Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 223

 

“Т к” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Улсын бүртгэлийн ерөнхий газарт

 холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг

                                                     Г.Банзрагч

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “...”К т и” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах”

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0039 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0219 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад, Б.Ууганбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Энхзаяа нарыг оролцуулж,

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0039 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль /2015 он/-ийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1.2, 14 дүгээр зүйлийн 14.2.4, 14.5, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Т к” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “К т и” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “К т и” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгож  шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0219 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Энхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүх Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр, ижил төстэй байж болохгүй” гэсэн заалтыг буруу тайлбарлан дүгнэлт хийхдээ: “давхардсан”, “төөрөгдүүлэхээр”, “ижил төстэй” байж болохгүй гэсэн 3 нөхцөл, шаардлагыг хууль тавьсныг өөрийнх нь шийдвэрт дурдагдсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр олгох баталгаажуулах журам”-ын 3.3-ын “Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй” гэсэн заалттай уялдуулж авч үзэж чадаагүй учраас давж заалдах шатны шүүх арга буюу “...ижил төсөөтэй үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн нэрийг буюу “Комфорт таун”, “К т и” ХХК гэж оноосон нэр олгож бүртгэсэн нь бусдыг төөрөгдүүлэхээр байх тул хариуцагчийн энэ үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ” гэж “үйл ажиллагаа”-ны ижил төстэй байдалтай холбож дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

4. Хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй ”ижил төрлийн үйл ажиллагаа” явуулахыг, тийм тохиолдлыг улсын бүртгэлд бүртгэхийг хууль хориглоогүй байхад шүүх “ижил төсөөтэй үйл ажиллагааг, “ойролцоо” явуулж байгаа этгээдүүд “ойролцоо” нэртэй байж болохгүй” гэсэн утгатай дүгнэлт хийж байгаа нь тэдний шийдвэр хууль ёсны бус болохыг хангалттай харуулна.

5. Тэгэхээр нэр томъёоны талаас нь аваад үзвэл “инвест” гэдэг үгийг орхиод зөвхөн “Таун комфорд” болон “Комфорд таун” гэсэн 2 холбоо үгийг харахад ч “давхардсан” гэж, мөн “ижил төстэй” гэж харагдахгүй байна. Гэтэл анхан шатны шүүх “комфорд”, “таун” гэсэн үгсийг хамтад нь биш дан дангаар нь буюу тус тусад нь авч үзсэнд гол алдаа нь байна гэж харж байна. Эдгээр үгсийг тус тусад нь дуудаад, бичээд үзвэл бичвэрийн хувьд ч, авиан дуудлагын хувьд ч анхан шатны шүүхийн дүгнэлттэй санал зөрөх боломж олдохгүй. Асуудлын гол нь дээрх үгсүүд хоршиж байж бүрэн утгыг илэрхийлж байгаад байгаа юм. Түүгээр ч зогсохгүй “инвест” гэдэг үг мөн нэмэгдсэн байгаа нь авиан дуудлага, бичвэрийн хувьд төдийгүй “утга агуулга”-ын хувьд ч тэс өөр болж ирж байгаад анхаарч үзээгүй анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулж чадаагүйд гомдолтой байна.

6. Үүнээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор захиргааны байууллага өөрийнхөө алдааг залруулж, өмнөх нэр дээр “инвест” гэдэг үгийг нэмсэн мэтээр ойлгож байгаа нь эцэстээ маргаан бүхий нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн дүгнэлтэнд хүрэх “зам” нь болсонд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

7. Анхан шатны шүүх хуулийн дээрх нэр томъёоны талаар хэл шинжлэлийн мэргэжилтнүүд хэрхэн үзэх талаарх баримтыг хэрэгт оруулах тухай гуравдагч этгээдийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа “Т к” болон “К т и” гэсэн 2 өөр бичиглэл, 2 өөр авиан дуудлага, 2 өөр үгийн бүтэцтэй нэрийг Иргэний хууль зөрчсөн гэж дүгнэж байгааг гайхаж байгаагаа эцэст нь дурдахад илүүдэхгүй гэж үзэж байна.

8. Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/2019/0039 дүгээр шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0219 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулан гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр энэ гомдлыг гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

                 9. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

                 10. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Т к” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан, орон сууцны ашиглалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг,  хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн Н.Төгөлдөрийн үүсгэн байгуулсан “Комфорт таун” ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн,  нэхэмжлэгч “Т к” ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 01/2018-20 дугаар албан бичгээр “... бичвэр болон утга агуулгын хувьд ... /манай компанийн нэртэй/ адил төстэй нэр олгосон нь хуульд нийцээгүй ... тул бүртгэлийн хүчингүй болгуулах” гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан, хариуцагч 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр уг хуулийн этгээдийн нэрийг “К т и” ХХК болгон өөрчилснийг бүртгэсэн, гуравдагч этгээд нь 2015 оноос орон сууцны ашиглалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр буюу нэхэмжлэгчтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

                 11. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “... Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу ... /хуулийн/ ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах/”-аар заасан, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “... хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж нарийвчлан зохицуулжээ.

                 12. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан “тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэх, тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримтууд” зэрэг нотлох баримтуудыг үнэлж, “... “Т к” ХХК, “К т и” ХХК-иудын үйлчилгээг авч байгаа иргэд, харилцагч байгууллагууд тэдгээрийг нэг компани гэж төөрөгдөх нөхцөл байдал үүссэн” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар “К т и” нэрийг гуравдагч этгээдэд баталгаажуулж олгосон нь дээрх хуулийн “...хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэсэнтэй нийцээгүй, нэхэмжлэгч “Т к” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул “К т и” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

                 13. Хэрэгт “... танай 2018 оны 01/2018-20 дугаар албан бичгийн дагуу ... “Комфорт таун” ХХК-ийн оноосон нэрийг  “К т и” ХХК болгож бүртгэсэн болохыг мэдэгдье” гэх “Т к” ХХК-нд хүргүүлсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 8/4667 дугаар албан бичиг авагдсан байх тул  гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... шүүх нэхэмжлэгчийн гомдлоор захиргааны байууллага өөрийнхөө алдааг залруулж, өмнөх нэр дээр “инвест” гэдэг үгийг нэмсэн мэтээр ойлгосон” гэх гомдол үндэслэлгүй. 

                 14. Түүнчлэн, шүүхүүд “Таун комфорт”, “К т и” гэх хуулийн этгээдийн нэрүүдийг “бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй” гэж дүгнэсэн, энэ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар “хориглогдсон” байхад Улсын бүртгэлийн ерөнхий газар өмнө бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй “бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй” нэрийг гуравдагч этгээдэд олгож, баталгаажуулсан нь хуульд нийцээгүй талаар зөв дүгнэсэн байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй ”ижил төрлийн үйл ажиллагаа” явуулахыг, тийм тохиолдлыг улсын бүртгэлд бүртгэхийг хууль хориглоогүй байхад шүүх “ижил төсөөтэй үйл ажиллагааг, “ойролцоо” явуулж байгаа этгээдүүд “ойролцоо” нэртэй байж болохгүй” гэсэн утгатай дүгнэлт хийсэн”, “... 2 өөр бичиглэл, 2 өөр авиан дуудлага, 2 өөр үгийн бүтэцтэй нэрийг Иргэний хууль зөрчсөн гэж дүгнэсэн” гэх агуулгатай гомдол мөн үндэслэлгүй гэж үзлээ.

                 15. Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0039 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0219 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

                 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “К т и” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                           ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА