Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 525

 

Б.Гантулгад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал, С.Батсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаагийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 735 дугаар магадлалтай, Б.Гантулгад холбогдох 1805058101123 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаагийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 22-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, 18 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягтай,

Өвөрхангай аймгийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, Боржигон овогт Бийчаагийн Гантулга.

Б.Гантулга нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ангара” зочид буудлын 208 тоот өрөөнд иргэн В.Дагвасамбуутай маргалдан хүнд гэмтэл санаатай учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гантулгыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаа, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч А.Золжаргал, С.Батсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Хэргийн нөхцөл байдал, Б.Гантулгын хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Өөрөөр хэлбэл, санаа сэтгэл цочрон давчидсан үед бусдыг алах гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой байдаг ба тухайн агшинд хоромхон зуур төрдөг бол санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах нь зайлшгүй, мөн учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн байдгаараа ялгаатай байна. Гэтэл шүүхээс Б.Гантулгыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь үндэслэлгүй болжээ. Б.Гантулга нь тухайн үед унтаж байхад нь дуу чимээ гараад сэрэхэд өөрийн төрсөн эгч буюу ойр дотны хүнийг талийгаач В.Дагвасамбуу дээр нь гараад зодож байсан, мөн хүндээр доромжилсон үг хэлж байсан нь түүнийг сэтгэл санааны гэнэтийн цочролд автуулж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас босож очоод талийгаачийн хууль бус үйлдлийг таслан зогсоож түүнийг татаж холдуулж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өөр лүү нь дайрахад нь хөлөөрөө тийрч унагасан байна. Нөгөөтэйгүүр энэ хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн хувьд хүнийг алах зорилгоор /субьектив талын нэмэгдэл шинжийг тодорхойлж өгсөн/ биед нь халдаж хүнд хор уршгийг зориуд бий болгож хүсэж үйлддэг бол Б.Гантулгад холбогдох хэргийн хувьд хүнийг алах ямарч санаа зорилго байхгүй байсныг онцгой анхаарч үзэхийг хүсэж байна. Тодруулбал, Б.Гантулгыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж яллахдаа шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, субьектив талын санаа зорилгыг зөв тогтоож чадаагүй, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж үзээгүй, зөвхөн яллах хүндрүүлэх талыг нь харж дүгнэлт хийсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдал болон хохирогчийг санаатай алах санаа зорилго байгаагүйг шүүгдэгч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэг учрал болохоос өмнөх хохирогч болон шүүгдэгч нарын хоорондын харилцаа хэвийн сайн ах дүүгийн харилцаатай байсан, хэрэг гарснаас хойших шүүгдэгчийн зан байдал, харилцаа, өөрийн үйлдэлдээ туйлаас гэмшиж байгаа байдал зэргээс үзэхэд Б.Гантулга нь талийгаач В.Дагвасамбууг санаатай алах санаа зорилго байхгүй байсан нь бүрэн тогтоогддог. 2549 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч В.Дагвасамбуу 4 хоног эмчилгээ хийлгэсэн, гүн хордлоготой байсан, эмчилгээний үр дүн сайнгүй байсан зэрэг хүчин зүйлийн улмаас хугацаа алдаж хэвлийн гялтангийн үрэвсэл нь хүндэрч нас барсан гэж тогтоосон. /108-110 хуудас/ Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, талийгаачид учирсан гэмтэл зэргээс дүгнээд үзэхэд Б.Гантулгын хувьд талийгаачийн довтлосон үйлдлийн эсрэг түүний хэвлий тус газарт нь нүцгэн хөлөөрөө /унтаж байгаад сэрсэн/ тийрч унагачихаад л гараад явсан, цааш цохиж зодох ямар нэгэн үйлдэл хийгээгүй байдаг. Хүнийг алах зорилго байсан бол үхэлд хүргэх гэмтэл учруулахаар амь биед нь халдаж өөрөөр хэлбэл тухайн нөхцөл байдалд толгой руу нь цохих, боолт хийх гэх мэт үйлдэл хийх, мөн цааш үргэлжлүүлэн үхэлд хүргэх гэмтэл учиртал нь зодох тийм үйлдэл хийгээгүй. Б.Гантулгын энэ үйлдлээс харахад хохирогчийг алах ямарч санаа зорилго байхгүй байсан нь тодорхой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйл болон мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасны аль тохирох хэсгээр зөв зүйлчилж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч С.Батсайхан хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хэргийн зүйлчлэлийн хувьд маргаантай. Б.Гантулга эгчийгээ зодуулж байхыг мэдээд санаа сэтгэл нь цочрон давчдаж хохирогчийн биед халдсан байдаг. Тиймээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлээр зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч өөрийнх нь үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ гэмт хэргийг үйлдэх болсон сэдэл, санаа зорилгыг үндэслэлтэй зөв тогтоосны үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, тохирсон ял, шийтгэл оногдуулах шаардлагатай болно” гэв.

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна. Хэрэгт нотолбол зохих байдал болох талийгаач В.Давгасамбууг хэзээ, яаж зодсон, түүнийг үхэлд хүргэж гэмтээснийг хэн, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нь хангалттай нотлогдож, тогтоогдоогүй юм. ...Талийгаач В.Дагвасамбуугийн үхэлд хүргэх гэмтлийг хэн үүсгэсэн болох, бүлэглэн зодсон эсэх, эмнэлгийн тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг санаатай нуун дарагдуулсан шалтгааныг шалгаагүй байна. ...“гэмт хэрэг хэдийд гарсан, энэ хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг тогтоох” зэрэг нотлолбол зохих асуудал хангалттай тогтоогдоогүй баримтаар анхан болон давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоол, магадлал гаргасанд талийгаачийн ар гэрийнхэн маш их гомдолтой байна. ...“В.Дагвасамбууд эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, болсон үйл явдлыг үгсэн нуун дарагдуулсан, хэргийн талаар үл мэдээлсэн байдлыг Б.Мядагмаа, болон тэнд хамт байсан хүмүүст холбогдуулан шалгаж, хариуцлага тооцох...” тухай шалгахгүй байгаад гомдолтой байна. Дээрх байдлаар Б.Мядагмаа нь өөрийн гэм буруугаа нуух гэсэн бодлого гэж талийгаачийн төрсөн эцэг Ванчиндорж болон түүний дүү нар үзэж байгаа. Дараах ажиллагааг нэмж хийж өгнө үү. Үүнд:

1. Буудалд    байсан гэх Б.Мядагмаа, Б.Мядагсүрэн, Б.Мядагбадам, Б.Баттулга, Б.Гантулга, Х.Одончимэг нарын гар утаснаас 2018 оны 11 дүгээр сарын 10-наас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдийн орсон, гарсан дуудлагыг авч, хэрэгт хавсаргах.

2. Мөрдөгчийн тэмдэглэлд тусгасан “Ангара” буудлын 2018 оны 11 дүгээр сарын 10-наас 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд ажилласан ресепшин Н.Бадамгарав, хамгаалагч Б.Ганцогт, өрөөнд цэвэрлэгээ хийсэн үйлчлэгч, зохион байгуулагч нараас тухайн өдрийн болсон үйл явдлын талаар тодруулж, мэдүүлэг авах.

3. Мөрдөгчийн тэмдэглэлд “Ангара” зочид буудлын зохион байгуулагчтай уулзаж, биечилсэн сурвалжлага хийхэд ... 2018 оны 11 дүгээр сарын 14 ны өдөр тэр өдөр буудалд хоносон Мядагмаа гэх хүн 14 цагийн орчимд манай буудалд ирээд цагдаа үнэмлэх үзүүлээд манай хяналтын камерын бичлэгийг шүүж үзээд өөр цагдаа нар ирвэл намайг ирж хяналтын камер шүүсэн гэж битгий хэлээрээ гэж хэлээд явцгаасан.” Гэснээс үзэхэд талийгаачийг нас барахаас өмнө Мядагмаа ганцаараа очоогүй байна. Б.Мядагмаа цагдаа биш, харин түүний дүү Мядагсүрэн нь /цагдаагийн хошууч, тэтгэвэрт гарсан/ нь хамт явсан байх магадлалтай. Цагдаагийн үнэмлэхээ эгч Мядагмаадаа ашиглуулсан байна. Энэ асуудал нь цагдаагийн нэр барьсан, хууль бус үйлдэл учраас Б.Мядагсүрэнг шалгаж, хариуцлага тооцох.

4. Яллагдагч Б.Гантулга нь талийгаачийн нүүр тус газар нь нэг удаа, хэвлий орчим нь оймстой хөлөөрөө 1 удаа өшиглөөд эхнэрийн хамт гараад явсан. Талийгаач эхнэр Мядагмаагийн хамт үлдсэн гэж мэдүүлсэн. Б.Гантулгын энэ мэдүүлэг нь эмнэлгийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээс зөрөөд байгаа. Эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй, цагдаад мэдэгдээгүй, гэмтлийн цагдаад “шатнаас унасан, гомдолгүй, шалгуулахгүй” байгаа шууд, санаатай үйлдэл нь Б.Мядагмааг буруутгах шалтгаан болж байгаа тул Б.Мядагмааг цагдан хорьж, энэ хэрэгт холбогдолтой болохыг нарийвчлан шалгах.

Дээрх хүсэлтүүдээс 3 дугаар хүсэлтийг шалгуулахаар прокуророос ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд хүргүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаа ЦЕГ-ын Мөрдөн байцаах албан өргөдлөө гаргасан ба энэ өргөдлийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст буцааж, ахлах хэрэг бүртгэгч Солонго шалгаж, А.Намдаг прокурор хянаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Б.Гантулга талийгаачийг алах болсон шалтгаан, болсон үйл явдлыг хамт байсан Б.Мядагмаа /эхнэр/, Б.Гантулга /Мядагмаагийн төрсөн дүү, яллагдагч/, Д.Одончимэг /Б.Гантулгын эхнэр/ нарын мэдүүлгээс гадна хөндлөнгийн баримтаар нотлох шаардлагатай.

Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэгт байгаа баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй, дээр дурьдсан ажиллагааг хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагатай тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Гантулгад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Шүүгдэгч Б.Гантулгыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Гантулга нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ангара” зочид буудлын 208 тоот өрөөнд өөрийн төрсөн эгч Б.Мядагмааг зодлоо гэх шалтгаанаар хүргэн ах В.Дагвасамбуутай маргалдан, улмаар түүнийг зодож алсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Гантулгын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцсэн бөгөөд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний амь насыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар шүүхүүд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

Учир нь Эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэх ойлголтыг тодорхойлоход зөвхөн анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгт тулгуурладаггүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл, түүний үр дагавар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм.

Хэргийн үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Б.Гантулга нь өөрийн төрсөн эгч Б.Мядагмааг зодлоо гэсэн шалтгаанаар хүргэн ах В.Дагвасамбуутай маргалдаж зодолдох явцдаа түүний толгой болон хэвлий рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн хохирогчийн амь хохирсон гэмтлийг учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон бөгөөд амь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, амь хохирогч нь ёс суртахууны хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцэхгүй үйлдэл гаргасан хэдий ч энэ нь гадаад илрэл болон агуулгын хувьд шүүгдэгч болон түүний эгч рүү шууд чиглэсэн ичгүүр сонжуургүй, хэтэрхий увайгүй байдлаар хүндээр доромжилсон хууль бус үйлдэл биш харин гэр бүлийн гишүүд хоорондын ахуйн хүрээний хэрүүл маргаанаас үйлдэлтэй таарамжгүй уур амьсгал бий болсноос улбаатай байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар гаргасан өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.  

Тиймээс анхан шатны шүүх Б.Гантулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр хүнийг алсан гэмт хэрэгт 8 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргалын гаргасан “...хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан “...хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай тогтоогоогүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах” агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 735 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН