Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00071

 

 

2021 01 21 001/ХТ2021/00071

 

 

 

 

Мандал даатгал ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар шийдвэр,

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар магадлалтай,

 

Мандал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй,

И.Нэргүйд холбогдох

 

Гэм хорын хохиролд 39,997,139.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Насанжаргал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Мандал даатгал ХХК-ийн орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын №1601007397 гэрээт даатгуулагч Э.Сайханзул нь 2017 оны 12 сарын 14-ний өдөр Төв аймаг Баян-Өнжүүл сумын нутаг Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн замд И.Нэргүйн жолоодон явсан 26-15 УБТ Тоёота Харрер маркийн автомашинд зорчиж явахдаа зам тээврийн осолд орж амь насаа алдсан. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч И.Нэргүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 9.2-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн 2 дугаар бүлэг 2.1-т Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас манай орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгуулагч Э.Сайханзулын амь насыг хохироосон байна. Буруутай этгээд нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасны дагуу учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчийн төлөх ёстой байсан орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 39.997.139,94 төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлж авсан. Иргэний хуулийн 513 дугаар зүйл 513.1-т Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй, мөн 513.2-т Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 499.1, 443.7, 513.1, 513.2-т тус тус заасны дагуу И.Нэргүйгээс гэм хорын хохиролд 39.997.139,94 төгрөгийг гаргуулж, Мандал даатгал ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Миний хувьд 2017 оны 12 сард зам тээврийн ослын улмаас өөрийн сайн найзын амь насыг хохироосон явдалд маш их харамсаж явдаг. Хохирогчийн зүгээс 26.000.000 төгрөг хохиролд өг гэж шаардаж эхэлсэн бөгөөд би холбогдох нотлох баримтыг нь харж байж шийдвэр гаргана гэж байсан. Гэтэл Эрүүгийн хууль холбогдох нөхцөл байдлыг харгалзан үзээд би оршуулгын зардалд нэхэмжилсэн 13.000.000 төгрөгийг өгсөн. Гэтэл хохирогч н.Гэрэлцэцэг нь үлдсэн 13.000.000 төгрөгийг хэзээ өгөх вэ гэж ямар ч баримтгүй шаардаж эхэлсэн. Тэрээр уг 13 сая төгрөг нь талийгчийн амь насыг хохироосон хохирол гэж нэхэж байсан. Миний хувьд хохирлыг нотлох баримтыг үндэслэн төлөхийг хүсч байсан боловч хохирогчийн амь насны хохирлын шаардлагаа нотлох баримттай бол төлөхөө илэрхийлснээ Эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүхийн өмнө нотлох шаардлага үүссэн. Улмаар н.Гэрэлцэцэг нь гэм хор хохирлын төлбөрөөс баримтгүй нэхэмжлээд байгаа 13.000.000 төгрөгийг төлнө гэж байгаа бол хоорондоо зээлийн гэрээ байгуулаад баталгаажуулъя гэсэн санал тавьсан. Миний хувьд түүний саналыг хүлээн зөвшөөрөхдөө уг 13.000.000 төгрөг нэхэмжилж байгаа баримтаа бүрдүүлж өгнө гэж хоорондоо амаар тохиролцоод 13.000.000 төгрөг н.Гэрэлцэцэгээс зээлж авсан мэтээр дүр үзүүлэн зээлийн гэрээг хоорондоо байгуулсан. Би уг төлбөрийг 2018 оны 6 сард н.Гэрэлцэцэгийн дансанд шилжүүлсэн. Би хохирогч н.Гэрэлцэцэгт нийт 26.000.000 төгрөгийг хохирлын төлбөрт төлсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ зээлийг Э.Сайханзул нь эхнэртэйгээ хамтарч авсан байгаа. Энэ тохиолдолд зээлдэгч нар үүргийг хамтарч гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл, зээлдэгч Э.Сайханзул нас барахад үүрэг гэрээний дагуу эхнэр А.Гэрэлцэцэгт шилжиж, зээлийг төлөх байхад биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Бид А.Гэрэлцэцэгт баримтгүйгээр нийт 26.000.000 төгрөгийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өгсөн. Өгөхдөө бид асуусан. Орон сууцны зээлээ яах гэж байна гэхэд тэр та нарт хамааралгүй гэж хэлээд авсан. Мөн даатгалын гэрээн дээр А.Сайханзулын гарын үсэг байдаггүй. Харин А.Гэрэлцэцэг гарын үсэг зурсан байдаг. Мөнгө шилжүүлсэн данс нь тохирдоггүй гэжээ.

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч И.Нэргүйд холбогдох гэм хорын хохиролд 33.997.139,94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Мандал даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар магадлалаар: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Нэргүйгээс 19.998.569,97 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мандал даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай. гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч И.Нэргүйгээс улсын тэмдэгтийн хураамжид 257,943 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мандал даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдэлгэрийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.04-ний өдрийн 17 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргаагүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах хүсэлт 5 гаргасан нотлох баримтыг шударга үнэнээр судалж шийдвэр гаргаагүй учир гомдолтой байна. Нотлох баримт болох амь насны даатгалын гэрээнд Э.Сайханзул, А.Гэрэлцэцэг нартай гэрээ байгуулсан гэх бичилттэй боловч гэрээнд зурагдсан гарын үсгийг А.Гэрэлцэцэг зурсан болох нь тодорхой харагддаг. Иргэний хуульд гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох учиртай байтал гэрээний нэг тал болох Э.Сайханзул нь даатгалын гэрээнд гарын үсгээ зураагүй байгаа тул уг гэрээ хүчин төгөлдөр болоогүй, уг гэрээг талийгч Э.Сайханзул өөрийн хүсэл зоригийн дагуу даатгалын гэрээ байгуулаагүй болох нь тухайн гэрээнд хэн гарын үсэг зурсан зэргээс харагддаг. Орон сууцны зээлийн гэрээний гэрээ байгуулсан гэх хэсгийн Зээлдэгчийг төлөөлж: А.Гэрэлцэцэг гэх нэрийн өмнөх гарын үсэг гэнэтийн ослын даатгалын гэрээн дэх даатгуулагчийг төлөөлж гэж хэсэгт зурсан гарын үсгүүд хоорондоо тохирч байгаа бөгөөд уг гарын үсэг нь А.Гэрэлцэцэг гэх хүний гарын үсэг болох нь тодорхой харагддаг. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийн тулд Э.Сайханзул, А.Гэрэлцэцэг нар өөрсдийн амь насаа эрсдэлээс хамгаалахаар амь насны даатгалын гэрээг манай компанитай байгуулсан гэх боловч уг даатгалын гэрээг А.Гэрэлцэцэгтэй байгуулсан болохоос талийгч Э.Сайханзул амь насны даатгалын гэрээнд гарын үсэг зураагүй байгаа нь амь насаа даатгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хүчин төгөлдөр бус гэрээ, тайлбарыг үнэлж шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахдаа гарын үсгийг шинжлэн судлуулна гэж хэлээгүй учир судлаагүй гэж тайлбарласан, би шүүхэд гаргасан тайлбартаа мөн шинжлэн судлуулах нотлох баримт байна уу гэхэд нь: Орон сууцны зээлийн гэрээ А.Гэрэлцэцэг, Э.Сайханзул нарын гарын үсэг, Даатгалын гэрээг бүхэлд нь шүүх хуралдааны тэмдэглэлд шинжлэн судлуулна гэж хэлсээр, бичсээр байтал хэлээгүй учир судлаагүй гэж тайлбарласан нь шүүх хуралдааны явцад шүүгч хариуцлагагүй хандсан хэт нэг талыг харж туйлширсан гэж ойлгогдож байна.

Мөн шүүхийн шийдвэрээ уншиж танилцуулахдаа Э.Сайханзул нь ипотекийн зээлтэй байсан нь ипотекийн зээлийн гэрээгээр нотлогдож байна. Үүнийг төлөхөд нэг зээлдэгч нь нас барсан учир эхнэр А.Гэрэлцэцэгт хүндрэлтэй болсон тул хуульд заасны дагуу үүрэг тэнцүү төлүүлэхээр шийдвэрлэлээ гэж тайлбарласан боловч шүүхийн шийдвэрээ бичихдээ даатгалын компанид амь насны даатгал төлүүлэхээр бичсэн байгааг харахад шүүгч хэргийг дутуу уншиж судлаж шийдвэр гаргасан гэж дүгнэж байна. Бид ипотекийн зээлийн талаар маргаагүй ипотекийн зээлийн төлбөрт эхнэр А.Гэрэлцэцэгтэй нь тохиролцож 13.000.000 төгрөг өгсөн байгаа. Ийм учир бидний дунд ипотекийн зээлийн талаар ямар нэгэн маргаан үүсээгүй. Ипотекийн зээлийн гэрээг хоёр зээлдэгч адил үүрэг хүлээж байгуулсан адилхан л хоёр зээлдэгч тус бүр амь насны даатгалын гэрээг байгуулах ёстой. Мөн амь насны даатгалын нөхөн төлбөрийг төлсөн гэх Голомт банкны гүйлгээний баримт нь яг хаана хэнд нөхөн төлбөрийг төлөөд байгаа нь тодорхойгүй мөн зээл хаасан банкны баримт байхгүй /Э.Сайханзул, А.Гэрэлцэцэг нарын болон Голомт банкны зээлийн данс аль нь ч биш/ нотлогдоогүй эргэлзээтэй баримтыг давж заалдах шатны шүүх үнэлсэнд гомдолтой байна.

Бид Э.Сайханзул нь амь насны даатгалтай байсан эсэх, түүнийг хуулийн дагуу хэрхэн үнэн зөвийг олж шийдвэрлэх талаар маргасан юм. Хэн нэгний амь нас хохирсныг далимдуулан хүчин төгөлдөр бус гэрээ ашиглах оролдлого хийснийг давж заалдах шатны шүүх нягтлан судлалгүй зөвхөн даатгалын гэрээ байна гэх төдийхэн дүгнэж шийдвэр гаргах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчимд нийцэх үү. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2019.02.15-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.04-ний өдрийн 17 дугаар магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Мандал даатгал ХХК нь И.Нэргүйгээс гэм хорын хохирол 39,997,139.94 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ... Э.Сайханзулын эхнэр А.Гэрэлцэцэгт 26,000,000.00 төгрөг өгсөн, ...даатгалын гэрээнд Э.Сайханзулын гарын үсэг зурагдаагүй, ...даатгалын төлбөр шилжүүлсэн данс зээлдэгчийнх биш гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1.    Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой.

Хэргийн баримтаас үзвэл Голомт банкны зээлдэгч Э.Сайханзул нь зам тээврийн ослын улмаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барсан, Мандал даатгал ХХК зээлийн үлдэгдлийг зээлдүүлэгчид төлсөн тул гэм буруутай И.Нэргүйгээс төлбөрийг гаргуулна гэж шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон байна.

 

Э.Сайханзул нь зам тээврийн ослын улмаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барсан талаар зохигчид маргаагүй боловч тухайн осолд хариуцагч И.Нэргүй гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хэрэгт авагдаагүй байхад Иргэний хуулийн 443, 497, 499, 513 дугаар зүйлийг хэрэглэж хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй.

 

2. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3, 42 дугаар зүйлийн 42.2, 433 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 8 дугаар зүйлийн 8.4.2-т заасныг хэрэглэж, маргааныг шийдвэрлэх боломжгүй байна.

 

3. Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг даатгалын нөхөн төлбөр гэнэ.

 

Нэхэмжлэгч нь Э.Сайханзулыг даатгуулагч гэж тодорхойлсон боловч даатгалын нөхөн төлбөрийг зээлдүүлэгч Голомт банк руу шилжүүлсэн, гэтэл 2017 оны 12 сарын 19-ний өдөр Э.Сайханзулын эхнэр А.Гэрэлцэцэг даатгалын компанид хандан гэнэтийн ослын нөхөн төлбөрийн тухай өргөдөл гаргасныг нэхэмжлэгч Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. /хх-6,31,43/

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Шүүх хэргийг шийдэхдээ нотлох баримт, талуудын тайлбарыг үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 257,943.00 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧ Д.ЦОЛМОН