Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 579

 

Г.Э т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар магадлалтай, Г.Э т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г-н Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Г.Э т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э аас 142,000 төгрөг гаргуулж гэрч Ч.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э  гаргасан гомдолдоо “...Г.Э  нь хохирогч Г.А-н хөлд нь өшиглөж гэмтэл учруулсан гэх үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, хангалттай нотлох баримт байхгүй байхад хоёр шатны шүүх хэргийн бодит байдалд дутуу үнэлэлт өгч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Г.Э ыг гэм буруутайд тооцсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг нь Г.Э  Г.А-г өшиглөсөн гэдгийг нотолж чадахгүй эргэлзээтэй байдал үүссэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэглэхгүй байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж Г.Э ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Г.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хангалттай нотлоогүй гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлт ямар үндэслэлээр хөнгөн зэргийн гэмтэл вэ гэдгийг бүрэн дүүрэн хангалттай гаргаагүй. Өөрөөр хэлбэл хохирогчид учирсан гэмтэлд нь гэмт хэргийн шинж хэлбэрийн төдий байна гэж үзэж байна. Иймд гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э ын гаргасан гомдлыг үндэслэн Г.Э т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Э ыг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн ...газарт Г.А-н бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн тогтоож, хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон, ийнхүү үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

Хоёр шатны шүүх Г.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Э ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангажээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, Г.Э ын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э  нь “...Шүүх хэргийн бодит байдалд дутуу үнэлэлт өгсөн. ... Г.Э  нь хохирогч Г.А-т гэмтэл учруулсан гэдэг нь эргэлзээгүй нотлогдоогүй тул Г.Э ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү” гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон үйл баримтын дүгнэлттэй маргаж, уг дүгнэлтийг үгүйсгэснээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах агуулгатай гомдол гаргасан нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ... эрхгүй” хэмээн тодорхой заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН