Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 446

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         

 Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг , 76Б  дугаар байрны  23 тоотод оршин суух, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт соёл урлагийн хяналтын улсын байцаагч ажилтай, ЖЮ62032219 тоот регистрийн дугаартай, Зээрдүүд овогт Бараашийн Мангалжавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 7 дугаар байрны 38 тоотод оршин суух, “Бабуб” ХХК-д борлуулагч ажилтай, ЖЛ79022102 тоот регистрийн дугаартай, Дэлдгэр галзууд овогт Лхамгомбын Баярмаа,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 7 дугаар байрны 38 тоотод оршин суух, ЖВ72010819 тоот регистрийн дугаартай, Улаалзай хүгдүүд овогт Батмөнхийн Батзориг,

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багт оршин суух,  Цагаан-Овоо сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн ажилтан ажилтай, ЖЛ85090327 тоот регистрийн дугаартай, Дэлдгэр галзууд овогт Чагсалын Оюунтунгалаг нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 27.000.000 төгрөг, алданги 13.500.000 төгрөг нийт 40.500.000 төгрөг гаргуулах тухай

Худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, орон сууцыг  буцаан өгч урьдчилан төлсөн 13.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг 2017 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,

Нэхэмжлэгч Б.Мангалжав, түүний өмгөөлөгч Д.Урансувд,

Хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа, Ч.Оюунтунгалаг, хариуцагч нарын  өмгөөлөгч З.Нямсүрэн  нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Б.Мангалжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 сард Б.Батзориг, Л.Баярмаа нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Хариуцагч нар нь миний хэвлэл  мэдээллийн хэрэгслээр өгсөн зарын дагуу ирж уулзсан. Орон сууцаа хямд зарж байгаа шалтгаанаа урьд нь байрны таазнаас борооны ус  гоождог байсан боловч засвар хийснээс хойш дээврээс ус гоожихгүй байгаа учир зах зээлийн үнээс хямд зарж буй талаар тухайн үед тэд нарт  хэлж байсан. Орон сууцны  зээлд хамрагдах зорилготой дүү Ч.Оюунтунгалгийн  нэр дээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд нийтдээ 13.000.000 төгрөгийг өгсөн. Орон сууцны зээлд хамрагдах боломжгүй болсон учир үлдэгдэл төлбөрөө барагдуулах талаар гэрээ хийсэн.  Манай гэр бүл уг байранд олон жил амьдарсан бөгөөд байрандаа 2013 онд  засвар хийсэн байсан. Хариуцагч нарын хэлж байгаа шиг дээврээс тийм ихээр ус гоожоод байдаггүй. Хариуцагч нар анх манай байрыг худалдан авч байхдаа надад үнэхээр сайхан зүйлүүдийг амлаж байсан ба сүүлдээ ах, дүү нар шиг болсон байсан. Гэтэл одоо болохоор ийм зүйл ярьж болохгүй гэж бодож байна. Иймээс байрны төлбөрийн үлдэгдэл 27.000.000 төгрөгийг алданги 13.500.000 төгрөгийн  хамт гаргуулан авах хүсэлтэй байна. Хариуцагч нар орон сууц худалдан авсан үлдэгдэл мөнгийг өгсөн тохиолдолд алданги авахаас татгалзаж болно гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мангалжав нь 2015 оны 1 сард өөрийн өмчлөлийн орон сууцыг зарахаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд зар өгсөн байдаг. Зарын дагуу Б.Батзориг, Л.Баярмаа нар ирж Б.Мангалжавтай уулзан орон сууцыг үзээд,  худалдан авах талаар тохиролцсон байдаг. Тухайн үед Б.Батзориг, Л.Баярмаа нар нь орон сууцаа яагаад хямд зарж байгаа талаар асуухад  Б.Мангалжав  манай байрны таазнаас ус гоождог байсан учраас хямдхан зарж байгаагаа хэлсэн байдаг. Харин Б.Батзориг, Л.Баярмаа нар нь орон сууцыг 8 хувийн зээлээр авахаар  орон сууцны зээл хөөцөлдөхөд, өөрсдөө тогтсон ажилгүй учраас банкнаас зээл олгоогүй учир Ч.Оюунтунгалагийн   нэр дээр орон сууцны зээл авахаар болж,  худалдах худалдан авах гэрээг түүний нэр дээр хийж, 12.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Дараа нь 1.000.000 төгрөг өгсөн. Харин үлдэгдэл мөнгөө хэзээ, хэрхэн төлөх  талаар асуухад  манай ах мянгат малчин та санаа зоволтгүй,  таны мөнгийг өгнө гээд явсан байдаг. Тэр цагаас хойш нэг ч төгрөг өгөлгүй хуурч мэхлээд алга болсон байна. Хариуцагч нар гэрээнээсээ татгалзсан талаар яриад байгааг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч гэрээнээс татгалзсан бол төлбөрийн үүргээ биелүүлэхгүй байх байсан. Гэтэл сүүлд  орон сууцны үлдэгдэл төлбөрөөс 1000000 төгрөгийг өгсөн байдаг. Хариуцагч  нар өөрийн ахыг мянгат малчин гэж худлаа хэлсэн байдаг бөгөөд өөрсдөө орон сууцны төлбөр төлөх эх үүсвэргүй атлаа худлаа ярьж итгэл төрүүлсэн байдаг. Улсын  төсвийн хөрөнгөөр 5 дугаар байранд дээврийн засвар хийсэн  байдаг. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хэргийг шийдвэрлэж  өгөхийг хүсч байна.  Мөн  тухайн үед хур тундас орсон болох нь тогтоогдохгүй байна гэв.

Хариуцагч Ч.Оюунтунгалаг  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ах, эгч хоёр маань орон сууцны зээлээр орон сууц худалдан авах гэтэл, тогтсон ажилгүй гээд банк зээл өгөхгүй байсан учир өөрсдийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг миний  нэр дээр гаргасан юм. Гэтэл миний цалингийн зээлийн үлдэгдэл их байсан учир орон сууц худалдан авах зээл бүтээгүй юм. Ах, эгч хоёрын худалдаж авсан байр  чанарын шаардлага хангаагүй талаар би сайн мэдэх бөгөөд эгч маань  чанаргүй байр авчих шиг боллоо гэж ярьж  байсан. 2015 оны 08 сарын 20-ны өдөр аймгийн төвд ирээд Б.Батзориг ахын байранд  ирж хоносон. Тэр үед байрных нь таазнаас ус гоожиж, обой нь хууларсан байдалтай байсан. Би тухайн үеийн байдлыг хараад зургийг нь “утсан дээрээ авч компьютер дээрээ хадгалсан байсан. Гэтэл  компьютерийг форматлах үед  устсан байсан”. Б.Мангалжав гэдэг хүн ах, эгч хоёрыг маань  хуурч чанар муутай байр зарсан байсан. 2015 оны 10 сарын үед байрны эзэн байраа зарах болсон гэрчилгээ чиний нэр дээр байгаа учир намайг  ир гэж дуудсан. Би хуралтай байсан боловч чөлөө аваад ирж, орон сууц худалдах  гэрээ байгуулж ноториатаар батлуулж байсан. Гэтэл нөгөө хүн байрыг нь авахаа больсон гэж байсан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Б.Батзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц худалдан авах асуудлын талаар би сайн мэдэхгүй байна. Эхнэр Л.Баярмаа л бүх асуудлыг зохицуулсэн.  2015 оны 02 сард уг  байрыг худалдан авч байсан. Тухайн үед биднийг  байр үзэх үед засвар хийсэн байр байсан. 2015 оны 04 сард  байрандаа орсны дараа дээврээс ус гоожсон тухай эхнэр надад хэлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв .

Хариуцагч Л.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мангалжавын байр зарах зарын дагуу утсаар ярьж байрыг нь  очиж үзэхэд  цэвэрхэн байр байсан. Гэхдээ тааз нь энд тэндээ цагаан шохойтой  байхаар нь  Б.Мангалжаваас таазнаас дусаал гоождог эсэхийг  асуухад  дусаал  гоождоггүй гэж хэлсэн.  Б.Мангалжавын ажил дээр  2015 оны 02 сарын 24-ний өдөр  очиж дүү Ж.Оюунтунгалагийн нэр дээр орон сууц худалдан авах гэрээ хийж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан. Анх байр авах үед нөхөр Б.Батзориг байрны мөнгийг нь гүйцэд төлөөгүй байхад байранд ороод хэрэггүй гэсэн учир бид нар байрандаа ороогүй  байсан. Гэтэл Б.Мангалжав удаа, дараа утасдаад байрандаа орохыг шаардаж байсан. Тэгээд манайх  2015 оны 04 сарын 1-ний өдөр байрандаа орсон. Гэтэл 04 сарын 02-ны өдөр бороо орж, дээврээс ус гоожиж  дусаал орсноос болж ханын цаас шарлачихсан байсан. Тэр үед орцны дежур энэ  байр чинь дээврээсээ ус их гоождог байр гэж хэлж байсан. 2015 оны 05 сарын 20-ны үед бороо орсноос болж  дээврээс их хэмжээгээр ус гоожиж доод айл руу ус нэвчсэн байсныг доод айлын хүн орж ирж  уснаас арчилцаж өгсөн  гэсэн.  Маргааш нь Б.Мангалжав руу утсаар ярьж дээврээс нь ус ихээр гоождог байранд амьдарч чадахгүй,  та надад дээврээс ус гоождог гэж хэлээгүй учир гомдолтой байна гэдгийг хэлсэн. Түүнээс хойш дараа би ээжийгээ сахиж хөдөө байж байгаад ажил явдал гараад ирэхдээ Б.Мангалжав ахтай уулзаж чадаагүй явсан. 2015 оны 9 сард Б.Мангалжавыг манайд  ирэхэд нь бид  байрыг авахгүй талаар хэлэхэд байрны ордер авна гэхэд нь урьдчилгаанд өгсөн мөнгөө авсны дараа  ордерийг өгнө гэсэн. Хамгийн гол манай гэр бүлд Б.Мангалжав ах дээврээс ус  гоождог байраа худал хэлж зарсанд маш их гомдолтой байна. 2015 оны 04 сарын 02-нд Б.Мангалжавд дээврээс ус гоожсон талаар хэлсэн мөн 5 сард дээврээс бороо гоожсон талаар түүнд мэдэгдэж өөрийг нь дуудаж ирүүлэн үзүүлсэн. 2015 оны 10 сард Б.Мангалжав байраа Мөнхгэрэл гэх хүнд зарахаар боллоо гээд гэрчилгээг сольж өг гэсэн боловч бид урьчилгаанд өгсөн мөнгөө аваагүй учир ордерийг нь өгөөгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

Хариуцагч нарын өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Одоогоор тусгайлан нэмж гаргах санал, хүсэлтгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Л.Баярмаа шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа:  Б.Мангалжаваас орон сууц худалдан авсан гэрээг  цуцлаж, орон сууц худалдан авахад зориулан урьдчилгаанд өгсөн 13.000.000 төгрөгийг Б.Мангалжаваас гаргуулан өгнө үү  гэв.

 Хариуцагч Б.Батзориг шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан  тайлбартаа:  Сөрөг нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч Ж.Оюунтунгалаг шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа:  Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч З.Нямсүрэн сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар хэргийн бодит байдалтай холбогдолгүй зүйл яриад байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал,  Улсын Дээд шүүхийн тогтоол 2016 оны 12 сарын 06-ны өдөр гарсан. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар тодорхой заасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  хууль буруу тайлбарласныг анхан шатны шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан  эд хөрөнгийн  чанар, доголдлыг нуусан  болох нь харагдаж байна. Энэ байр доголдолтой байр байсан болох нь нь гэрчүүдийн  мэдүүлгээс тодорхой байдаг. Ус цаг уурын шинжилгээний албаны тодорхойлолтоос хэзээ бороо орсон нь харагдаж байна. Гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд баталгаат хугацаа тогтоох үүрэг бол худалдагчид байх ёстой. Эд хөрөнгийн доголдлыг мэдсэн өдрөөсөө хойш адил чанартай бараагаар  солиулах, төлүүлэх зэрэг шаардлагаас аль нэгийг сонгоно гэсэн үг юм.  Б.Батзориг Л.Баярмаа нар нь тухайн үед орон сууцны дээврээс ус гоождог гэдгийг мэдээгүй гэж хэлдэг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байдаг.  Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан иргэний хэргийн маргаан мөн. Худалдан авагч гэрээнээсээ татгалзаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч  Б.Мангалжав сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Баярмаа байрыг минь буцаан өгөх талаар хандаж байсан. Гэвч ордерийг шилжүүлж өгөхгүй байсан.  Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Өмгөөлөгч Д.Урансувд сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлэх нь зүйтэй. Иймд орон сууцны төлбөрийн үлдэгдэл 27.000.000 төгрөг, алданги 13.500.000 төгрөгийг Б.Батзориг, Л.Баярмаа, Ч.Оюунтунгалаг гаргуулан  өгөхийг шаардаж байна гэв.

Шүүх талуудын тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мангалжав нь хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа, Ч.Оюунтунгалаг  нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 27.000.000 төгрөг, алданги 13.500.000 төгрөг нийт 40.500.000 төгрөг гаргуулах,

Б.Батзориг, Л.Баярмаа, Ч.Оюунтунгалаг нар нь Б.Мангалжавд  холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, орон сууцыг  буцаан өгч, урьдчилгаанд төлсөн 13.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Мангалжавын зурагтад  өгсөн орон сууц  зарах зарын дагуу хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нар нь орон сууцыг  үзээд худалдан авахаар  болж  үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ талууд тохиролцон хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нар нь өөрийн  дүү Чагсалын Оюунтунгалагийн нэр дээр  байр худалдах, худалдан авах гэрээг байгуулж,  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг түүний нэр дээр авсан болох нь талуудын  тайлбар, орон сууц худалдах,худалдан авах гэрээ зэрэг баримтаар нотлогдож байна. Орон сууц  худалдах, худалдан авах гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг Ч.Оюунтунгалагийн нэр дээр авсан шалтгаан нь  байрыг  худалдан авахдаа банкны лизенгид  хамруулах зорилготой  байсан  боловч  орон сууц худалдан авах  зээл бүтээгүй учир  талууд   ”төлбөр төлөх тухай” хэлцлийг  Б.Батзориг, Л.Баярмаа нарны хооронд байгуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байгаа ба энэ талаар талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Б.Мангалжав нь худалдаж буй орон сууцыг урьд нь дээврээс борооны ус  гоождог байсан боловч засвар хийгдээд энэ жил дээврээс бороо гоожоогүй талаараа хэлж орон сууцны үнийг зах зээлийн ханшнаас хямдруулан худалдаж байгаагаа хэлж байсан… гэж,

Хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа, Ч.Оюунтунгалаг нар нь нэхэмжлэгч Б.Мангалжав нь орон сууцыг  бид нарт худалдахдаа дээврээсээ бороо гоождог талаараа ер хэлж байгаагүй, байрыг үзэхэд энд тэндээ цагаан шохойтой байхаар нь  учрыг асуухад зүгээр засвар хийсэн гэж худлаа хэлж, хууран мэхлэн чанарын шаардлага хангахгүй байр худалдсан, бороо гоожиж байгаа талаар 2015 оны 04 сарын 02-нд Б.Мангалжавд хэлсэн мөн 5 сард дээврээс бороо гоожсон талаар   өөрт нь мэдэгдэж,  дуудаж үзүүлсэн, 10 сард Б.Мангалжав нь уг орон сууцыг өөр хүнд  худалдахаар болсон гэж Мөнхгэрэл гэдэг хүнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан боловч тэр хүний зээл бүтээгүй учир байрыг аваагүй.  Иймээс байрыг буцаан өгч урьдчилан өгсөн 13.000.000 төгрөгөө авна …” гэж олон удаа хэлсэн гэж тайлбарлан маргадаг.

 Хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа нар нь худалдаж авсан байрандаа 2015 оны 04 сарын 01-ний өдөр нүүж орсны дараа буюу 04 сарын 02,  05 сарын 20-ны үед орсон цас, борооны ус дээврээс гоожиж,   ус нь доод давхарын  айл руу орж байсан, энэ талаар Б.Мангалжавд  удаа дараа мэдэгдэж өөрийг дуудаж ирүүлэн үзүүлж байсан, мөн уг байрны дээврээс борооны ус гоождог байсан болох нь талуудын  тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Мангалжав нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын хувьд доголдолгүй эд зүйл шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх үүргийг биелүүлэлгүй доголдолтой эд хөрөнгө буюу дээврээсээ ус гоождог байрыг хариуцагч нарт худалдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Иймд хариуцагч нарын худалдан авсан орон сууцыг  буцаан өгч, урьдчилгаанд өгсөн 13.000.000 төгрөгөө буцаан авах талаар нэхэмжлэгч Б.Мангалжавт удаа дараа /2015 оны 04 сарын 02-ны өдөр, мөн оны 05 сарын 20-ны үед / мэдэгдэж байсан нь  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан “... зургаан сарын хугацааны дотор“ байрны доголдлын талаар худалдагч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан ажээ.

Иймээс  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ нэхэмжлэгч Б.Мангалжав биелүүлээгүй учир хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа, Ч.Оюунтунгалаг нар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэрээний улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрх нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар үүссэн байна. 

Иймд нэхэмжлэгч Б.Мангалжавын орон сууц худалдсан үнийн үлдэгдэл 27.000.000 төгрөг, гэрээнд заасан хугацаанд үүргийг  биелүүлээгүйн алданги 13.500.000 төгрөгийг хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа, Ч.Оюунтунгалаг нараас гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн нарын гаргасан урьдчилан төлсөн 13.000.000 төгрөгийг эргүүлэн авах, орон сууцыг буцаан өгөх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар Б.Мангалжавын нэхэмжлэлтэй  Б.Батзориг, Л.Баярмаа, Ч.Оюунтунгалаг нараас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний   үлдэгдэл төлбөр 27.000.000 төгрөг, алданги 13500000 төгрөг, нийт 40500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож,  Б.Батзориг, Л.Баярмаа, Ч.Оюунтунгалаг  нараас Хэрлэн сумын 9 дүгээр баг, 5 дугаар байрны 59 тоотын 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг гаргуулж Б.Мангалжавд олгож, Б.Мангалжаваас орон сууцны урьдчилгаа төлбөрт өгсөн 13000000 төгрөгийг гаргуулан Б.Батзориг, Л.Баярмаа, Ч.Оюунтунгалаг  нарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мангалжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 365450 төгрөг, хариуцагч Б.Батзориг, Л.Баярмаа, Ч.Оюунтунгалаг  нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 222950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,  Б.Мангалжаваас 222950 төгрөгийг гаргуулж Б.Батзориг, Л.Баярмаа,Ч.Оюунтунгалаг  нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  мөн зүйлийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.4 дэхь хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                           Ш.АЛТАНЦЭЦЭГ