Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01428

 

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01428

 

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/01040 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.О-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Ц.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ц.О-тай гэр бүл болсон. Бид Глобал бридж ХХК-ийг 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан. 2007, 2009, 2012 онд жирэмсэн болж удаа дараа тээлт амжилтгүй болж сэтгэл санааны хямралд орж улмаар миний бие Солонгос улсыг зорьж эмчилгээ, шинжилгээ хийлгэн 2013 онд бид хүүтэй болсон. Хүү маань 2 нас хүртлээ хоцрогдолтой бойжиж байсан ч гэнэт таталт өгдөг болж эпилепси гэдэг оноштой байнга эмнэлэг, эм тариа гэх болсон. 2015 онд ахин төрж эрүүл саруул охинтой болсон. 2015 оноос хойш охин төрсний дараа хүү маань өдөрт 10-20 удаа таталт өгч байнгын 3 төрлийн хүнд хэлбэрийн антибиотик уух болсон. Охин 6 сар орчимтой байхад нөхөр маань бид гурвыг орхиж 6 сар орчим сар тусдаа амьдарсан. Энэ хугацаанд охин нярай, хүү маань байнга татдаг байсан тул эх, эцэг маань туслаж байсан. Нөхөр маань хүүхдүүдээ асардаггүй, халамж тавьдаггүй, ганц бие эх шиг сүүлийн 3 жилийн хугацаанд сэтгэл санааны дарамтад байсан. Хоорондын үл ойлголцол дуусдаггүй. Эдгээр шалтгааны улмаас гэрлэлтээ цуцлуулах шийдэлд хүрсэн. Нөхөр байнга салах өргөдлөө өг гэж удаа дараа мессеж болон амаар шахан шаардах болсон. Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч Ц.О- тус газраас дуудахад очоогүй. Иймд миний бие шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Хамт амьдрах хугацаандаа 8 компанийг байгуулсан болно. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүргийг харгалзан хүү О.Содбилгүүний эрхийг хамгаалж, түүний тусгай хэрэгцээ буюу насан туршийн асаргаа, тусгай сургалтын хэрэгцээг хангахуйц шаардлагатай хөрөнгө 3 000 000 000 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа гаргуулан авахаар нэхэмжилсэн боловч хариуцагчтай харилцан тохиролцоод сар бүр хоёр хүүхдүүддээ тус бүр 25 000 000 төгрөг буюу нийт 50 000 000 төгрөгийн тэтгэмж өгч байхаар болсон. Мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааныг эвлэрлийн гэрээ байгуулж шийдвэрлэсэн бөгөөд миний бие Глобал бридж ХХК, Глобал финанс ХХК, Од групп ХХК, Глобал бридж констракшн ХХК, Глобал моторс ХХК, МТИ ХХК, Глобал бридж групп ХХК, Глобал иннова сургуулиудын хувьцаанаас Н.Б-, хүү О.Содбилгүүн, охин О.Баясгалан нарт оногдох хэсгийн хувьцаа эзэмшихээр шаардсан нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч Ц.О- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун талд байрлалтай, Глобал резиденс барилгаас тус тус 120 м.кв талбай бүхий 2 орон сууцыг шилжүүлж өгөх, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Солонгосын элчин сайдын яамны баруун талд байрлалтай, Глобал таун хотхоны барилгаас 150 м.кв талбайтай үйлчилгээний талбай болон 23 давхрын 200 м.кв орон сууцыг шилжүүлэн өгөх, Глобал монтесори ХХК-тай холбоотой нэхэмжлэлээ тусад нь нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээр тохиролцсон болно гэжээ.

Хариуцагч Ц.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.Б-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 20 орчим жил хамт амьдарсан. 2013 онд хүү төрсөн. 2 жилийн өмнөөс таталт өгөх болсон одоо байнгын асаргаатай. 2015 онд охинтой болсон. Таарч тохирохгүй асуудал гарч гэр бүлийн маргаан үүссэн. Хамт амьдрахад таарахгүй байсан учир салсан нь дээр гэж хэлснээс салах өргөдлөө өг гэж шаардсан зүйл байхгүй. Намайг цагдаад өгч, шүүхээр шийтгүүлж байсан. Хоёр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээнэ. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэгт тус бүрт нь сард 25 000 000 төгрөгийн тэтгэлэг төлнө. Дундын эд хөрөнгийн маргааныг эвлэрлийн гэрээний дагуу шийдвэрлүүлнэ гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тугчин овогт Намсрайн Басан, Бөлдөө овогт Цагаачийн Отгонбаатар нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү О.Содбилгүүн, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин О.Баясгалан нарыг эх Н.Б-гийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар хүү О.Содбилгүүн, охин О.Баясгалан нарыг 18 нас хүртэл нь сард тус бүр 25 000 000 төгрөг буюу нийт 50 000 000 төгрөгөөр эцэг Ц.О- нь тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.О- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун талд байрлалтай, Глобал резиденс барилгаас тус тус 120 м.кв талбай бүхий 2 орон сууцыг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Солонгосын элчин сайдын яамны баруун талд байрлалтай, Глобал таун хотхоны барилгаас 150 м.кв талбайтай үйлчилгээний талбай болон 23 давхрын 200 м.кв орон сууцыг тус тус нэхэмжлэгч Н.Б-д шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч Н.Б- нь Глобал бридж ХХК, Глобал финанс ХХК, Од групп ХХК, Глобал бридж констракшн ХХК, Глобал моторс ХХК, МТИ ХХК, Глобал бридж групп ХХК, Глобал иннова сургуулиудын хувьцаанаас өөрт болон хүү О.Содбилгүүн, охин О.Баясгалан нарт оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлээс татгалзаж, Глобал монтесори ХХК-тай холбоотой нэхэмжлэлээ тусад нь нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр тус тус тохиролцсоныг баталж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ц.О-аас 457 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж,

Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Н.Б- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд Ц.О- нь эвлэрэх санал гаргасан бөгөөд шүүхээс эвлэрэх саналыг судлах хугацаа олгохгүйгээр 30 минутын хугацаа олгож шүүх хурлыг үргэлжлүүлэн эвлэрлийн гэрээг баталсан. Уг эвлэрлийн гэрээг хуурч мэхлэх замаар байгуулсан. Гэрээ огт биелэгдэх боломжгүй бөгөөд итгэл эвдэх замаар байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун талд байрлалтай Глобал Резиденс барилгаар тус бүр 150 м.кв 2 орон сууцыг, мөн хорооны Солонгосын элчин сайдын яамны баруун талд байрлалтай Глобал таун хотхоны үйлчилгээний зориулалттай хэсгээс 150 болон 200 м.кв талбай бүхий хэсгийг өмчлөлд шилжүүлэн авах хүсэлтээ миний бие шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан. Гэтэл миний өмчлөлд шилжүүлэхээр тохирсон дээрх хөрөнгүүд Глобал бридж констракшн ХХК-ийн өмчлөлд байгаа бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч Ц.О- нь компанийн хувьцааг өөр хүнд шилжүүлсэн учраас эвлэрлийн гэрээгээр шилжүүлэн авах боломжгүй, шүүхийн шийдвэр анхаасаа биелэгдэх үндэслэлгүй байсан. Ц.О- нь энэ талаар мэдэж байсан ба ийнхүү бусдын эд хөрөнгийг өөрийн мэтээр ойлгуулж хуурч мэхлэх замаар шүүхийн шийдвэр гаргуулсан нь тогтоогдсон. Ц.О- шүүх хуралдаанд Глобаль финанс ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг мэтээр хуурч, төөрөгдүүлж эвлэрлийн гэрээнд нэмж бичсэн нь анхан шатны шүүх эвлэрэх хугацаа өгөөгүй буруутай ажиллагаатай холбоотой гэж үзэж байна. Тодруулбал, асаргааны хүүхэдтэй учир өөрийн бизнесийг эрхэлж чадахгүй гэртээ байдаг. Ц.О- нь миний өмнөөс үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд шүүхээс эвлэрэх 30 минут өгч завсарласан үед хэрхэн хөрөнгөө хуваах талаар харилцан тохирч ярилцахдаа уг компанийг өөр этгээдийн компани болчихсон гэж тайлбарласан бөгөөд уг асуудлаар жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ гэж тохироогүй боловч шүүх хуралдааны үеэр төөрөгдүүлж гэрээнд нэрийг нэмж оруулсан байсан. Миний бие Глобал финанс ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг. Гэтэл Ц.О- нь өөр хүнийнх гэж төөрөгдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Ц.О-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүү О.Содбилгүүн, охин О.Баясгалан нарт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэгийн талаар эвлэрч хариуцагч Ц.О- нь хүү О.Содбилгүүн, охин О.Баясгалан нарт тэтгэмж болгон тэднийг 18 нас хүртэл тус бүр сар болгон 25 000 000 төгрөг буюу нийт 50 000 000 төгрөг төлөх, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун талд байрлалтай, Глобал резиденс барилгаас тус тус 120 м.кв талбай бүхий 2 орон сууцыг, мөн дүүргийн 15 дугаар хороо, Солонгосын элчин сайдын яамны баруун талд байрлалтай, Глобал таун хотхоны барилгаас 150 м.кв талбайтай үйлчилгээний талбай болон 23 давхрын 200 м.кв орон сууцыг тус тус нэхэмжлэгч Н.Б-д шилжүүлэн өгөх, Н.Б- нь гэр бүлийн дундын компани болох Глобал бридж ХХК, Глобал финанс ХХК, Од групп ХХК, Глобал бридж констракшн ХХК, Глобал моторс ХХК, МТИ ХХК, Глобал бридж групп ХХК, Глобал иннова сургуулиудын хувьцаанаас өөрт болон хүү О.Содбилгүүн, охин О.Баясгалан нарт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлээс татгалзаж, Глобал монтесори ХХК-тай холбоотой нэхэмжлэлээ тусад нь нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр тус тус тохиролцсоныг шүүх баталсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байхыг шаардана.

Талууд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун талд байрлалтай, Глобал резиденс барилгаас тус тус 120 м.кв талбай бүхий 2 орон сууцыг, мөн дүүргийн 15 дугаар хороо, Солонгосын элчин сайдын яамны баруун талд байрлалтай, Глобал таун хотхоны барилгаас 150 м.кв талбайтай үйлчилгээний талбай болон 23 давхрын 200 м.кв орон сууцыг шилжүүлэх талаар эвлэрсэн байна. Гэвч дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч шүүх тодорхой бус үйл баримтын талаар талуудаас тодруулан, мэтгэлцүүлэх замаар хэргийн үйл баримтыг тогтоох учиртай. Иймд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөтэй холбоотой баримтыг тодруулах ажиллагааг гүйцэтгэх нь талуудын хооронд үүссэн маргаантай харилцааны талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Түүнчлэн, нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Ц.О-аас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун талд байрлалтай Глобал резиденс барилга, мөн дүүргийн 11 дүгээр хороо, Солонгосын элчин сайдын яамны баруун талд байрлалтай Глобал таун хотхоны барилгатай холбогдох улсын бүртгэл, бүртгэлгүй бол барилгын гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын гэрээ, улсын бүртгэлийн лавлагааг, Глобал бридж ХХК, Од групп ХХК, Глобал бридж констракшн ХХК, МТИ ХХК, Глобал моторс ХХК, Глобал Иннова сургууль, Глобал монтессори цэцэрлэг, Глобал бридж группын хуулийн этгээдийн лавлагааг, мөн нэр бүхий банкнаас дээрх компаниудын харилцах болон хадгаламжийн дансны хуулгыг гаргуулах тухай хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ гэж заасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/01040 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БАЙГАЛМАА