Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
Хэргийн индекс | 105/2016/0113/Э |
Дугаар | 422 |
Огноо | 2016-06-21 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Д.Ширэндэв |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 422
Д.Нямдаваад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Ширэндэв,
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 512 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Нямдаваа, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Нямдаваад холбогдох эрүүгийн 2015 2501 2158 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дуулингууд овгийн Дэмбэрэлийн Нямдаваа, 1968 оны 8 дугаар сарын 4-нд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын 87 дугаар гудамж, 1271 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 1825 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ОЛ68080473/,
Д.Нямдаваа нь шунахайн сэдэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун талын автомашины зогсоол дээр байсан иргэн Г.Оюумаагийн эзэмшлийн “Ниссан Виндроөд” загварын, 52-91 УНЦ улсын дугаартай автомашины кабинд нэвтэрч иргэн С.Баасанжаргалын гар цүнх, хэтэвч, мөнгөн бөгж, эмэгтэй даавуун цамц, гар утас, бэлнээр 3.000.000 төгрөг зэргийг хулгайлж түүнд 3.115.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Нямдаваад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Нямдавааг бусдын эд хөрөнгийг хулгайлан, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Нямдаваад эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Д.Нямдаваад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Д.Нямдаваагийн цагдан хоригдсон 118 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Д.Нямдаваагаас 1.075.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Баасанжаргалд олгож, хохирогч С.Баасанжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Д.Нямдаваа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би өнөөдрийг хүртэл өөрийн ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө амьдарлаа залгуулж ирсэн. Би 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Амгаланд байдаг дүүгийндээ очих гэхэд автобусны мөнгөгүй байсан тул замаараа “Нарантуул” захаар дайрч Дорж найзаасаа автобусны мөнгө авсан. Дорж надтай ойрд уулзаагүй гээд ганц шил пиво хувааж ууя гээд “Болор” дэлгүүрээс пиво авсан. Ингээд найзтайгаа яриад зогсож байтал энгийн хувцастай хоёр хүн ирээд юм асууя гээд үнэмлэхээ үзүүлээд зах руу дагуулаад орсон. Тэр орой намайг эрүүлжүүлэхэд хонуулсан. Би тэгэхэд цоо эрүүл нөгөө авсан пивоо уугаагүй байхад намайг хүчээр эрүүлжүүлэхэд хонуулсан. Маргааш нь манай дүү ирж батлан даалтад авсан. Б.Алтангэрэл байцаагч ирж надтай уулзан гар утсан дээрх бичлэгээ үзүүлэн таныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр татаж байна гээд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хорих 461 дүгээр ангид хорьсон. Нийт 118 хоног хоригдсон. Хоригдох хугацаанд байцаагч ирж хэд хэдэн удаа байцаалт авах гэхэд нь “би өмгөөлөгчтэй байцаалт өгнө” гэж хэлээд нэг ч удаа байцаалт өгөөгүй. Хамгийн сүүлд хяналтын прокурор Ганчимэг ирэн учиргүй баахан загнаж байснаа гомдол санал байна уу гэж асуугаад гомдол бичүүлэн гарын үсэг зуруулаад явсан. Би урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй болохоор юмны учир мэдэхгүй гарын үсэг зурсан. Гэтэл хэргийг чинь боолоо гэж хэлсэн.
Камерын бичлэгт үзлэг хийлгэхээр Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн. Уг үзлэгээр камерын бичлэг нь хуулбар бичлэг байна. Мөн дүрс нь харагдахгүй хэн гэдгийг таних боломжгүй гэсэн байсан. Мөн хохирогч С.Баасанжаргал анх машинаа тавиад 30-40 минутын дараа цүнхээ алдсан уу, эсхүл зах руу орчоод гарч ирэхэд нь цүнх нь алга болсон уу гэдэг нь тодорхойгүй. Хохирогч хоёр өөр мэдүүлэг өгдөг. Ер нь 3.000.000 төгрөгтэй цүнхийг 3 хүн хараад зогсож байхад алдана гэж байх уу. Цүнхээ алга болж байгааг нь мэдээгүй сэрэмжгүй хүн гэж байх уу.
Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч С.Баасанжаргал “гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн. Прокурор энэ хэрэг дээр гэрч, хохирогч оролцуулна гэж шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан. Шүүх хуралдаанд гэрчээр Алтангэрэл байцаагчтай урьд нь хамт ажиллаж байсан “Нарантуул” захын цагдаа Х.Отгонбаярыг оролцуулсан. Х.Отгонбаяр нь “намайг хүмүүстэй байнга нийлж хулгай хийдэг” гэж мэдүүлсэн. Үнэхээр би урьд өмнө нь хулгай хийгээд баригдсан бол тэр үед нь намайг яагаад цагдаагийн байгууллага шалгаагүй юм бэ. Мөн “Нарантуул” зах дээр гутлын эгнээгээр өдөр бүр хулгай гардаг. Эхнэр маань хүртэл мөнгөө алдаж захын цагдаад мэдэгдэхэд байнгын хулгай хийдэг хүмүүсийн бүхэл бүтэн зургийн цомог үзүүлж зүс таниулж байсан. Би үнэхээр хулгай хийж амь зогоодог хүн байсан бол миний зураг тэр зургийн цомогт байх л ёстой. Би амьдралдаа хулгай хийж үзээгүй. Миний бодлоор эдгээр хүмүүс хүчээр надад хэрэг тулгаж байна. Үнэн зөв нь олдох байх гэж хуулийн байгууллагад итгэж явсан. Миний бие 4 сар хоригдохдоо сэтгэл санааны дарамтад орж, өдрөөс өдөрт бие минь муудаж байна. Саяхан элэгний В,С вирустэйгээ мэдсэн. Иймд хэргийн үнэн зөвийг олж, дахин шалгуулах хүсэлтэй байна...” гэжээ.
Ялтан Д.Нямдаваагийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 512 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт судлах явцад Д.Нямдаваагийн гэм буруутай эсэх нь хангалттай нотлогдсон гэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Хяналтын камерт авагдсан дүрс бичлэгт Д.Нямдаваа нь сугандаа хар эсвэл хөх цүнх хавчуулсан эсэх, суганд хавчуулсан гэх зүйл нь цүнх мөн эсэх, Д.Нямдаваагийн сугандаа юм хавчуулаад явж байсан цэг, цүнх олдсон гэх цэг хоорондоо ямар зайтай байсан зэрэг талаар ямар ч бодитой дүгнэлт өгч чадаагүй, мөн хэрэг учралын газарт хохирогч нар хэзээ ирж зогссон талаарх камерын ямар нэгэн бичлэг огт авагдаагүй байгаа нь тухайн цэгт хохирогч нарын автомашин байсан эсэхэд эргэлзээг төрүүлж байна.
2. Хавтас хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн бүх гэрч нар тухайн хэрэгт ач холбогдол бүхий гэрч биш ба хэрэг үйл явдлыг нүдээр харсан хүмүүс биш байсан бөгөөд зөвхөн дамжмал байдлаар нотлох оролдлого хийсэн мөрдөн байцаагчийн хууль зөрчсөн үйлдэл байсан. Тухайлбал: гэрч Х.Отгонбаяр нь Д.Нямдавааг хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг харсан гэрч биш эсрэгээр “Нарантуул” зах дээр ажиллаж байсан Д.Нямдавааг зах дээр архи уудаг хүмүүстэй хамт явдаг байсан тиймээс Д.Нямдавааг хулгай хийсэн байх гэсэн мэдүүлгийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан нь шүүх эргэлзээ бүхий нотлох баримтаар иргэнийг ялласан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйл, 80 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн байна.
3. Камерын бичлэгт Д.Нямдаваагийн явалтыг баруун хөл хазгар гэж тодорхойлсон ба бодит байдал дээр түүнийг баруун хөл хазгар эсэхийг анагаах ухааны үүднээс бодитой тогтоогоогүй. Д.Нямдаваагийн хөл нь хазгар явдалтай эсэхэд тал бүрээс бодитой дүгнэлтийг хийхгүйгээр гэм буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй байхад ял халдаасан нь шүүгдэгч Д.Нямдаваагийн эрх зүйн байдлыг илэрхий дордуулж байна.
4. Хэрэг гарсан өдөр шүүгдэгч Д.Нямдаваагийн явсан маршрутыг тогтоосон үйл баримт огт авагдаагүй, эрүүлжүүлэхэд хонуулсан үеийн бүртгэл, эд зүйлсийн жагсаалт зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй энэ талаар гаргаж байсан өмгөөлөгчийн байр сууринд шүүхээс ямар нэгэн дүгнэлтийг өгөөгүй.
5. Хэрэгт хамгийн их ач холбогдол бүхий гэрч Доржийг олж тогтоох дорвитой мөрдөн байцаалтын ажиллагааг огт хийгээгүй байх бөгөөд “Нарантуул” зах дээр тэрэг түрээслүүлдэг гэрч нар “...Дорж гэх хүн тэрэг түрдэг байсан...” талаар мэдүүлсэн мэдүүлэгт шүүх тал бүрээс нь үнэ зөв бодитой дүгнэлт хийгээгүй нь шүүх хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна. Зөвхөн хоёр хүнээс Дорж гэдэг хүн байдаг эсэх талаар аман тайлбар гаргуулах төдийгөөр шалгах ажиллагааг дуусгавар болгосон байдаг.
6. Хохирогч нарт 3.000.000 төгрөг бодитой байсан эсэхийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогоогүй бөгөөд үүнд хяналт тавьж байсан прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлд заасан хянавал зохих асуудлыг бүрэн хянаагүй хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийгдэж асуудлыг нэг мөр тогтоож шийдвэрлэх боломж алдагдсан. Учир нь хохирогч эхний шүүх хуралдаанд гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр мэдэгдэж шүүх хуралд оролцоогүй, дараагийн шүүх хуралдаанд хохирогч С.Баасанжаргал бусад хохирогчдын мөнгийг өөрөөсөө төлсөн гэж мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэгэн нотлох баримтгүйгээр мэдүүлдэг. С.Баасанжаргалын мэдүүлснээр түүний цүнхэнд мөнгөө хадгалуулсан Н.Баярцэцэг, Г.Оюумаа нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хохирогчоор зайлшгүй тогтоогдох ёстой байдаг гэтэл өөрийнхөө болон бусдын мөнгийг цүнхнээсээ алдсан гэх С.Баасанжаргалыг хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг зөрчсөн байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийг шүүх хэрэглэх бодит нөхцөл байдал байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт ач холбогдол бүхий гэрчийг олж тогтоож мэдүүлэг аваагүй атлаа дамжмал мэдээллээр бусдыг ялласан “...шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэсэн нотлох баримт байж болохгүй...” гэсэн зарчмыг зөрчиж хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас зөрүүтэй дүгнэлт хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16, 80, 214 дүгээр зүйлүүдийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 42 дугаар зүйлийг зөрчиж гэрчээр тогтоогдвол зохих оролцогчдыг бүрэн тогтоолгүй хууль зөрчсөн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж нэг мөр хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзэж байгааг хүлээн авна уу...” гэжээ.
Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан, Д.Нямдаваад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл түүний хувийн байдалд тохирсон, ялтан Д.Нямдаваа болон түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.
Д.Нямдаваа нь шунахайн сэдэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” захын баруун талын автомашины зогсоол дээр байсан иргэн Г.Оюумаагийн эзэмшлийн “Ниссан Виндроөд” загварын, 52-91 УНЦ улсын дугаартай автомашины кабинд нэвтэрч иргэн С.Баасанжаргалын гар цүнх, хэтэвч, мөнгөн бөгж, эмэгтэй даавуун цамц, гар утас, бэлнээр 3.000.000 төгрөг зэргийг хулгайлж түүнд 3.115.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч С.Баасанжаргалын “...2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” захын баруун талын автомашины зогсоол дээр найз Г.Оюумаагийн 52-91 УНЦ улсын дугаартай, цагаан өнгийн “Ниссан Виндроөд” загварын машинтай найз Г.Оюумаа, Н.Баярцэцэг нарын хамт машины ар талын багажийг нь онгойлгосон дарсан өргөст хэмх, жимсний чанамал зараад зогсож байсан чинь өдөр 14.00 цагийн үед машин дотроос эмэгтэй хүний хар цүнх, хөх өнгийн хэтэвч, мөнгөн бөгж, эмэгтэй хөх өнгийн даавуун цамц, “SK” загварын дэлгэдэг гар утас, цүнхэн дотор бэлнээр байсан 3.000.000 төгрөг, дан 20.000-тийн дэвсгэртээр боосон мөнгө зэргээ хулгайд алдсан. ...Г.Оюумаа, Н.Баярцэцэг хоёртой хамт явуулын хуушуур зардаг газар ажиллуулж байсан. Түүний орлогоо биедээ авч явсан юм. Би хоёр найздаа хуушуурын газраа зарж байж мөнгөө нэг мөсөн хувааж авъя гээд өөртөө байлгаж байсан мөнгө байсныг манай хоёр найз мэдэж байсан. Бид гурав байнга хамт явдаг. ...Сэжиглэж байгаа хүн байхгүй. Сүүлд нь “Нарантуул” захын цагдаагийн хэсэг дээр очоод гадна автомашины зогсоолын хяналтын камерыг шүүж үзэхэд бид нарын зогсож байсан машины зүг 35-40 орчим насны гэмээр нэг хөл нь хазганаж явдаг, биеийн тамирын хувцастай эрэгтэй хүн очоод миний гар цүнхийг машинаас аваад явж байгаа харагдсан. Тэр хүнийг хулгай хийсэн гэж сэжиглэж байна. ...Манай найз Н.Баярцэцэг 2016 оны 2 дугаар сарын 25-29-ний үед Хөвсгөл аймгаас машинтай ирж яваад автын ослоор нас барсан. Найз Г.Оюумаагийн нөхөр нь Солонгос улсад байдаг болохоор нөхөрлүүгээ яваад удаж байна. Г.Оюумаа явахынхаа өмнө Өмнөговь аймагт нэг уул уурхайн газар тогоочоор ажиллаж байгаад явсан. Тэрнээс хойш холбоо барьж чадаагүй. Н.Баярцэцэг, Г.Оюумаа хоёрын хувьд энэ хэрэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Тухайн үед мөнгө алдахад миний цүнхэнд байсан болохоор би хоёр найздаа нэг, нэг сая төгрөг өгөөд өр шир дууссан. Иймд миний зүгээс энэ хэрэгт хохирогчоор дангаараа оролцоно...”/хх-18, 19, 119-120/,
Гэрч Н.Баярцэцэгийн “...Би 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр найз С.Баасанжаргал, Г.Оюумаа нарын хамт “Нарантуул” зах дээр Г.Оюумаагийн цагаан өнгийн машины багаажийг нь онгойлгосон бид гурав өргөст хэмх, жимсний чанамал зараад, өдөр 14.00 цаг өнгөрч байхад машин дотор суудлын голд тавьсан байсан С.Баасанжаргалын гар цүнх алга болсон. Дотор нь 20.000-тийн дэвсгэртээр 3.000.000 төгрөг байсныг хулгайд алдсан. Тэгээд бид гурав сандраад тэр хавиар хайгаад олохгүй болохоор нь “Нарантуул” захын цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. ...Өглөө бид гурав зах дээр С.Баасанжаргалын цүнхэд 3.000.000 төгрөг хийгээд түүнээс хойш салаагүй байж байгаад цүнхтэй мөнгөө хулгайд алдсан, өдөр нь хүнд мөнгө хариулж өгөх гэж байхад тэр мөнгө нь цүнхэнд байсан...”/хх-20, 21/,
Гэрч Н.Өлзийбатын “...Би 2012 онд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн цагдаагаар томилогдсон. Үүнээс хойш “Нарантуул” захын цагдаагийн хэсгийн цагдаагаар тасралтгүй ажиллаж байна. Түүнээс хойш Д.Нямдавааг мэддэг болсон. Д.Нямдаваа нь “Нарантуул” захаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж үл бүтэх хүмүүстэй нийлж хулгай хийж явдаг. Хулгай хийсэн үед нь цагдаагийн хэсэг дээр авчраад хохирол хүрэхгүй нөхцөлд хохирогчид эд зүйлийг нь хүлээлгэж өгөөд торгуулийн мөнгөгүй учир жаахан байлгаж байгаад хөөгөөд явуулдаг. ...С.Баасанжаргал гэх эмэгтэй “Нарантуул” захын гардаг хаалганы хойно зогсож байсан 52-91 УНЦ улсын дугаартай автомашинаас цүнхтэй 3.000.000 төгрөг хулгайд алдлаа гэж дуудлага өгсний дагуу тухайн автомашин зогсож байсан “Нарантуул” захын баруун урд талын “Капитал банк”-ны урд талд байдаг хяналтын камерыг шүүж үзэхэд 14 цаг 14 минутад тухайн автомашины цаад талаас буюу баруун талаас Д.Нямдаваа нь цэнхэр өнгийн бэлтгэлийн цамцтай, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй “Нарантуул” зах руу ирж байснаа зүүн тийшээ эргэж хохирогчийн машины зүг очоод машинууд дунд орон хар бараан өнгийн зүйл сугандаа хавчуулан ганцаараа алхаад “Нарантуул” захын төв хаалганы орчим өөр нэг хүнтэй уулзаад дотогшоо орсон бичлэг байсны дагуу хохирогчид ойр орчимд нь цүнхийг чинь хаясан байж магадгүй хайгаад олсон тохиолдолд ирээд мэдэгдээрэй, би сэжигтнийг олж тогтооно гээд гараад сэжигтэн Д.Нямдавааг олж тогтоон хулгай хийсэн талаар нь асуухад “би хулгай хийгээгүй” гээд хэргээ хүлээхгүй байсан тул цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанд хүлээлгэж өгсөн. ...Увс аймгийн бүлэг хулгайч нартай байнга нийлсэн явдаг. Тэд нартай хулгай хийдэг гэж бодож байна. Тэр өдөр хяналтын камерын бичлэгт ганцаараа явсан. ... Манай цагдаагийн хэсгийн хулгайч нарын бүртгэлд зураг нь байдаг. Би хулгай хийж байхад нь барьж байгаагүй. Өөр цагдаа нар барьж өгч байсан гэж сонссон...”/хх-27-30/,
Гэрч Х.Отгонбаярын “...Г.Нямдавааг танина. Би “Нарантуул” зах дээр цагдаагаар томилогдсоноос хойш захын гадна автомашины зогсоол, лангуун дээрээс эд зүйл хулгай хийдэг хүмүүстэй тасралтгүй тэмцэж байгаа. Д.Нямдаваа нь тэдний нэгэн адил “Нарантуул” зах дээгүүр байнга тэнэж архи ууж, үл бүтэх хүмүүстэй нийлж хулгай хийгээд эзэнд нь баригдаад авсан барааг нь буцаагаад өгч байсан удаа байгаа. ...2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Нарантуул” захын баруун урд талын автомашины зогсоол дээр байсан машинаас иргэн С.Баасанжаргал цүнхтэй 3.000.000 төгрөгөө хулгайд алдчихлаа гэж орж ирсэний дагуу төв автомашины хяналтын камерыг шүүж үзэхэд баруунаас зүүн тийш Д.Нямдаваа нь ганцаараа алхаж яваа харагдсан. Тэгээд хохирогчийн машин байгаа газрын зүг алхаад хар өнгийн гар цүнхийг сугандаа хавчуулан алхаж яваа харагдсан. Тэр үед доогуураа хар өнгийн биеийн тамирын өмд, дээгүүрээ цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц өмссөн харагдсан. Камерыг нягтлан сайн харсан чинь Д.Нямдаваа мөн байсан. Алхаж байхдаа нэг хөлөө хазганаж явдаг юм. ...Ер нь баригдаж байсан удаа ховор, хулгай хийдэг хүмүүс бүгд танина. Хулгай хийдэг талаар нь мэднэ. Цагдаад барьж өгч байгаагүй...”/хх-31-33/,
Сэжигтэн Д.Нямдаваагийн “...Би хулгай хийгээгүй тухайн үед би “Нарантуул” зах дээр явж байсан нь үнэн. Би тэр үед цагаан өнгийн пүүз, цэнхэр өнгийн куртка, хар хөх өнгийн өмд, цагаан өнгийн саравчтай малгайтай явсан. Хяналтын камерт бичигдсэн байсан түрдэг тэрэг түрж явсан хүний араас явж байсан нь миний бичлэг мөн байсан. “Нарантуул” захын цагдаагийн тасгийн нэг энгийн хувцастай цагдаа гар утсан дээрх бичлэгийг үзүүлэхэд нь харсан чинь тэр бичлэг дээрх хүн би мөн байсан...”/хх-39/ гэх мэдүүлгүүд,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол/хх-14/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хх-15, 16/, эд зүйлийн үнэлгээ/хх-44/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Д.Нямдаваад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын шатанд чухал ач холбогдолтой байж болох зүйлийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэн ялтны гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс хохирогч С.Баасанжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.115.000 төгрөгийг нэхэмжилж, эд зүйлийн үнэлгээгээр гар цүнх, хэтэвч, мөнгөн бөгж, даавуун цамц, гар тус зэрэг нь нийт 115.000 төгрөгийн үнэлгээнээс гар цүнх, хэтэвчийг хохирогч С.Баасанжаргал нь биет байдлаар буцаан авсан байх тул эд зүйлийн үнэлгээгээр гаргасан 115.000 төгрөгнөөс 40.000 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүх “...гар цүнхэнд байсан гэх 3.000.000 төгрөгөөс хохирогч С.Баасанжаргал нь гэрч Н.Баярцэцэг, Г.Оюумаа нарт тус бүр 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар дээрх 2.000.000 төгрөгийг өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж...” шийдвэрлэн гэмт хэргийн улмаас 3.075.000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хохирогч С.Баасанжаргал, гэрч Н.Баярцэцэг нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад учирсан хохирлоос 2.000.000 төгрөгийг хохиролд гаргуулалгүй Д.Нямдаваагаас 1.075.000 төгрөг гаргуулан хохирогч С.Баасанжаргалд олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул ялтан Д.Нямдаваагаас 3.075.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Баасанжаргалд олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Ялтан Д.Нямдаваа “...хэргийн үнэн зөвийг олж, дахин шалгуулж өгнө үү...” түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэж давж заалдах гомдлууд гаргаж байгаа боловч ялтан Д.Нямдаваа нь бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эд мөрийн баримт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, ялтны гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал гараагүй, түүний үйлдлийг үгүйсгэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүй, ажиллагаа хийлгэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн зүйлчлэл болон шүүхээс оногдуулсан ял шийтгэл ялтан Д.Нямдаваагийн гэм бурууд тохирсон байх тул ялтан Д.Нямдаваа болон түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 512 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад:
“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Нямдаваагаас 1.075.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Баасанжаргалд олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Нямдаваагаас 3.075.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Баасанжаргалд олгосугай...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Д.Нямдаваа, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Ш.БАТ-ЭРДЭНЭ