Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2021/00033     

 

А.Ө  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2021/00232 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, А.Ө  нэхэмжлэлтэй, Өлгий сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Ерөнхий боловсролын БӨЭ сургууль ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч А. Ө  , түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен, орчуулагч А.Ахмерей нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэлийн шаардлага: Тус сургуульд үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажил олж өгөхийг сургуулийн захиралд үүрэг болгож, ажил олгогчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаартай А. Ө  ийг ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэл болгосон “Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-г” гэснийг “мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2” болгож өөрчилж, Ерөнхий боловсролын “БӨЭ   ХХК-аас ажлаас халагдсаны тэтгэмж болох 1.350.000(450000х3) төгрөг, Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 3.150.000 төгрөг, 2020 оны 11,12-р сарын цалин болон 2021 оны 01 дүгээр сарын 11 өдөр буюу ажлаас чөлөөлөх хүртэлх цалин болох 1.049.996 төгрөгийг тус тус гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Миний бие 2011 оноос өнөөдрийг хүртэл тус сургуульд галчаар ажиллах хугацаандаа энэхүү “цахиуртай тоосноос уушги тоосжих” мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болж хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актаар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс үйлдвэрийн тоос шороогүй ажилд бүр мөсөн шилжүүлсэн. Сургуулийн захиргаанд энэхүү нөхцөл байдлаа удаа дараа танилцуулж, амаар болон бичгээр өргөдөл гаргаж, өөр ажилд шилжүүлж өгөхийг шаардсан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Тодруулбал, 2020 оны 02 дугаар сард өвдөж улмаар нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад тус эмнэлгийн эмч нарын зөвлөснөөр Улаанбаатар хот дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төвд хандсан.

Үүний дагуу уг эмнэлгийн бүрэн шинжилгээнд хамрагдсанаар мэргэжлээс шалтгаалах өвчин болох "Цахиуртай тоосноос уушги тоосжих" гэсэн үндсэн оношийг тогтоосон бөгөөд хөдөлмөрийн нөхцөл сольсон 61 тоот актаар үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажилд 6 сараар шилжүүлсэн. Уг актын дагуу сургуулийн захиргаанаас зохих хууль тогтоомжийн дагуу манаачийн ажилд түр томилсон. Өвчин бүрэн эмчлэгдэх боломжгүй учраас магадлах комиссын шийдвэрээр үйлдвэрийн тоос шороогүй ажилд бүр мөсөн шилжүүлэх тухай акт гаргасан. Уг актын нэг хувийг Баян-Өлгий Э сургуульд хүргүүлэн зохих хууль тогтоомжийн дагуу зохицуулан ажиллуулахыг хүссэн боловч татгалзсан. Удирдлагуудын хариуцлагагүй үйлдлээс болж хэзээ ч эдгэршгүй өвчин зовлонд нэрвэгдэж хамт олон найз нөхдөөс өөрийн эрхгүй салж байна. Цаашид галчаар ажиллах ямар ч боломжгүй учраас “ядаж галчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрээ гаргаж өгөөч, холбогдох газраас ажилгүйдлийн тэтгэмжээ авъя” гэсэн ч ажлаас чөлөөлөхгүй байна. Би тус байгууллагад удаан хугацаанд ажилласны улмаас мэргэжлээс шалтгаалах өвчтэй болсон, ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгогдох нөхөн төлбөрийг ч олгохгүй байна.

Иймд Баян-Өлгий Э сургуулийн галчийн ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаж өгөхийг, “БӨЭ   ХХК-д үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажилд шилжүүлэн ажиллуулахыг сургуулийн захиралд даалгаж, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 алдсаны 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

           

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад: “Миний эрүүл мэндийн байдал галчийн ажилд буюу тоос шороотой ажилд хэзээ ч тэнцэхгүй болсон нь эмчийн актаар бүрэн нотлогдож байгаа.Түүний дагуу намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар эрүүл мэндэд харшлахгүй ажилд шилжүүлж өгөхийг удаа дараа шаардаж өргөдөл гаргасан. Гэтэл “таны асуудлыг дээд шатанд тавьсан боловч таныг ажлаас гаргаж болохгүй гэсэн. Та галчийн ажлаа хий” гэсэн байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-д заасан албадан хөдөлмөрлөхийг шаардаж буй байдал мөн. Баян-Өлгий Э сургууль Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хөдөлмөрийн дотоод журам гаргасан боловч тухайн дотоод журмын 5.2-т заасан үүргээ умартан тухайн журмын 6.31-т заасан заалтын дагуу тухайн үед эрүүл мэндийн байдлаас ажлаас чөлөөлсөн тушаал гаргах ёстой байтал намайг тухай журмын 2.10-д заасан заалтыг ноцтой зөрчиж чирэгдүүлсээр байгаад шүүхээс шаардсан өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлсөн.

Түүний уршгаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хугацаа алдагдаж ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй байдалд хүрсэн. Энэ тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ийг баримтлах ёстой байтал тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримталсан нь ажлаас халагдсаны тэтгэмж өгөхөөс хууль бусаар татгалзсан хэлбэр мөн. Миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөгүй байх тул уг ажлаас чөлөөлсөн тушаал дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 болгож өөрчилж, хариуцагч байгууллагаас мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж болох 1.350.000 (450000х3) төгрөг, үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 3.150.000 төгрөг, 2020 оны 11,12 дугаар сарын цалин болон 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр буюу ажлаас чөлөөлөх хүртэлх цалин болох 1.049.996 төгрөгийг тус тус гаргуулах мөн тус сургуульд үйлдвэрлэлийн тоос шороогүй нөхцөлийн ажил олж өгөхийг сургуулийн захиралд үүрэг болгож өгөхийг хүсэж шүүх хуралдаанд шаардлагаа тодруулж байгаа.

Шүүхэд ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дээр Баян-Өлгий Э сургуулийн галчийн ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаж өгөхийг сургуулийн захиралд даалгах гэж буруу бичигдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодруулж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч А.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ

Баян-Өлгий Э сургуулийн галчийн ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаж өгөхийг сургуулийн захиралд даалгах тухай гэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд: БӨЭсургууль нь Боловсролын тухай хууль болон Компанийн тухай хуульд заасны дагуу 1994 онд үүсгэн байгуулагдаж 25 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өөрийн баталсан бүтэц орон тоондоо багтаан үйл ажиллагаа эрхэлдэг. Манай сургууль нь 2020 оны 4 сараас хойш Коронавирусээс /Covid-19/ үүдэлтэй Баян-Өлгий аймгийн хэмжээнд үүссэн онцгой нөхцөл байдлыг ойлгож, нийгмийн хариуцлагаа ухамсарлан Коронавируст халдвар /covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т заасан үүрэг буюу эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг сахин биелүүлж ажлыг байрыг хадгалах чиглэл баримтлан ажиллаж ирсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №178 “Бух нийтийн бэлэн байдалд шилжүүлэх тухай” тогтоол, мөн Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 “Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгасан тухай” тогтоолын дагуу боловсрол сургалтын байгууллагын үйл ажиллагаа зогссон билээ. Бид бүхэн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр үргэлжлүүлж байгаа хэдий ч эцэг эхчүүд сургалтын төлбөр төлөхгүй байгаа нь сургууль санхүүгийн хүнд байдалд орж багш, ажилчдын цалин, урсгал зардлаа төлж чадахгүй болох хэмжээнд хүрсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар ажилтан А.Ө нь өмнө нь удаа дараа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай хүсэлтийг илэрхийлж, ажлын байрандаа ирж ажиллахгүй байсан, түүнчлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ галчийн үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг сургуулийн захиралд даалгах тухай нэхэмжлэл гаргасан зэргийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь өөрийн хүсэлтээр чөлөөлсөн.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг 1 дэх хэсгийг ажил олгогчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

 

Баян-Өлгий Э сургуульд үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлд үргэлжлүүлэн ажиллуулахыг сургуулийн захиралд даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд: Галчийн үүрэгт ажил нь өөрөө хэвийн бус нөхцөлтэй орчин мөн боловч мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн заавар зөвлөгөөний дагуу ажиллаж байгаа ба 25 жилийн хугацаанд ажиллаж байсан галч нараас эрүүл мэндийн шалтгаанаар ийм асуудал үүсэж байгаагүй. Нэхэмжлэгч А.Ө нь манай байгууллагад ажиллахаас өмнө уурхайд 10 гаруй жил ажилласан нь энэхүү өвчин тусах суурь шалтгаан болсон гэж мэргэжлийн эмч нар хэлж байсан. Гэтэл зөвхөн сургуульд ажиллаж байх хугацаандаа энэхүү өвчнийг авсан мэт ярих нь хэт нэг талыг буруутгасан гэж харагдаж байна. Нэхэмжлэгч А.Ө нь галчийн үүрэгт ажилд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлын байранд тэнцэхгүй болсон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх ЭХМК-ын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн акттай тул эдийн засгийн ийм хүнд үед өөр ажлын байр шинээр бий болгож өөр ажилд үргэлжлүүлэн ажиллуулах ямар ч боломжгүй болно. Үүнээс гадна нэхэмжлэгч А.Ө ажилтай байлгахын тулд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа өөр ажилтны ажлыг түүнд шилжүүлэн өгөх нь манай компанийн бусад ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг хөндсөн шийдвэр болно.

 

Үйлдвэрийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны 7 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 3.150.000 (гурван сая нэг зуун тавин мянган) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нөхөн төлбөр болох 3.150.000 (гурван сая нэг зуун тавин мянган) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангасан байх ёстой бөгөөд энэхүү шаардлагын дагуу нэхэмжлэгч нь мөн хуулийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийгээ нотлох баримтын хамт нэхэмжлэлд дурдсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй хуульд заасан ямар үндэслэлээр нөхөн төлбөр ажил олгогчийн зүгээс гаргуулан авах талаар нэхэмжлэлд тодорхой дурдаагүй. Үүнээс үүдэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа түүний үндэслэлийг дурдаагүйн улмаас хариуцагч түүнд хариу тайлбар өгөх боломжгүй нөхцөл байдал үүсэж байх тул нэхэмжлэлийн дараах шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч талаас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх ЭХМК-ын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн актаар нэхэмжлэгч А.Ө 50 хувийн хөдөлмөр алдагдалтай гэх боловч уг акт нь хууль зүйн хувьд хүчинтэй эсэх талаар эргэлзэж байгаа тул манай компанийн зүгээс Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж тодруулахаар албан бичиг хүргүүлж байгаа болно.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2021/00232 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 47 дугаар зүйлийн 47.1, 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг тус тус баримтлан “Хариуцагч Ерөнхий боловсролын “БӨЭ   ХХК-ны захирлын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаартай “А. Ө  ийг ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-г” гэснийг “мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2” болгож өөрчилж, Ерөнхий боловсролын “БӨЭ   ХХК-аас ажлаас халагдсаны тэтгэмж болох 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөг, үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 3.150.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А. Ө  т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1.949.996 (900.000+1.049.996) төгрөг болон тус сургуульд үйлдвэрлэлийн тоос шороогүй нөхцөлийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг сургуулийн захиралд үүрэг болгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн давж  заалдах гомдолд:  Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 25-ы өдрийн 130/ШШ2021/00232 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу  тайлбарлан хэрэглэсэн гэх  үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийг дараах байдлаар эс зөвшөөрч байна үүнд:

“Ерөнхий боловсролын “БӨЭ   ХХК-нд үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажил олж өгөхийг сургуулийн захиралд үүрэг болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Тус сургууль нь үүсгэн байгуулагдсанаас хойш уурын зуухны хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай эрүүл ахуйн хуулийг алдагдуулсаар ирсэн.Түүний нотолгоо нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч нарын №04-06-033|32 дугаартай дүгнэлтээр илрүүлсэн зөрчлүүд юм. Уг зөрчлийг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.13-т зааснаар арилгаж тус хууль болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар жил бүр дүгнэлт хийлгэх ёстой байтал уг асуудал өнөөг хүртэл биеллээ үл олсоор байна. Энэ нь одоогийн биш үе үеийн захирлуудад ч шууд холбоотой. Үүнийг миний бие бусдын мууг үзэх гэсэндээ биш хамт ажилладаг найз нөхдийн маань амьд явах нөхцөлийг бүрдүүлээсэй гэсэндээ нуршив. Тийм ч учраас анхан шатны шүүхэд хэргийн газрын бодит байдалтай танилцахыг хүсэж хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан. Сургуулийн дээрх хууль бус үйлдлээс болж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4,  Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18 1.1 болон Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2-ын 5.2.2, 5.3.1 мөн хөдөлмөрийн гэрээний 2.2-ын 2, 3.1.1 гэх мэт заалтуудыг ноцтой зөрчсөний улмаас түүнд ажиллах галч нар хэзээ ч эдгэрэхгүй өвчинд нэрвэгдэж эрүүл мэндээрээ хохирч эхэлсэн. Түүний нэг нь галчаар ажиллаж байсан миний болон надтай хамт ажилладаг 2 галч маань мөн адил өвчин зовуурьтай болж эхэлснийг баттай гэрчлэх болно.

Гэтэл сургуулийн захирал нь уг асуудалд бодит дүгнэлт хийж, хүн чанар, хүнлэг ёс гаргахын оронд надад холбоотой гаргасан мэргэжлийн байгууллагын актыг үл хүндэтгэж, манаач нарыг галчаар солиход ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг хөндсөн шийдвэр болно ..." гэж тайлбарлаж байгаа нь хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж буй галч нарт огт хайхрамжгүй хандаж буй хэрэг мөн бөгөөд хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар заалтын 2.6-д заасан "Аливаа хэлбэрээр танил тал харах, бусдад давуу байдал олгох, хувийн үзэмжээр ялгавартай хандахыг хориглоно" гэсэн зарчмыг алдагдуулж буй хэлбэр мөн болно. Нөгөө талаар галч болон манаач нарыг сольж ажиллуулахад ямар ч сөрөг үр дагавар гарахгүй. Учир нь: Хөдөлмөрийн гэрээний 2.1.5, 2.1.6 дугаар заалтуудад бүрэн нийцэж байгаа болно. Иймээс ч урьдах захирлууд маань хөдөлмөрийн гэрээний дээрх заалтуудыг үндэслэн ажилчдыг хоорондоо сольж ажиллуулж ирснийг хэлэх байна. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх асуудлыг дутуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дүгээр заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тус хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг эс зөвшөөрч            байна. Учир нь: Дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 нь миний бие хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70%-аас дээш алдаж, хөдөлмөрийн нөхцөл солилгүйгээр хөдөлмөрийн чадвар алдалтын акт тогтоосон бол хэрэглэж болох байсан. Харин мэргэжлийн эмч нар миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 50%-аар тогтоож эдгэрсний дараа биш акт тогтоосон өдрөөс эхлэн үйлдвэрийн тоос шороогүй ажилд бүр мөсөн шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасан "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлнэ" гэсэн заалтад бүрэн нийцэж байгаа болно.

Иймээс та бүхэн бодит дүгнэлт гаргаж дээрх алдаатай шийдвэрийг засан залруулж, тус сургуулийн захиралд үйлдвэрийн тоос шороогүй ажилд томилохыг даалгаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч  А. Ө   нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “тус  сургуульд үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажил олж өгөхийг сургуулийн захиралд  үүрэг болгож, ажил олгогчийн  2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаартай А. Ө  ийг ажлаас чөлөөлсөн тушаалд  үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-г гэснийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 болгож өөрчилж, ажлаас халагдсаны тэтгэмж болох 1.350.000(450000х3) төгрөг, Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 3.150.000 төгрөг, 2020 оны 11,12-р сарын цалин болон 2021 оны 01 дүгээр сарын 11 өдөр буюу ажлаас чөлөөлөх хүртэлх цалин болох  1.049.996 төгрөгийг тус тус  хариуцагч байгууллагаас гаргуулах  тухай” гэж тайлбарлаж, хариуцагч Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-ийн захирал ” нэхэмжлэгчийн нэхэмжилж буй тэтгэмжийг төлөхөөс татгалзаж, тухайн сургуульд “манаач”-ийн батлагдсан сул орон тоо, байхгүй. Томилогдон ажиллаж байгаа хүмүүсийг ажлаас халж, чөлөөлж, А. Ө  ийг ажиллуулах боломжгүй” гэж тус тус маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад нэхэмжлэгч А. Ө    нь Ерөнхий боловсролын “БӨЭ   ХХК-д 2011 онд галчаар ажилд орж, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан тасралтгүй ажиллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын шийдвэрээр нэхэмжлэгчийг J62 Цахиуртай тоосноос уушги тоосжих оношоор мэргэжлийн өвчний жагсаалтын 2-1-1 заалтыг үндэслэн 6 сарын хугацаагаар “Үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажилд шилжүүлсэн иргэн (даатгуулагч)-ийн Хөдөлмөрийн нөхцөл сольсон 61 дугаар акт гаргаж уг актын дагуу нэхэмжлэгч А. Ө  ийг 2020 оны 05 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 24-ний хүртэл манаачийн оронд түр манаачаар ажиллуулсан тухай үйл баримт тогтогдож байгаа боловч нэхэмжлэгч А. Ө   нь 2020 оны 10 дугаар сарын 24-ны өдөр цалингүй чөлөө авснаас, ажлаас чөлөөлөх хүртэл хугацаандаа тус сургуулийн галчийн ажил үүргийг гүйцэтгээгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж үзэж, нэхэмжлэгчийн 2020 оны 11,12-р сарын цалин болон 2021 оны 01 дүгээр сарын 11 өдөр буюу ажлаас чөлөөлөх хүртэлх цалин болох 1.049.996 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

Мөн анхан шатны шүүхээс J62 Цахиуртай тоосноос уушги тоосжих оношоор мэргэжлийн өвчний жагсаалтын 2-1-1 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 24 сарын хугацаагаар “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон” 0303998 дугаартай  актыг үндэслэн 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 3.150.000 (7х450000) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-д заасан заалттай нийцсэн байна.

 Нөгөө талаас тухайн актаар нэхэмжлэгч А. Ө   нь галчийн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон гэдэг нь тогтоогдож байх тул ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 болгож өөрчлөн хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэж хариуцагч байгууллагаас нэг сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болох 450,000 төгрөг гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллагын 2019-2020 оны хичээлийн жилд ажиллах сургуулийн орон тооны бүтэц нь  манаач  3, галч 3 байсан ба 2020-2021 оны хичээлийн жилд мөн адил манаач 3, галч 3-аар тус тус батлагдсан байх тул  нэхэмжлэгч А. Ө   нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын шийдвэрээр  өөрийгөө манаачаар томилогдох ёстой гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг өөр ажилд шилжүүлэн томилохыг Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид үүрэг болгоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн хувьд хэрэгт цугларсан нотлох баримтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгчийн “...Манаач нарыг галчаар солиход ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг хөндсөн шийдвэр болно гэж тайлбарлаж байгаа нь хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж буй галч нарт огт хайхрамжгүй хандаж буй хэрэг. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж тус хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна” гэх давж заалдах гомдолд дурдсанаас үзвэл Ажил олгогч батлагдсан орон тооны хязгаарт багтааж ажилтаныг ажиллуулах ёстой. Манаачын орон тоонд урьд  ажиллаж байгаа ажилтнууд байгаа болох нь тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй байна.  2020-2021 оны хичээлийн жилд орон тоог батлахдаа манаач 3, галч 3-аар тус тус батлагдсан ба манаачийн илүү орон тоо байхгүй болох нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчийн үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажил олж өгөхийг сургуулийн захиралд  үүрэг болгох тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул давж заалдах гомдол нь нотлох баримтад тулгуурлагдаагүй үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

 Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2021/00232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Ө  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                          Д.КӨБЕШ