Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01572

 

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01572

 

 

П.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, бүрэлдэхүүнд шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02044 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.М-гийн нэхэмжлэлтэй, Д2ЦС ТӨХКхолбогдох

Д2ЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.М-, түүний өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д2ЦС ТӨХК-д Цахилгаан дулаан хянах хэмжүүр автоматик цехийн засварын слесарийн албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд 11 жил ажилдаа идэвх, чармайлттай сайн ажиллаж байсан. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б/22 дугаартай П.М-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал гарч намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Миний 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр орой 20 цагаас ажилдаа очихоос өмнө өдөр 12 цагийн үед 100 грамм орчим архи уусан. Орой ажилд очихоос өмнө зүгээр болсон, ажлаа хийх чадвартай байсан. Гэтэл ээлжийн инженер яамнаас эргүүлтэй байгаа жоохон үнэртэж байна өнөөдөртөө буучих гэхээр нь би үгэнд нь орж тэр өдөр амарсан. Харин ажлын байранд архи, согтууруулах ундаа огт хэрэглээгүй тул тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр архи үнэртүүлж ажил дээр ирсэн гэж бид нарыг хариуцдаг шууд удирдлага болох цехийн дарга 01 дүгээр сарын үр дүнгийн шагналт цалинг 100 хувь хасч, надад шийтгэл ногдуулсан. Тухайн сарын шагналт цалин нь 400 000 орчим төгрөг байсан. Иймд надад 2 шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна. Иймд Д2ЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаартай П.М-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, засварын слесарийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаан, дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд нийслэлийн ард иргэдийг эрчим хүчээр 24 цаг тасралтгүй найдвартай хангах үүрэг хүлээсэн Улсын онцгой объект юм. П.М- нь тус компанид 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс Цахилгаан, дулааны хянах хэмжүүр автоматикийн цехэд дулааны хянах хэмжүүр автоматикийн /ДХХА/-ийн засварын слесариар ажиллаж байсан. Тус компанийн Ерөнхий инженерийн баталсан 2021 оны 01 дүгээр сард ажиллах ДХХА-ийн слесариудын ээлжийн график-ийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн оройн 20 цагаас өглөөний 08 цаг хүртэл ажиллах хуваарьтай байсан. Тухайн өдөр П.М- 19:50 минутын үед ээлжийн дарга Ч.П рүү ажилдаа хоцорч очно гэж утсаар ярьсан. Ингээд ээлжийн дарга Ч.П П.М-г ажилдаа ирэх хүртэл ДХХА-ийн ээлжийн слесарь Н.Мөнх-Эрдэнийг үргэлжлүүлэн ажиллуулсан. Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.4.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд, ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан байна гэсний дагуу 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 266/17 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 6.1-д Энэхүү гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйл болон компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.9 дэх заалтыг үндэслэн доорх зөрчлүүдийг сахилга, хөдөлмөр, технологийн ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох буюу цуцална гэсэн. Үүнд: б-д үйлдвэрийн байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн/, /Гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 360 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ДЦС-2 ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.9-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн доорх зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж, сахилга, хөдөлмөр, технологийн ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална, б-д үйлдвэрийн байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн гэж тодорхой заасан байдаг. Компанийн 2021 оны 01 дүгээр сарын Шуурхай ажиллагааны журнал дээр ээлжийн слесарь П.М- архи үнэртүүлж байсан тул буцаав. Ашиглалтын инженер Г.Ц-той ярьж хүн дуудав. /Засварчин Ч.Уянга/ тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн нэг ширээнд хамт удаан суухад архи үнэртэж байсан. Ээлжийн мастер миний бие болон ДИС бид 2 мэдсэн. ДИС ашиглалтын инженерт мэдэгдэж, халааны хүн дуудаж Ч.Уянга ирж байгаа гэв. Миний бие П.М-д хувцасны өрөөнд байж бай халааг чинь дуудсан байгаа гэв. Гэтэл Ч.Мягмарсүрэн та яагаад хүн дуудаж байгаа юм бэ, би зүгээр байна гэв. Үнэр байгаа учир чи ажил хийж болохгүй гэж жаахан маргаж, ус уух гэж байхад нь буугаад байж бай гэж түлхсэн, Халаа нь ирж П.М- харихаар явсан гэсэн Ч.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ээлжийн инженер Ч.Баттулгын тайлбарт Цахилгаан цехийн ээлжийн слесарь хоцорч ирэх талаар Цахилгааны ээлжийн дарга мэдэгдэв. 22 цагт ээлжийн слесарь ажил хүлээлцсэн талаар ээлжийн дарга мэдэгдэв. Дотор тоноглол, ажлын байраар эргэлт хийж байх үед Ерөнхий удирдах щит /ЕУЩ/-д ээлжийн слесарь бага зэрэг архи үнэртүүлсэн байсан ажлын байранд байхыг хориглож буух үүрэг өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шуурхайд ээлжийн слесарь П.М- архи үнэртүүлсэн, засварын Ч.Уянга дуудаж ажиллуулсан талаар мэдэгдэв, ээлжийн слесарь Ч.Мягмарсүрэн ээлжийн дарга Ч.Пүрэвсүрэнтэй бага зэрэг муудалдсан байсныг хяналтын камер шүүж мэдэв гэсэн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэргээс архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь нотлогдож Гүйцэтгэх захирлын тушаал гарсан. П.М- ажлын цагаасаа хоцорч 22 цагийн үед ажил дээр ирээд аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч ажил хүлээлцэн ажилдаа орсон. Ажиллаж байх хугацаанд П.М- согтуугаар ээлжийн дарга Ч.Пүрэвсүрэнтэй маргалдаж, барьж авах, хэл амаар доромжлон, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан зэргээр ажлын байранд зүй бус авир гарган цаашид ажиллах боломжгүй байсан тул ээлжийн дарга Ч.Пүрэвсүрэн, ээлжийн ахлагч Г.Гэрэлбаатар нар тухайн өдрийн ээлжийн инженер Ч.Баттулгад удаа дараа мэдэгдэж, өөр хүн дуудаж оронд нь ажиллуулах шийдвэр гаргасан. Тухайн өдөр ЕУЩ-ны өрөөнд хамт ажиллаж байсан ээлжийн ахлагч Г.Гэрэлбаатар ээлжийн инженер Ч.Баттулгыг утсаар дуудаж ирүүлсэн. П.М-гийн үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан байгууллагын үндсэн үйл ажиллагаа алдагдах цаашлаад Монгол улсын эрчим хүчний салбарын хэмжээнд аваар, осол, гэмтэл, зөрчил гаргах эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж ДХХА-ийн засварын слесарь ажилтай Ч.Уянгыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 30 минутад дуудан ирүүлснээр П.М-г тухайн цаг хугацаанд албаны унаагаар жолооч гэрт хүргэж өгсөн. Тухайн үед Монгол улсын хэмжээнд коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалттай холбогдуулан төрийн болон төрийн өмчит, аж ахуйн нэгж байгууллагууд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байсан. Энэ онцгой дэглэм, ажлын тусгай горимоор ажиллаж байсан үед П.М- архи, согтууруулах ундаа хэрэглэснийг компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.9.б-г зөрчсөн гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. П.М-д дээрх ноцтой зөрчилтэй холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сануулах, үндсэн цалинг бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэлийн төрлүүдээр гүйцэтгэх захирлын тушаал гараагүй. П.М-гийн 2021 оны 01 дүгээр сарын үр дүнгийн шагналыг гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар бүрэн олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг П.М- гаргасан учраас хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.М-г Д2ЦС ТӨХК-ийн Цахилгаан, дулааны хянах хэмжүүр автоматикийн цехийн дулааны хянах хэмжүүр автоматикийн засварын слесарийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Д2ЦС ТӨХК-аас 10 953 958 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.М-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.М-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг сар бүрээр нөхөн бичилт хийхийг хариуцагч Д2ЦС ТӨХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д2ЦС ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 190 213 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Д2ЦС ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр ажилладаг болох нь тогтоогдож байх ба түүнийг ажлаас чөлөөлөхдөө Үйлвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасныг анхаараагүй нь буруу юм гэж дүгнэжээ. 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн "үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" Улсын дээд шүүхийн 46 дугаар тогтоолд "...үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажил..." гэдгийг бүх шатны үйлдвэрчний эвлэлүүдийн сонгуулиар хүлээсэн үүрэг гэж ойлгоно гэж тайлбарласан байдаг. Д2ЦС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Э.Адъяасүрэнгийн тодорхойлолт байдаг. Энэ тодорхойлолтыг ч шүүхийн шийдвэр болгох үндэслэл болгоогүй. Энэ тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон гэрчийн мэдүүлэгт тавих шаардлагыг хангаагүй үнэлэх боломжгүй нотлох баримт байхад энэ баримтанд үндэслэж Д2ЦС ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр ажилладаг болох нь тогтоогдож гэж буруу үнэлсэн.

Дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдал буюу коронавируст халдвар "Ковид-19" цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн Засгийн газрын тогтоолууд болон эрх бүхий байгууллагын шийдвэр нь нийтэд илэрхий захиргааны хэм хэмжээний доорх актууд гарсан үед төрийн онцгой байгууллагад П.М- ноцтой зөрчил гаргасан байна. Үүнд: Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай Улсын Онцгой комиссын албан даалгаврын 1, 4, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дугаартай Эрчим хүчний яамны Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирал нарт албан даалгавар хүргүүлэх тухай 1-т Ажлын байранд ажиллах ажилчдын тоог боломжит доод хэмжээнд хүртэл бууруулах, 3-т Нийт ажилтан, ажиллагсад болон ээлжийн ажилтнууд хорио цээрийн дэглэмийг хатуу баримталж, тогтоосон хоорондын зай хэмжээг барьж ажиллах, хяналт тавих зохион байгуулалтын арга хэмжээг авах, Улсын дээд шүүхийн тогтоол, Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 33 дугаар тогтоолын 15.4.2-т заасны дагуу Хөдөлмөрийн гэрээнд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 266/17 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.1-д "Энэхүү гэрээ нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйл болон компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.9 дэх заалтыг үндэслэн доорх зөрчлүүдийг сахилга, хөдөлмөр, технологийн ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох буюу цуцална" гэсэн. Үүнд: б-д үйлдвэрийн /ажлын/ байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, 5.1-д ажилтан нь үнэнч шударгаар хөдөлмөрлөх, хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолт болон удирдлагаас амаар болон бичгээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах үүрэгтэй, 5.3-т үйлдвэрлэлийн технологийн горим, дүрэм, ажлын байрны сахилга, аюулгүй ажиллагааг чанд мөрдөж, ажлын багаж, хөдөлмөр хамгааллын хувцсыг ажлын байранд тогтмол хэрэглэж, ажил үйлчилгээг осол зөрчилгүй гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус гэж үүрэгжүүлсэн заалт байдаг. Гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 360 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт Д2ЦС ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.9-д "Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн доорх зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж, сахилга, хөдөлмөр, технологийн ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална.", б-д үйлдвэрийн /ажлын/ байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн гэж тодорхой заасан байдаг. Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгзэр тушаалын хавсралт "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 76-д "Согтуурсан буюу мансуурсан, биеэ хянах чадваргүй болон бригадын бүрэлдэхүүнд ороогүй хүнээр цахилгаан байгууламжид ажил гүйцэтгүүлэх, ажил гүйцэтгэж байх үед дэргэдээ байхыг хатуу хориглоно." гэж тодорхой заасан байдаг. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож байхдаа ноцтой зөрчил гарсан хүнийг Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулиар хамгаалж анхан шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт 1 талыг барьсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.М- нь хариуцагч Д2ЦС ТӨХК-д холбогдуулан Д2ЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогч Д2ЦС ТӨХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 тоот тушаалаар П.М-г Цахилгаан, дулааны хянах хэмжүүр автоматикийн цехэд дулааны хянах хэмжүүр автоматик ДХХА-ийн засварын слесарийн ажлаас чөлөөлөхдөө ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 5.9б, 10.1д, 10.5, 2019-2020 оны хамтын хэлэлцээрийн 3.19, хөдөлмөрийн гэрээний /266/17/-ний 6.1б заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. / хх-ийн 3 /

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...П.М- нь тухайн үед Монгол улсын хэмжээнд коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалттай холбогдуулан төрийн болон төрийн өмчит, аж ахуйн нэгж байгууллагууд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байсан. Энэ онцгой дэглэм, ажлын тусгай горимоор ажиллаж байсан үед П.М- архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Энэ нь ажилтан П.М- нь ажлын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэжээ.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д "Энэхүү гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйл болон компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.9 дэх заалтыг үндэслэн доорх зөрчлүүдийг сахилга, хөдөлмөр, технологийн ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох буюу цуцална. Үүнд: б-д үйлдвэрийн байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн гэжээ. / хх-ийн 37-41 /

Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 5.9-д "Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 заасныг үндэслэн доорх зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж, сахилга, хөдөлмөр, технологийн ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална, б-д үйлдвэрийн /ажлын/ байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн гэж / хх-ийн 31-36 / ноцтой зөрчлийн тохиолдлыг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.

Нэхэмжлэгч нь тухайн өдөр ажиллах хуваарьт цагаасаа өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, нэхэмжлэгчээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байгаа үндэслэлээр түүнийг ээлжийн дарга, инженер нарын шийдвэрээр ажиллуулахаас татгалзаж, ажлаас нь буулгасан үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрч Ч.П, Ч.Б, Г.Г нарын мэдүүлгээр тогтоогдсон. / хх-ийн 132 /

Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар ...ажлын байранд ажиллахаар ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйлдэл хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй. ... өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний 6.1б-д заасан нөхцөлийг ...согтууруулах ундааны зүйлийг ажлын байранд хэрэглэсэн эсэх, ажлын байрнаас бусад газарт хэрэглэсэн эсэх, их, бага хэдий хэмжээгээр хэрэглэснээс үл хамааран үйлдвэрийн байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчилд хамаарч байна... гэж дүгнэсэн ба ийнхүү дүгнэж байгаад нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь зөвхөн ажлын байранд согтууруулах ундаа уусан бол зөрчилд тооцох, ажлаас гадуур уугаад ажилдаа тодорхой хэмжээний согтууралтай ирвэл зөрчилд тооцохгүй тухай асуудал биш юм. Гэрээний талууд нэхэмжлэгчийн ажлын байранд гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцсон. /хх-ийн 31-41 / Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь ажлын байранд согтуурлын байдалтай байсан тухай ойлголт юм.

Дээрх гэрээ болон журамд тухайлан заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан тул ажил олгогчийн өөрийн санаачлагын асуудал болохоор үйлдвэрчний эвлэл, бусад байгууллагатай зөвшилцөхгүй өөрийн үзэмжээр ажлаас халах тохиолдол болох нь тогтоогдож, түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт нь үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамаарах, тэднийг өөр ажилд шилжүүлэх болон ажлаас халах, сонгуульт ажилтай нь холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулахад хамт олны зөвшөөрлийг заавал авах-аар зохицуулсан.

Харин ажил олгогч нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлөхөд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт хамаарахгүй болно.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хууль болон Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Д2ЦС ТӨХК-д холбогдох Д2ЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч П.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 213 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ