Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 506

 

Ч.Баянжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаар магадлалтай, Ч.Баянжаргалд холбогдох 1919001810097 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, “ЭН ДИ ТИ КЭЙ” ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Сэлэнгэ аймаг, Түшиг сум, 1 дүгээр баг, Жаргалмандахын 4 дүгээр хэсгийн гудамжны 224 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Жалайр овогт Чойжамцын Баянжаргал.

Ч.Баянжаргал нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар баг, “ЭН ДИ ТИ КЭЙ” ХХК-ийн байранд 2019 оны 03 дугаар сарын 28, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий, хамтран амьдрагч С.Ичинхорлоог зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн Ч.Баянжаргал Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар баг, “ЭН ДИ ТИ КЭЙ” ХХК-ийн байранд 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хохирогч С.Ичинхорлоод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Баянжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баянжаргалд 10 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Баянжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан 10 сар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 сар 10 хоногоор тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.Баянжаргал 41 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, харин гэмт хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгээр давхар зүйлчлэн гэм буруутайд тооцож, хэрэг тус бүрт ял оногдуулж, улмаар мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь багтаах буюу нэмэх аргаар нэгтгэн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүх хэвээр баталж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа болно.

Хэрэг үйлдсэн хүн, халдлагад өртөгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчаа 3 удаа зодсон үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив талын шинжийг агуулсан хэдий ч хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж чанар буюу гэмтлийн зэргээс шалтгаалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр дангаар зүйлчилнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх нөхцөл байдлуудын 2.8-д “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг шууд заасан тул 11.7 дугаар зүйлээр давхар зүйлчлэгдэхгүй.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчид холбогдох хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлэгдэх хуулийн бүрэн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорихоос бусад ял оногдуулах санкцитай, хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгч Ч.Баянжаргал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй эдгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял оногдуулах хуулийн үндэслэлтэй, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах хууль ёсны, шударга ёсны, энэрэнгүй ёсны нийтлэг зарчмуудад нийцнэ гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь багтаах буюу нэмэх аргаар нэгтгэн хорих ял оногдуулж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэжээ.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Баянжаргалд холбогдох хэргийг зөв зүйлчилж, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд нь тохирсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Баянжаргалд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Баянжаргалыг Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар баг, “ЭН ДИ ТИ КЭЙ” ХХК-ийн байранд 2019 оны 03 дугаар сарын 28, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий буюу хамтран амьдрагч С.Ичинхорлоог зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дахин зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөхдөө Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн ойлголт, шинжийг төсөөтэй тайлбарлан гэмт хэргийг шинжийг хангаагүй үйлдэлд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг онцлог шинж нь тухайн зүйлд заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарахаар хуульчилсан болно. Эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход давтан, байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.         

Иймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг багтаан ойлгоно.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцаа буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг үйлдлийг тухайн харилцааны доторх өөр зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй тул нэг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг гэж салгаж зүйлчлэх боломжгүй юм.            

Өөрөөр хэлбэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгээр тусдаа зүйлчлэгдээгүй, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад заасны дагуу хариуцлага хүлээгээгүй, гэр бүлийн хамааралтай байдлыг нь далимдуулан зодсон гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангана.

Гэтэл Ч.Баянжаргал өөрийн хамтран амьдрагч С.Ичинхорлоог 2019 оны 03 болон 04 дүгээр сард зодсон гэх 2 удаагийн үйлдлийг анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж, түүнчлэн давж заалдах шатны шүүхийн хувьд уг 2 үйлдэл дээр хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан шинжээр тусдаа зүйлчлэгдсэн үйлдлийг давхардуулан дүгнэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинжид тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдлийн шинжийг төсөөтэй хэрэглэж болохгүй талаарх Эрүүгийн хуулийн 2.1 зүйлийн шаардлага, мөн Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх талаарх Эрүүгийн хуулийн 1.2 зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болжээ.     

Харин Ч.Баянжаргалийн 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хохирогч С.Ичинхорлоог зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шинжээр хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон бөгөөд анхан шатны шүүхээс тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байгааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч Ч.Баянжаргалд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цагдан хоригдсон хоногт нь дүйцүүлэн тооцвол оногдуулсан ялыг эдэлж дууссан байх тул шүүгдэгчийг нэн даруй суллах өөрчлөлт оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2019 оны 07 дугаар сарын 23 ны өдрийн 55 дугаар магадлалд “Шүүгдэгч Ч.Баянжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэж,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Баянжаргалд оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний цагдан хоригдсон 95 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай  дүйцүүлэн ялаа эдэлж дууссанд тооцож, Ч.Баянжаргалыг нэн даруй сулласугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Баянжаргалын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН