Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/01313

 

Ю.Батбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04230 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1546 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ю.Батбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12 960 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нарт 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 434 тоот газар болон хувийн сууцыг барьцаалан барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулан 5 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй 2014 оны 12 дугаар сарын 24-нд төлж дуусгахаар, төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нар уг зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болтол үндсэн зээл болон хүүгээс огт төлөлт хийлгүй, 2015 оны 01 дүгээр сарын 28-нд 500 000 төгрөг төлсөн бөгөөд энэхүү төлөлтийг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 37 хоногийн хүүгийн төлбөр болгон тооцсон бөгөөд түүнээс хойш ямар нэгэн төлөлт хийхгүй хойшлуулсаар өдий хүрлээ.Иймд Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нараас үндсэн зээл 5 000 000 төгрөг, гэрээний хугацаанд төлвөл зохих хүү 3 200 000 төгрөг, алданги 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 387 хоногийн 15 867 000 төгрөг нийт 24 067 000 төгрөгийг нэхэмжлэхийг хүсч байгаа боловч алданги 15 867 000 төгрөгийн 70% буюу 11 107 000 төгрөгөөс татгалзаж, 4 760 000 төгрөг буюу нийт 12 960 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. О.Сайнбаяр би цуг ажилладаг Т.Батсайханы хүсэлтээр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-434 тоот хаягт байрлах хашаа, байшинг барьцаанд тавьж Ю.Батбаяраас зээл авсан. Ю.Батбаярыг би огт танихгүй бөгөөд Ю.Батбаяр нь Т.Батсайханы хүсэлтээр зээл олгосон. Ю.Батбаяр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Т.Батсайханд залилуулсан хэмээн гомдол гаргаж улмаар 2015 оны 07 дугаар сарын сүүлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 5 жилийн хорих ялаар шийтгүүлэн одоо эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа. Т.Батсайхан нь Ю.Батбаяраас гадна хэд хэдэн хүн залилсан гэж уг шийтгэх тогтоолоор 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг халхавчлан залилан мэхэлсэн асуудал шийдвэрлэгдсэн гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд энэ асуудлыг Ю.Батбаяр гомдол гарган шийдвэрлүүлсэн гэж үзэж байна. Тухайн эрүүгийн хэрэгт гомдол гаргаагүй, хэрэгт оролцох боломжгүй учраас холбогдох нотлох баримтыг Т.Батсайханд холбогдох эрүүгийн хэргээс хуулбарлан авах боломжгүй байна. Уг шүүх хуралдаанд би суугаагүй, түүнчлэн хэргийн оролцогч биш учраас уг зээлийн гэрээний дагуу авсан мөнгийг шүүхээс хэрхэн шийдвэрлэснийг мэдэхгүй байна.Нэгэнт 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн асуудал шүүхээр хянан шийдвэрлэгдсэн, уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа учраас Ю.Батбаяр нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд Ю.Батбаярын гаргасан 12 960 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Т.Батсайхан гэж хүн О.Сайнбаяртай дайвар бүтээгдэхүүн зардаг зэрэгцээ лангуу ажиллуулж байсан. Т.Батсайхан нь Ш.Ганбаатарын машиныг аваад мөнгө өгөх ёстой байсан. Т.Батсайхан нь “та надад хашаа байшингаа барьцаалаад өгчих” гэхээр нь барьцаанд тавьсан. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 434 тоотод Ш.Ганбаатар, О.Сайнбаяр түүний хүү байдаг. Ю.Батбаярт барьцаанд тавиад мөнгийг нь О.Сайнбаяр биш Наранхүүгийн Ганболд руу шилжүүлсэн. Т.Батсайхан нь зээлсэн мөнгөнөөсөө 2 000 000 төгрөг өгсөн. О.Сайнбаяр, Ш.Ганбаатар нар авсан 2 000 000 төгрөгөө төлнө, үүнтэй холбоотой хүү, алданги төлөхөд татгалзах зүйлгүй. Өөрөө авч ашиглаагүй хүү, алданги төлөх үндэслэлгүй. Зээлийн мөнгийг О.Сайнбаяр, Ш.Ганбаатар нарт өгөөгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт гаргаж өгсөн зээл хүссэн баримт дээр Наранхүүгийн Ганболдын дансыг бичээд тэр данс руу мөнгө хийсэн байдаг. Мөнгийг Т.Батсайханы нөхөр Н.Ганболдын данс руу шилжүүлсэн. Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нарт 5 000 000 төгрөгийг өгсөн нь нотлогдохгүй. Иймд 2 000 000 төгрөгөө төлнө, үлдсэн мөнгийг Н.Ганболд, Т.Батсайханаас гаргуулахыг хүсч байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04230 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нараас 11 550 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю.Батбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 410 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223 310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нараас улсын тэмдэгтийн хураамжид 199 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.Батбаярт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1546 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04230 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нараас 4 170 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ю.Батбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 790 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг “...199 750...” гэснийг “...81 670...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нараас давж заалдах гомдол гарахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Хариуцагч нар нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж дундын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 13 хороо Сургуулийн 24-р гудамжны 434 тоот хаягт байрлах, 474 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, тус тоотод байрлах 40 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 5.000.000 төгрөгийг барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан байдаг. Ингэхдээ хариуцагч нарын өөрсдийн хүсэлтээр 5065103084 дугаартай данс руу 4 980 000 төгрөгийг шилжүүлсэн. Ингэснээр Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан. ...Зээлдэгч нарын өөрсдийнх нь хэлсэн 5065103084 дугаартай дансанд 4 980 000 төгрөгийг шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж нотлоогүй, харин өөрсдийн амаар л 2 000 000 төгрөгийг авсан, үлдсэн мөнгийг Т.Батсайхан, Н.Ганболд нар авсан гэх боловч энэ талаар ямарч нотлох баримт байдаггүй. Т.Батсайхан нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.28-ны өдрийн 972 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял эдлэж байгаа бөгөөд дээрх үлдэгдэл мөнгийг авсан гэдэг нь Цагдаагийн байгууллагаас ирсэн албан бичгээр үгүйсгэгдэг. Т.Батсайхан хорих ял эдлэж байгааг далимдуулан, мөн түүний нөхөр болох Н.Ганболдыг нэхэмжлэгч гэрчээр оролцуулах хүсэлт гаргаагүйг ашиглан энэ 2 хүнийг мөнгө хувааж авсан мэтээр тайлбарладаг. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг харгалзан үзээгүй.Иймд гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу 1546 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 101/ШШ2016/04230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                         ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зохигчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан тайлбар, талуудын мэтгэлцээний болон нотолгооны зүйлээс гадуур дүгнэлт хийж, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулснаар шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ю.Батбаяр хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нарт холбогдуулан зээлийн төлбөр шаардсан нэхэмжлэлдээ “Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нарт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамж, 434 тоотод байрлах газар болон хувийн сууцыг барьцаалан барьцаат зээлийн гэрээ бичгээр байгуулан. 5 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 2014 оны 12 дугаар сарын 24-нд төлж дуусгахаар, төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгээр зээлдүүлсэн” гэжээ \хх-ийн 1 дүгээр тал\.

Хариуцагч О.Сайнбаяр нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа “О.Сайнбаяр би цуг ажилладаг Төрбатын Батсайханы хүсэлтээр Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 24-434 тоот хаягт байрлах хашаа байшинг барьцаанд тавьж, Ю.Батбаяраас зээл авсан” гэж дурджээ \хх-ийн 16 дугаар тал\. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсайханд ял оногдуулсан тогтоолыг нотлох баримтаар хэрэгт авахуулахаар шүүхэд хүсэлт гаргахдаа Т.Батсайхан “2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр О.Сайнбаярын нөхөр Ш.Ганбаатарын нэр дээр байдаг ...хашаа байшинг Ю.Батбаяр гэдэг хүний барьцаанд тавьж, 5 000 000 төгрөг зээлүүлж авсан байдаг” гэжээ \хх-ийн 36-38 дугаар тал\. Өөрөөр хэлбэл, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан үйл баримтыг татгалзаагүйгээс гадна энэхүү гэрээний дагуу авсан зээлийн үнийн дүнгийн талаар ямар нэг тайлбар, татгалзал гаргаж байгаагүй, гагцхүү уг зээлийг өөр хүний хүсэлтээр авсан, өөр хүн ашигласан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй  байна.

Харин анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгч хариуцагч О.Сайнбаяр, Ш.Ганбаатар нарыг 2 000 000 төгрөг л авсан тул 2 000 000 төгрөгийг хүү, алдангийн хамт төлөхөд татгалзахгүй гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан ямар нэг баримтаар давхар нотлогдоогүй, энэ тайлбарыг хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байгаагүй, нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөг шилжсэн эсэх асуудал талуудын маргааны зүйл болоогүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болгосон нь алдаатай болжээ.

Нэхэмжлэгч хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгч нарт шилжүүлсэн болохоо ХААН банкны өөрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 5 000 000 төгрөгийг 5065103084 тоот Наранхүү Ганболдын дансаар зээл хүлээж авсан тухай Ганбаатарын “зээл хүсэх тухай” нэртэй баримт зэргээр нотолсоноос гадна дээрх мөнгө Наранхүүгийн Ганболдын дансанд орсон талаар хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлажээ.

2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 5065103084 тоот дансаар 5 000 000 төгрөгийг хүлээж авсныг тодорхойлсон хариуцагч Ганбаатарын бичгийг хариуцагч баримтаар үгүйсгээгүйн зэрэгцээ өмгөөлөгч нь тайлбараараа хүлээн зөвшөөрсөн учир уг баримт нь бичгийн нотлох баримтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ч зээлийн мөнгө Наранхүүгийн Ганболдын дансанд орсон үйл баримтын талаар талууд маргаагүй гэж үзнэ.

Хариуцагч нар нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг   Наранхүүгийн Ганболдын дансанд шилжүүлсний дараа уг мөнгөнөөс зөвхөн 2 000 000 төгрөг авсан гэх хариуцагч нарын өмгөөлөгчийн тайлбар баримтаар нотлогдоогүйгээс гадна зээлдүүлэгчийн өмнө хүлээх үүргийн зарим хэсгээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Хариуцагч нар өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхийг тухайн хэргийн шийдэл хязгаарлахгүй болно.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг хангалттай бүрэн хэрэгжүүлж чадаагүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1546 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 199 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН