Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 38

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,

хохирогч Ж.Галням, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар /үнэмлэхийн дугаар 0420/,

шүүгдэгч Б.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Батбаяр /үнэмлэхийн дугаар 0417/,

гэрч Э.Жавхлантөр, И.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орхид овогт Бэгзийн Мөнхбаярт холбогдох 201626030828 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системын удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Зайсангийн 21 дүгээр байрны 1-25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Орхид овогт Бэгзийн Мөнхбаярт /РД:ХО84031770/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан Ж.Галнямд хүч хэрэглэн, түүний нүүр рүү нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт болох камерын бичлэг зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Жавхлантөр, Бат-Эрдэнэ, Мөнхжаргал бид дөрөв Минт бааранд ороод 1 шил виски авч уусан. Тэр үед Солонгоо бид нарын текэн дээр ирж танилцаад, надтай хамт бүжгийн талбайд бүжиглэсэн. Гэтэл Ж.Галням 2-3 удаа ирж Солонгоог аваад явах гэхээр нь найз залуу чинь хардаад байна гэж хэлсэн. Удалгүй Солонгоо 2 залуу дагуулаад ирсэн ба хар хувцастай нэг залуу /Лхагва-Очир/ нь миний хүзүүгээр боогоод яагаад эмэгтэй хүн рүү пиво цацсан юм бэ, ална шүү гээд намайг заналхийлээд байсан. Мөн Ж.Галням ч бас намайг хэл амаар доромжлоод байхаар нь нэг удаа түүнийг цохьчихсон юм. Би Ж.Галнямд нийт 1.159.000 төгрөг төлсөн байгаа гэв.

Хохирогч Ж.Галням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Лхагва-Очир бид хоёр Солонго дээр очоод түүний 2 найзын хамт Минт бааранд орсон. Бид нар Минт бааранд ороод хэсэг хугацаанд салаад өөр өөрсдийн танил найз нартайгаа уулзсан. Тэгээд тамхины өрөөд Лхагва-Очир бид хоёр тааралдаад тамхилж байхад Солонгоо ирээд нэг залуу миний нүүр рүү пиво цацаад, хормой сөхөөд байна гэхээр нь Лхагва-Очир бид хоёр Солонгоог дагуулаад Мөнхбаяр гэх залуу дээр очтол тэр Солонгоог тэвэрч авахаар нь би салгасан юм. Гэтэл Солонго Мөнхбаяр руу уурлаад дайраад байхаар нь Солонгыг хажуудаа зогсоогоод чи яагаад эмэгтэй хүний хормой сөхөөд, пиво цацсан юм бэ гэхэд үгийн зөрүүгүй миний баруун нүд рүү Мөнхбаяр гараараа шууд цохьсон ба мөн дахиад цохихыг оролдоход нь би бултсан тул оногдоогүй. Би нүдэндээ 1 курс эмчилгээний бүтээгдэхүүнийг авч хэрэглэсэн байгаа. Цаашид лазер эмчилгээ хийлгэнэ, мөн төлжүүлэх тариа хийлгэнэ. Баримтаар гарсан зардлыг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

Гэрч Э.Жавхлантөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.Мөнхбаяр бид нар хэрэг гардаг оройн 23 цагийн үед Минт бааранд орсон ба биднийг ороход Солонго, Галням нар нь байсан. Бид тэндээсээ 1 шил виски худалдаж авч текэн дээр суусан. Удалгүй Солонго ирээд бид нартай хамт суугаад вискинээс яг адилхан хэмжээтэй уусан. Тэгээд би Мөнхбаяраас Солонгоог танидаг юм уу гэж асуухад үгүй гэж хариулсан. Бид нартай хамт Солонго байхад хохирогч Галням 2-3 удаа ирээд Солонготой уулзсан. Тэр үед ямар нэгэн хэрүүл маргаан үүсгээгүй. Галнямыг ингэж ойр ойрхон ирж байгааг хараад Солонгоог бид нартай хамт байхад нь дургүй байна гэж бодсон. Тухайн үед ямар үйл явдал болж өнгөрснийг би сайн санаж байна. Харин хэн хэрүүл маргаан, зодоон эхлүүлснийг мэдэхгүй байна. Учир нь би тодорхой харж чадаагүй гэв.

Гэрч И.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Минт бааранд  бармен хийдэг ба хэрэг гардаг орой ажиллаж байсан. Хохирогч Галням нь манай баарны байнгын үйлчлүүлэгч юм. Харин тухайн шар үстэй эмэгтэйг Мөнхбаяртай хамт явж байна гэж бодсон. Учир нь хамт нэг ширээнд сууж байсан. Гэтэл сүүлд мөрдөн байцаагч дээр очоод камерын бичлэгийг хараад болсон явдлын талаар санаж байцаалт өгсөн ба уг бичлэгийг үзэсний дараа Мөнхбаярыг Солонготой тусдаа явж байсныг мэдсэн. Зодоон болоход хэн хэнийгээ яаж зодсоныг хараагүй учир мэдэхгүй байна. Ж.Галням, Б.Мөнхбаяр нар хоорондоо маргалдах гээд байх шиг байхаар нь баарны хамгаалагчийг дуудсан. Би камерын бичлэгийг үзээгүй байж байгаад байцаалт өгөхдөө уг бичлэгийг үзсэн гэв.

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Ж.Галням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр найз Лхагва, Солонго нарын хамт Минт бааранд орсон ба тэгээд бүжгийн талбайд бүжиглэж байхад надтай хамт явж байсан эмэгтэйг тэнд бүжиглэж байсан 2-3 залуу чангаагаад хормойг нь сөхөөд байна гэсэн. Би тухайн үед тамхи татах өрөө рүү орсон байсан бөгөөд намайг гараад ирэх үед намайг цохидог өндөр залуу надтай хамт явж байсан Солонгоог үнсэх гээд дайрсан ба Солонгоог би татаж авах үед намайг ямар нэгэн үг дуугүй, миний  нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Дахин цохих гэж оролдох үед би бултсан учир оногдоогүй. Тэгээд эхний цохилтон дээр миний нүдний шил хагараад баруун хацар руу орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч Б.Солонго мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би текны хажууд зогсож байтал үл таних 28 орчим насны залуу намайг өдөөд байсан. Би дургүйцсэн чинь ууж байсан шилтэй зүйлийг миний нүүр рүү цацсан. Би яаж байгаа юм гэхэд дахиад цацсан. Энэ үед Галням, Лхагваа нар тамхи татах гээд тамхины өрөө рүү орсон байсан учир тэр хоёрыг дуудахаар тамхины өрөө рүү явсан. Тэгээд тэр хоёрт болсон явдлыг хэлсэн ба бид гурав очиход нөгөө намайг өдсөн залуу найзуудтайгаа байсан. Тэгтэл нэг залуу нь Галнямын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Галнямын харааны нүдний шил зүүдэг учир шил хагарч баруун нүдний доод талд нь зүсэгдсэн байсан  гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

...Би Мөнхбаяр болон түүний хамт явж байсан хүмүүсийг танихгүй. Лхагва, Галням нар нөгөө залуутай уулзаад болсон асуудлыг асуух гэтэл Мөнхбаяр гэх залуу үгийн зөрүүгүй найз Галнямын нүүрэн тус газар гараараа 1 удаа цохьсон ба тэр үед найз Галням нүдний шил зүүсэн байсан тул шил нь хагараад нүдний доод хэсэгт нь зүсэгдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/,

...Би Галням, Лхагва-Очир нарыг тамхины өрөөнд тамхи татаж байхад нь очоод миний нүүр рүү нэг залуу ууж байсан пивоо цацчихлаа гэж хэлээд тэр хоёрыг дагуулаад бүжгийн талбай дээр очиход Мөнхбаяр намайг тэврээд авахаар нь би уурласан. Тэгтэл Мөнхбаяраас Лхагва-Очир, Галням нар юу болсон талаар асуутал Мөнхбаяр шууд л Галнямын нүүр рүү цохьсон. Галням Мөнхбаярын өөдөөс ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Би Мөнхбаяраас танай найз миний нүүр рүү пиво цацсан тэр найз чинь хаана байна л гэж асуусан. Өөр зүйл яриагүй. Өмнө нь Галням, Мөнхбаяр нар хэрэлдэж маргалдсан зүйл огт болоогүй. Хэрэлдэх маргалдах шалтгаан ч байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 102-103-р хуудас/,

Гэрч Б.Лхагва-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Бичлэгээс харахад би Галням, Солонго нартай хамт бүжгийн талбай дээр очиход Мөнхбаяр гэх залуу Галнямыг цохьсон байна гэх мэдүүлэг /хх-ийн 104-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №7449 дугаартай дүгнэлтэнд:

1. Ж.Галнямын биед баруун хацрын шарх, хамрын нурууны шарх, баруун нүдний алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн  28-р хуудас/,

 

Шинжээч эмч Т.Амартүвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Хохирогч Ж.Галнямын биед учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал: нүдний шил зүүсэн тохиолдолд гараар цохих үед шил хагарсан тохиолдолд уг гэмтэл үүссэн байх боломжтой. Уг шарх нь ердийн явцаар бүдгэрнэ. Арилахгүй, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулах гэмтэлд хамаарахгүй. Учир нь нүүрний хэлбэр дүрсийг алдагдуулахгүй. Цаашид гоо сайхны эмчилгээ хийгдсэн тохиолдолд сорви бүдгэрхээс биш бүрэн арилахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7736 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Мөнхбаярын биед зүүн гарын 2-р хурууны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Д.Мөнхбаярын биед тогтоогдсон зүүн гарын 2 дугаар хурууны язарсан шарх нь дээрх асуултын хүрээнд зүүн гараараа цохих үед үүсэх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 108-109-р хуудас/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 9-10-р хуудас/,

          Хохирогч Ж.Галнямын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 98-99-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 62-р хуудас/

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компакт дискэнд буулгасан камерын бичлэг зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

           Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ж.Галнямын нүүр рүү нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан болох нь:

 

Хохирогч Ж.Галнямын ..Тухайн өдөр Лхагва-Очир бид хоёр Солонго дээр очоод түүний 2 найзын хамт Минт бааранд орсон. Бид нар Минт бааранд  ороод хэсэг хугацаанд салаад өөр өөрсдийн танил найз нартайгаа уулзсан. Тэгээд тамхины өрөөд Лхагва-Очир бид хоёр тааралдаад тамхилж байхад Солонгоо ирээд нэг залуу миний нүүр рүү пиво цацаад, хормой сөхөөд байна гэхээр нь Лхагва-Очир бид хоёр Солонгоог дагуулаад Мөнхбаяр гэх залуу дээр очтол тэр Солонгоог тэвэрч авахаар нь би салгасан юм. Гэтэл Солонго Мөнхбаяр руу уурлаад дайраад байхаар нь Солонгыг хажуудаа зогсоогоод чи яагаад эмэгтэй хүний хормой сөхөөд, пиво цацсан юм бэ гэхэд үгийн зөрүүгүй миний баруун нүд рүү Мөнхбаяр гараараа шууд цохьсон ба мөн дахиад цохихыг оролдоход нь би бултсан тул оногдоогүй. Би нүдэндээ 1 курс эмчилгээний бүтээгдэхүүнийг авч хэрэглэсэн байгаа. Цаашид лазер эмчилгээ хийлгэнэ, мөн төлжүүлэх тариа хийлгэнэ. Баримтаар гарсан зардлыг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,  

Гэрч Б.Солонгын ...Би текны хажууд зогсож байтал үл таних 28 орчим насны залуу намайг өдөөд байсан. Би дургүйцсэн чинь ууж байсан шилтэй зүйлийг миний нүүр рүү цацсан. Би яаж байгаа юм гэхэд дахиад цацсан. Энэ үед Галням, Лхагваа нар тамхи татах гээд тамхины өрөө рүү орсон байсан учир тэр хоёрыг дуудахаар тамхины өрөө рүү явсан. Тэгээд тэр хоёрт болсон явдлыг хэлсэн ба бид гурав очиход нөгөө намайг өдсөн залуу найзуудтайгаа байсан. Тэгтэл нэг залуу нь Галнямын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Галнямын харааны нүдний шил зүүдэг учир шил хагарч баруун нүдний доод талд нь зүсэгдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

...Би тэр Мөнхбаяр болон түүний хамт явж байсан хүмүүсийг танихгүй. Лхагва, Галням нар нөгөө залуутай уулзаад болсон асуудлыг асуух гэтэл Мөнхбаяр гэх залуу үгийн зөрүүгүй найз Галнямын нүүрэн тус газар гараараа 1 удаа цохьсон ба тэр үед найз Галням нүдний шил зүүсэн байсан тул шил нь хагараад нүдний доод хэсэгт нь зүсэгдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/,

...Би Галням, Лхагва-Очир нарыг тамхины өрөөнд тамхи татаж байхад нь очоод миний нүүр рүү нэг залуу ууж байсан пивоо цацчихлаа гэж хэлээд тэр хоёрыг дагуулаад бүжгийн талбай дээр очиход Мөнхбаяр намайг тэврээд авахаар нь би уурласан. Тэгтэл Мөнхбаяраас Лхагва-Очир, Галням нар юу болсон талаар асуутал Мөнхбаяр шууд л Галнямын нүүр рүү цохьсон. Галням Мөнхбаярын өөдөөс ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Би Мөнхбаяраас танай найз миний нүүр рүү пиво цацсан тэр найз чинь хаана байна л гэж асуусан. Өөр зүйл яриагүй. Өмнө нь Галням, Мөнхбаяр нар хэрэлдэж маргалдсан зүйл огт болоогүй. Хэрэлдэх маргалдах шалтгаан ч байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 102-103-р хуудас/,

 

Гэрч Б.Лхагва-Очирын ...Бичлэгээс харахад би Галням Солонго нартай хамт бүжгийн талбай дээр очиход Мөнхбаяр гэх залуу Галнямыг цохьсон байна гэх мэдүүлэг /хх-ийн 104-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №7449 дугаартай дүгнэлтэнд:

1. Ж.Галнямын биед баруун хацрын шарх, хамрын нурууны шарх, баруун нүдний алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд /хх-ийн  28-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7736 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Мөнхбаярын биед зүүн гарын 2-р хурууны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3.  Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/,

 

Шинжээч эмч Т.Амартүвшингийн ...Хохирогч Ж.Галнямын биед учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал: нүдний шил зүүсэн тохиолдолд гараар цохих үед шил хагарсан тохиолдолд уг гэмтэл үүссэн байх боломжтой. Уг шарх нь ердийн явцаар бүдгэрнэ. Арилахгүй, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулах гэмтэлд хамаарахгүй. Учир нь нүүрний хэлбэр дүрсийг алдагдуулахгүй. Цаашид гоо сайхны эмчилгээ хийгдсэн тохиолдолд сорви бүдгэрхээс биш бүрэн арилахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-р хуудас/,

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Минт баарны камерын бичлэгт ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Минт баарны 2016 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 03.20 минутанд камерын бичлэгт урт шулуун шаргал үстэй эмэгтэй, саравчтай малгай буруу харуулан өмссөн залуутай /Б.Мөнхбаяр/ бүжиглэж байх мэт хойш ухрах хөдөлгөөн хийсний дараа эргэж харан ойртож юм хэлэх ба наад талд нь зогсож байсан мөн цагаан өнгийн саравчтай малгайг буруу харуулж өмссөн /Бат-Эрдэнэ гэх/ залуу эмэгтэй хормой хэсэгт гараа хүргэх хөдөлгөөн хийхэд эмэгтэй нөгөө залууг нүүр рүү цохих үед цагаан малгайгаа буруу харуулан өмссөн залуу /Бат-Эрдэнэ/ шаргал үстэй эмэгтэй рүү баруун гартаа барьсан шилтэй зүйлийг цацах үйлдэл хийв. Шаргал үстэй эмэгтэй /Солонго/ хэсэг хугацаанд камерын бичлэгээс гарч энэ үед 3 залуу /Бат-Эрдэнэ, Мөнхжаргал, Жавхлантөгс/ хэсэг ярилцаж байх ба цаанаас дахин цагаан малгайтай /Б.Мөнхбаяр/ бичлэгт орж ирэх ба 4 залуу /Б.Мөнхбаяр, Бат-Эрдэнэ, Мөнхжаргал, Жавхлантөгс/ ярилцаж байгаад 2 залуу нь /Бат-Эрдэнэ, Мөнхжаргал/ гарч байна. 03:22:16 секунтэнд шаргал үстэй эмэгтэй /Солонго/ нүдний шилтэй залуу /Ж.Галням/, мөн хар захтай пиджактай залуу /Лхагва-Очир/ нарын хамт орж ирэхэд малгайгаа буруу харуулан өмссөн залуу /Б.Мөнхбаяр/ эмэгтэйн /Солонго/ хүзүүгээр тэвэрч өөртөө ойртуулахад эмэгтэй түүний түлхэхэд хар захтай пиджактай /Лхагва-Очир/ дундуур нь орж Мөнхбаярын гарын шуу хэсгээс барьж зогсооход, Мөнхбаяр нь зүүн гараараа нүдний шил зүүсэн залуугийн /Ж.Галням/ нүүр рүү цохив. Түүний дараа шаргал үстэй эмэгтэй малгайгаа буруу харуулж өмссөн залуугийн /Б.Мөнхбаяр/ нүүр рүү түлхэв. Малгайгаа буруу харуулан өмссөн залуу 2 удаа хальт цохих үйлдэл хийж газар унав. Ойр орчим байсан хүмүүс нь салгаснаар дуусаж байгаа дүрс бичлэг болон зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ...Мөнхбаярыг Солонготой хамт байхад нь хохирогч Ж.Галням 2-3 удаа ирсэн ба энэ хэрэг хардалтаас үүссэн. Иймд Б.Мөнхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгож өөрчилж өгнө үү гэж мэтгэлцэж онолын тайлбар гаргав.

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь хохирогч Ж.Галням Б.Солонго нарыг урьд өмнө таньдаггүй, шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь Б.Солонготой хувийн дотно харьцаагүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа тул тэдний хооронд хардалтаас үүдэн хувийн таарамжгүй харьцаа үүссэн гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Мөнхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт ... Ж.Галням нь ирээд намайг элдэв үгээр доромжлоод байх шиг байсан. Хөгжимд ойрхон байсан тул үг нь сонсогдоогүй гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар энэ хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.   

 

           Иймд шүүгдэгч Б.Мөнхбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчин үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ж.Галнямын нүүрэнд цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ж.Галням нь мөрдөн байцаалтанд Б.Мөнхбаяраас 14.000.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар гарсан зардлаа авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх талаар мэдүүлж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ж.Галнямын эмчилгээ хийлгэсэн болон шүүх эмнэлэгт үзүүлсэн зардалд  нийт 1.142.024 төгрөг /хх-ийн 41-42, 27-р хуудас/ гарсан байна. Үүнээс шүүгдэгч Б.Мөнхбаяр нь прокурорын шатанд гэм хорын хохиролд 1.159.000 төгрөг /хх-ийн 62-р хуудас/ төлсөн байх тул шүүгдэгч Б.Мөнхбаярыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Ж.Галням нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан  гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгчид ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.  

 

             Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 /нэг/ ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болно.

 

    

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 299, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                   

                                                              ТОГТООХ НЬ:

 

           1. Орхид овогт Бэгзийн Мөнхбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар Б.Мөнхбаярыг 3 жил 1 сарын /гурван жил нэг сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Мөнхбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Мөнхбаярт оногдуулсан 3 жил 1 сарын /гурван жил нэг сар/ хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

        

5. Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.     

 

6. Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь хохирогч Ж.Галнямд 1.159.000 төгрөг төлсөн ба хохирогч Ж.Галням нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж 1 /нэг/ ширхэг CD бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

           8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхбаярт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОДБАЯР