Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2021/00034 

 

Х.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2021/00218 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 8 дугаар багт оршин суудаг Х.А-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын 12 дугаар багт оршин суудаг З.Е   , З.М   нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч З.Е ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Х.А , түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Е , түүний өмгөөлөгч Х.Тилеугавал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Х.А-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байршилтай 8312004374 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хууль ёсны өмчлөлийн газарт хариуцагч З.Е , З.М  нарын хууль бус барьсан хашаа, байшингуудыг тус тус албадан буулгаж, газрыг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэлд: “...2019 оны 7 дугаар сард иргэн С.Аманжолоос авах авлагын оронд түүний өмчлөлийн энэхүү газрыг төлбөрт тооцож шилжүүлэн авсан. Ингэж тус газрын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсны дараа 2020 оны 8 дугаар сард өмчлөлийн газартаа очиход газрын хэмжээ нь жижгэрсэн байсныг олж мэдээд Өлгий сумын Засаг даргад гомдол гаргасан. Сумын Засаг дарга миний гомдлыг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлэн шалгуулж, иргэн З.Е  нь миний өмчлөлийн газарт баруун талаас 1.6 м, хойд талаас 1.2 м орсныг тогтоож, газар чөлөөлүүлэхээр мэдэгдэл өгсөн боловч З.Е  нь газрыг чөлөөлж өгөөгүй. Иймд миний Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байршилтай 8312004374 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хууль ёсны өмчлөл бүхий газарт барьсан хариуцагч З.Е , К.Айжан нарын хашаа байшин, амбаарыг тус тус албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгаж өгнө үү.

Миний бие анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед зарим хариуцагчийн нэрийг мэдэхгүй байгаагаас болж алдаатай бичсэн байна. Сүүлд нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зейнелханы Айжан гэдгийг З.М  гэж зөвтгөж тайлбар гаргасан боловч хариуцагчийн нэр нь З.М  болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдсон байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн нэр, нэхэмжлэлийн үндэслэлээ дахин тодруулж энэхүү тайлбарыг хүргүүлж байна. ...Шүүхийн үзлэгээр З.Е  нь миний үзлэгийн газарт баруун талаас 1.6 м, З.М  нь баруун урьд булангаас 1.7м орсон болох нь тогтоогдлоо. Энэ асуудлаар эрх бүхий байгууллагаас газар чөлөөлүүлэхээр мэдэгдэл өгсөн боловч З.Е , З.М  нар нь газрыг чөлөөлж өгөөгүй тул шүүхэд хандсан. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байршилтай 8312004374 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хууль ёсны өмчлөл бүхий газарт барьсан хариуцагч З.Е , З.М  нарын хашаа байшингуудыг тус тус албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч З.Маржангүлийн тайлбарт: “Бид нар 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр сумын газрын даамал Т.Зангар, багийн Засаг дарга Т.Ербол нарыг байлцуулан уг газрыг зохих журам, зааврын дагуу хэмжилт хийлгэж гэр бүлийн хэрэгцээнд зориулан авсан. Эхлээд 2014 онд хэмжилтийн дагуу хашаа татаж, 2015 оноос эхлэн хоёр давхар байшингийн суурь тавьж эхэлсэн. Миний төрсөн дүү З.М  нь дүү З.Серикболд хөдөөнөөс нүүж ирсэн байх үед оршин суух хашаагүй байсан тул өөрийнхөө эзэмшлийн 700 м.кв газрыг түүнд өгсөн. З.Серикбол тухайн газарт хоёр өрөө байшин барьж одоо хүртэл тэнд амьдарч байгаа. Миний бие хоёр давхар байшинг 4 жилийн турш барьж босгож 2020 оны 7 сард ашиглалтад оруулсан. Байшинг 4 жилийн турш баригдах болсон шалтгаан нь эхнэр З.Айгеримд хүнд өвчин тусаад Улаанбаатар хот болон Турк улсад удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байсан тул газраа өмчлөлд авах хугацаа хойшлогдсон. Газраа өмчлөлд авахаар материалаа бүрдүүлж газрын албаны зохих мэргэжилтэнд очиход надад Х.А  гэгчийн газарт орсон байна, түүнтэй ярилцаад зохицох хэрэгтэй гэж хэлсэн. Би Х.А тэй уулзахад тэр өөрийнхөө эзэмшил гэх газраа хаана байгааг мэдэхгүй байна, зааж өгөөч гэхээр дагуулаад очоод би түүний газарт орсон байдлыг ойлгуулан өөрийнхөө болон дүү З.Серикболын эзэмшлийн газраас таслан өгье гэж санал болгоход Х.А  би энэхүү газрыг хүнээс 4 сая төгрөгөөр авсан тул чи энэ газрыг тэр үнээр нь ав, авч чадахгүй бол газраа чөлөөлж өг гэж хэлсэн. Би Асетэд чиний газрыг 2,5 сая төгрөгөөр үнэлж авъя гэж санал тавьсан боловч тэр зөвшөөрөхгүй байна. Би иргэн Х.А-ийн өмчлөлд авсан газарт орсноо хүлээн зөвшөөрч байна. Намайг тус газрыг авах үед кадастрын зураг байхгүй байсан. Тухайн газрын маргааныг зохицуулах Өлгий сумын орлогч дарга А.Айтуган, газрын даамал Т.Зангар, нэхэмжлэгч Х.А ыг байлцуулан миний сул байсан газраас хэмжилт хийж зохицуулах талаар ярьсан боловч Х.А  зөвшөөрөөгүй. Иймд 1) Х.А эд өөрийнхөө эзэмшлийн газраас түүний нэхэмжлэлийн хэмжээний дагуу газар чөлөөлж өгнө. 2) Эсхүл нэхэмжлэлийн газрын хэмжээний үнийг газрын харилцааны хуулийн дагуу төлнө. 3) Эсвэл Х.А-ийн санал болгож байгаа газрыг 2,5 сая төгрөгөөр үнэлж авна. 4) Энэхүү маргааныг хууль дүрмийн дагуу шийдэж өгөхийг хүсье.” гэжээ.

Хариуцагч З.Е ын тайлбарт: “Миний бие Өлгий сумын Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг 50 жилийн хугацаатай эзэмшихээр нэгж талбар нь 031306624 дугаартай ерөнхий №000529333 газар эзэмших гэрчилгээ авсан. Уг газар 12 дугаар багт Багайгийн хашааны баруун талд байрлалтай. Мөн тухайн үед миний эмэгтэй дүү болох Зейнелхан овогтой Маржангүл 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаартай Өлгий сумын Засаг даргын захирамжаар З.Е  миний хашааны баруун талд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг 50 жилийн хугацаатай эзэмшихээр нэгж талбар нь 031306634 дугаартай ерөнхий №000529334 газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Мөн өөрийн эзэмшлийн газрын урд тал Х.А-ийн газрын зүүн талд байгаа өөрийн бэр болох Ботахара сариг овогт Оралдын Галиягийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр авсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн нэгж талбар нь 031304542 дугаартай 10213004546 тоот гэрчилгээтэй 700 м.кв газрыг миний бие 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр авсан болно. Энэ газрыг эзэмшиж эхэлснээс хойш хашаа татах зуны байр барих, худаг ухах зэрэг ажлуудыг хийж байгаад 2016 оны 7 дугаар сараас эхлэн өөрийн амины 2 давхар байшин барихаар суурийг нь тавьж, 2017 оноос эхлэн хана босгож, 2018 онд цонх дээврийг болон шавардлагыг хийгээд, 2019 онд доторх засварыг хийж, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулан дуусгасан. Тухайн үед миний газрын ойролцоо хэний газар байгаа нь мэдэгдэхгүй сул задгай газар олон байсан ба бид багийн Засаг дарга болон газрын даамал нарын үзүүлсэн газарт хар шороо /нүүрс/ асгаж өөрийн газраа тэмдэглэж авсан. 2014 онд дээрх газрыг хэмжиж, зураг гарган кадастрт оруулан нарийн тодорхойлж өгөөгүй. Үүнээс болж миний бие иргэн Х.А-ийн гаргасан нэхэмжлэлд тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцож байна. Монгол Улсын иргэний хувьд би ч хууль тогтоомжийн дагуу 700 м.кв эзэмших, өмчлөх эрхтэй болохоор одоо уг газрыг эзэмшиж байгааг нотолсон нотлох баримтуудыг нотариатаар баталгаажуулан хүргүүлж байна.” гэжээ

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2021/00218 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.А-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байршилтай 8312004374 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг хариуцагч З.Е , З.М  нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч З.Е , З.М  нарын хууль бус барьсан хашаа байшингуудыг тус тус албадан буулгахаар шийдвэрлэжээ. 

Хариуцагч З.Е ын давж  заалдах гомдолд: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:  

1. Нэхэмжлэгч Х.А  нь шүүх хуралдааны үед тайлбарлахдаа дээрх 700 м/кв газрыг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр С.Аманжолоос авах ёстой авлагын оронд тухайн газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан газар өмчлөх эрх, гэрчилгээтэй нь өөртөө шилжүүлэн авсан. Тэгээд “Өлгий Ланд” компанид очиж газраа хэмжүүлсэн. Дараа нь Өлгий сумын Засаг даргад өргөдөл гаргасан. Өргөдлийг Т.Зангарт цохилт хийж өгсөн. Т.Зангар нь газар дээр нь очиж Х.А-ийн газрын эзэмшлийн баруун талд 1.6 метр, 1.7 метр орсон байна, чөлөөлөх нь зөв гэсэн бичиг өгсөн гэж тайлбарласан байна.

2. “Хариуцагч З.Е  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 135 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын дугаар 031306624 дугаар бүхий 700 /0,07/ метр квадрат газрыг 50 жилийн хугацаатайгаар Т.Зангарын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр олгосон №000529333 дугаартай “Гэр бүлийн хэрэгцээний эрхийн гэрчилгээгээр, З.М  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 135 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын дугаар 031306634 дугаар бүхий 700 /0,07/ метр квадрат газрыг 50 жилийн хугацаатайгаар З.Е ын хашааны баруун талд Т.Зангарын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр олгосон №000529334 дугаартай гэр бүлийн хэрэгцээний эрхийн гэрчилгээгээр нотлогдож байгааг тус тус тодорхойлсон.

3. Мөн З.М  Өлгий сумын 12 дугаар баг З.Е ын хашааны баруун талд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 метр квадрат газар тус тус эзэмшиж байгаа боловч хариуцагч нар энэхүү эзэмшлийн газарт барьсан эзэмшлийн газарт үл хөдлөх хөрөнгө болох 2 давхар орон сууц болон 1 давхар 2 өрөө байшинд “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ” аваагүй байна” гэж дурдсан нь бидний буруу биш юм. Би энэ талаар холбогдох газарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахаар хандсан боловч та тухайн үед байшингаа бариагүй үл хөдлөх хөрөнгөө барьж дуусгасны дараа гэрчилгээ авна гэдгийг зөвлөж байсан. Шүүхийн шийдвэр нь нэг талыг барьж нэхэмжлэгч Х.А-ийн үл хөдлөх гэрчилгээг үндэслэж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.А  нь ямар ч үл хөдлөх хөрөнгө амбаар, байшин бариагүй атлаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсныг би ойлгохгүй байна.

4. З.Е , З.М  нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д заасан заалтуудыг зөрсөн байна гэж үндэслэх хэсэгт дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх газрыг эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан захирамж, гэрчилгээгээр эзэмшиж байсан талаар шүүхэд нотлох баримт болгон өгснийг нотлох баримтаар үнэлсэн атлаа Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үгүйсгэн шийдвэр гаргасныг хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

5. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.А-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байршилтай 8312004374 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг хариуцагч, З.Е , З.М  нарын хууль бус барьсан хашаа, байшингуудыг тус тус албадан буулгасугай” гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Энэ нь тухайн үеийн газрын даамал нарын газрыг буруу зааж өгсөн асуудал, шүүхийн үзлэгээр Х.А-ийн өмчлөл бүхий газарт хэчнээн метр орсон нь тодорхой нотлогдсон, хариуцагч З.Е , 3. Маржангүл бид дээрх газрын хууль ёсны эзэмшигч болох нь тодорхой нотлогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дүгээр заалт “106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж заагдсан нь миний эзэмших эрхийг хамгаалсан заалт гэж би ойлгож байна.

Иймд гомдлыг давж заалдах журмаар хянаж, анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2021/00218 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х.А  нь хариуцагч З.Е , З.М  нарт холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байршилтай 8312004374 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хууль ёсны өмчлөл бүхий газарт барьсан хариуцагч З.Е , З.М  нарын хууль бус барьсан хашаа, байшингуудыг албадан буулгаж, газрыг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч  нар эс зөвшөөрч маргажээ. Шүүх  нэхэмжлэгч Х.А-ийн өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй барьсан хашаа байшингуудыг хариуцагч З.Е , З.М  нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч З.Е , З.М  нарын хууль бус барьсан хашаа байшингуудыг тус тус албадан буулгахаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШЗ2021/00269 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн[1] боловч хэргийг хянан шийдвэрлэхдээ ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй орхигдуулсан нь шүүх хуульд заасан тохиолдолд нотлох баримт бүрдүүлэхдээ дутуу бүрдүүлсэн, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдож шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байршилтай 8312004374 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хууль ёсны өмчлөл бүхий газарт хариуцагч (1) З.Маржангүлийн хашаа, байшингийн баруун урд булан нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын Б булангаас А булангийн хэсэгт 1,7 метр, (2) З.Е ын 2 давхар байшингийн баруун урд булан нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын В булангаас Б булангийн хэсэгт 1.4 метр, (3) З.Е ын 2 давхар байшингийн баруун урд булан нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын В булангаас С булангийн хэсэгт 1.6 метр, (4) З.Е ын 2 давхар байшингийн баруун урд булангаас урд зүг руу стандарт блокоор татсан хашаа нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын С булангаас А булангийн хэсэгт 1.7 метр орсон[2] болох нь үзлэгийн явцад тогтоогдсон боловч  (А) хариуцагч З.Е ын 031306624 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хууль ёсны өмчлөл бүхий газар болон хариуцагч З.Маржангүлийн 031306634 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хууль ёсны өмчлөл бүхий газруудад газрын албанаас зааж өгсөн газрын байршлын координат цэгүүдээр хэмжилт хийхэд тухайн газрууд нь тус тус 700м.кв талбайд хүрч байгаа эсэхийг, (Б) хариуцагч З.Е , З.М  нар нь эрх бүхий байгууллагаас зааж өгсөн газрын байршил бүхий координат цэгүүдээр хүрээлэгдсэн кадастрын зураглалын дагуу хашаа татаж, тус газартаа байшин барьсан эсэхийг шүүх үзлэг хийх явцдаа тодруулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах эдгээр нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул зохигчийн хооронд үүссэн дээрх маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүйд хүргэсэн байна. 

Түүнчлэн шүүх хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь заалтын дагуу гаргасан тэдгээрийн эзэмшлийн 031306624 дугаартай газар нь 700 м.кв хүрэх эсэхэд шинжээч томилуулж, гэрч асуулгах тухай хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШЗ2021/00438 дугаар шүүгчийн захирамжаар “...хүсэлт нь энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчим, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх журам, тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.” тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тус тус ноцтой зөрчсөн байна гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүй, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул  хариуцагч болон түүний өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай гомдолд урьдчилсан байдлаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч З.Е д буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2021/00218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Е ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ                                                     

                                                                                                          Д.КӨБЕШ

 

[1] Хэргийн 43-45 дугаар тал.

[2] Хэргийн 46 дугаар тал.