Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 240

 

 

 

 

Д.Нямдаваад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 512 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 422 дугаар магадлалтай, 201525012158 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дуулингууд овогт Дэмбэрэлийн Нямдаваа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Нямдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Нямдаваагаас 1,075,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Баасанжаргалд олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Нямдаваагаас 3,075,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Баасанжаргалд олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Нямдаваа, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Өмгөөлөгчийн хувьд давж заалдах журмаар дараах асуудлуудыг үндэслэл болгож гомдлоо гаргасан.

-Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгг судлах явцад Д.Нямдаваагийн гэм буруутай эсэх нь хангалттай нотлогдсон гэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Хяналтын камерт авагдсан дүрс бичлэгт Д.Нямдаваа нь сугандаа хар эсвэл хөх цүнх хавчуулсан эсэх, суганд хавчуулсан гэх зүйл нь цүнх мөн эсэх, Д.Нямдаваагийн сугандаа юм хавчуулаад явж байсан цэг, цүнх олдсон гэх цэг хоорондоо ямар зайтай байсан зэрэг талаар ямар ч бодитой дүгнэлт өгч чадаагүй, мөн хэрэг учралын газарт хохирогч нар хэзээ ирж зогссон талаарх камерийн ямар нэгэн бичлэг огт авагдаагүй байгаа нь тухайн цэгт хохирогч нарын машин байсан эсэхэд эргэлзээг төрүүлж байна.

Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн бүх гэрч нар тухайн хэрэгт ач холбогдол бүхий хэрэг үйл явдлыг нүдээр харсан хүмүүс биш, зөвхөн дамжмал байдлаар нотлох оролдлого хийсэн мөрдөн байцаагчийн хууль зөрчсөн үйлдэл байсан. Тухайлбал: гэрч Отгонбаяр нь Д.Нямдавааг хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа харсан гэрч биш эсрэгээр Нарантуул зах дээр ажиллаж байсан Д.Нямдавааг зах дээр архи уудаг хүмүүстэй хамт явдаг байсан, тиймээс Д.Нямдавааг хулгай хийсэн байх гэсэн мэдүүлгийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан нь шүүх эргэлзээ бүхий нотлох баримтаар иргэнийг ялласан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйл, 80 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн байна.

Камерийн бичлэгт Д.Нямдаваагийн явалтыг баруун хөл хазгар гэж тодорхойлсон ба бодит байдал дээр түүний баруун хөл хазгар эсэхийг анагаах ухааны үүднээс бодитой тогтоогоогүй. Д.Нямдаваагийн хөл нь хазгар явдалтай эсэхэд тал бүрээс бодитой дүгнэлтийг хийхгүйгээр гэм буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй байхад ял халдаасан нь шүүгдэгч Д.Нямдаваагийн эрх зүйн байдлыг илэрхий дордуулж байна. Хэрэг гарсан өдөр шүүгдэгч Д.Нямдаваагийн явсан маршрутыг тогтоосон үйл баримт болон эрүүлжүүлэхэд хонуулсан үеийн бүртгэл, эд зүйлсийн жагсаалт зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй, энэ талаар гаргаж байсан өмгөөлөгчийн байр сууринд шүүхээс ямар нэгэн дүгнэлтийг өгөөгүй. Хэрэгт хамгийн их ач холбогдол бүхий гэрч н.Доржийг олж тогтоох дорвитой мөрдөн байцаалтын ажиллагааг огт хийгээгүй. Хохирогч нарт 3,000,000 төгрөг бодитой байсан эсэхийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогоогүй бөгөөд үүнд хяналт тавьж байсан прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлд заасан хянавал зохих асуудлыг бүрэн хянаагүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийгдэж асуудлыг нэг мөр тогтоож шийдвэрлэх боломж алдагдсан. Учир нь хохирогч эхний шүүх хуралдаанд гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр мэдэгдэж шүүх хуралд оролцоогүй ба дараагийн шүүх хуралдаанд хохирогч С.Баасанжаргал бусад хохирогчдын мөнгийг өөрөөсөө төлсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэгэн нотлох баримтгүйгээр мэдүүлдэг. С.Баасанжаргалын мэдүүлснээр түүний цүнхэнд мөнгөө хадгалуулсан Н.Баярцэцэг, Г.Оюумаа нар нь хохирогчоор зайлшгүй тогтоогдох ёстой байтал С.Баасанжаргалыг хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг зөрчсөн байна.

Дээрх давж заалдсан үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзсэний зэрэгцээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байх тул магадлалыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгохыг үндэслэлтэй байна. Магадлалын хянавал хэсэгт хохирогч С.Баасанжаргалд Д.Нямдаваагаас 3,075,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай илэрхий зөрчилдөж байна. Учир нь С.Баасанжаргалын цүнхэнд мөнгө байсан эсэхийг, байсан гэх мөнгөний тоо, хэмжээг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасанчлан бүрэн тогтоогоогүй байхад хохирлын хэмжээг шүүгдэгчид нэмэгдүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн  16, 80 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчиж байна. Давж заалдах шатны шүүх хохирогч С.Баасанжаргалын өмчлөлийн бус мөнгийг түүнд олгохоор шийдвэрлэхдээ ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй байна.

Хохирогч С.Баасанжаргал нь 2,000,000 төгрөгийг Н.Баярмаа, Г.Оюумаа нарт өгсөн талаарх ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байхад С.Баасанжаргалыг бусдад 2,000,000 төгрөг төлсөн гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, нэмж 2,000,000 төгрөг төлүүлэхээр шийдэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийг шүүх хэрэглэх бодит нөхцөл байдал байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт ач холбогдол бүхий гэрчийг олж тогтоож мэдүүлэг аваагүй атлаа дамжмал мэдээллээр бусдыг ялласан, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэсэн нотлох баримт байж болохгүй гэсэн зарчмыг зөрчиж, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16, 80, 214 дүгээр зүйлүүдийг ноцтой зөрчсөн. Иймд давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлүүдийг харгалзан, хяналтын журмаар гаргаж байгаа нөхцөл байдлуудыг бодитой үнэлж, хууль зөрчсөн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Д.Нямдаваагийн үйлдсэн гэмт хэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, камерийн бичлэгээр тогтоогдсон. Хэргийн бүрдэл хангагдсан, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Нямдаваа нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шунахайн сэдэлтээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул Олон улсын худалдааны төв захын баруун талын автомашины зогсоол дээр иргэн Г.Оюумаагийн эзэмшлийн “Ниссан Венгруд” маркийн 52-91 УНЦ улсын дугаартай автомашины кабинд нэвтрэн С.Баасанжаргалын гар цүнх, хөх өнгийн хэтэвч, мөнгөн бөгж, эмэгтэй давуун цамц, “SK” маркийн гар утас, бэлнээр 3,000,000 төгрөг зэргийг хулгайлж бусдад 3,115,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Д.Нямдаваад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүхээс Д.Нямдавааг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.

Д.Нямдаваа нь 3,000,000 төгрөгийг С.Баасанжаргалын гар цүнхнээс хулгайлсан, гэмт хэрэг үйлдэгдэх үед уг мөнгөн хөрөнгө С.Баасанжаргалын эзэмшилд байсан тул мөнгөө хадгалуулсан гэх Н.Баярцэцэг, Г.Оюумаа нарыг гэрчээр байцааж С.Баасанжаргалыг хохирогчоор тогтоосон нь хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл, түүний хэмжээ нотлогдсон бол иргэний нэхэмжлэлийг шийтгэх тогтоолын хамт шийдвэрлэх бөгөөд зөвхөн учирсан хохирлын тооцоог гаргах бололцоогүй эсвэл эд хөрөнгийн хохирол учирсан боловч хэрэгт иргэний нэхэмжлэл гараагүй тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлэх хуулийн зохицуулалттай. Иймээс давж заалдах шатны шүүхээс Д.Нямдаваагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ болон түүнийг гаргуулан авах этгээд тогтоогдсон гэж үзэж С.Баасанжаргалд нийт хохирол 3,075,000 төгрөгийг олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291, 293 дугаар зүйлүүдэд заасан заалтад нийцэж байна.

Анхан шатны шүүхэд иргэний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэлэлцээгүй орхисныг давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлд заасан иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэх зарчмаар нөхөн хэлэлцэж ханган шийдвэрлэсэн нь зөв байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3, 293 дугаар зүйлийн 293.2 хэсгүүдэд зааснаар иргэний нэхэмжлэлийг хангах үндэслэл, хариуцан төлөх этгээдийг анхан шатны шүүх тогтоосон боловч иргэний нэхэмжлэл гараагүй, тооцоо тодорхойгүй шалтгаанаар хэлэлцээгүй орхисон хэсгийг давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг өөрчлөхгүйгээр хангаж шийдвэрлэснийг анхан шатны шүүхээс тогтоосон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй.

Иймд Д.Нямдаваад холбогдох гэмт хэргийн нөхөн төлбөрийн зарим хэсгийг гаргуулах асуудлыг анхан шатны шүүх хэлэлцээгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэхээр заасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж, хохирлын нөхөн төлбөрт  өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байх тул өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тохиолдолд хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх боломжгүй тул гэрч нарын мэдүүлгийг шинээр үнэлэх, заримыг илүү ач холбогдолтойд тооцох, үйл баримтыг дахин тогтоолгох тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 512 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 422 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                                       ШҮҮГЧ                                                                Ч.ХОСБАЯР