Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 225/МА2021/00024

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 225/МА2021/00024

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 155/2021/00854 дугаар шийдвэртэй,

*******ын нэхэмжлэлтэй,*******д холбогдох хүүхдийн тэтгэлэг 11,065,681 /арван нэгэн сая жаран таван мянга зургаан зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ээж Б.Баясгалан нь Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 841 дугаартай шийдвэрээр эцэг болох*******аас гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулахад нь би эхийнхээ асрамжид үлдэж, эцэг*******аас Гэр бүлийн тухай хуульд зааснаар намайг 18 настай болтол хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, тус тусдаа амьдарснаас хойш эцэг болох******* нь Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлж, шүүхийн шийдвэрээр төлөх ёстой хүүхдийн тэтгэлэгээ төлж байгаагүй. 6-7 жилийн хугацаанд эцэг хүнийхээ тухайд надад тусалж байгаагүй тул ээж минь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаас хойш буюу 2014 оноос хойш 1,529,019 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт төлсөн. Би 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 18 насанд хүрсэн. Намайг 18 насанд хүрсэн гэх шалтгаанаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон юм.

... Иймд ******* надад эцэг болох*******аас шүүхийн шийдвэрээр төлөгдөх ёстой байсан хүүхдийн тэтгэлэг болох 11,065,681 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2014 онд гэр бүлээ цуцлуулсан. Нурууны хүнд хагалгаанд 2014 онд орсон. Одоо нуруундаа диск суулгасан, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалттай байдаг. Салснаасаа хойш 6 жил ганцаараа хүний түрээсийн байшинд амьдарч байна.

... Хүүдээ хааяа боломжоороо мөнгө өгдөг. Тэр баримт байхгүй, өөрт нь өгч байсан болохоор юу гэхийг би сайн мэдэхгүй байна. Би хөдөлмөр хийж чадахгүй. Хөдөлмөрлөх чадвар маань өдөр ирэх тусам багасна. Нуруу өвдөөд байнгын өвчин намдаах эм уудаг. 5 цаас олбол хүүдээ өгчих юмсан гэсэн бодолтой байдаг. Тиймдээ ч хүүгээ жолооны мөнгийг нь өгч төгсгөөд явуулсан. Хүүдээ өгье л гэж боддог. ... Бие маань ийм байгаа учраас хүүхдэдээ мөнгө өгөх гээд санаа байсан ч чадахгүй л байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 155/2021/00854 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч*******аас төлөгдөөгүй үлдсэн хүүхдийн тэтгэлэг 6,082,556 (зургаан сая наян хоёр мянга таван зуун тавин зургаа) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,539,125 (дөрвөн сая таван зуун гучин есөн мянга нэг зуун хорин тав) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,000 (нэг зуун мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамж 92,001 (ерэн хоёр мянга нэгтөгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамж 112,271 (нэг зуун арван хоёр мянга хоёр зуун далан нэг) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагад нийцэхгүй бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй.

Тухайлбал: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...шүүхийн шийдвэрийн дагуу******* нь 2014 оны 11 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хүүхдийн тэтгэлэгт 2,279,019 төгрөгийг төлсөн болох нь 106 дугаар тойрог, хувийн хэргийн дугаар 1530028, хүүхдийн тэтгэлгийн тооцоогоор тогтоогдож байна гэж дүгнээд төлбөр төлөгч ажил хөдөлмөр эрхэлсэн эсэхээс үл хамааран, тэтгэлэг төлөөгүй, төлөх талаар санаачилга гаргаагүй явдал нь Гэр бүлийн тухай хуулийн 49-р зүйлийн 49-1-д заасан тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэсэн ойлголтод хамаардаг. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр буюу хүүхдийн тэтгэлэг төлөх талаар санаачилга гаргаж байгаагүй үйлдэл нь түүнийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дахин өөрөөр дүгнэсэн нь хууль зүйн бодит үндэслэл болж чадсангүй.

Гэр бүлийн тухай хуулийн 49-р зүйлийн 49.1-д ...тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно... гэж заасан. Тодруулбал тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон тохиолдолд шүүх төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлэхээр хуульчилсан байна. Гэтэл хариуцагч******* нь тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн болохыг нотолж буюу Эрүүгийн хууль 21.7-р зүйл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зайлсхийх гэх Эрүүгийн хэрэгт шалгаж, үүнийг тогтоосон холбогдох нотлох баримт байхгүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой дээрх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, шүүх хууль буруу тайлбарлаж Хариуцагч шүүхийн шийдвэр биелүүлэхээр буюу хүүхдийн тэтгэлэг төлөх талаар санаачилга гаргаж байгаагүй үйлдэл нь түүнийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул гэж нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж санаатай зайлсхийсэн болохыг тогтоож дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч******* нь хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан ч гэсэн шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэгт 2,279,019 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нотлогдож байхад түүнийг тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэх боломжгүй, үүргээ чадах чинээгээрээ биелүүлсэн гэж үзэх ёстой.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

... Гэр бүлийн тухай хуулийн 49-р зүйлийн 49.3 дахь заалт нь тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бөгөөд төлбөр төлөгч нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд тухайн хугацааны тэтгэлгийн хэсгийг буюу бүхэлд нь нөхөн төлүүлэхээс чөлөөлөхөөр зохицуулсан зохицуулалт болно.

...Хэрэв төлбөр төлөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан гэж үзвэл шийдвэр гүйцэтгэгч болон эрх нь зөрчигдсөн этгээд холбогдох хуулийн байгууллагад хандаж шалгаж шийдвэрлүүлэх эрх нь бүрэн байсан. Гэвч энэ эрхээ төлбөр авагч тал хэрэгжүүлээгүй, хэрэгт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолсон бичгийн баримт байхгүй байхад анхан шатны шүүх тэтгэлэг төлөгч, тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон гэж үзэж тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэх Гэр бүлийн тухай хуулийн 49-р зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан заалтыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж, хэрэгт хууль зүйн бодит дүгнэлт өгч чадсангүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, шийдвэр гаргах байтал хэт нэг талыг барьсан, хууль буруу тайлбарлаж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь уншаад ойлгох боломжтой энгийн тодорхой хэлбэрээр бичээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож буй холбогдох хуулийн заалтыг бүрэн баримтлалгүй шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.Эрдэнбулганд холбогдуулан шүүхийн шийдвэрээр төлөгдөх ёстой байсан тэтгэлэг 11,065,681 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 10,621,681 төгрөг болгосон байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгчийн эцэг*******, эх Б.Баясгалан нар нь 2000 онд гэр бүл болж, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сум дундын 27 дугаар шүүхийн 155/ШШ2014/841 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байх ба шүүх 2002 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү *******ыг эх Б.Баясгалангийн асрамжид үлдээж, эцэг*******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 35, 38 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйн дээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь тэтгэлэг тогтоосон шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх ба хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхэд хүүхдийн тэтгэлэгт 2,279,019 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Мөн Хөвсгөл аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9/534 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 /гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон/, Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3 /...18 нас хүрсэн/-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ.

Хариуцагч******* нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь, бүрэн төлөөгүй байх тул нэхэмжлэгч ******* нь төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, ...нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болохоор заасан.

Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж шүүхийн шийдвэрээр үүрэг хүлээсэн этгээд түүнийг биелүүлэхээс татгалзах, тэтгэлэг төлөх талаар санаачлага гаргахгүй байх, шүүхийн шийдвэр биелүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй байх зэргийг, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан гэж цалин хөлс, бусад орлого олсноо огт мэдүүлээгүй, дутуу мэдүүлсэн, бодит байдлыг гуйвуулсан зэргийг тус тус ойлгоно.

Хариуцагч******* нь 2014 оны 11 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 11 удаагийн төлөлтөөр 2,279,019 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт төлсөн байх ба сар бүр тэтгэлэг төлөх үүргээ биелүүлээгүй, тэтгэлэг төлөх талаар санаачлага гаргаагүй байх тул түүнийг хүүхдээ тэжээн тэтгэхээс зайлсхийсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.

Хариуцагч*******, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

1.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зарчмын дагуу нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.Нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхээр иргэний хэргийн шүүхэд хандаж буй тохиолдолд*******ы эрх зүйн байдлыг дордуулан эрүүгийн эрх зүйн журмаар буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах боломжгүй.

Иргэний болон эрүүгийн эрх зүйн хамгаалалт, зарчим, хүлээлгэх хариуцлага ялгаатай учир иргэний журмаар буюу Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар тэтгэлэг нөхөн гаргуулах нэхэмжлэл, хүсэлт шийдвэрлэхэд Тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан эсэхийг эрүүгийн журмаар тогтоосон байхыг шаардах үндэслэлгүй.

3.Иргэний эрх зүйн маргаан үүсгэх эсэх нь нэхэмжлэгчийн эрх учир түүнийг болон тэтгэлэг авагчийг энэ эрхээ өмнө нь хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй.

4.Анхан шатны шүүх гэр бүлийн харилцаанаас үүссэн тэтгэлэг нөхөн гаргуулахтай холбоотой эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, нөхөн төлөх тэтгэлгийн хэмжээг багасган тогтоосон байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч*******, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2021/00854 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,271 /нэг зуун арван хоёр мянга хоёр зуун далан нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ