Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 201/МА2021/00026

 

Н.Тэгшжаргалын нэхэмжлэлтэй, Бичил глобус ББСБ ХХК, Р.Батзаяа нарт холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Долгормаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 138/ШШ2021/00349 дугаар шийдвэртэй, Н.Тэгшжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХК, Р.Батзаяа нарт холбогдох 9 717 980 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Б.Нямбаярын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 07 сарын 01ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Тэгшжаргал, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Б.Нямбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Тэгшжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнодын ээжүүд группээс Р.Батзаяагийн тавьсан машин зарна гэсэн зарын дагуу түүнтэй ярьж Приус-30 маркийн 84-56 ДОА дугаартай машиныг үзэж авахаар болсон. Батзаяа нь Бичил глобус-д зээлтэй, зээлээ төлж чадахгүй байна, урьдчилгаа 2 сая төгрөг өгөөд авахад болно гэсэн. Би 2019 оны 9 сарын 18-нд ярилцаад түүнд урьдчилгаа 2 сая төгрөгийг гурав хувааж өгөөд машиныг авсан. Анх бид хоёр Батзаяагийн зээлийг би өөрийнхөө нэр дээр шилжүүлэх авах гэсэн боловч болоогүй. Ингээд тохиролцсоны дагуу би Батзаяагийн дансанд сар бүр 609 291 төгрөг 65 мөнгийг төлөх, уг төлбөрөө өдөр бүр 30 000 төгрөгийг түүний дансанд нь хийж Батзаяа цааш нь зээлээ төлөхөөр амаар тохиролцсон. Би 2019 оны 9 сарын 18-наас эхэлж 2020 оны 12 сар хүртэл хугацаанд Батзаяагийн дансанд зээлийн төлөлтийг хийж ирсэн. Гэтэл 2020 оны 12 сарын 02-ны өдөр Бичил глобус-ын эдийн засагч Дөлгөөн гэдэг залуу ирж Батзаяа гэдэг хүнээс машин авсан уу, энэ хүн зээлээ төлөхгүй, таниас мөнгө авч төлнө гээд байна гэсэн. Тэгээд би Батзаяагийн хамт ажил дээр нь дагаж очоод машиныг нь авсан төлбөр тооцоо яаж хийхээр тохирсон болон хэдий хэмжээний мөнгө төлснөө хэлсэн. Гэтэл Батзаяа нь надаас авсан мөнгөний зарим хэсгийг хийгээгүй, хугацааны зөрчилтэй байсан. Би ББСБ-ын шаардсаны дагуу энэ өдрөөс хойш зээлийг графикийн дагуу төлөхөө баталсан өргөдөл өгч Батзаяа энэ хүн төлнө гэсэн бичиг хийж өгч би 2019 оны 12 сарын 15-наас 2020 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл ББСБ-д дансанд зээлээ төлж ирсэн. 2020 оны 6,7 сард эдийн засгийн боломжоос болж 7 сарын төлөлтийн 209 000 төгрөгийг төлөөгүй байтал эдийн засагч нь байнга мэдэгдэж хугацаа хэтэрсний хүүг төлүүлж явсан. Гэтэл 2020 оны 08 сарын 09-ний орой машиныг хураан аваад зээлээ 3 хоногийн дотор хаа гэсэн шаардлага тавьсан. Яагаад гэнэт ийм асуудал тавьсан бэ, би хүүгээ төлдөг, цаашид ч төлнө, хугацаа дуусаагүй байхад, ингэж болох уу гэхэд зээлдэгч Батзаяа зээлээ хаах шаардлага тавьсан, машинаа ав гэсэн гэдэг. Батзаяа нь энэ талаар бидэнд урьдчилан мэдэгдээгүй, яриагүй. Ингээд машинаа хурааж аваад цааш нь зарсан. Батзаяад эхлээд 2 сая төгрөг, дараа нь 1 800 000 төгрөгийг түүний данс руу хийсэн учир 3 800 000 төгрөгийг буцааж авах хүсэлтэй байна. Мөн Бичил глобус ББСБ-ынхан намайг машин авсныг мэдснээс хойш тэдний данс руу зээлээ хийж байсан. Би эхлээд өөрийн ХААН банкны данснаас хийж байгаад дараа нь ээжийнхээ данс, нөхөртэйгээ хамт ажиллаж байсан Гантулгын данснаас 1 удаа, охин Хэрлэнгийн данснаас хэдэн удаа, мөн Халиунаагийн данснаас 2 удаа тус тус зээл төлж байсан. Батзаяагийн зээлийг Тэгшжаргал миний бие үргэлжлүүлж төлнө гэж л гэрээ байгуулсан. Миний хувьд хэд хэдэн удаа хугацаанаас нь хоцроож уг зээлийг төлсөн. Хамгийн сүүлд корона вирусээс шалтгаалж ажил зогссон учраас 07 сарын зээлийн төлөлтөөс 216 000 төгрөгийг дутуу төлсөн байсан. Гэтэл уг мөнгийг төлөөгүйн улмаас 08 дугаар сарын 09-ний өдөр Батзаяа, банк бус санхүүгийн байгууллагын ажилтан нар ирээд Батзаяагийн хүсэлтээр уг машиныг хурааж байна гэж хэлээд хураасан байсан. Тухайн үед би цалин, орлогогүй байсан учраас Мөнхтуяа гэдэг хүнд учир явдлаа тайлбарлаж харилцан тохиролцож, гэрээ байгуулаад машиныг зарсан байсан. Мөнхтуяа машинаа унаад явтал хурааж авсан. Үүнийг мэдээд очиж уулзахад бидний дунд үл ойлголцол үүсч, банк бус санхүүгийн байгууллагаас 3 хоногийн дотор тус зээлийг төлж барагдуулахыг шаардсан бичиг өгсөн. Миний хувьд 3 хоногийн дотор төлөх боломжгүй байсан учраас төлж чадаагүй. Тэгээд энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хандаад удаагүй байхад Мөнхтуяа эгч над руу холбогдож банк бус санхүүгийн байгууллагаас гуйж байгаад машинаа авсан тухайгаа хэлсэн. Дараа нь мөн адил зээл төлөгдөөгүй гэдэг үндэслэлээр 09 дүгээр сарын 18-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагын ажилтан ирээд буцаагаад хурааж авсан байсан. Удалгүй Батзаяа хот руу машинтайгаа яваад 10 сарын 04-ний өдөр өөр хүнд машинаа зарж, зээлээ хаасан Батзаяагийн данс руу шилжүүлсэн 3 800 000 төгрөг, Бичил глобус финанс ББСБ ХХК-ийн данс руу шилжүүлсэн 5 917 800 төгрөгийг шилжүүлсэн. Би тус байгууллагын данс руу мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь машины дугаар болох 8456-ДОА, мөн Батзаяагийн регистрийн дугаарыг бичиж шилжүүлдэг байсан. Иймд миний бие өөрийн төлсөн мөнгө болох 9 717 980 төгрөгийг Р.Батзаяа болон Бичил глобус финанс ББСБ ХХК-аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Р.Батзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Тэгшжаргал надтай холбогдож миний машиныг 14 800 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед энэ машин банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байгаа талаар хэлсэн. Тэгшжаргалд худалдах боломжтой эсэхийг банк бус санхүүгийн байгууллагаар судлуулах гэсэн боловч банк бус санхүүгийн байгууллагад дээр эрх нь үүсээгүй гэдэг үндэслэлээр шалгуулж чадаагүй. Тэр үед надад мөнгөний шаардлага гарсан байсан учраас урьдчилгаа 2 000 000 төгрөгийг авч, 2 сая төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад төлсөн мөнгөө тооцож авч ашигласан. Анх тохиролцохдоо зээлийн төлөлтөд өдөр бүр 30 000 төгрөг төлж, энэ ондоо багтааж уг зээлийг хаана гэж тохиролцон 12 сар хүртэл 30 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Ингээд 2019 ондоо багтааж төлж дуусгах ёстой байсан боловч 2020 он хүртэл үргэлжилж явсаар 2020 оны 08 сард Мөнхтуяа гэдэг хүнд зарсан талаар нь мэдсэн. Үнэхээр Мөнхтуяад зарсан бол худалдсан мөнгөөр зээлийн үлдэгдлийг төлөх боломж Тэгшжаргалд байсан боловч зээлийн үлдэгдлээ төлөөгүй. Тэгшжаргал нь хэлж тохирсноороо зээл төлөөгүй бүтэн жил гаран өнгөрсөн. Иймд надаас нэхэмжилж байгаа 3 800 000 төгрөгийг би төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Нямбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэгшжаргал, Батзаяа нар манай байгууллагын ажилтан Дөлгөөн гэдэг хүнтэй 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирж уулзсан байдаг. Ингэхдээ энэ зээлийг Тэгшжаргалын нэр дээр шилжүүлэх боломжтой эсэхийг асууж, хариуд нь манай байгууллагын зүгээс үндсэн зээлдэгчийг өөрчлөх боломжгүй талаар хариу өгсөн. Энэ хугацаанд Батзаяагийн зээл хугацаандаа төлөгдөхгүй, удаа дараа зээлийн төлөлт тасалдсан манай байгууллагын зүгээс анхааруулж гар утсаар нь холбогдож, мэдэгдэл өгч байсан. Ингээд 2019 оны 12 сарын 12-ны өдөр Батзаяа өөрийн хүсэлтээр өргөдөл бичиж энэ зээлийг Тэгшжаргал төлнө, харин гэрээнд заасан бүх хариуцлагыг би өөрөө хүлээнэ гэсэн агуулга бүхий өргөдөл бичиж талууд гарын үсэг зурж байсан бөгөөд миний хувьд өргөдөлтэй танилцаж, түдгэлзүүлэв гэж цохолт хийсэн. Миний хувьд эд нар машиныг эгч, дүү хоёрын дундын машин гэж ойлгож байтал шүүхэд ирсэний дараа эгч, дүү биш, зарын дагуу танилцсан, зүс мэдэх хүмүүс гэдгийг ойлгосон. 2020 оны 08 сард Батзаяагийн хүсэлтээр уг машиныг хурааж авсан. Тухайн үед Тэгшжаргал, түүний нөхөр Энхжаргал нартай уулзахад бид хоёр 2 хоногийн дараа мөнгө орж ирэхээр зээлээ хаана, тэр болтол машин хэрэгтэй байна гэж гуйсан болохоор итгээд машиныг нь өгсөн. Гэтэл хугацаандаа зээлээ хаагаагүй. Дараа нь Мөнхтуяа гэдэг хүн машиныг нь унаад явж байх үед нь хурааж авах гэсэн боловч өдөөс амьдралаа ярьж машин үнэхээр хэрэгтэй байна гэсэн учраас хүн чанарын үүднээс нөхцөл байдлын харгалзан үзээд зээл хаахыг анхааруулаад машиныг өгсөн. Ингээд хугацаандаа зээлээ төлөөгүй учраас бид машинаа буцаж авсан. Зээл төлөлтийн хувьд гүйлгээний утга дээр нь машины дугаар, Батзаяагийн регистр хоёр бичигдсэн байдаг учраас яг хэн нь төлөөд байгааг мэддэггүй байсан. Манай байгууллагын хувьд банк биш банк бус санхүүгийн байгууллага учраас тухай бүр нь хэн нэгний дансыг шүүх боломжгүй, зөвхөн гүйлгээний утгыг л харж энэ хүний төлөлт мөн эсэхийг мэддэг. Үүний дагуу шалгахад Батзаяа уг мөнгийг шилжүүлж байгаа нь тогтоогддог. Харин Тэгшжаргал өөрийн ХААН банкны данснаасаа 2019 оны 12 дугаар сарын 04, 2019 оны 12 дугаар сарын 15, 2020 оны 06 дугаар сарын 02, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус бүр нийт 4 удаагийн гүйлгээгээр манай байгууллагын дансанд нийт 955 000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд манай байгууллагаас 5 717 980 төгрөгийг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Тэгшжаргалын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Батзаяа нь Бичил глобус финанс ББСБ ХХК-с автомашин зээлээр худалдан авах хүсэлтээ илэрхийлж урьдчилгаа 30 хувийн төлбөрийг уг автомашиныг худалдан борлуулсан хувь хүн, хуулийн этгээдэд төлж, үлдэгдэл мөнгө нь энэ хүнд байхгүй байсан учраас манай байгууллагад хандаж 12 250 000 төгрөгийг шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 282, 451, 452, 453 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээлийн харилцаа үүссэн буюу зээлийн гэрээ байгуулсанд тооцсон. Батзаяа нь хөдлөх хөрөнгө болох автомашиныг Иргэний хуульд заасан Фидуцийн гэрээнд заасны дагуу байгуулсан өөрөө хэлбэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг гэрээ хийгдсэн. Энэ гэрээгээр Батзаяа нь барьцаа хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад авч харин өмчлөл нь түр хугацаанд буюу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу биш зээлдүүлэгч байгууллагын нэр дээр шилжсэн. Мөн барьцааны гэрээний 1.4-т барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр зээл хаагдаагүй байхад барьцаалуулагч нь барьцаа хөрөнгө болох автомашиныг бусдад худалдахгүй, гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй, дамжуулан барьцаалахгүй үндэслэж Батзаяад үүрэг болгоод автомашиныг Батзаяагийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн. Гэтэл Батзаяа нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргээ зөрчиж гуравдагч этгээд буюу Тэгшжаргалд автомашиныг худалдсан.... Энэ гэрээний дагуу Батзаяа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй байсан учраас үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч байгууллагаас гэрээний заалтын дагуу түр хугацаанд автомашиныг хурааж аваад үүрэг гүйцэтгэгч Батзаяад гэрээний дагуу төлбөр төлөхийг шаардсан. Үүний дагуу Батзаяа нь зээлийн үлдэгдэл өр төлбөрийг барагдуулсан. Иргэний хуулийн 210.1-т зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан. 210.2, 210.3-д гуравдагч этгээдээр зээлийг төлүүлэхээр заасан байгаа. Батзаяа биечлэн гүйцэтгэнэ гэсэн заалт байхгүй... зээлийн эргэн төлөлтийн гүйлгээ нь барьцаа хөрөнгө болох 84-56 ДОА гэх улсын дугаар бичигдэж зээлдэгч Батзаяа гэсэн гүйлгээний утгаар шилжиж орж ирсэн байдаг. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгч Батзаяа нь зээлдүүлэгч Бичил глобус финанс ББСБ ХХК-д өргөдөл гаргасан. Уг өргөдөлдөө: ...цаашид зээлийн төлөлтийг Тэгшжаргал гэдэг хүн төлөхөөр тохирлоо, сар бүр зээлийн төлөлтийг хугацаанд нь төлж дуусгана. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлыг Батзаяа би бүрэн хариуцна... гэж бичээд Батзаяа, Тэгшжаргал хоёр гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Үүнийг нь манай байгууллагын менежер хүлээж аваад салбарын эрхлэгч Нямбаярт танилцуулсан. Хариуд нь манай байгууллагын зүгээс тус зээлийг бүхэлд нь Тэгшжаргалын нэр дээр шилжүүлэх боломжгүй гэж үзээд уг өргөдөл дээр өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй тул түдгэлзэв гэж цохолт хийгээд Нямбаяр гарын үсэг зурсан. .. үүрэг гүйцэтгүүлэгч нь гуравдагч этгээдээр уг зээлийг төлүүлж болохыг зөвшөөрсөн учраас Тэгшжаргалын гар утас руу зээлээ төлөхийг шаардаж мессеж илгээдэг байсан. Мөн түүнчлэн Батзаяа болон Тэгшжаргал нарын гарын үсэгтэй өргөдөл дээр барьцаа хөрөнгийг яаж худалдсан, урьдчилгаанд хэдэн төгрөг төлсөн талаар дурдагдаагүй. Мөн Тэгшжаргал, Батзаяа нарын хооронд үүссэн асуудлаас болж Мөнхтуяа гэдэг хүн хохирсон. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, шалгуулах хүсэлт өгсний дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд эхэлчихсэн гэж ойлгосон. Гэтэл энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Тэгшжаргалын нэхэмжлэлтэй энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх нь боломжгүй гэж манай байгууллагын зүгээс үзэж байна. Мөн Бичил глобус финанс ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх хаяг нь Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 29-р хороолол Москва бизнес төв 502 тоот гэж бичигдсэн. Гэтэл нэхэмжлэгч Тэгшжаргал нь нэхэмжлэлийг Дорнод аймаг Хэрлэн сум 9 дүгээр баг Сити центрийн 2 давхар гэх хаягийн дагуу уг нэхэмжлэлийг гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1, 14.2 дахь хэсэгт заасны дагуу уг нэхэмжлэлийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргах ёстой байтал Дорнод аймгийн шүүхэд гаргаад үүнийг нь тус шүүх хүлээж аваад хариуцагч талд гардуулж өгч байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хариуцагч нь хуулийн этгээд байх юм бол нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг газрын шүүхэд, хуулийн этгээд байх юм бол удирдах байгууллага нь байрлаж байгаа газрын шүүхэд гаргана гэсэн хуулийн зохицуулалт байсаар байтал бие даан шийдвэр гаргах эрхгүй, бие даасан эрх эдэлж, үүрэг хүлээхгүй салбар нэгжийн хаягаар нэхэмжлэл гаргасан үйлдэл нь өөрөө хууль зөрчиж байгаагаас гадна шүүх уг нэхэмжлэлийг хүлээж аваад хянан шийдвэрлэх гэж байгааг мөн адил хууль зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч байгууллагын нэрийг Бичил глобус банк бус санхүүгийн байгууллага гэж алдаатай бичсэн. Харин Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэнээр Бичил глобус финанс ББСБ ХХК-д гэж нэхэмжлэл гаргах ёстой байсан. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 62.1.3-т заасны дагуу хариуцагчийн овог нэр, эцгийн нэр, хаяг, хуулийн этгээд байвал оноосон нэрийг зөв бичнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн учраас нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй нэхэмжлэл хүлээн авсан гэж үзэж байна. Эцэст нь нэхэмжлэгч тал манай байгууллагаас ямар үндэслэлээр 5 917 800 төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Мөн Тэгшжаргал өөр бусад хүмүүсийн данснаас зээл төлөлтөд шилжүүлсэн гэх мөнгийг Тэгшжаргал өөрөө төлсөн гэдгээ нотолж чадаагүй учраас бусдын мөнгийг нэхэмжлэх эрх Тэгшжаргалд байхгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Тэгшжаргалын нэхэмжлэлд холбогдох шаардлагаас Бичил глобус финанс ББСБ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 138/ШШ2021/00349 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 тус тус зааснаар хариуцагч Ренчиндоржийн Батзаяагаас 3 800 000 төгрөг, Бичил глобус финанс ББСБ ХХКомпаниас 1 964 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нарангэрэлийн Тэгшжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 953 980 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урдчилан төлсөн 170 438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Р.Батзаяагаас /3 800 000 төгрөгт ногдох/ 75 750 төгрөгийг, Бичил глобус финанс ББСБ ХХК-иас /1 964 000 төгрөгт ногдох/ 46 374 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Тэгшжаргалд олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Нямбаяр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Бичил глобус финанс ББСБ ХХК-иас 1.964.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Тэгшжаргалд олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй үндэслэлүүд нь:

1. Шүүхийн шийдвэрт ... Н.Тэгшжаргал нь тус компанийн данс руу зээлийн төлөлт хийхдээ өөр өөр хүний данснаас шилжүүлсэн гэх бөгөөд компанид шилжүүлсэн гэх 5 917 680 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Гантулга, Халиунаа, Хэрлэн нарын өмнөөс төлөөлөх эрх байхгүй, иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 1 964 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй 3 953 980 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. ... Н.Тэгшжаргалыг 2019.04.12-нд 250.000 төгрөг, 2019.12.15-ны өдөр 640.000 төгрөг, 2020.02.06-нд 30.000 төгрөг, 2020.06.08-нд 35.000 төгрөг, мөн ээж Чулуунцэцэгийн данснаас 363.000 төгрөг, 126.000 төгрөгийг өөрийн нэрээр шилжүүлсэн, 2020.06.30-нд 120.000 төгрөг, 2020.06.08-нд 400.000 нийт 1.964.000 төгрөгийг зээлийг төлөлтийг хийсэн гэж үзлээ гэжээ. Гэтэл Бичил глобус финанс ББСБ ХХК-ны дансруу зээлийн төлөлтөд Н.Тэгшжаргал дээрх төлөлтүүдийн тухайд эхний 4 удаагийн төлөлтөөр ердөө 955.000 төгрөг л төлсөн байдаг. Чулуунцэцэг гэх нэрийн дансаас зөвхөн 363.000 төгрөг, 126.000 төгрөг нийт 489.000 төгрөг орж ирсэн байдаг. Сүүлийн 120.000 төгрөг, 400.000 төгрөгийг хэн хаанаас гүйлгээ хийсэн нь тодорхойгүй төлөлт байдаг. Гэтэл шүүх Н.Тэгшжаргалын зээл гэж төлсөн төлөлтөөс гадна ээж Чулуунцэцэгийн данснаас орсон төлөлтийг данс тодорхойгүй төлөлт зэргийг оруулан тооцсон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Чулуунцэцэг нь Тэгшжаргалын ээж гэдгийг батлах нотлох баримт хэрэгт байхгүй мөн Чулуунцэцэгээс Тэгшжаргалд олгосон төлөөлөх бүрэн эрх байхгүй байхад оруулан тооцсон нь буруу байна. Мөн Бичил глобус финанс ББСБ ХХК-ны данс руу 2020.06.08-ны өдөр 400.000 төгрөг огт ороогүй болно .

2. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. 210.2-т Үүрэг гүйцэтгэгч нь гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлээс татгалзвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээж авахгүй байх эрхтэй. 210.3-т Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна. гэсэн заалттай талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийн гэрээний үүргийг зөвхөн Батзаяа өөрөө биечлэн гүйцэтгэх заалтгүй, Батзаяа зээлийн үүргээ өөрөө эсвэл хэн нэгнээр төлүүлэх эсэх нь чухал бус харин зээлийн эргэн төлөлт зээлийн тусгайлсан дансанд зээлийн барьцаа болох машины 84-56 ДОА дугаар, зээлдэгч Батзаяа гэсэн гүйлгээний утсаар шилжин орж ирэх ёстой бөгөөд төлөлтүүд бүгд дээрх утгатайгаар орж ирж байсан байна. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр 2019.12.12-ны өдөр зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч Батзаяа нь зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч Бичил глобус финанс ББСБ ХХК-д өргөдөл гаргасан байдаг. Түүндээ ... би зээл авсан цаашид зээлийн төлөлтийг Тэгшжаргал гэдэг хүн төлөхөөр тохирлоо, сар бүр хугацаанд нь төлж дуусгана, хэрвээ төлөх хугацаан хэтрүүлбэл барьцааг зээлдүүлэгчийн өмчлөлийн зогсоолд тавьна. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлыг Батзаяа би бүрэн хариуцна гэж бичээд өөрөө болон Тэгшжаргал нар гарын үсэг зурсан байдаг. Үүнийг тухайн салбарын зээл хариуцсан ажилтан Дөлгөөн хүлээн аваад салбарын эрхлэгч Нямбаярт танилцуулахдаа зээлдэгч Батзаяа нь зээлээ Тэгшжаргал гэдэг хүн рүү тэр чигээр нь шилжүүлэхээ илэрхийлсэн байна, түүний зээлийг бусад руу шилжүүлж шинээр зээлийн гэрээ байгуулах талаар танилцуулахад эрхлэгчийн зүгээс тийм хэлцэл хийх боломжгүй гэж шийдвэрлэн өргөдөл дээр хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тул түдгэлзэв гэж цохолт хийгээд гарын үсгээ зураад тэмдэг дарсан байна. Энэ бол зээлийг өөр хүн рүү шилжүүлэх боломжгүй, зээлийн гэрээг шинээр байгуулж, зээлийн үүргийг бүхэлд нь Тэгшжаргал руу шилжүүлж болохгүй гэдгийг илэрхийлж байгаа болохоос зээлийн үүргийг гуравдагч этгээд буюу Тэгшжаргалаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрөөгүй гэсэн санаа огт биш учир нь гэрээ болон хууль үүргийн шинж чанарт нөлөөлөхгүй тул. Тийм ч учраас үүрэг гүйцэтгүүлэгч үүнийг зөвшөөрсөн учраас гуравдагч этгээд рүү зээлийг төлөхийг шаардсан агуулга бүхий мэссежийг илгээж байсан байдаг. Ингэж шаардаж байгаа нь өөрөө үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна. Тйимээс Тэгшжаргал зээлийг шилжүүлэхдээ гүйлгээний утга бүр дээр БАТЗАЯА 84-56 ДОР гэсэн утгатай шилжүүлж байсан байна.

3. Мөн түүнчлэн дээрх Батзаяа, Тэгшжаргал гэсэн гарын үсэгтэй өргөдөл дээр барьцаа хөрөнгийг хэрхэн яаж худалдсан, хэн хэдэн төгрөгийг хэнд өгсөн авсан, барьцааг шилжүүлэх эсэх, энэ хоёр хүний хооронд ямар харилцаа үүссэн зэрэг асуудлууд огт дурдагдаагүй байдаг ба гагцхүү Батзаяа зээл авсан гэдгээ бичээд одоо энэ зээлийг ийм хүн төлнө л гэж бичсэнээр харахад угтаа дээрх 2 хүн нь уг зээлийг төлөх асуудал дээр нийлж нэгдсэн нэг ашиг сонирхол бүхий нэг л этгээдүүд учраас зээлдүүлэгч байгууллагын ажилчид хэдийгээр 2 өөр хүн хэдий ч нэг зээлдэгчээс л зээлийг шаардаж байна гэж ойлгож шаардаж байсан байна. Нэмж хэлэхэд зээлийн үүргийг өөр хүн төлөх тухай өргөдөл дээр эрхлэгч шууд зөвшөөрөхгүй гэж бичээгүй түдгэлзэв гэсэн байгааг анхаарах хэрэгтэй. Тухайн үед гуравдагч этгээдээр үүргийг гүйцэтгүүлэхийг зөвшөөрөх үгүйг эцэслэн шийдвэрлээгүй, түдгэлзэж байгаад Тэгшжаргал үүргийг гүйцэтгээд эхэлсэн байдаг. Зээлүүлэгч үүргийг буцаалгүй хүлээн авч байснаас харахад үүргийг гуравдагч этгээдээр төлүүлэхийг үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс зөвшөөрсөн хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр байгаа учраас Тэгшжаргал гүйцэтгэх ёстой үүргээ л гүйцэтгэсэн учраас манайхаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

4. Бичил глобус финанс ББСБ ХХК-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хаяг дээр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороолол, Москва хороолол, Москва бизнес төв 502 тоотод байршилтай байхад Дорнод аймгийн Хэрлэн сум, Сити центр 2 гэж хаягаар буюу тухайн хуулийн этгээдийн салбар нэгжийн хаягаар нэхэмжлэл гаргаж улмаар мөн л хаягийн харъяалал өөр Сүхбаатар дүүргийн шүүхээр даалгавраар ажиллагааг хийлгүүлсэн зэрэг нь Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. 14.2 .Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана. гэсэн заалтуудын дагуу зөвхөн ямар нэгэн бие даан эрх эдэлж, үүрэг хүлээхгүй салбар нэгжийн хаягаар хууль зөрчиж гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авсан байгааг хууль зөрчсөн гэж үзэж байна.

 5. Нэхэмжлэлд хариуцагчийн нэрийг Бичил глобус ББСБ гэжээ. Манай байгууллагын нэр нь Бичил глобус финанс ББСБ ХХК юм. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар; гэсэн байхад нэрийг өөрөөр бичсэн байгаа нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гаргасан нэхэмжлэл байна.

6. Нэхэмжлэгч Н.Тэгшжаргалаас дээрх барьцаа болох автомашиныг худалдаж авсан гэх Мөнхтуяа нь уг барьцаа хөрөнгийг худалдаж авснаараа хохирсон тухай асуудлаар тус аймгийн цагдаагийн газар өргөдөл гаргаж өргөдлийг цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шинжтэй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хоорондоо шалтгаант холбоотой энэ иргэний хэргийг урьдчилан шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Бичил глобус финанс ББСБ ХХК-иас 1.964.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Тэгшжаргалд олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Н.Тэгшжаргал, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нь давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа:

1. Бид шүүхийн шийдвэрт янз бүрийн тайлбар хийж гомдол гаргаж болох байсан ч бас ч зарим зүйлийг үнэхээр л тодорхой бус гэж шүүх дүгнэснийг зөвшөөрч дараа нэхэмжлэх эрхтэй болохоор гомдол гаргаагүй байсан. Тэгээд ч бид нэхэмжлэл гаргахдаа Бичил глобус финанс ББСБ ХХК, хариуцагч иргэн Батзаяа нарыг хамтран хариуцагчаар бичсэн байгаа.

ХХК-ний төлөөлөгчид болон хуульчид шүүх хурал дээр өөрийнхөө дансанд Батзаяагийн авсан зээлийн эргэн төлсөн мөнгө орсныг үгүйсгээгүй. Гагцхүү Батзаяагийн зээлийг Батзаяа, Тэгшжаргал нэрээр төлөөгүй байна гэж маргаж байсан. Өөрөөр хэлбэл Халиунаа, Хэрлэн, Гантулга гэсэн нэрээр төлсөн мөнгийг зээлийн төлөлтөд тооцож авсан атлаа буцаагаад нэхэх болохоороо төлөөлөх эрхгүй гэсэн шалтаг зааж маргасан. Нэхэмжлэгч Тэгшжаргал нь ялангуяа насанд хүрээгүй Хэрлэнтэй хоёр ч данс хамтран эзэмшдэг ба шүүхэд өгсөн хуулганд хамтран эзэмшигч нь Тэгшжаргал байгаа.

Халиунаа Гантулга хоёр өөр өөр хүмүүс нь үнэн. Халиунаа дэлгүүрийн ажилтны охин, түүгээр тушаалгасан. Гантулга нь манай нөхөртэй хамт ажилладаг ажилтан бөгөөд мөнгө тушаах үед нөхөр Энхжаргал интернэт банкгүй болохоор Гантулгын данснаас гүйлгээ хийлгэж 610 000 төгрөг тушаасан байдаг. Үүнийгээ хэргийн материалд Бичил глобус финанс ББСБ-ын Дорнод салбарын менежер Г.Дөлгөөн, зээлдэгч Батзаяагийн зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй гэсэн хүснэгтээр баталгаажуулж гаргаж өгсөн байдаг.

Хариуцагч Батзаяа шүүх хурал дээр өөрөө ямар хугацаанд хэдий хэмжээний мөнгө төлснөө ярьсан. Түүнээс бусад төлөлтийг Тэгшжаргал төлсөн гэдгийг хэлсэн. Мөн компаний менежерийн гаргаж өгсөн гэх дэлгэрэнгүй жагсаалтад гүйлгээний утга гэсэн хэсэгт утасны дугаар, машины дугаар, хэний ямар машины төлөлтийг хийгээд байгаа нь санхүүгийн мөнгө төлсөн баримтаар ойлгогдохуйцаар бичигдсэн байгаа.

Батзаяа уг зээлийг би төлөөгүй Тэгшжаргал төлсөн гэдгээ хэлсэн. Тэгшжаргал би ингэж ингэж төлсөн гэдгээ хэлсэн. Батзаяагийн зээлээр авсан машиныг Тэгшжаргал авч үргэлжлүүлэн төлсөн гэдэг нь тодорхой нотлогдож байгаа. Батзаяагийн нэр дээрх машины зээлийг биднээс өөр хүн төлөөгүй нь тодорхой байхад хариуцагч байгууллага үнэндээ нохой хорьсон хуулийн заалтаар шалтагласан хариуцлага хүлээхгүй л гэсэн арга саам хийсэн тайлбар хийсэн. Харин шүүгч төлөөлөх эрхгүй гэдэг үндэслэлээр дэмий л нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хэрэгсэхгүй болгосон гэж үздэг.

2. Уг Бичил глобус финанс ББСБ ХХК нь ерөөсөө манайх төлбөр хариуцахгүй гэсэн агуулгаар гомдол гаргасан гэж ойлгож байна. Нэхэмжлэгч бол ББСБ Батзаяатай хуйвалдаж зориуд Батзаяад боломж олгохын тулд найз нөхдийн холбоогоор Батзаяагийн машиныг манай нөхөр бид хоёрыг авч байгаа, зээлийг бид үргэлжлүүлэн зээлийн гэрээний хугацаанд болвол хурдан төлөхийг хичээнэ гэсэн тохиролцоогоор авсныг, мөн бид нар цаашид өндөр төлөлт хийх хүндрэлтэй болоод цааш нь Мөнхтуяа гэх эмэгтэйд өгснийг мэдэж, уулзаж байсан. Тэгээд ч бид зээлээ сар сардаа төлөөд явж байсан болохоор яах ч үгүй байсан. Харин 2020 оны 7 сард Бичил глобусын зээлэнд хагас төлөлт хийж хугацаа алдсан хэсэгхэн хугацааны зөрчлөөр шалтаглаж нөгөө талаар Батзаяа би энэ зээлийн хаалгамаар байна. Би энд зээлтэй болохоор дахин зээл авч болохгүй байна гэсэн юм билээ. Түүнд туслах зорилгоор бидний хүнд зарсан машиныг хураан авч, өөрсдөө зарахгүй Батзаяад өгч, Батзаяа Улаанбаатар руу авч явж зарсан. Тэгээд зээлийг хаасан байсан гэдэг. Энэ нь ч үнэн. Батзаяа Тэгшжаргалтай хийсэн хэлцлээ зөрчиж ийм асуудал гаргаснаас болж Мөнхтуяа гэдэг эгч намайг залилалаа хэмээн цагдаад өгчихөөд байгаа. Бас тэнд худлаа яригдсан. Энэ яриаг Батзаяа болон энэ ББСБ л үүсгэсэн гэж боддог.

Мөн нэгэнт Батзаяа хэлцлээсээ татгалзаж ББСБ зөвшөөрлөө цуцалсан болохоор Тэгшжаргал энэ хооронд ББСБ-д төлсөн мөнгөө нэхэмжлэн авч хохиролгүй болоё гэх эрхтэй. Иймд нэхэмжлэлээ үндэстэй гэж үзэж байгаа.

3. ББСБ тухайн үед Батзаяа Тэгшжаргал нарын тохиролцоог танилцаад Батзаяаг зээлээ хаасан тохиолдолд Тэгшжаргалын нэр дээр шилжүүлнэ гэхэд Батзаяа тэр үед зээлээ хааж чадахгүй байсан. Тиймээс ББСБ-ын менежер өөрөө хэлж өгч байж ингэж бичиж болохгүй ингэж бич гэж зааж өгч хүсэлт бичүүлж авсан. Одоо түүнийгээ боломжгүй манайх зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Түдгэлзэв, зөвшөөрөхгүй гэх цохолтыг ч сүүлд хийсэн хуйвалдаан өөрсдийн үйлдлээ зөвтгөх гэсэн хуурамч цохолт гэх үндэстэй. 2020 он гараагүй байхад 2020 он гэж он тавиад 2019 болгож зассан байдлаас тодорхой харагдана. Тэгээд манайх асуудлыг шийдээгүй байхад Тэгшжаргал өөрөө үүрэг гүйцэтгээд эхэлсэн тул манайх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. Үүний тулд л хуурамч юм үйлдсэн байна.

4. Шүүх Улаанбаатарт байдаг ББСБ-ын салбар байна гэдгийг мэдээд шилжүүлэх гэтэл Улаанбаатараас Бичил глобус финанс ББСБ ХХК нь өөрөө төлөөлөх этгээдээ томилсон тоотоо ирүүлсэн. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх зөрчил болсон гэж үзэхгүй байна.

5. Тухайн хуулийн этгээдийн нэрийг буруу бичсэн тухайд иргэн Тэгшжаргал Бичил глобус финанс ББСБ-ыг Бичил глобус гээд яриад сурчихсан ард иргэдийн ярианы нэршилтэй холбоотой анзаараагүй байх талтай. Нөгөөгөөр Бичил глобус финанс ББСБ-ын ажилтнууд ч өргөдөл хүсэлтэд хуулийн этгээдийнхээ нэрийг буруу бичсэнийг тэр даруйд засуулж байгаагүй хүлээн авч байсан байдал нь хэвшмэл үг хэллэгийг таслан зогсоогоогүйтэй холбоотой. Энэхүү алдаа шүүхийн шатанд ойлголцолд хүрч залруулагдан шүүхийн шийдвэрт зөвөөр шийдэгдсэн. Иймд дээрх асуудал шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Н.Тэгшжаргал нь хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХК болон Р.Батзаяа нараас 9 717 980 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-3 дахь тал/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Р.Батзаяа нь нэхэмжлэгч Н.Тэгшжаргалд 2019 оны 09 сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн 84-56 ДОА улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг 14 800 000 төгрөгөөр, зээлээр худалдах, урьдчилгаанд 2,0 сая төгрөгийг бэлнээр авч, үлдэх мөнгийг Р.Батзаяа, Бичил глобус финанс ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний төлөлтийг төлөхөөр тохирсон, нэхэмжлэгч Н.Тэгшжаргал нь дээрх тохиролцооны дагуу хариуцагч Р.Батзаяад нийт 3 800 000 төгрөг, Бичил глобус финанс ББСБ ХХК-ний Дорнод аймаг дахь салбарт өөрийн нэрээр болон Халиунаа, Хэрлэн, Гантулга гэсэн нэрээр нийт 5,0 сая гаруй төгрөг төлсөн үйл баримтууд тогтоогдсон байна. /хх-ийн 89-111 дэх тал/

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Тэгшжаргал, хариуцагч Р.Батзаяа нарын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалт болох 262, 264 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч Р.Батзаяагаас 3 800 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Харин хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХК нэхэмжлэгч Н.Тэгшжаргал нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, гагцхүү Р.Батзаяатай тохирсны дагуу түүний зээлийн төлөлтийг Бичил глобус финанс ББСБ ХХК-д төлж байсан нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч Н.Тэгшжаргалын ХААН банкны дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон байна.

Нөгөө талаар хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХК-ний салбарт 2019 оны 12 сарын 12-ны өдөр гаргасан Р.Батзаяа, Н.Тэгшжаргал нарын өргөдлийг өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тул түдгэлзэв. Салбарын эрхлэгч Б.Нямбаяр гэсэн цохилт нь /баримт нь/ нэхэмжлэгч Н.Тэгшжаргал хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХК-ний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэдгийг нотолсон баримт гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 35 дахь тал/

Иймд анхан шатны шүүх хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнд тооцооны алдаа гаргасан тул зөвтгөх боломжтой гэж үзэв. Тухайлбал: нэхэмжлэгч Н.Тэгшжаргал нь ХААН банкны 5959 124 827 тоот өөрийн данснаас 2019.04.12-нд 250 000 төгрөг, 2019.12.15-нд 640 000 төгрөг, ХХБ-ны 40108 5645 тоот данснаас 2020.02.06-нд 30 000 төгрөг, 2020.06.08-нд 35 000 төгрөг, ээж Чулуунцэцэгийн ХААН банкны 5954 062 228 тоот данснаас 2020.04.21-нд 363 000 төгрөг, 2020.04.23-нд 126 000 төгрөг, 2020.06.30-нд 120 000 төгрөг, 2020.06.08-нд 400 000 төгрөг, охин А.Хэрлэн, хамтран эзэмшигч Н.Тэгшжаргал нарын Төрийн банкны 2600 0038 4607 тоот данснаас 2020.05.18-нд 439 000 төгрөг, 2020.05.21-нд 100 000 төгрөг, 2020.05.28-нд 13 000 төгрөг, 2020.05.30-нд 27 000 төгрөг, 2020.06.03-нд 24 000 төгрөг, 2020.06.05-нд 12 000 төгрөг, 2020.07.09-нд 200 000 төгрөг, 2020.07.10-нд 179 000 төгрөг, нийт 2 954 000 төгрөг төлсөн байх тул хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Н.Тэгшжаргалд олгох нь зүйтэй байна. /хх-ийн 89-95, 119-122 дахь тал/

Хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХК-иас 2020.06.30-нд төлсөн 400 000 төгрөг, 2020.06.08-нд төлсөн 120 000 төгрөгийг хэн төлсөн нь тодорхойгүй гэж тайлбарлаж байгаа боловч дээрх 520 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Тэгшжаргал төлөөгүй юм гэдгийг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХК нь харьяалал зөрчсөн, хариуцагчийн нэрийг буруу бичиж нэхэмжлэл гаргасан гэсэн тайлбар гаргасан ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Иймд хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 138/ШШ2021/00349 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ... Бичил глобус финанс ББСБ ХХК-иас 1 964 000 төгрөгийг ... гэснийг .. Бичил глобус финанс ББСБ ХХК-иас 2 954 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Нарангэрэлийн Тэгшжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 963 980 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ... Бичил глобус финанс ББСБ ХХК-иас 46 374 төгрөгийг... гэснийг ...Бичил глобус финанс ББСБ ХХК-иас 62 214 төгрөгийг ... гэж тус тус өөрчлөлт оруулж, хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА

С.ОЮУНТУНГАЛАГ