн гэж тооцдог бол хохирогч гэмтэл авсан даруй нас барсан, эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Энэ хэрэгт дуудлагаар очсон цагдаа Ц гэрчээр асуугдсан. Хохирогчид учирсан гэмтэл нь тархинд цус харвалт өгснөөр тархи дарагдаж үүний улмаас шууд үхэлд хүрсэн байдаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Давж заалдах шатны шүүх Д.Б д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй гэж бичсэн эсэргүүцлийг дэмжиж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгч Д.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон. Шинжээчийн 1137 дугаартай эмнэлгийн яаралтай тусламж авсан, хагалгааг нэн даруй хийж цусан хурааг авсан бол амь насыг аврах боломжтой байсан гэх дүгнэлт, шинжээч эмч Ариунзулын мэдүүлэг зэргээс гэмтлийн хүндрэлийн улмаас нас барсан байдаг. Хохирогч 2 хоног эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь нотлогдож байгаа. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн үндэслэл нь улсын яллагч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн тайлбараар ойлгож болохгүй гэж үзэж байна. Шинэчилсэн Эрүүгийн хуулиар хүнийг санаатай алах, хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэргийн шалтгаант холбоонд үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийг хуульчилсан. Энэ гэмт хэргийн хувьд хохирогчид учирсан хүнд гэмтэл нотлогдсон. Харин хохирогч 2 хоног эмчилгээ хийлгэсэн байдаг. Хагалгаа хийгээгүй шалтгаан нь компьютер томографийн аппарат байхгүй байсан учраас биеийн байдлыг нь харсан байдаг. Энэ хугацаанд хохирогчийн тархинд үүссэн цусан хураа нэмэгдэж тархийг дарсан нөхцөл байдал байдаг. Үүнд үндэслэж шинжээчийн дүгнэлт гарсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн гол нөхцөл нь хохирогчид учруулсан гэмтэл нь үхэлд хүргэхдээ шүүгдэгчийн бус өөр нөхцөл байдлын улмаас уг гэмтэлд хүндрэл үүсч амь нас нь хохирсон тохиолдолд энэ зүйлчлэлийн ялгаа байгаа юм. Тэгэхээр Д.Б-ийн үйлдлээс гэмтэл учирсан нь тодорхой боловч амь нас хохирсон нь шүүгдэгчийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй. Давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг хангалттай шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал Эрүүгийн хуулийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэл тогтоогдсон гэж үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Иймд магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ч.Мөнхтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Б т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Б  нь 2018 оны 08 дугаар 05-наас 06-нд шилжих шөнө О аймгийн .... гэх газарт хувийн шинжтэй харилцаанаас үүссэн маргаанаар шалтаглаж Ж.Ч-ийн толгойн хэсэгт модоор цохиж, тархины зүүн тал бөмбөлөгийн дух, чамархай, зулайн суурь хэсгийг бүхэлд нь хамарсан хатуу хальсан доорхи их хэмжээний цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, уг гэмтлийнхээ улмаас хохирогч нас барсан нөхцөл байдлыг  хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон, энэхүү үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, дээрх байдлаар тогтоогдсон үйл баримтад Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэн, хуульд заасан төрөл, хэмжээний дотор Д.Б т хорих ял оногдуулж шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, ямар нэг алдаа гаргаагүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, Д.Б-ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримт, хэргийн зүйлчлэлийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх хохирогч З.Ч нь яаралтай эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээс Д.Б-ийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан “Хүнийг алах” гэмт хэргийн зүйлчлэлийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

“Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон үйл баримтаас дүгнэхэд, Д.Б  нь хохирогчийг зориуд өдөөн хоргоож, улмаар толгойн тус газарт нь мод буюу хатуу биетээр цохиход хохирогчийн бие махбодид үхэлд хүргэх гэмтэл учирна гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой юм.

Д.Б  нь ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа “модоор цохих” санаатай үйлдлээрээ шууд бий болгосон нь уг аюулыг хүсч үйлдсэн гэдгийг нотолж байна.

Мөн хохирогч З.Ч-ийн тархиндаа авсан гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан байх тул Д.Б-ийг үйлдэлдээ санаатай, хохирогчийн амь насанд болгоомжгүй хандсан гэж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, эрх зүйн болоод хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан тул уг шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.            

                                           ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН