Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 113/2016/0008/З |
Дугаар | 221/МА2017/0403 |
Огноо | 2017-06-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2017/0403
2017 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 221/МА2017/0403 | Улаанбаатар хот |
З.Б-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н, хариуцагч Т.Т, Д.М нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, З.Б-ы нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0003 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 23 дугаар зүйлийн 23.4, 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 130 дугаар зүйлийн 130.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Б-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 6971055 /зургаан сая есөн зуун далан нэгэн мянга тавин таван/ төгрөг, ээлжит сонгуулийн дүнд чөлөөлөгдсон тохиолдолд олгох 6 сарын тэтгэмж, төрийн одон медаль авсан тохиолдолд олгох нэг сарын үндсэн цалингийн 70 хувьтай тэнцэх урамшуулал зэргийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч З.Б-д олгох, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан З.Б-аас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан зарим нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, П.А, Л.Ж, Ш.Б нарын 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлүүдийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгч З.Б-д холбогдох цалин хөлс, тэтгэмж, урамшууллыг олгох замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад мэдэгджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М миний бие 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гардан авсан болно.
З.Б-ы нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж З.Б-ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн хэмээн үзэж байна.
Анхан шатны шүүхээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.4-д, 23 дугаар зүйлийн 23.14-д хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална, 24 дүгээр зүйлийн 24.3-д ... Хуралд хэлэлцүүлэхээр оруулсан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж хуулиар зохицуулсныг болон түүнд нийцүүлэн тогтоосон дэгийг баримтлах нь зүйтэй байсан боловч Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын Засаг даргын огцруулах тухай асуудлыг шийдвэрлэж, дээд шатны Засаг даргад уламжлахдаа дээрх хэм хэмжээгээр тодорхойлсон шаардлага, горим, дараалал, хугацаа зэргийг бүхэлд нь зөрчсөн байна хэмээн дүгнэсэн байна.
Тус ээлжит хуралдаанаар Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл-ийн биелэлт, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэхээр болж 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 75 дугаар тогтоол гарсан ба уг тогтоолыг хэлэлцэх асуудлын хамт Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт хүргүүлсэн байна.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэр бүхий төлөөлөгч нарын Сүмбэр сумын Засаг даргыг огцруулах санал-ын агуулга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хурлаар хэлэлцэгдэх 758 дугаар тогтоолын 1, 2, 3 дугаар асуудлуудтай тохирсон тул зохион байгуулалтын асуудал хэлэлцэх-ээр оруулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж болохоор байна.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар тогтоолоор Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн 16 дугаар ээлжит хуралдаанаар Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн 16 дугаар ээлжит хуралдаанаар Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны биелэлт, Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл-ийн биелэлт, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэхээр болж тогтоолыг хэлэлцэх асуудлын хамт Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт хүргүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг даргаа асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оролцуулах эрхтэй, 24.2-т Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны хуралд сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно, 24.3-т Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй гэж заасан шаардлагуудыг хангасан гэж үзэж болохоор байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т заасны дагуу Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Сүмбэр сумын Засаг даргад хандан сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хурлаар хэлэлцүүлэх тул хуралд материал ирүүлэх талаар албан бичгээр удаа дараа мэдэгдэхэд холбогдох материалыг хуралд ирүүлээгүй. Иймд Засаг дарга З.Б-ыг хурлаас өгсөн үүргийг биелүүлээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтарч ажиллахаас татгалзсан гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй.
Гэтэл энэ талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийлгүй хариуцагч тал буруутай л гэсэн дүгнэлтийг хийсэн болно.
... Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаартай З.Б-ыг сумын Засаг даргаас огцруулах тухай тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтлана гэснийг зөрчөөгүй байна.
Аймгийн Засаг даргын 2016 оны Б/42 дугаар захирамж нь Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хууль бус 08 дугаар тогтоолд үндэслэсэн, уг захирамжид З.Б-ыг огцруулах болсон хууль зүйн үндэслэлийг тодорхойлон дурдаагүй зэргээрээ мөн хууль бус акт болно гэжээ.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэн З.Б-ыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах саналыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад ирүүлсэн байна.
Дээрх нөхцөл байдлуудыг судалж Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэлтэй гэж үзсэн тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасны дагуу аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн З.Б-ыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах тухай Б/42 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлтэйгээр гаргасан болно.
Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит 16 дугаар хуралдаанд 30 төлөөлөгч оролцохоос 16 төлөөлөгч оролцож, ирц 53,3 хувьтай байсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэж заасан шаардлагыг хангасан тул уг хуралдаан, хуралдаанаас гарсан шийдвэр хүчинтэйд тооцогдохоор байна.
Ажилгүй байсан хугацааны цалин 6971055 төгрөг, ээлжит сонгуулийн дүнд чөлөөлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын тэтгэмж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэхийг даалгасан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн З.Б-д төрийн одон, медаль авсан тохиолдолд олгох нэг сарын үндсэн цалингийн 70 хувьтай тэнцэх урамшууллыг олгох талаар аймгийн Засаг даргын захирамж гараагүй байхад шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Б-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд өгсөн хариу тайлбартаа: Тус хэргийн хариуцагчаар Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Говьсүмбэр аймгийн Засаг дарга гэсэн 2 хариуцагч байгаа. Гэтэл давж заалдах журмаар зөвхөн Говьсүмбэр аймгийн Засаг дарга гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 удаа гомдол гаргадаг. Ингэхдээ Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны Б/42 тоот захирамжийг биш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар тогтоолыг хамгаалж гомдол гаргадаг. Гэтэл өөрсдийнх нь баталсан захирамжийн үндэслэл болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар тогтоол хууль хэрэглээний хувьд агуулгын болоод процессын маш олон алдаатай байдаг. Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал давж заалдах журмаар огт гомдол гаргаагүй болно.
З.Б-ыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулсан 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамж нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүхэлдээ хууль зөрчсөн хууль бус тогтоолд үндэслэсэн, хянах үүргээ хэрэгжүүлэлгүй гаргасан захирамж юм. Учир нь: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Сумын Засаг даргыг огцруулах тухай 08 дугаар тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.3-т заасныг зөрчсөн байсныг хянаагүй.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар Сумын Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр хэсэг төлөөлөгчийн гарын үсэг бүхий саналыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үнэлгээ өгөх тухай 11 дүгээр тогтоолыг үндэслэн хурлын даргад өргөн барьсан байдаг.
Гэтэл Говьсүмбэр аймгийн Сүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үнэлгээ өгөх тухай 11 дүгээр тогтоол хүчин төгөлдөр тогтоол мөн эсэхийг хянаагүй.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үнэлгээ өгөх тухай 11 дүгээр тогтоолыг гаргахдаа сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн тайланг хангалтгүй гэж үнэлсэн нь үндэслэлгүй юм. Тус өдрийн хурлаар сумыг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг үнэлээгүй бөгөөд түүнийг үнэлэлгүйгээр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг үнэлэх боломжгүй юм. Мөн сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үй ажиллагааны хөтөлбөрийг үнэлэхдээ зорилт нэг бүрчлэн хэлэлцээгүй. Мөн тийнхүү дүгнэхдээ холбогдох журмыг огт баримтлаагүй хууль бус ажиллагаа юм.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн З.Б-ыг сумын Засаг даргаас огцруулах тухай Б/42 дугаар захирамж нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хуулийн дагуу зөв гарсан эсэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна сахилгын шийтгэл ногдуулах нийтлэг хугацаа зөрчсөнийг хянаагүй.
П.А, Л.Ж, Ш.Б нар нь 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон нутгийн өөрөө удирдах ёсны эрх мэдлийг давхардуулж байгааг хянаагүй зэрэг болно.
Дээрх тайлбарт дурдсанчлан З.Б-ы Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон бусад эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны Б/42 тоот захирамж, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0003 шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзсан байна.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.6 дахь заалт, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралт, Тооллогын комиссын 07 тоот тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч З.Б-ыг Сүмбэр сумын Засаг даргын үүрэгт ажлаас 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн огцруулж, мөн аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжаар дээрх тогтоол болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг үндэслэн түүнийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Говьсүмбэр Сүмбэр сумын Засаг даргын албан тушаалаас нь огцруулжээ.
Дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч З.Б-аас Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг дарга нарт холбогдуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжит сонгуулийн дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд авах ёстой 6 сарын тэтгэмж, төрийн одон медаль авсан тохиолдолд байгууллагын дотоод журамд заасны дагуу олгогдох урамшуулал зэргийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах, П.Ө, Л.Ж, Ш.Б нарын 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлүүдийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна, 23.14 дэх хэсэгт Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж тус тус заажээ.
Гэтэл Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын Засаг даргыг огцруулахдаа дээр дурдсан хуулийн заалтыг баримтлаагүй, хэрэгжүүлээгүй нь Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, мөн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэл болон уг хуралдаанаас гаргасан 75 дугаар тогтоол, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, дээр дурдсан хуулийн зохицуулалтууд нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аливаа асуудал хэлэлцэх бүх тохиолдолд хамаарах ба шийдвэр гаргах тохиолдол бүрт хуульд заасан журмыг дагаж мөрдөх талаар тайлбарлаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хурлын тогтоолыг хууль бус болохыг тогтоон, уг тогтоолыг үндэслэж гаргасан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Иймд хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ