Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 225/МА2021/00028

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 225/МА2021/00028

 

 

 

 

 

 

 

2021 11 10 28

 

Мандал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 155/ШШ2021/00886 дугаар шийдвэртэй,

Мандал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, И.Нэргүйд холбогдох гэм хорын хохиролд 39,997,139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Мандал даатгал ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1603007397, 1601007397 дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.Сайханзулд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Мандал даатгал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мандал даатгал ХХК-ийн орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын №1601007397 тоот гэрээт даатгуулагч Эрдэнэсайхан овогтой Сайханзул нь 2017 оны 12-р сарын 14-ний өдөр Төв аймаг Баян-Өнжүүл сумын нутаг Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн замд И.Нэргүйн жолоодон явсан 26-15 УБТ улсын дугаартай Т.Харрер маркийн автомашинд зорчиж явахдаа зам тээврийн осолд орж амь насаа алдсан. 26-15 УБТ улсын дугаартай Т.Харрер маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч И.Нэргүй нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно 9.2-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн 2 дугаар бүлэг 2.1-т Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас манай орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгуулагч Э.Сайханзулын амь насыг хохироосон байна.

Буруутай этгээд нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасны дагуу учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчийн төлөх ёстой байсан орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 39,997,139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлж авсан.

...Иймд Иргэний хуулийн 499.1, 443.7, 513.1, 513.2-т тус тус заасны дагуу И.Нэргүйгээс гэм хорын хохиролд 39,997,139.94 /гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, Мандал даатгал ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2017 оны 12 дугаар сард зам тээврийн ослын улмаас өөрийн сайн найзын амь насыг хохироосон явдалд маш их харамсаж явдаг. Хохирогчийн зүгээс 26,000,000 төгрөг хохиролд өг гэж шаардаж эхэлсэн бөгөөд би холбогдох нотлох баримтыг нь харж байж шийдвэр гаргана гэж байсан. Гэтэл Эрүүгийн хууль, холбогдох нөхцөл байдлыг харгалзан үзээд би оршуулгын зардалд нэхэмжилсэн 13,000,000 төгрөгийг өгсөн. Гэтэл хохирогч Гэрэлцэцэг нь үлдсэн 13,000,000 төгрөгийг хэзээ өгөх юм гэж ямар ч баримтгүй шаардаж эхэлсэн. ...Би хохирогч Гэрэлцэцэгт нийт 26,000,000 төгрөгийг хохирлын төлбөрт төлсөн. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч И.Нэргүй шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Мандал даатгал нь Нэргүй надад холбогдуулан талийгаач Сайханзулын амь насанд хохирол учруулсан гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр болох нийт 39,997,139 төгрөгийг бүхэлд нь гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Нэргүй миний хувьд зам тээврийн осол гаргаж найзынхаа амь насыг хохироосон гэм буруудаа гэмшиж насан туршдаа сэтгэлийн шаналал тээж амьдарч байна. Хэдийгээр найзынхаа гэр бүлд орон сууцны зээлийн төлбөрт зориулж 13,000,000 төгрөг, гэм хорын хохиролд 13,000,000 төгрөг нийт 26,000,000 төгрөг төлсөн ч гэсэн цаашид найзынхаа эцэг, эх, төрсөн охинд нь туслалцаа үзүүлэхийг зорьж хичээж байна.

Мандал даатгал амь насны даатгалын нөхөн төлбөр гэж орон сууцны үлдэгдэл нийт төлбөрийг Голомт банкинд төлсөн байгааг буруутгах боломжгүй ч гэсэн аливаа зүйл шударга үнэн байгаасай гэж бид хүсч байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхтэй байдаг тул би эргэлзээтэй, маргаантай байгаа нөхцөл байдлыг шалгуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Мандал даатгал Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын №1603007397, №1601007397 дугаар бүхий гэрээний нэг тал болох даатгуулагч Э.Сайханзулын амь нас эрүүл мэндийг гэнэтийн ослын даатгалд даатгасан хэсэг нь эргэлзээтэй буюу даатгалын гэрээнд амь нас, эрүүл мэндээ даатгуулагч нь хуульд заасан журмын дагуу баталгаажуулж гарын үсгээ зураагүй, гэрээ хүчин төгөлдөр бус байгаа нь холбогдох баримтуудаар нотлогдож байгаа юм.

Иймд Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын №1603007397, №1601007397 дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.Сайханзулд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж хүсч сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг сөрөг нэхэмжлэлд холбогдуулж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. ... Нөхөж хийсэн гэрээ мөн эсэх, гарын үсэг нь хэзээ зурагдсан, 2017 онд сунгалт хийсэн гэрээ мөн эсэхийг шинжээч томилуулж тогтоолгох эрх нь хариуцагч талд байсан. Даатгалын хуульд бичигдсэн даатгалын баталгаа гэж зүйл нь даатгалын гэрээг хэлж байгаа юм. Мөн Э.Сайханзулын данснаас даатгалын хураамж, зээлээ төлж байсан үйлдлээр даатгалд хүсэл зоригоо илэрхийлж, даатгуулсан нь нотлогдож байгаа гэж үзэж байна. Талийгаачийн гэр бүлийн хүн болох хамтран зээлдэгч А.Гэрэлцэцэг нь 13,000,000 төгрөг авсан гэдгийг бид мэдэхгүй. Тэр нь орон сууцны зээлийн гэм хорын хохиролд төлөгдсөн гэж яригдсан зүйл байдаггүй. Уг 13,000,000 төгрөгийг өгсөн авсан талаар хоорондоо байгуулсан гэрээ байхгүй байгаа тул энэ талаар тайлбарлаж байгааг үндэслэл бүхий тайлбар гэж үзэхгүй байна. Гарын үсгийн хувьд даатгалын хураамж төлсөн баримтаар нотлогдож байгаа зүйл юм. Энэ нь Иргэний хуулийн 189.1,19.3-т заасны дагуу даатгалын гэрээ байгуулагдсан гэж үзэж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 155/ШШ2021/00886 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 513 дугаар зүйлийн 513.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч И.Нэргүйд холбогдох гэм хорын хохиролд 39.997.139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Мандал даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлийг, хариуцагч И.Нэргүйн орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1603007397 дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.Сайханзулд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,940 (гурван зуун тавин долоон мянга есөн зуун дөч) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Нэргүйгээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 (далан мянга хоёр зуу/)төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг давж заалдах гомдолдоо: Мандал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй И.Нэргүйд холбогдох гэм хорын хохиролд 39,997,139.94 төгрөг гаргуулах тухай хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт:

1.Зохигчоос Мандал женерал даатгал ХХК болон даатгуулагч Э.Сайханзул, А.Гэрэлцэцэг нарын хооронд анх байгуулагдсан гэх даатгалын үндсэн гэрээ, даатгалын баталгаа, даатгалын тохиолдол бий болохоос өмнө даатгалын хураамжид хэдэн төгрөг төлсөн талаарх баримтуудыг хэрэгт ирүүлээгүй. 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлдэгчийн гэнэтийн ослын орон сууцны 1601007397, амь насны 1603007397и дугаартай сунгалтын гэрээнд даатгуулагч Э.Сайханзулын гарын үсэг зурагдаагүй нь талийгаач Э.Сайханзул Даатгалын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.3-д заасан этгээдэд хамаарахгүй, даатгалын харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийн нотолж чадахгүй гэж дүгнэжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан даатгалын гэрээ юм. Даатгуулагч Э.Сайханзул нь 2017.12.14-ний өдөр И.Нэргүйн жолоодон явсан автомашинд зам тээврийн ослоор нас барсан. Харин хэрэгт хавсаргасан даатгалын гэрээ нь даатгуулагч нас барах үед буюу 2017.01-р сараас 2018.01-р сарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ буюу даатгалын баталгаа байтал шүүх тус гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэлгүй даатгалын үндсэн гэрээ гэх хэрэгт авагдаагүй, авагдах шаардлагагүй зүйлийг шаардаж, байгаа нотлох баримтыг үнэлж, шинжлэн судлаагүй.

Даатгалын тохиолдол гэдэг нь Даатгалын тухай хуулийн 4.1.4-т тодорхойлсноор даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ. Мөн хуулийн 4.1.6-т даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно гэж зохицуулсан байна. Үүнээс үзэхэд даатгуулагч талийгаач Э.Сайханзулын амь нас хохирсон буюу даатгалын тохиолдол үүссэн тул Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3.8-д заасны дагуу Э.Сайханзулын зээл хариуцах хувиар буюу 100 хувиар зээлийн үлдэгдэл төлбөр болох 39,997,139.94 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгагчаас банкинд төлсөн. Нөхөн төлбөрийг даатгуулагчаас гэрээнд заасан даатгалын хураамжийг төлсөн бөгөөд даатгалын тохиолдол үүссэн үед даатгагчаас олгодог ба Голомт банк болон хамтран зээлдэгч А.Гэрэлцэцэг нарын өргөдлийг үндэслэн нөхөн төлбөр олгохоор судлахад хураамж төлөгдсөн байсан тул нөхөн төлбөрийг олгосон. Түүнчлэн даатгалын компани нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтаар нөхөн төлбөр олгосон тохиолдлуудаа шалгуулдаг тул хураамж төлөгдөөгүй даатгуулагчид нөхөн төлбөр олгох боломжгүй юм. Мөн Иргэний хуулийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй., Иргэний хуулийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж тус тус заасны дагуу даатгалын хураамж, зээлийн төлбөрийг Э.Сайханзулын нэр дээрх данснаас төлөлт хийж байсан бөгөөд хамтран хариуцагч Э.Сайханзулын эхнэр А.Гэрэлцэцэг гэрээнд гарын үсэг зурсан байгааг талууд гэрээг чөлөөтэй буюу хамтран хариуцагч нарын аль нэг нь гарын үсэг зурсан, мөн төлбөр гүйцэтгэсэн үйлдлээр тодорхойлж үзэх юм.

Гэтэл шүүх гэрээний болзол шаардлага биелсэн эсэхийг шалгалгүй хэрэгт хавсаргасан нотлох баримт материалд үндэслэхгүй шийдвэр гаргасан нь хуулийг дээдлэх, хуулийг хэрэглэх зарчмыг баримтлаагүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаагүй гэж үзэх үндэстэй байна.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Мандал даатгал ХХК нь хариуцагч И.Нэргүйгээс гэм хорын хохирол 39,997,139.94 (гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах, хариуцагч нь орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1603007397, 1601007397 дугаар бүхий гэрээнд тусгагдсан даатгуулагч Э.Сайханзулд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байх ба шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай тусгасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах учиртай.

Гэтэл хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж гаргасан нотлох баримт бүрэн эсэх нь эргэлзээтэй, 1 дүгээр хавтасны 139-153 дугаар хуудас огт байхгүй /шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн 143-147 дугаар хуудаснаас шинжлэн судалсан нотлох баримт дээрх хуудсанд авагдаагүй/, зарим хуудас давхар /168, 189, 195 дугаар хуудас/ болон алгасаж /184 дүгээр хуудас/ дугаарлагдсан, хэргийн олон хуудас дутуу байх тул шүүх нотлох баримт болон хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн эсэхийг дүгнэх боломжгүй.

Шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ...хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх журамтай тул зохигчийн гаргасан нотлох баримт бүрэн эсэх нь тодорхойгүй, олон хуудас дутуу хэргийн нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийхгүй орхилоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 155/ШШ2021/00886 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,940 /гурван зуун тавин долоон мянга есөн зуун дөч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ

 

 

 

 

.