Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1546

 

Ю.Батбаярын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04230 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ю.Батбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нарт холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 12 960 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ю.Батбаяр  

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Ганцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ю.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нарт 2014 оны 4 дугээр сарын 24-ний өдөр Чингэлтэй 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 434 тоот газар болон хувийн сууцыг барьцаалан барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулан 5 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй 2014 оны 12 дугаар сарын 24-нд төлж дуусгахаар, төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нар уг зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болтол үндсэн зээл болон хүүгээс огт төлөлт хийлгүй, 2015 оны 01 дүгээр сарын 28-нд 500 000 төгрөг төлсөн бөгөөд энэхүү төлөлтийг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 37 хоногийн хүүгийн төлбөр болгон тооцсон бөгөөд түүнээс хойш ямар нэгэн төлөлт хийхгүй хойшлуулсаар өдий хүрлээ. Иймд Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нараас үндсэн зээл 5 000 000 төгрөг, гэрээний хугацаанд төлвөл зохих хүү 3 200 000 төгрөг, алданги 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 387 хоногийн 15 867 000 төгрөг нийт 24 067 000 төгрөгийг нэхэмжлэхийг хүсч байгаа боловч алданги 15 867 000 төгрөгийн 70% буюу 11 107 000 төгрөгөөс татгалзаж, 4 760 000 төгрөг буюу нийт 12 960 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. О.Сайнбаяр би цуг ажилладаг Т.Батсайханы хүсэлтээр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-434 тоот хаягт байрлах хашаа, байшинг барьцаанд тавьж Ю.Батбаяраас зээл авсан. Ю.Батбаярыг би огт танихгүй бөгөөд Ю.Батбаяр нь Т.Батсайханы хүсэлтээр зээл олгосон. Ю.Батбаяр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Т.Батсайханд залилуулсан хэмээн гомдол гаргаж улмаар 2015 оны 7 дугаар сарын сүүлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 5 жилийн хорих ялаар шийтгүүлэн одоо эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа. Т.Батсайхан нь Ю.Батбаяраас гадна хэд хэдэн хүн залилсан гэж уг шийтгэх тогтоолоор 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг халхавчлан залилан мэхэлсэн асуудал шийдвэрлэгдсэн гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд энэ асуудлыг Ю.Батбаяр гомдол гарган шийдвэрлүүлсэн гэж үзэж байна. Тухайн эрүүгийн хэрэгт гомдол гаргаагүй, хэрэгт оролцох боломжгүй учраас холбогдох нотлох баримтыг Т.Батсайханд холбогдох эрүүгийн хэргээс хуулбарлан авах боломжгүй байна. Уг шүүх хуралдаанд би суугаагүй, түүнчлэн хэргийн оролцогч биш учраас уг ээлийн гэрээний дагуу авсан мөнгийг шүүхээс хэрхэн шийдвэрлэснийг мэдэхгүй байна. Нэгэнт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн асуудал шүүхээр хянан шийдвэрлэгдсэн, уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа учраас Ю.Батбаяр нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд Ю.Батбаярын гаргасан 12 960 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Батсайхан гэж хүн О.Сайнбаяртай дайвар бүтээгдэхүүн зардаг зэрэгцээ лангуу ажиллуулж байсан. Т.Батсайхан нь Ш.Ганбаатарын машиныг аваад мөнгө өгөх ёстой байсан. Т.Батсайхан нь “та надад хашаа байшингаа барьцаалаад өгчих” гэхээр нь барьцаанд тавьсан. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 434 тоотод Ш.Ганбаатар, О.Сайнбаяр түүний хүү байдаг. Ю.Батбаярт барьцаанд тавиад мөнгийг нь О.Сайнбаяр биш Наранхүүгийн Ганболд руу шилжүүлсэн. Т.Батсайхан нь зээлсэн  мөнгөнөөсөө 2 000 000 төгрөг өгсөн. О.Сайнбаяр, Ш.Ганбаатар нар авсан 2 000 000 төгрөгөө төлнө, үүнтэй холбоотой хүү, алданги төлөхөд татгалзах зүйлгүй. Өөрөө авч ашиглаагүй хүү, алданги төлөх үндэслэлгүй. Зээлийн мөнгийг О.Сайнбаяр, Ш.Ганбаатар нарт өгөөгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт гаргаж өгсөн зээл хүссэн баримт дээр Наранхүүгийн Ганболдын дансыг бичээд тэр данс руу мөнгө хийсэн байдаг. Мөнгийг Т.Батсайханы нөхөр  Н.Ганболдын данс руу шилжүүлсэн. Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нарт 5 000 000 төгрөгийг өгсөн нь нотлогдохгүй. Иймд 2 000 000 төгрөгөө төлнө, үлдсэн мөнгийг Н.Ганболд, Т.Батсайханаас гаргуулахыг хүсч байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хангаж,  үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь  хэсэгт  тус  тус  заасныг  баримтлан  хариуцагч  Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нараас 11 550 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю.Батбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 410 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223 310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нараас улсын тэмдэгтийн хураамжид 199 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.Батбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч нараас 11 550 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: хариуцагч О.Сайнбаяр цуг ажилладаг Т.Батсайханы хүсэлтээр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-434 тоотод байрлах хашаа, байшинг барьцаанд тавьж Ю.Батбаяраас зээл авсан. Уг зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг Ю.Батбаяр болон О.Сайнбаяр нарын хэнд нь ч олгоогүй ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад болон хэрэгт авагдсан нотлох баримтаар Н.Ганболдын ХААН банкны дансанд шилжүүлсэн байдаг. Н.Ганболд нь Т.Батсайханы нөхөр юм. Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нар зээлийн гэрээний дагуу хэдэн төгрөг шилжүүлснийг мэдэхгүй ба уг мөнгийг аваагүй. Харин Т.Батсайхан тухайн үед 2 сая төгрөг өгсөн учраас 2 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нар Ю.Батбаярыг огт танихгүй бөгөөд Ю.Батбаяр нь Т.Батсайханы хүсэлтээр зээл олгосон. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2 дахь хэсэгт тодорхой заасан байдаг. Шүүх хуралдааны явцад талуудын өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нарт мөнгө шилжүүлэн өгөөгүй нь тодорхой харагддаг. Гэтэл шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэлгүй, үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн. Мөн алдангийг бодохдоо үндсэн зээл 5 000 000 төгрөгөөс бус үндсэн зээл, хүүний нийлбэр 7 700 000 төгрөгөөс бодсон нь учир дутагдалтай. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлээс алданги тооцож нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлээс хангасан 11 550 000 төгрөгөөс хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа 2 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 9 550 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ю.Батбаяр нь хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нараас зээлийн гэрээний үүрэгт 12 960 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.

 

Нэхэмжлэгч Ю.Батбаяр, хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нар 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 5 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон болох нь талуудын тайлбар, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, БГ/1076 дугаар барьцааны гэрээгээр тогтоогдож байна /хх4-5/.

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн төлбөрөөс 500 000 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй. Хариуцагч нар 5 000 000 төгрөг зээлж аваагүй 2 000 000 төгрөг авсан гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнд заасан хөрөнгийг бодитоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээнд 5 000 000 төгрөг зээлсэн гэх боловч зээлдэгч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нарт уг мөнгийг зээлдүүлэгч бүхэлд нь бодитоор хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн дүн, маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Хариуцагчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нотлох баримт өөрөө хэргийн нотлох баримтыг тогтоох нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд хариуцагч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд уг зээлээс 2 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрнө гэсэн агуулгатай тайлбар гаргажээ.

 

Иймд нэхэмжлэгч Ю.Батбаяр, хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой юм.

 

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээнд заасан 5 000 000 төгрөг бус 2 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн нь уг гэрээний 3-т заасан 8 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хоногийн 0.5 хувийн алданги тогтоохоор тохиролцсон талуудын тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх, үгүйсгэх нөхцөл болохгүй юм.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу бодитой шилжүүлэн авсан 2 000 000 төгрөгт, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт заасаны дагуу гэрээгээр тохиролцон тогтоосон хүү төлөх, мөн хуулийн 232.6 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулсан гэрээгээр тохиролцон тогтоосон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу үндсэн зээл 2 000 000 төгрөгийг, 8 сарын хугацаатай, 8 хувийн хүү 1 280 000 төгрөг, нийт 3 280 000 төгрөг төлөх үүргээс төлөгдсөн 500 000 төгрөгийг хасахад 2 780 000 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд гэрээнд зааснаар төлбөл зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан үндсэн үүргийн 50 хувиас хэтэрч байгаа учраас уг нөхцлөөр нь хязгаарлан алдангид 1 390 000 төгрөг төлөх үүрэг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар үүсчээ.

 

Иймд  хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нараас зээлийн  гэрээний үндсэн үүрэгт 2 780 000 төгрөг, алданги 1 390 000 төгрөг, нийт 4 170 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю.Батбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч О.Сайнбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04230 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нараас 4 170 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ю.Батбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 790 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг “...199 750....” гэснийг “...81 670...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Ганбаатар, О.Сайнбаяр нараас давж заалдах гомдол гарахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА