Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2018/0055

 

Ж.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0049 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Н-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0049 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын Хөгжимтдрамын театрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Н-н 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилогдох ажилтны албан тушаал дээр зарласан сонгон шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ж.Н нь 2017 оны 08 дугаар сарынХөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилогдсон Ж.Н нь 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тус аймгийн Хөгжимт драмын театрын даргын уран сайхны удирдаачаар ажиллаж байгаад тус аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар даргын үүргийг хавсран гүйцэтгэгч, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/53 дугаар захирамжаар тус театрын даргын албан тушаалд жинхлэн томилогдсон байдаг.

Гэтэл аймгийн Засаг дарга Б.Б-н зүгээс маргаан бүхий ажлын байранд нэхэмжлэгчийг жинхлэн томилохдоо сонгон шалгаруулалт явуулаагүй, сул орон тоо гарсаар байтал сонгон шалгаруулалт зарлаагүй нь Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолыг тус тус ноцтой зөрчсөн.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 7.5-д Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна гэж заасныг зөрчин нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.

Аймгийн Засаг дарга нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй. Үүний дагуу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр томилогдсон Хөгжимт драмын театрын даргын ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулах захиалгыг гаргаж, Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хоёр. Хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцуулах боломжоор шүүх хангаагүй тухайд.

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тус аймагт Авлигатай тэмцэх газраас 10 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын хэсэг ирсэн. Миний бие шүүх хуралдааны явцад шүүх хуралдааныг хойшлуулах тухай 2 үндэслэл /1. Шалгалтын ажлын хэсэг ирсэн. Тэднийг хүлээж авах, холбогдох мэдээлэл, судалгаагаар хангах шаардлагатай байна. 2. Хэргийн материалтай танилцах шаардлагатай/ бүхий хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүхээс хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, яг одоо хэргийн материалтай танилц гэсэн. Гэтэл амьдрал дээр тухайн байгууллага дээр шалгалтаар ажлын хэсэг ирэхэд хүлээж авах ажлын хэсэг томилсон тушаал, шийдвэр захирамж огт гаргадаггүй. Нэгэнт хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгосон учир 3-5 минутын дотор миний хэргийн материалтай танилцаж шүүх хуралдаанд оролцсон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг.

Миний бие хэргийн материалтай бүрэн танилцаагүй нь хэргийн оролцогчийн эдлэх эрхийг шүүхээс олгоогүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан илт процессын зөрчил гаргасан. Хэргийн хөдөлгөөний стандартад зааснаар хэргийн материалтай танилцаж гарын үсэг зуруулснаар хэргийн материалтай танилцсан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь тухайн хавтаст хэрэгт гарын үсэг зурсан цаас хадгалахаас илүү талуудын мэтгэлцээн бүхий хурлын тэмдэглэл байх нь илүү чухал юм.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг барьж, хэргийн оролцогчийн зохих эрхийг эдлүүлэлгүйгээр /талуудыг мэтгэлцэх боломж гаргаагүй/, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0049 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хянахад гомдлыг хангах үндэслэлгүй байх боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ж.Н-с Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд сул орон тоо гараагүй, үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлсэн нь хууль бус хэмээн маргаж, хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд нэхэмжлэгчийг томилохдоо тухайн орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулаагүй, Засаг даргын зүгээс хууль тогтоомжийг хангуулахаар хөгжимтдрамын театрын даргын ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан гэсэн тайлбар ирүүлжээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн даргад холбогдуулан гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилогдох ажилтны албан тушаал дээр зарласан сонгон шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгчээс өмнө нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б.Н-г ажилд томилсон Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай Б/84 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 751 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг, Улсын дээд шүүхийн 71 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүхээс нэхэмжлэгч Ж.Н-г урьд эрхэлж байсан Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, уг шийдвэрийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхад Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01/988 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлд тус аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Зүй нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 2.1-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь тухайн албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт зарлуулахаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт захиалга хүргүүлэх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч Ж.Н нь Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/53 дугаар захирамжаар Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд жинхлэн томилогдсон, хариуцагчаас уг захирамжтайхолбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй буюу дээрх захирамж нь хүчин төгөлдөр байхад тус ажлын байрыг сул орон тоонд тооцож, сонгон шалгаруулалт зарлуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хууль болон журмын зохицуулалтад нийцээгүй байна.

Тодруулбал, Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн байгууллагын төсвийн шууд захирагч дарга, захирал, эрхлэгч болох төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтан ... сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө гэж зааснаас үзэхэд энэхүү журам нь зөвхөн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд шинээр томилогдох ажилтныг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах бөгөөд нэгэнт тухайн албан тушаалд жинхлэн томилогдсон албан тушаалтнаас нөхөж шалгалт авах, сул орон тоо бий болоогүй ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах боломжгүй юм.

Гэтэл дээрх журмыг баримтлан сонгон шалгаруулалт зарлах үндэслэлтэй хэмээн маргаж буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд хариуцагчаас маргаан бүхий ажлын байранд сонгон шалгаруулалт зарлуулах захиалга хүргүүлсэн нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж буй нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болсон байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимтай нийцээгүй.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д төрийн албан хаагч зөрчил гаргасан, албан үүргээ хангалтгүй биелүүлснээс бусад тохиолдолд төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах баталгаагаар хангагдахаар зохицуулсан. Энэхүү зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болж, хуульд тусгагдсан боловч төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаагийн хувьд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанд ч мөн адил хамаарна.

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрлэсэн боловч хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн заалтыг баримтлаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0049дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг... гэснийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгийг... гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийнитгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ