Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
Хэргийн индекс | 187/2016/0014/Э |
Дугаар | 523 |
Огноо | 2016-08-11 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Ц.Осоржамаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 523
С.Энх-Очирт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Осоржамаа,
Ялтан С.Энх-Очирын өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор С.Энх-Очирт холбогдох эрүүгийн 201526031210 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигин овогт Сүх-Очирын Энх-Очир, 1994 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өлзийт хороонд туслах малчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлжийн 2 дугаар хэсэг, Цагаан дөрвөлж гудамжны 5-1 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 5 дугаар гудамжны 117 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЕА94011613/,
С.Энх-Очир нь 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 23-наас 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 5 дугаар гудамжны 117 тоот хашаандаа Г.Энхтүвшинг “найз нартайгаа нийлж хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас хүрзээр толгойд нь цохиж биед нь “зулай ясны цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Энх-Очирт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Энх-Очирыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар С.Энх-Очирт 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Энх-Очир нь гэм хорын хохиролд хохирогч Г.Энхтүвшинд 40.000 төгрөгийг нөхөн төлсөнийг дурдаж, С.Энх-Очироос 4.239.900 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Энхтүвшинд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх 1.264.500 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, С.Энх-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Энхтүвшин нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарлаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Энх-Очирт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан С.Энх-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Ялтан С.Энх-Очирын өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Энх-Очир нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, түүний эхнэр нь төрсөн, 3 нас хүрээгүй хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялын дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр өөрчилж өгнө үү…” гэв.
Прокурор Ц.Осоржамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх С.Энх-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангажээ.
С.Энх-Очир нь 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 23-наас 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 5 дугаар гудамжны 117 тоот хашаандаа Г.Энхтүвшинг “найз нартайгаа нийлж хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас хүрзээр толгойд нь цохиж биед нь “зулай ясны цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:
Хохирогч Г.Энхтүвшингийн “...Эрхэмсайхан бид хоёр хот руу явж байтал Жадамбаа залгаад “хүнд зодуулчихлаа, нэгийг нь бариад авсан байна” гэхээр нь бид хоёр буцаад очиход манай найзын хүрэм нь урагдчихсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Жадамбаа нэг өндөр залууг барьсан зогсож байхаар нь “хамт явж байсан хүмүүсээ хэл” гэхэд байгаа газрыг нь зааж өгөх гээд дагуулаад явсан. Бид гурав гэрт нь очиход хашаа нь онгойдоггүй гэхээр нь хашааг нь давж ороход хоёр согтуу залуу сууж байхаар нь “та нар яагаад хүн зодож байгаа юм бэ” гэхэд хамт гэрийг нь зааж өгсөн залуу оронгуутаа хутга бариад бидэн рүү дайрсан. Тэгэхээр нь би хажууд нь байсан охиныг “хутгыг нь авчих, ингэж болохгүй” гэхэд нөгөө хэд улам агсараад байхаар нь бид нар гарч зугтаасан. Тэгтэл нөгөө өндөр залуу хутгаа бариад гарч ирээд дайрахаар нь манай найзууд нийлж байгаад хутгыг нь булааж аваад хашаанаас нь гарах гэж байтал араас нэг нь ирээд миний толгой руу хүрзээр цохиж гэмтээсэн. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна...” /хх-37-38/,
Гэрч Д.Хүрэлбаатарын “...орой 20 цаг өнгөрч байхад Энх-Очир, Чинзориг нарын хамт 0.75 литрийн Улаанбаатар архи 1 шилийг уусан. Чинзориг бид хоёр дахин архи авах гээд дэлгүүр ороод буцаж байтал гудамжинд ах, эгч хоёр явж байхаар нь эмэгтэйгээс нь “буудлын дэлгүүрийн гадаа цагдаа байна уу” гэхэд тэр эгч “байна, та хоёр аргалуулах юм уу, аргалчихаад явж байна” гэхээр нь “үгүй” гэж хэлээд цааш явтал нөхөр нь Чинзоригтой юм яриад явж байснаа гэнэт барилцаж аваад хамтдаа газар уначихсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Тэднийг гэрт нь хүргэж өгөхөд нөхөр нь над руу дайраад хамт явсан залууг чинь зодно гээд агсамнаад байсан. Эхнэр нь түүнийг боль гэхэд үгэнд нь оролгүй түлхээд унагаахад эхнэр нь босч ирээд нөхрийнхөө нүүр лүү алгадсан. Тэр ахын хамраас цус гараад тэр залууг ална гээд найзууд руугаа утсаар яриад “та нар хаана байна, намайг 2 хүүхэд зодчихлоо” гээд яриад байхаар нь зугтаасан. Гэрт очиход манай найз охин Сарнай, эхнэр, хүүхэд, Чинзориг нар байсан. Удалгүй манай хашааны банзыг хугалаад 4-5 залуу орж ирээд, аль нь вэ гээд Чинзориг руу дайраад түүнийг чирч гаргах гээд байсан. Тэд бүгд согтуу орж ирээд агсам тавиад ширээн дээр байсан цэнхэр иштэй хутгыг нэг ах нь барьчихаад дайраад байсан. Хүүхэд унтаж байна гээд гадаа гарсан. Чинзоригийг 2-3 залуу бариад эхнэр гэх эмэгтэй үсдэж цохиод байсан. Тэгэхээр нь Энх-Очир хүрз авч гарч ирээд хар хүрэм, хар өмдтэй ахын толгой руу цохьсон. Тэгээд салсан...” /хх-41/,
Гэрч Д.Чинзоригийн “...Манай найз нөгөө ах, эгч хоёрыг гэр лүү нь дөхүүлж өгөхөөр явсан. Би гэр лүүгээ явсан. Тэгсэн нөгөө ах манай найзад би саяны залууг зодно гэж хэлэхэд эхнэр нь “Жадамбаа чи боль” гэж хэлэхэд эхнэрийгээ түлхэж унагаасан. Эхнэр нь нөхрөө зөрүүлээд хэд алгадахад хамраас нь цус гарсан. Манай найз тэднийг үлдээгээд гэр лүүгээ явсан. Бид нар гэртэй байж байтал араас 5 залуу хашаа давж орж ирээд орилоод байсан. “Гараад ир” гэхээр нь бид нар гараагүй. Тэгээд тэр ахаас уучлалт гуйгаад гадаа гарахад дахин бид нар луу дайрч орилоод байсан. Хүрэлбаатарын гэрийнх нь хутга, заазуурыг авчихаад бид нар луу дайраад байсан. Тэгтэл Энх-Очир гэрт байсан хүрзийг аваад нэгнийх нь толгойг цохьсон...” /хх-44-45/,
Гэрч З.Мөнхсарнайгийн “...Чинзориг, Хүрэлбаатар нар дэлгүүрээс дахиад архи авах гэж гараад 30 гаран минутын дараа Хүрэлбаатар орж ирээд араас нь Чинзориг удалгүй баахан ах нартай хашаа даваад орж ирсэн. Хамт ирсэн ах нар гэр лүү орж ирээд гараад ир, ална гэж айлган сүрдүүлж бид нарыг хэл амаар доромжилсон. Бид нар гэрээс хөөж гаргаад гадаа гарахад хашаан дотор тэд нар зодолдсон. Хамт ирсэн эгч хүртэл хашгираад байсан. Тэгээд ширээн дээр байсан хутгыг ирсэн ах нарын нэг нь аваад Чинзориг, Хүрэлбаатар, Энх-Очир нар луу дайраад байхаар нь Энх-Очир гэрт байсан хүрзийг нь аваад гарч яваад гарч явсан. Тэгээд хутга барьж байсан ахыг хүрзээрээ цохьчихлоо гэж хэлж байсан...” /хх-49-50/,
Гэрч Г.Эрхэмсайханы “...тэгээд бид 3 очоод уг залууг дагуулаад Энхтүвшин, Жадамбаа, Нарангэрэл, Оюунцацрал нарын хамт явсан. Өлзийтийн 5 дугаар гудамжны гол дунд байрлах төмөр хашааны гадаа ирсэн. Хаалга цоожтой байсан бөгөөд дагуулж явсан залуу манайх хашаагаа даваад орчихдог юм гэхээр нь Энхтүвшин бид хоёр хашааг даваад араас нь орсон. Хамт явсан залуу гэр лүүгээ гүйгээд орохоор нь бид араас нь орсон. Гэр лүүгээ түрүүлж орсон залуу намайг зодох гээд байна гэсэн. Тэгэхээр нь та нар манай найзыг хэн нь ямар шалтгааны улмаас зодсон юм бэ гэж асуусан. Миний араас Энхтүвшин орж ирсэн. Гэтэл махлаг биетэй шар залуу нь гартаа заазуур бариад үзэх үү гээд зүүн гарынхаа шуу орчмыг зүсээд байсан. Тэгэхээр нь Энхтүвшинг би аваад гарсан. Тэгээд бид нар хашаан дотор нь байж байтал гэрээс махлаг шар залуу, анх гэрлүү орсон залуутай хамт гарч ирсэн. Махлаг шар залуу нь гартаа хутга барьчихсан та нар манайд орж ирж намайг дээрлэхлээ гээд орилоод байсан. Тэгэхээр нь Энхтүвшин бид хоёр хутгыг нь булааж авсан. Тэгээд бид хашаанаас гарах гэхэд хаалга түгжээтэй байсан. Нэг залуу нь түлхүүрэнд яваад бид хүлээж байтал гартаа хүрз барьсан залуу хүрч ирээд Энхтүвшингийн араас толгой орчим руу нь нэг удаа цохьсон...” /хх-51-52/,
Гэрч Г.Оюунцацралын “...манай нөхөр явах гэж байгаад газар хальтраад уначихсан. Тэгтэл нэг залуу нь барилцаад хамт унах шиг болсон. Тухайн үед харанхуй байсан болохоор би царайг нь сайн харж чадаагүй. Гэтэл Жадамбаагийн хамраас цус гарсан байсан. Тэгж байтал манай нөхрийн найзууд болох Энхтүвшин, Эрхэмсайхан, Нараа гэх нар машинтай ирээд нөгөө залуучуудын нэгийг нь барьсан байсан. Тэгээд нөгөө залуутай хамт гэр лүү нь явсан. Хашааных нь гадаа очиход цоожтой байсан бөгөөд нөгөө залуу хашаагаа даваад орох үед Эрхэмсайхан Энхтүвшин, Жадамбаа гурав хашааг нь даваад араас нь орсон. Би хашааны баруун талынх нь онгорхой хэсгээр орсон. Тухайн үед тэр гурав гэрт нь орсон байсан, би араас нь орсон. Тэгтэл гэр дотор анх зугтаасан залуу нь заазуур барьчихсан зүүн гарынхаа дотор хэсгийг зүсээд зогсож байсан. Энхтүвшин тэнд байсан хүмүүсийг загнаад зогсож байсан. ...гэрээс гарахад бид нарт анх баригддаг залуу гартаа заазуур барьсаар гарч ирсэн. Тэгэхээр нь уг залууг үсдэж байгаад гараас нь заазуурыг нь булааж аваад хашаа давуулаад шидсэн. Тэгээд эргээд хартал Энхтүвшинг хүрзээр араас нь толгой тус газар нь нэг удаа цохьсон...” /хх-53/,
Гэрч Ж.Жадамбаагийн “...Өлзийтийн 5 дугаар гудамжны үзүүрт үл таних 2 залуутай тааралдсан. Нэг залуу нь гартаа архи барьчихаад “ах хамт ууя” гэсэн. “Уухгүй” гэхэд “юун сүртэй юм бэ, уучих” гээд байсан. Би эргээд алхтал хальтираад газар унахад нэг залуу нь надтай зууралдаад хамт унасан. Тухайн үед хамар луу цохих шиг болсон. Нэг залуу нь зугтаад явсан. Нөгөөг нь зугтаах гэж байхад Эрхэмсайхан бариад авсан. ...анх зугтаасан залуу хойморийн орон дээр сууж байсан. Би түүнийг “чи яагаад хамар луу цохичихоод зугтааж байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу “би биш манай дүү” гэсэн. Нөгөө залуу босч ирээд тогооны саван дээр байсан хутгаа шүүрч аваад өөрийнхөө гарыг зүссэн. Гэхдээ хутганыхаа араар гараа зураад байсан. Энхтүвшин, Эрхэмсайхан бид гурав гэрээс гараад хашаан дотор зогсож байтал нөгөө залуу хутгаа бариад гараад ирсэн. Эрхэмсайхан хутгыг нь булаагаад авсан. Тэгтэл нөгөө залуу гэр лүүгээ ороод заазуур бариад гараад ирэхээр нь манай эхнэр Оюунцацрал нөгөө залуугаас заазуурыг нь булааж аваад хашаа давуулаад шидсэн. …хаалгыг нь онгойлгохыг хүлээгээд зогсож байтал гэрээс өндөрдүү, туранхай бор залуу гарч ирээд Энхтүвшингийн толгойн ар хэсэг рүү хүрзээр нэг удаа цохьсон. Манай найз газар унасан. Цохьсон хүрзнийх нь иш хугарсан...” /хх-55-56/,
Шинжээч эмч Б.Ундармаагийн “...Хохирогчийн ясны хугарлын хэсэгт хатуу мохоо зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” /хх-56/,
С.Энх-Очирын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...би гараад болиулах санаатай очиход нэг нь над руу хутга бариад дайрахаар нь би цохиж унагаасан. Тэгээд гэрийн гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гэрийн баруун хаяанд байсан цагаан шаргал иштэй дөрвөлжин хүрзийг авч гарсан. Үүдэнд байсан залуу намайг чи муу ямар овоо хүүхэд бэ гээд хэрүүл өдөөд байхаар нь хүзүү тус газар нь хүрзнийхээ хавтгай талаар нэг удаа цохьсон. ...би хүрзээ хоёр гартаа барьж байгаад далайж байгаад цохьсон...” /хх-88-91/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар шинжээчийн “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 17489 тоот акт тухайн үедээ үндэслэлтэй байна. Учир нь шинжээч эмч Энхтүвшинг 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр үзсэн ба өөрийн үзлэг, өвчний түүхэн дэх “Монгол Хьюндай” эмнэлгийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хийгдсэн комьпютер томографийн шинжилгээний 12 дугаар сарын 10-ны өдөр зулай ясны цөмөрсөн ясыг авч цөмрөлийг металл ялтсаар нөхөх мэс засал хийгдсэн байна. Энхтүвшингийн биед зулай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн талын бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, бүхий гэмтэл учирсан байна. Дээрх зулай ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хх-63/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 614 дүгээр шинжээчийн “Хохирогч Г.Энхтүвшингийн биед зулай ясны цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, зулайн хуйхны зөөлийн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна. Г.Энхтүвшингийн биед учирсан гэмтлийн талаар шүүх эмнэлгийн шинжилгээний 17489 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Энхтүвшингийн биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Энэ талаар шүүх эмнэлгийн шинжилгээний 17489 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Энхтүвшингийн биед үүссэн гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас буюу баруун зулай хэсэгт хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохих үед үүссэн байх боломжтой. Тухайлбал хүрзээр цохисны улмаас үүсэх боломжтой.” /хх-208-209/ гэх дүгнэлтүүд болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгажээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, эдгээр нотлох баримтуудаар С.Энх-Очирыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж буюу чангаруулан өөрчилж болно.” гэж заасан энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд хорих ялыг заавал хөнгөрүүлнэ гэсэн үүрэг болгосон заалт биш юм.
Ялтан С.Энх-Очир нь согтуурсан үедээ хүрзийг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Г.Энхтүвшингийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан, түүний эрүүл мэндэд учирсан гэм хор арилаагүй, ялтан С.Энх-Очир нь хохирогчид эмчилгээ, эм тарианы болон бусад зайлшгүй төлөгдөх зардлыг төлөөгүй байх тул анхан шатны шүүхээс ялтан С.Энх-Очирт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдалд тохирчээ.
Нөгөөтэйгүүр ялтан С.Энх-Очир хохирогчид учруулсан гэм хорыг арилгаагүй нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэж үзэхгүй тул түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгийн “...ялтны ар гэрийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан хорих ялын дэглэмийг өөрчилж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Энх-Очирын өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Н.БАТСАЙХАН