Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2016/01340

 

Б.Мангалжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 893 дугаар шийдвэр,        

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2016/00036 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Мангалжавын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 27 000 000 төгрөг, алданги 13 500 000 төгрөг, нийт 40 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч нарын байрыг буцаан өгч, урьдчилан төлсөн 13 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Баярмаа, Б.Батзориг нартай 2015 оны 01 дүгээр сард үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хийж, өөрийн амьдарч байсан Хэрлэн сумын 9 дүгээр баг, 5 дугаар байрны 59 тоот 2 өрөө байрыг 41 000 000 төгрөгөөр тохиролцон худалдсан. Бид байрандаа супер засвар хийсэн байсан. Манай байшингийн дээвэрт 2014 онд засвар хийсэн учир зун нь бороо гоожоогүй. Тэгээд манай байгууллага хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцны лизингид хамрагдах боломж гараад хугацаа болоод байсан учир тухайн үеийн зах зээлийн үнээс хямдаар зарсан юм.Би байраа зарах тухай телевизэд зар өгсөн. Энэ хоёр зарын дагуу ярьж, ирж уулзаад манай байрыг үзээд авахаар болсон юм. Би энэ хоёр хүнийг хууран мэхэлсэн асуудал огт байхгүй. Би байраа зарах үед дээрээс бороо орсон үед гоождог талаар хэлж байсан. ...Тэгээд өөрийн дүү Оюунтунгалагийн нэр дээр авахаар тохиролцож, гэрээ хийж 2 сард өөрсдийн нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлэн авсан. Нэгэнт байрыг маань өөрсдийн нэр дээр болгон авсан тул 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл хийж, үлдэгдэл 28 000 000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Үлдэгдэл мөнгөө 4, 5 сард өгөхөөр тохирсон боловч 2015 оны 06 сард 1 000 000 төгрөг өгөөд, үлдэгдэл 27 000 000 төгрөгөө төлөхгүй утсаар ярихаар холбогдохгүй, хөдөө яваад өгчихдөг болсон.Иймээс гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Түүний дагуу 13 500 000 төгрөгийг нэмж нэхэмжилж нийт 41 500 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаад байна. Хариуцагч нар дээврээс ус гоожсон гэдэг шалтгаан хэлж байгаа боловч 2014 оны 05 сард СӨХолбоо манай дээвэрт завсар хийснээр 5-9 саруудад орсон бороо огт гоожоогүй. Энэ талаараа СӨХолбоондоо дээврээс борооны ус гоожоогүй, баярлалаа гэдгээ хэлж байсан. Мөн тухайн үед 2 өрөө байрны зах зээлийн үнэ 45 000 000-50 000 000 төгрөгийн ханштай байхад урд нь гоожилт өгч байсан, бас манай байгууллага хөнгөлөлттэйгээр байрны лизингид хамруулж байсан учир хямдаар зарж байгаагаа хэлж ярилцаж худалдсан. Эдгээр хүмүүс надад байраа зараад мөнгөө олж авъя гэж хэлж байсан. Миний байр худалдаж авсан компанийн захирал Сараа руу хямд байр зарна гэж ярьсан байсан. Тэр хүн өөрийнхөө ажилтанг явуулж үзүүлээд авахаар болж эд нар гэрээ хийсэн юм шиг байсан. Би энэ асуудалд оролцоогүй. Тухайн үед дээвэр болон ханын цаас солиход нь 400 000 гаруй мянган төгрөг зарцуулж байсан.Энэ хүмүүс намайг хууран мэхэлж байраа зарсан гээд байгаа. Миний хувьд тийм асуудал огт байхгүй. Бид хоорондоо ярилцаад байраа худалдахаар тохиролцсон. Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би эдгээр хүмүүст чанарын доголдолтой байр хууран мэхэлж зараагүй. Тиймээс байрны үлдэгдэл төлбөр 27 000 000 төгрөг, алданги 13 500 000 төгрөг, нийт 41 500 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Эдгээр хүмүүс надтай тохиролцвол алданги 13 500 000 төгрөгөөс татгалзахад бэлэн байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Мангалжав ахын байрыг зарын дагуу утсаар яриад очиж үзсэн. Цэвэрхэн байр байсан. Дусаал гоождог уу гэж асуухад огт гоождоггүй гэж хэлсэн. Ингээд Цагаан-Овоо суманд байдаг дүүдээ хэлээд бичиг баримтыг нь авч, лизинг хөөцөлдөөд бүтээгүй. Баян-Уул сум руу явж Төрийн банкнаас зээл авч 12 000 000 төгрөг өгөөд, дараа 1 000 000 төгрөг өгсөн. Мангалжав ахын ажил дээр очиж уулзаад худалдах худалдан авах гэрээг хийсэн. Дараа нь төлбөр барагдуулах талаар 02 сарын 24-нд гэрээ хийсэн. Бид байранд нь орохгүй байж байгаад, би 03 сарын 06-нд амаржаад, 04 сарын 01-нд нүүж орсон. Тэгэхэд 5 дугаар байрны оршин суугчид та нар их гоождог байр авчихлаа гэж хэлж байсан. Тэгээд Мангалжаваас асуухад гоожихгүй гэж хэлсэн.Бид нарыг байранд нүүж ороход дусаал гоожоод шарласан байсан. Тэр үед орцны жижүүр Сарантуяа манайд орж ирээд энэ чинь угаасаа гоождог байр гэж хэлсэн. 2015 оны 04 дүгээр сарын 20-нд бороо ороход дээврээс их хэмжээгээр ус гоожиж доод айл руу ус орсон байсан. Маргааш нь Мангалжав руу утсаар ярьж дуудаад “ийм байранд амьдарч чадахгүй, та надад гоождог гэж хэлээгүй учир гомдолтой байна, байраа буцаая” гэж хэлсэн. Ингээд тухайн үед байрных нь мөнгийг төлж бай гээд дүү нараа оруулсан байсан. Зунжин тэр байранд хүн байгаагүй. Би ээжийгээ сахиж хөдөө байж байгаад ажил явдал гараад ирэхдээ Мангалжавтай уулзаж чадаагүй. 09 сард манайд Мангалжав ирэхэд бид нар больмоор байна гэдгээ хэлэхэд байрны ордероо авъя гэсэн. Тэгэхээр нь өгсөн мөнгөө авч байж ордерийг өгнө гэж хэлсэн. Ингээд Сарантуяа, Мангалжав нартай ярилцаж худалдах худалдан авах гэрээ хийхээр болсон. Дүүгээ дуудаж ирүүлээд 10 сарын 21-ний өдөр Мөнхгэрэл гэдэг хүнтэй гэрээ хийсэн. Тэгтэл тэр хүн нь хоёр гурван хоногийн дараа лизинг бүтэхгүй байна авахаа болилоо гэсэн. Бид нар 294 500 төгрөгний зарлага гаргаж засвар хийсэн. Би хүнээс илүү дутуу мөнгө нэхэхгүй. Чанарын доголдолгүй байр өгсөн байсан бол мөнгийг төлөх чадвартай байсан. Байрыг нь эргүүлж өгөөд 13 000 000 төгрөгөө авна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 893 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 254 дугаар зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нараас 27 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мангалжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 500 000 төгрөг, нэхэмжлэгч Б.Мангалжавт холбогдох байрыг буцааж өгч 13 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мангалжавын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 365 450 төгрөг, хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нараас 292 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мангалжавт олгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2016/00036 дугаар магадлалаар хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 893 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дор дурдсанаар нэмэлт, өөрчлөлт оруулж Үүнд: 1 дэх заалтын “Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 254 дугаар зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нараас 27 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мангалжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 500 000 төгрөг, нэхэмжлэгч Б.Мангалжавт холбогдох өгч байрыг буцааж 13 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай“ гэснийг “Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нараас байрны үлдэгдэл төлбөр 27 000 000 төгрөг, алданги 13 500 000 төгрөг, нийт 40 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Мангалжавын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Мангалжаваас байрны урьдчилгаа төлбөрт өгсөн 13 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нарт олгох, хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нараас Хэрлэн сумын 9 дүгээр баг, 5 дугаар байрны 59 тоотын 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч Б.Мангалжавд олгосугай” гэж, 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мангалжавын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 365 450 төгрөг, хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж...” гэсний дараа “нэхэмжлэгч Б.Мангалжаваас 222 950 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нарт олгосугай” гэсэн нэмэлт оруулж, “... хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нараас 292 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мангалжавт олгосугай“ гэснийг хүчингүй болгож, Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн материалд цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой, хууль ёсны байх талаас нь үнэлж чадаагүй тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тэр дундаа хариуцагч нарын тайлбар, мэдүүлгийг хэт үнэлж эх сурвалжаа тодорхой нэрлэн зааж чадаагүй, нөхцөл байдлыг зөрүүтэй таамаг төдий мэдүүлж байгаа гэрчийн мэдүүлгийг илүү үнэлсэн байна. Нэхэмжлэгчийг хариуцагч нарыг хуурч мэхлэн эд хөрөнгийн доголдолтой орон сууц худалдсан мэт үзэж байгаа нь буруу. Орон сууцаа худалдах зарыг нийтэд нээлттэйгээр хэвлэл мэдээллээр цацсаны дагуу хариуцагч тал ирж үзээд худалдан авахаар болсон. Хариуцагч тал бидэнд мэдэгдээгүй хуурч байраа өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй, энэ талаар дан ганц хариуцагчийн мэдүүлгийг илүүтэй үзсэн нь хууль буруу хэрэглэх үндэслэл болсон байна. Нэхэмжлэгч нь байраа зарахдаа бороо гоождог тухай хэлээд зах зээлийн ханшнаас таван сая орчим төгрөгөөр бууруулан худалдсан. Энэ нь эд хөрөнгө зуучлан борлуулдаг компанийн үнийн мэдээлэл, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Гантуяагийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Харин хариуцагч тал биднийг хуурч мэхлэн хуцалдсан гэдэг тухай нотолж чадаагүй. Гол нь дусаал гоождог байсан засвар хийгээд гоожихоо болиод байна гэж хэлж худалдсан байхад анхаарч үзсэнгүй. Нөгөөтэйгөөр бороо гоожиж амьдрах аргагүй байсан гэж мэдүүлж, тайлбарлаж байгаа хэрнээ хариуцагчийн хүсэлтийн дагуу авсан гэрчийн мэдүүлэг нь зөрүүтэй, цаг уурын албанаас гаргаж өгсөн хууль ёсны нотлох баримтаар бороогүй байхад бороо гоожсон мэт худал мэдүүлж тайлбарлаж байхад дээрхи нотлох баримтанд анхаарахгүй гэрчийн эх сурвалжгүй мэдүүлгийг үнэлж эд хөрөнгийн доголдолтой гэж үзсэнд гомдолтой байна.Гэрээний талууд худалдах, худалдан авах гэрээндээ өр төлбөр барагдуулах зэрэг хэлцэлцээ эд хөрөнгийн чанар байдал, доголдлын талаар дурдаагүй бөгөөд чанарын талаар заагаагүй бол эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг доголдолгүй эд хөрөнгө гэж үзэх тухай Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.251.2-т заасан байдаг. ...Хариуцагч нар буюу худалдан авагч талын эрх, үүргээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зохицуулсан байдаг. Үүнээс үзэхэд хэрэв эд хөрөнгийн доголдолтой гэж үзэхэд худалдан авагч доголдлыг арилгах талаар шаардлага гаргасан ба доголдлыг дээрхи хуулийн заалтын доголдлыг арилгуулах шаардлагаар арилгасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заахдаа “...энэ хуулийн 254-р зүйлийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэсэн байгаа нь худалдан авагчийн хувьд доголдлыг арилгуулах тухай шаардлага тавьсан гэж үзнэ. Гэрээг цуцлах тухай шаардлагыг шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу гаргасан болохоос бодит байдал дээр гэрээнээс татгалзах тухайгаа бүрэн дүүрэн бодитойгоор илэрхийлж чадаагүй. Өнөөг хүртэл уг байрны өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаар амьдран сууж хувийн хэрэглээнд хэрэглэж байгаагаас үзэхэд ойлгомжтой байна.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.Мангалжав нь орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг буюу гэрээний үнийн үлдэгдэл хэсгийг алдангийн хамт гаргуулахаар хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нараас шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүйгээс гадна гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн мөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангажээ.

Хоёр шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн байх боловч худалдах-худалдан авах гэрээнээс үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ гэрээний оролцогч талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь алдаатай болжээ.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээ 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.Мангалжав болон Ч.Оюунтунгалаг нарын хооронд байгуулагдаж, гэрээний зүйл болох хоёр өрөө орон сууцыг Б.Мангалжав нь Ч.Оюунтунгалагийн өмчлөлд шилжүүлэх, Ч.Оюунтунгалаг гэрээний үнэ болох 40 000 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээжээ. Улмаар Ч.Оюунтунгалаг нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 5 дугаар байр, 59 тоот хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Түүнчлэн, Ч.Оюунтунгалаг нь дээрх орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр Ж.Мөнхгэрэлд худалдсан тухай баримт хэрэгт авагджээ.

Орон сууц худалалдах-худалдан авах талаар нэхэмжлэгч Б.Мангалжав нь хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нартай хэлэлцэж, орон сууцыг хариуцагч нар дүү Ч.Оюунтунгалагийн нэр дээр авахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын хэн алины тайлбарт тусгагдсан боловч гэрээний үүргийн биелэлт, гэрээнээс татгалзах асуудлыг гэрээний нэг талын оролцоогүйгээр хянан шийдвэрлэж болохгүй юм.

Нөгөө талаар, орон сууцны өмчлөгч Ч.Оюунтунгалаг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсан гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа нөхцөлд орон сууцны одоогийн өмчлөгч хэн болохыг тогтоосны эцэст хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх боломжтой болохыг шүүх анхаараагүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 893 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2016/00036 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 222 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН