Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2021/00035    

 

Т.Н-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2021/00280 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух Т.Н-ын нэхэмжлэлтэй,  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар /цахим сүлжээгээр/, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэлийн шаардлага: 2016, 2017, 2018, 2019 онуудад дутуу авч байсан цалингийн зөрүү болох 8871500 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд:  “Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт орон нутгийн хамгаалалт, сургалт хариуцсан офицероор ажилладаг. Цэргийн албанд нийт 24 жилдээ алба хааж байгаа ба тус цэргийн штабт 16 дахь жилдээ ажиллаж байна. Миний цалинг хууль тогтоомжийн дагуу олгохгүйгээр өдий хүртэл хохироосоор байна. Сар бүр цалингаа дутуу авахаас гадна тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход асар их хохиролтой байна. Холбогдох албан тушаалтнуудад байнга хандаж байсан ба тухайн үед аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген нь “Бид өөрсдийн төсвийнхөө боломжийн дагуу цалинжуулна. Батлан хамгаалахын сайдын тушаалаар олгох албагүй” гэх мэтчилэн хариу өгсөөр өнөөдрийг хүрлээ. Иймд 2016, 2017, 2018, 2019 онуудад дутуу авч байсан цалингийн зөрүү болох 8871500 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие байгууллагын түр ч гэсэн удирдлагын хувьд байгууллагын нэг ч гэсэн ажилтнаа хохирохгүйн төлөө өөрт нь хэд хэдэн санал тавьсан боловч саналаас татгалзсан. Энэ хүний эрх нь зөрчигдсөн бол 2016, 2017, 2018, 2019 онуудад байгууллагын удирдлагад гаргаж байсан хүсэлт, гомдол, өргөдөл байхгүй байна бөгөөд энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч Т.Н-ын авч байсан цалинд аудитын байгууллага шалгалт хийгээд акт тогтоосон Санхүү хяналт, дотоод аудитын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Х.Берген нь нэхэмжлэгч Т.Н-ын хамаарал бүхий этгээд байна. Нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтаар хамаарал бүхий этгээд гэж, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр нөхрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү болон бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хамаарал бүхий этгээд гэж тодорхойлсон. Тэгэхээр улсын байцаагч Х.Берген нь нэхэмжлэгч Т.Н-ын хадам ахын эхнэр байгаа учраас энэ хүнд хамаарал бүхий этгээдээр тооцогдохоор иргэн байна. Энэ хүний дутуу цалинтай байсныг он оноор нь гаргасан тооцооны баримтад мөн Х.Берген гарын үсэг зурсан байна. Актад гарын үсэг зурсан болон тооцоог нь нийлж өгсөн гарын үсэг бол адилхан байгаа учраас хамаарал бүхий этгээд нь ашиг сонирхлын зөрчил гаргаад нэхэмжлэгчид ашигтай шийдвэр гаргасан гэж хэлэх боломжтой байна. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч 2016 онд авах ёстой цалин ТТ-13 байхад ТТ-11-ээр олгож байна, Батлан хамгаалах яамны сайдын тушаал гарсан боловч тухайн тушаалаар цалин олгоогүй, сүүлд аудитын байгууллага акт тогтоож өгсөн гэдэг байдлаар шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь энэ хүн сар бүр цалин авч байгаа, бүхэл бүтэн 3 жилийн хугацаанд хэдэн төгрөгийн цалин авах ёстой, одоо хэдэн төгрөгийн цалин авч байгааг сайн мэдэж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2021/00280 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-ийг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016, 2017, 2018, 2019 онуудад дутуу олгосон цалингийн зөрүү болох 8871500 (найман сая найман зуун далан нэгэн мянга таван зуун) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн давж  заалдах гомдолд: “1. Улсын байцаагчийн акттай холбоотой хийсэн шүүхийн дүгнэлтийн талаар: Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 18-04/78 дугаартай актын Тогтоох хэсгийн 1-т Т.Нурболатад дутуу олгосон цалин болох 8,871,500 төгрөгийг эргүүлэн олгож хохиролгүй болгохоор заасан. Тус актын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт дараах байдлаар үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дэх хэсэгт хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулахыг хориглох тухай, тус хуулийн 38.5 дахь хэсэгт нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох баримтыг чадвараа алдах тухай тус тус заасан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс дээрх актыг хуурамчаар үйлдээгүй, хууль бус аргаар цуглуулаагүй, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхдөө энэ талаарх хуулиар тогтоосон журам зөрчөөгүй. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт заасан Улсын байцаагч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг болон Засгийн газаас баталсан Дотоод аудитын дүрмийг зөрчсөн эсэх нь нэхэмжлэгчид хамааралтай асуудал бус юм. Гагцхүү улсын байцаагчийн акт нь хуульд нийцсэн эсэх, шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан эсэх тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, улсын байцаагч акт гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг бүрэн баримталсан эсэх, хууль ёсны акт гаргасан эсэх нь тэдгээр актыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх ажиллагаанаас тусдаа харилцаа юм. Миний зүгээс тус актыг хуурамчаар үйлдсэн зэргээр өөрөө зөрчил гаргасан нөхцөлд сая хуулийн 38.4 38.5 дахь заалтуудыг хэрэглэх үндэслэлтэй болох юм. Харин хуулийн 38.4, 38.5 дахь хэсгүүд нь тус актыг хууль бус гэж дүгнэх эсэхэд хамааралгүй зохицуулалтууд юм.  Харин иргэний хэргийн шүүхийн зүгээс Улсын байцаагчийн актын хууль зүйн үндэслэлийг хянах хууль ёсны байдалд дүгнэлт өгөх эрх хэмжээгүй болно. Учир нь тус актын хууль зүйн үндэслэлийг хянах бүрэн эрх хуулиар гагцхүү дээл шатны байгууллага буюу улсын байцаагч болон захиргааны хэргийн шүүхэд олгогдсон. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1, 13.1 дэх хэсэгт заасан иргэний хэргийн харьяалан шийдвэрлэх маргаанд улсын байцаагчийн актад холбогдох маргаан хамаарахгүй. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ" гэж заасны дагуу акттай холбогдох маргааныг гагцхүү захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх бөгөөд актын хууль зүйн үндэслэлд тус шүүх дүгнэлт өгөх юм. Харин иргэний хэргийн шүүхийн хувьд тус актын хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөхгүйгээр нотлох баримтаар үнэлэх учиртай. Хэрэв хариуцагчийн зүгээс актыг хууль бус гэж үзсэн бол хуулиар тогтоосон харьяаллын дагуу гомдол гаргах. захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах учиртай. Иймд иргэний хэргийн шүүх дээрх актыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт бус юм.

2. Хөөн хэлэлцэх хугацааны талаарх гомдлын үндэслэл: Шүүхийн зүгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гол үндэслэл нь намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн явдал байна. Гэвч шүүхийн энэхүү дүгнэлт нь дараах байдлаар үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна. Шүүх “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэж дүгнэхдээ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл байсан эсэх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэхийг дүгнээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг заасан ч хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлийг заагаагүй. Учир нь, Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн тусгай ангид заасан гэрээний нэг төрөл тул иргэний эрх зүйн хууль хэрэглээний хашилтын аргачлалын дагуу Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалт, хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт ч тэр бүхэлдээ үйлчлэх юм. Иргэний хуулийн 369.3 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ" гэж заасан нь ч үүний илрэл билээ. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлийн тухай: Иргэний хуулийн 79.1 дэх хэсэгт “.. үүрэг хүлээсэн этгээд ... бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан. Энэхүү маргааны хувьд надад цалин олгох үүрэг хүлээсэн этгээд бол хариуцагч. Иймд хариуцагч нь миний нэхэмжилж буй шаардлагыг ямар нэг хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн бол тус үеэс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Бидний хувьд дараах байдлаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Үүнд, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 18-04/78 дугаартай актын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгчид дутуу олгогдсон цалин хөлсийг олгохыг үүрэг болгосон боловч хариуцагч нь хуульд заасан хугацаанд тус шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол, нэхэмжлэл гаргаагүй. Тус актын Тогтоох хэсгийн 4-т актыг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан гомдол гаргах эрхтэй тухай заасан. Гэвч хариуцагч нь актыг хүчингүй болгуулахаар гомдол, нэхэмжлэл гаргаагүй. Ийнхүү хариуцагч нь тус актыг үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаагүй эс үйлдэхүйгээр актыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн юм. Хариуцагчийн зүгээс “бид тус актыг мэдээгүй, мэдсэнээс хойш гомдол гаргах хугацаа тоологдоно" гэж магадгүй юм. Гэвч хэргийн 17 дахь талд авагдсан “Хэрэг танилцуулсан тухай” баримтад хариуцагч нь хэргийн баримтуудтай 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр танилцсан тухай тусгагдсан, хариуцагч үүнд гарын үсэг зурсан байна. Иймд улсын байцаагчийн актыг хариуцагч нь 2021.01.21-ний өдөр мэдсэн болох нь үүгээр нотлогдож байх бөгөөд түүнээс хойш дээд шатны байцаагч болон захиргааны хэргийн шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаагүй тул актыг хүлээн зөвшөөрсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.1 дэх заалтад захиргааны актад гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн бол тус захиргааны актын хувьд шийдвэр гүйцэтгэл явагдах талаар заасан. Иймд хариуцагч нь улсын байцаагчийн актын талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлснээр тус актад шийдвэр гүйцэтгэл явагдах буюу актыг заавал биелүүлэх үр дагавар үүсэж байна. Эндээс дүгнэхэд хариуцагч нь 2021.01.21-ний өдөр актыг мэдсэн ч гомдол гаргаагүй тул актыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарч байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасны дагуу дээрх үеэс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолох үндэслэлтэй. Тус журмын дагуу тоолоход нэхэмжлэлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй юм. Иймд шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсгийг тус тус хэрэглэх үндэслэлтэй боловч хэрэглээгүй гэж үзэж байна.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тухай: Хариуцагч нь энэхүү хэргийн хувьд хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн талаар хариу тайлбар гаргаагүй байна. Мөн “нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн" гэх тайлбарыг шүүх хуралдаанаас өмнө гаргаагүй байна. Иймд үүнтэй холбоотой миний мэтгэлцэх няцаах нотлох баримт гаргаж өгөх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах процессын эрх зөрчигдсөн байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгчийн тайлбар нь нотолгооны нэг хэрэгсэл болдог. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт нотлох баримтыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөх тухай заасан. Ийнхүү нотлох баримтыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд гаргаж өгөх нь тус нотлох баримттай хэргийн нөгөө тал танилцах, тус нотлох баримтыг няцаахуйц нотлох баримт гаргах боломжоор хангагдах замаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан хэрэг юм. Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд "сюрприз” байдлаар нотлох баримт гаргаж өгөх замаар нөгөө талын мэтгэлцэх, няцаах нотлох баримт гаргаж өгөх эрхийг зөрчихийг хориглосон юм. Гэтэл хариуцагчийн зүгээс “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн" гэх тайлбарыг шүүх хуралдаанаас өмнө гаргаагүй, хэрэг хэлэлцэж эхэлсний дараа буюу нотлох баримт гаргаж өгөх үе шатыг өнгөрсний дараа гаргасан. Ингэснээр би тус тайлбарыг няцаах нотлох баримт гаргаж өгөх, тус тайлбарыг хэрхэн няцаах талаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжгүй болсон. Хэрэв хариуцагч нь тус тайлбарыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгсөн бол (хуульд заасан журмын дагуу) би үүнийг хэрхэн няцаах талаар өмгөөлөгчөөс зөвлөгөө авах, няцаах нотлох баримт гаргаж өгөх боломжтой байсан. ... Түүнчлэн хэрэв нэмэлт тайлбар, шинэ нотлох баримтыг шүүх хүлээж авсан бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах тухай заасан атал шүүх хуралдааныг хойшлуулж, надад няцаах нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй. Энэ нь шүүхийн зүгээс миний хуульд заасан процесс эрхийг зөрчсөн хэрэг юм. Эндээс дүгнэвэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт заасан нотлох баримт гаргаж өгөх хуульд заасан журмыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.5 дахь хэсэгт нотлох баримт гаргах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тус нотлох баримт нь нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тухай заасан. Иймд хариуцагчийн “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. Түүнчлэн, ийнхүү хариуцагчийн шинэ тайлбар, нотлох баримттай холбоотой анхан шатны шүүх намайг “шинээр (няцаах) нотлох баримт гаргаж өгөх, хариуцагчийн шинээр гаргаж буй татгалзалтай холбоотой өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авах эрхээр хангаагүй” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болсон. Иймд энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл юм. Хэрэв хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нөхцөлд би “хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, тасалдаж байсан" тухай нотлох баримт гаргаж өгөх замаар хуульд заасан нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх эрхээ эдлэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж шийдвэрлэсэн байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Т.Н  нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2016, 2017, 2018, 2019 онуудад дутуу авч байсан цалингийн зөрүү 8.871.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Цэргийн албанд 24 жил, Цэргийн штабт 16 дахь жилдээ ажиллаж байна. Миний цалинг хууль тогтоомжийн дагуу олгохгүйгээр хохироосоор байна. ЗДТГазрын дарга Х.Тилеген нь төсвийн боломжийн дагуу олгон Батлан хамгаалахын сайдын тушаалаар олгох албагүй гэж цалинг бүрэн олгохгүйгээр өнөөдрийг хүрлээ. Сар бүр цалингаа дутуу авахаас гадна тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход асар их хохиролтой байна” гэж,  хариуцагч байгууллага “Акт үйлдэж хяналт шалгалт хийсэн улсын байцаагч Х.Берген нь нэхэмжлэгч Т.Н-ын хамаарал бүхий этгээд байна. Нэхэмжлэгчид ашигтай шийдвэр гаргасан гэж хэлэх боломжтой. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж эс зөвшөөрч маргажээ. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Т.Н-ын 2016, 2017, 2018, 2019 онуудад дутуу авч байсан цалингийн зөрүү 8.871.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаар бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заасан ба  Хөдөлмөрийн гэрээний нэг тал болох ажилтан нь ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад гомдлыг эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гурван сарын дотор хэрэгжүүлж болохоор хуульчилсан байхад нэхэмжлэгч хуульд заасан уг хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Т.Н-ын шүүхэд гаргасан “хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд, уг үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй болно.

Харин түүний “анхан шатны шүүх улсын байцаагчийн актыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь буруу” гэх давж заалдах гомдлын үндэслэл хуульд нийцсэн байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт иргэний хэргийн шүүхийн иргэний хэрэг үүсгэх үндэслэлүүдийг тодорхой зааж, мөн хуулийн 115 дугаар зүйлд иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарах шийдвэрийг агуулга, цар хүрээг хуульчлан тогтоосон.

Гэтэл анхан шатны шүүх хуулиар харьяалуулсан асуудалд үл хамаарах, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18-04/78 дугаартай актыг “хууль ёсны эсэх нь эргэлзээтэй” гэж дүгнэж, уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг дурдаж “хуурамч, эсхүл хууль бус аргаар цуглуулсан” гэж, 38.5 дахь хэсэгт заасныг дурдаж “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэж дүгнэн, “шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж үзэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн эдгээр дүгнэлтүүд нь “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18-04/78 дугаартай актыг гаргасан Х.Берген болон нэхэмжлэгч Т.Н  нар нь нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий этгээд, Х.Берген нь нэхэмжлэгч Т.Н-ын төрсөн хадам ахын эхнэр” гэх иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудалд үл хамаарах үндэслэлүүдэд тулгуурлажээ. Үүнийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг “үнэн зөв, эргэлзээгүй талаас нь” үнэлнэ. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18-04/78 дугаартай актын “хууль ёсны” эсэхэд харьяалал зөрчин тодорхой үндэслэлүүд заан, урьдчилж “эргэлзээтэй” гэж буруу дүгнэсэн нь, түүнчлэн уг баримтыг “хуурамч”, эсхүл “хууль бус аргаар цуглуулсан”, эсхүл “тухайн нотлох баримтыг гаргах, цуглуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн” гэх нөхцөл байдлууд тодорхой баримттайгаар, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр бодитой тогтоогдоогүй байхад энэ талаар тус тус дүгнэлт хийж, тухайн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай буюу зохигчийн тайлбартай харьцуулан үнэлж, дүгнэх боломжтой гэж үзэв.

 

Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18-04/78 дугаартай актаар ажилтан Т.Нурболатаас гаргасан өргөдлийн дагуу хяналт, шалгалт хийж, Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалтыг удирдлага болгож, Монгол Улсын Засгийн газрын  2015 оны 483 дугаар тогтоолыг үндэслэн, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажилтан Т.Н-ын 2016, 2017, 2018, 2019 оны цалингийн зөрүү нийт 8.871.500 төгрөгийг эргүүлэн олгож, хохиролгүй болгохыг тус Тамгын газрын дарга Х.Тилеген, нягтлан бодогч Д.Бекболат нарт хариуцуулсан байна. Энэхүү актаар тогтоогдож буй “ажилтан Т.Нурболатад ажил олгогч 2016-2019 онд цалин хөлснөөс нь 8.871.500 төгрөгийг дутуу олгож байсан” гэх үйл баримтыг үгүйсгэх нотлох баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй боловч нэхэмжлэгч Т.Н  нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр уг акт гарахаас өмнө, 2016-2019 онд өөрийн авч байсан цалин хөлсний бүрэлдэхүүнийг мэдсэн, мэдэх боломжтой байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Иймээс нэхэмжлэлийг уг үндэслэлээр буюу маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх дүгнэлтээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хэргийн 29 дүгээр талд авагдсан хариуцагч Ө.Хуралайг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай  Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжид тус аймгийн Засаг даргын Тамгын газрын “хуулбар үнэн” тэмдгийг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна. Дурдаж буй баримт нь хариуцагчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, албан тушаалд томилсон буюу эрх олгосныг гэрчлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт хамаарах нотлох баримт бөгөөд харин мөн хуулийн 44.4 дэх хэсэгт заасан “бичмэл нотлох баримтад” хамаарахгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “бичмэл нотлох баримт” гэдэгт мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь хэсэг, 12-14 дүгээр бүлэгт заасан үндэслэлээр шүүхийн бүрдүүлэх нотлох баримт хамаарна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “Т.Н  нь хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргах боломжтой буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн” гэх үндэслэлээр хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргаж оролцжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 63.5 дахь хэсэгт ажилтан нь цалин хөлстэй холбоотой гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж шийдвэрлүүлэхээр хуульчилсан боловч Баян-Өлгий аймагт хөдөлмөрийн маргаан таслах комисс үйл ажиллагаа явуулдаггүй, мөн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад” гэж хуульчилсан учраас ажилтан Т.Н-ын 2016-2019 онд дутуу олгосон цалин хөлстэй холбоотой гомдлоо иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлснийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн буюу энэ талаарх хуульд заасан журам зөрчигдсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156894 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2021/00280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Нурболатын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156.894 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

                       

                                                                                                          Д.КӨБЕШ