Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 397

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Ч.Отгонбаяр,  шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

иргэдийн төлөөлөгч Д.Гэрэлтуяа,

улсын яллагч А.Намдаг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч А.Золжаргал, С.Батсайхан,

гэрч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2 охины хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум,  Их залуу багийн 18 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь 2000 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн шүүхийн 41 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь  хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, /РД:00000000/, Б.Гд холбогдох эрүүгийн 00000000000000000 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах Ангара Зочид буудлын 208 тоот өрөөнд иргэн В.Дтай маргалдан нарийн гэдэсний урагдал, чацархайн урагдал, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулж санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.     

 

 

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Ээж болон талийгаачийн ар гэр, ах дүү нараас уучлалт гуйж байна. Үнэхээр их харамсаж байна. Ахыгаа ийм болно гэж үнэхээр бодоогүй. Надтай хамгийн ойр дотно байсан хүн. Миний буруутай үйл ажиллагаанаас болоод ийм зүйл болсонд гүнээ харамсаж байна. Энэ харамсал нь нь өнөөдрийн биш насан туршийн харамсал байх болно. Та бүхнээс өршөөгөөрэй, уучлаарай гэж хүсье. Үсний найранд Эрдэнэтээс аав, ээж, эхнэр, охины хамт Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд Модны 2-т очиж хоноод өглөө нь эгч намайг “чи настай хүмүүсийг цуглуулж зөө” гэж хэлсэн. Мөн “бид нар зочид буудал дахь юм аа хийе, Т талийгаач нарыг хорхог хийхээр Зүүн салаа яв” гэж хэлсэн. Би 2 хөгшнийг аваад 21 дүгээр хорооллоос настай хүмүүсийг аваад Ангара зочид буудалд очсон. Биднийг очиход бөөнөөрөө цугларсан байсан. Үсний найран дээр архи уугаагүй хүмүүс айраг ууцгааж байсан. Би хөгшчүүлийг зөөх учраас тухайн үед айраг ч уугаагүй. Найр өндөрлөөд хөгшчүүлийг хүргэж өгсөн. Манай том эгч “хэдүүлээ ойрд цуглараагүй юм чинь жоохон сууцгаах уу” гэхээр нь бид нар зөвшөөрсөн. Тэр орой манайхан 0.75 литрийн архи уусан ба би гар утсаараа кино үзэж байсан. Тэгээд ядраад байсан учраас эхнэрээ аваад айлд хонохоор гараад явсан. Гэтэл хот мэдэхгүй төөрсөн. Тэгээд хүнээс Нарны гүүр заалгаад буцаад Ангара зочид буудал руу орсон. Ороход талийгаач нилээн чанга дуугарч байсан. Тэгтэл Т “Д ахаа та дуугаа аяд нялх хүүхэд байна” гэхэд “чи муу чацага ганцаараа шээс гаргачихсан юм уу” гээд тэр хоёр жоохон маргалдсан. Тэгэхээр нь би “Д ах согтуу болохоор маргалдаад болохгүй байна, Б ахын дүү яв, ах нь үлдэе” гэж хэлсэн. Т эхнэр хүүхдийн хамт М-г аваад явсан. Би эхнэрийн хамт талийгаач түүний эхнэрийн хамт дөрвүүлээ үлдсэн. Тэгтэл талийгаач эгч рүү “танай дүү нар намайг хүндлэхгүй хаяад явчихлаа, араас нь явъя” гэж байсан. Тэгэхээр нь би “та унтаач” гэж хэлчихээд эхнэрээ тэврээд унтсан. Нэг сэрэхэд талийгаач эгчийн дээр мордчихсон хэл амаар доромжлоод, зодож байсан. Тэгэхээр нь би “та яагаад эгчийг зодоод байгаа юм бэ” гээд их уурласан. Тэгээд талийгаачийг хоёр удаа цохиж эгчээсээ холдуулсан. Тэгтэл “чи муу яаж байна, пизда минь” гээд над руу дайрахаар нь би хөлөөрөө тийрсэн. Талийгаач хойшоо савахдаа ардаа байсан ширээг мөргөсөн. Манай эгч “чи яагаад ахыгаа зодож байгаа юм бэ, намайг юу гэж хэлэх нь ямар хамаатай юм бэ, зайлаад өгөөч” гээд намайг хөөсөн. Би эхнэртэйгээ гарч тайвшраад эргээд ороход талийгаач орон дээр байсан ба эгч надтай юм дуугарахгүй зөрөөд гарсан. Тэгээд би унтсан. Өглөө Т, М нар ирээд Т “Д ах дажгүй юу” гэхэд “гайгүй, гайгүй” гэж хэлсэн. Тэгтэл эгч “юу нь гайгүй байдаг юм, нүүр нь хачин болчихсон байна, эмнэлэг явъя” гээд эмнэлэг явахаар болсон. Би хөгшчүүлийгээ Эрдэнэт хот руу гаргаж өгөөд Өмнөговь руу явах гэж байхад над руу утасдаад “Гэмтлийн эмнэлэг дээр байна, Д ах хагалгаанд орохоор боллоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Гэмтлийн эмнэлэг дээр очсоноосоо хойш би эмнэлгээс салаагүй. 2 хоногийн дараа манай ээж ирээд талийгаачтай орж уулзсан. Тэгээд гарч ирээд надтай уулзаад “их л муу байна, бөөрний дутагдал гэнээ, чи ахдаа бөөрөө өгөх юм уу” гэж асуухаар нь “тэгье” гэж хэлсэн. Тэгээд “эмч нартай нь ярилцъя” гэж хэлсэн. Ингээд 11 дүгээр сарын 15-ны өдөр ах маань нас барсан. Тэгэхэд бид нар бүгдээрээ уйлж, орилолдоод байсан ба орой нь би эгчийн хамт Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очсон. Аливаа асуудалд  надад тусалдаг, дэмждэг ойр дотно тийм л ах, дүү байсан. Ахыгаа ийм болсонд харамсаж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би талийгаачийн төрсөн дүү нь байгаа юм. Үнэхээр их гомдолтой байна. Би анх 11 дүгээр сарын 11-ний өдөр хөдөөнөөс ирсэн. Тэгтэл манай ах Ганбат залгаад “Д Улаанбаатар хотод хагалгаанд орчихжээ, бие нь их муу байгаа юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад бүтэн сайн өдөр хагалгаанд орчихсон юм бол гээд гайхсан. Бэр М Га ах руу 2018 оны 11 дүгээр сарын 11-ний 18 цагийн үед утсаар яриад “Д хагалгаанд орсон, бие нь маш муу байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл М эгч рүү утсаар ярьж юу болсон талаар асуухад “шатнаас унасан, архи ууж гарч яваад машинд мөргүүлсэн байна, цагаан мах нь эргэдэг байснаасаа болоод нарийн, бүдүүн гэдэс нь тасарсан” гэх зэргээр бодит үнэнийг дандаа нуусан. Шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн авсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж бичсэн. Шинжээчийн дүгнэлтийн олон удаагийн үйлчлэл гэдгээс миний ахыг олуулаа нийлээд бүлэглээд зодсон гэдэг сэтгэгдэл надад төрүүлж байна. Гэтэл хэрэгт авагдсан мэдүүлгээр Г нүүрэнд нь бөгжтэй гараараа нэг удаа цохиж, оймстой хөлөөрөө нэг удаа өшиглөхөд талийгаач унахдаа энэ олон удаагийн гэмтэл авсан гэж хэлдэг. Гэтэл тухайн зочид буудалд эхлээд 9 том хүн орсон ба эхний хүмүүс 23 цагт гарсан гэж хэлдэг. Бид камерын бичлэгээс тухайн өрөөнөөс хэн хэдэн цагт орж, хэдэн цагт гарсан, 23 цагт хүмүүс бүгдээрээ явсан эсэхийг үзье гэхээр бичлэг олдохгүй байна. Тэгсэн мөртлөө мөрдөгч Т, Г гэдэг хүмүүс талийгаачийг 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн үед зочид буудлын 207 тоот өрөөнд орж, 11 дүгээр сарын 11-ний 11.30 цагт саравчтай малгайтай хүнээр үүрүүлээд гарсан гэх мөрдөгчийн тэмдэглэл бичсэн. Т зочид буудлаас хэдэн цагт гарч явсныг мэдмээр байна. Үнэхээр 23 цагт бүх хүмүүс яваад энэ 4 үлдсэн юм бол миний ахыг ганцхан удаа өшиглөхөд яагаад тийм олон гэмтэл авчихдаг юм бэ. “Маргаан эхэлж байхад М эгч гаднаас орж ирээд бид нарыг боль, тарцгаа гэсэн” гэх мэдүүлэг байдаг.  Маргаан эхэлж байхад орж ирсэн М гэдэг хүн цагдаагийн хошууч хүн байдаг. Тэгтэл М гэдэг хүнээс нэг ч удаа гэрчийн мэдүүлэг аваагүй. Мөн Баттулгыг энэ хэрэгт оролцоотой гэж боддог. Учир нь Мядагбадам, Т нар ярихдаа Баттулгын гэр бүл байсан гэдэг. Гэтэл М, Г нар Баттулгын талаар огт дурсаагүй байдаг. М, Г нар Баттулгыг  ямар учраас нууцалж байна вэ. Ганцхан удаа өшиглөхөд миний ах тийм гэмтэл авах хүн биш. Бидэн оршуулгын зардал төлөөгүй. Нэг ч удаа бид нараас уучлалт гуйгаагүй. Би өмгөөлөгчийн хөлсөнд 2.000.000 төгрөг, хэлэлцүүлэг болохоос өмнөх замын зардалд 479.000 төгрөг, хэлэлцүүлгээс хойшхи замын зардалд 186.500 төгрөг, буяны зан үйлд 550.000 төгрөг нийт 3.216.400 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: Миний аав талийгаач Д нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой Гд зодуулж Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж, 11 дүгээр сарын 15-ны өдөр гэмтлээ даалгүй нас барсан. Г нь манай ээжийн дүү бөгөөд энэ нь бидэнд их хүнд тусч байгаа. Бид нар аав, ээжийн талынхантай харьцаж чадахгүй, аль аль талаасаа их дарамт шахалт авч бид нар хадны завсар хавчуулсан халиуны зулзага гэдэг шиг хэцүү байна. Манай аав, ээж хоёр 1989 оноос хойш 30 жил ханилсан ба 3 хүүхэдтэй. Би айлын ганц охин юм. Миний аав, ээж хоёр муудалцаж байсан үе байсан ч аав байнга ээжийг маань зодож зовоож байгаагүй. Гэр бүлд муудалцах асуудал байдаг. Аав маань үйлдвэрт 28 жил ажиллахдаа эцгийн хайраар хайрлаж, халамжилж өсгөсөн. Цаашид аавынхаа цалингийн зээл, дүүгийнхээ сургалтын төлбөр зэргийг яахаа, хэрхэн амьдрахаа мэдэхгүй байна. Аавын талаас биднийг алуурчны үр удам, сайн сайхан явахыг чинь харна гэх зэргээр хэлж байна. Ээжийнхээ талынхантай харьцахгүй байдаг. Манай хамгийн бага дүү 10 настай, ач зээ нар нь өдөр бүр өвөөгөө асууж байна. Би маш их гомдолтой байна. Биднийг 30 жил ханилсан ханиа алдсан эхнэр, аавыгаа алдсан үр хүүхдүүдийг ямар хэцүү байгааг хүн ёсоор бодож болдоггүй юм бэ. Бид нар маш их гомдолтой байна. Манай аавын нөхөж барах юм юу ч байхгүй. Шүүх энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Манай аавын цалингийн зээлээс 19.000.000 төгрөг үлдсэн, аавынхаа хойдын буянд хийсэн зан үйлийн зардал 2.500.000 төгрөг, оршуулгын зардал 10.000.000 төгрөгийн зардал гарсан. Буяны хоног хураахад 1.300.000 төгрөг, эмчилгээний зардал 1.500.000 төгрөг, анхан шатны хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн замын зардал 150.000 төгрөг, хэргийн материалтай танилцахаар ирсэн зардалд 30.000 төгрөг тус тус нэхэмжилж байна. Нийт 35.000.0000 төгрөгийн нэхэмжлэлээс Г нь 5.000.000 төгрөг болон эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгсөн. Одоо 28.500.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Гэрч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: Талийгаач Д бол миний нөхөр. Г бол миний төрсөн дүү жаахан түргэн зантай болохоос өөр муу зүйлгүй. Би гэр бүлийн хүнтэйгээ 30 жил хамт амьдарсан. Надад ингээд үлдсэнд маш их харамсалтай байна. Б нь манай нөхрийн төрсөн дүү юм. Бид нар гэр бүлийн хүрээнд зовлон жаргалаа хуваалцдаг хүмүүсийн нэг. Бид нар амрах гэж байхад хамт байсан хүмүүс явцгаасан. Манай хүн жоохон уурлаад байсан. Тэр уурандаа бид нар руу дайраад байхаар нь тарсан. Хүмүүс тарсны дараа амрах гэтэл “чи пизда минь явж ах дүү нараа дууд, танайхан ингээд явчихдаг” гээд байсан. Г унтах гээд хэвтсэн байсан. Би “одоо унтаж амаръя, маргааш эмнэлэгт үзүүлнэ” гэж хэлсэн. Гэтэл  уурлаад “чи дүү нараа дууд, танай дүү нар идэж уухгүй явчихлаа” гэх зэргээр орилоод байсан. Манай нөхөр миний үснээс зулгаасан, гарнаас базаад нүүр рүү хоёр удаа цохисон. Би нөхрөө цааш нь түлхээд толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд унтая гээд түүнийг ор руу татаж оруулах гэтэл дийлэхгүй байсан. Тэгж байтал Г ирээд түүнийг цохисон. Тэгэхээр нь би Гд “чи ахыгаа яаж байгаа юм бэ, гараач зайлаач” гэж хэлсэн. Тухайн үед бид манай дүүгийн хүүхдийн үсний найранд ирсэн. Мөн үсний найранд ирэхдээ гэр бүлийн манай нөхрийн цагаан мах эргэдэг учраас 13 дугаар маягттай хагалгаанд орох заалттай ирсэн.  Талийгаачийн хамаатнуудад би үнэнийг хэлээгүй нь миний буруу байсан. Эмнэлэг дээр очсон гэдгээ өөрийнхөө аав, ээжид ч хэлээгүй. Яагаад гэвэл би настай хүмүүст хоорондоо зодолдсон гэж хэлбэл санаа нь зовоочих байх, даралт нь ихэсчих байх гэж айгаад үнэнийг хэлээгүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 07-нд би болон аав В, ах Г, бэр Ж бид 4 гэрт нь очиход талийгаач маань гэртээ байхгүй байсан. эхнэр нь болох М гэртээ байсан. Ахыг асуухад хот орж эмчилгээ хийлгэнэ тэгээд эмнэлэг орж 13-р маягт авна гээд явсан гэж байсан. Ингээд хот руу хэзээ яаж явсан талаар мэдээгүй байсан. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би хөдөө явчихаад буцаад явж байтал миний сүлжээ орж ирж манай эмэгтэй дүү Б руу залгаад Д хотод хагалгаанд ороод биеийн байдал муу байгаа гэж байна та нар хаачив хурдан ир гэж хэлсэн байсан. Тухайн үед дүү Б бид нар хамт явж байсан юм. Ингээд сүлжээ орохоор дахин залгаж яг юу болсон талаар асуухад манай ах тодорхой сайн мэдсэнгүй М урдаас уйлаад амь насыг нь аврах хэрэгтэй байна та бөөлөөрэй гэж л хэлсэн гэсэн. Бид аймаг ороод ахтайгаа уулзахад өнөөдөртөө ингээд чимээгүй байя Мядагаа өөрөө залгах байх бүгдээрээ чагнаад байж байя гээд тэр өдрөө амарцгаасан. Ингээд маргааш нь М руу залгаад асуухад манай дүүгийн хүүхдийн хүүхэд үсээ авахуулсан энэ талаараа би хэлээгүй билүү найр дуусч аав ээж хоёр нутаг буцсан байгаа. Бидний ах дүү нар үлдэж найралсан тэгсэн чинь талийгаач нөгөө уухаараа нэмж ууя гээд байдгаараа гарч гүйгээд шатны уруу унасан. Талийгаач өөрөө бөөрний архаг дутагдалтай байсан юм байна энэ нь сэдрээд одоо гэмтлийн эмнэлэгт бөөр дэмжих эмчилгээ хийлгэж байна гэсэн. Би ахын биеийн байдлыг асуухад гайгүй гэсэн. Үүнийг сонсоод би тайвширсан. Дараа нь над руу дүү Б залгаад надаас Мтай ярьсан уу намайг залгахад утсаа авахгүй байна гэж байсан. Дараагаар нь бэр эгч Цэнд–Аюуш над руу залгаад талийгаачийг далд сахартай байсан архи уугаад энэ сэдэрсэн сахар нь унасан гэж байна. Одоо сахар өсгөх эмчилгээ хийлгэж байгаа гэнэ хагалгаанд орсон байна, мөн тэд нар хоорондоо маргалдсан юм шиг байна гэж Цэнд-Аюуш эгч хэлсэн. Ингээд янз бүрийн байдлаар сонсогдоод байхаар нь би эргүүлээд М руу залгаад яг юу болсон талаар үнэнийг хэлээчээ гэхэд үсний найр болсон найрны дараа нийлж ууцгаасан, манай талийгаач жаахан тавьтаргүй загнасан архи нэмж ууна гэж манай хэдийн дургүйг хүргэсэн гэхдээ би чамд одоо олон юм яримааргүй байна гээд утсаа салгасан. Дараагаар нь би дахин залгахад талийгаачийн шулуун гэдэс нь цус алддаг байснаасаа болоод хана нь нимгэрсэн байсан нь саяын зодоон цохионоос болоод цоорсон байна. Чацархай бяцарсан, сэмж нь урагдсан, нойр булчирхай гэлүү нэг булчирхайг нь авсан гэж эмч хэлсэн гэж надад хэлээд одоогоор биеийн байдал хүнд байна гэж хэлсэн. Энэ яриа 2018 оны 11 дүгээр сарын 12-ны үдээс хойш болсон яриа юм. 2018 оны 11 дүгээр сарын 13-нд М над руу залгаад Д одоо 3-р эмнэлэгт бөөрний апаратанд орох гэж байна гэсэн. Би хамаатны хүүхэд Түмэнбаяр руу утсаар залгаад манай ах танай эмнэлэг дээр одоо очих юм байна апаратанд  орох үед нь очоод биеийн байдлыг нь хараадах гэж хэлсэн. Түмэнбаяр тэгээд дараагаар нь залгаад харлаа биеийн байдал нь маш хүнд байгаа юм байна гэж надад хэлсэн ба энд ах дүү нар хоорондоо ярилцаад ер нь очсон нь дээр юм байна гээд ах Ганбат бэр Жавзан, дүү Б, дүү Ганхүлэг, Отгонбат,  Долгорсүрэн нар аймгаас гарсан. Тэднийг ирэхэд дахиад хагалгаанд орох болсон ба гэр бүлийн хүмүүсээс нь орж болно гэхээр нь манай дүү Б орсон байсан. Ингээд ер энэ хагалгаандаа шөнөдөө ороод өглөө нь бие муудаж нас барсан байсан. /1хх-ийн 56-58/ гэх мэдүүлэг,

 

Гэрч В.Б мөрдөн байцаалтанд: Талийгаачийг эмнэлэгт байгаа талаар 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой 19 цаг өнгөрч байхад ах Ганбатаас сонссон. Ах Ганбат надад хэлэхдээ талийгаачийг бие нь тааруу эмнэлэгт байгаа юм байна, хүүхдүүдийг нь дуудуулсан байгаа юм байна гэж хэлсэн. эхнэр Мтай уулзахад М нь миний буруу эртхэн түргэн тусламжид ханддаг байж гээд уйлаад байсан. Тоймтой тодорхой юм ярихгүй байсан. Хажууд нь хүү Ерөөлт нь ээж унах гээд байна та нар юм асуумаар байвал надаас асуу гээд байсан. Ингээд тухайн өдөр 19 цагт ар гэрийнх нь хүмүүс өвчтөн дээр орж болдог юм байна лээ. 19 цаг болоход Эрдэнэтээс ирсэн бид нар 4-үүлээ цуварч ороол талийгаачтай уулзсан. Намайг ороход талийгаач унтаа байдалтай аппратууд залгасан байсан. Мөн хамар болон хөмсгөн дээрээ шарх зулгаралттай харагдаж байсан. Ингээд гарсан би сүүлд 20 цаг өнгөрч байхад хагалгаанд орохоор болоод дахиад уулзах хүмүүс байна уу гэсэн. Энэ үед нь би орсон. Ороод ахыгаа дуудахад нүдээ нээж харсан гэхдээ юм ярьж чадаагүй ам нь л өмөлзөөд байсан. Тэгээд шууд хагалгаандаа орлоо гээд аваад явсан. Хагалгаа 00:30 цагийн орчимд дууссан. Эмч нартай нь уулзахад хийсэн хагалгаагаа 48-72 цаг харна. Гэхдээ их хүнд хүн дээр хүнд хагалгаа хийлээ гэж байсан. Өмнө хагалгаа хийсэн газруудад маань үхжилт үүссэн байгаа учраас дахин хагалгаа хийж үхжилт үүссэн хэсгүүдийг тайрч авсан гэж хэлсэн. Тэгээд бид нар эргээд Эрдэнэт рүү гараад явсан. Дарханд явж байхад талийгаачийн үзүүлэлтүүд уначихлаа гэж О дүү маань хэлсэн. /1хх-ийн 66/ гэх мэдүүлэг,

 

Гэрч В.Г мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой миний утас руу талийгаач Дгийн эхнэр М залгаад Д хагалгаанд орж байна бие нь их тааруу байна амь насыг нь авармаар байна та залбираад өгөөч гэсэн. Тухайн үед би “Эрдэнэтээс явахдаа эмнэлгээр орно цагаан махаа үзүүлнэ гэж байсан болохоор энэ талаараа л хагалгаанд орж байгаа юм байна” гэж бодож байсан. Ингээд дараа нь Болормаа яриад талийгаачийг гэмтлийн эмнэлэгт хэвтэж би байгаа юм байна ш дээ яахаараа гэмтэл дээр очдог юм гэж надад хэлэхээр нь би сайн мэдэхгүй байна учрыг нь олоорой гэж хэлсэн. Манай эхнэртэй М ярьж байсан. Яриаг нь хальт сонсоход юуны хагалгаанд орж байгааг нь мэдэхгүй байна хагалгааны өрөө рүү аваад орлоо гэж байсан. Ерөнхийдөө талийгаачийг анх ингэж бие нь муудаж эмнэлэгт хэвтсэн гэдгийг нь мэдсэн. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 14-нд би дүү нарын хамтаар Эрдэнэтээс гарч гэмтлийн эмнэлэг дээр ирж М болон эмчтэй нь уулзсан М хар цагаан дуугүй л байсан. Ингээд эмчлэгч эмч Гантогтох гэсэн байх нэрийг нь сайн санахгүй байна эмчтэй уулзахад эмч талийгаачийг анх ирэхдээ архи үнэртүүлсэн шокийн байдалтай ирсэн. Тархи толгойг нь үзэхэд ямар нэгэн гэмтэлгүй байсан. Хэвлий нь ус ихтэй байсан гэж хэлсэн.  Энэ нь цул эрхтэн гэмтсэн үед дотор эрхтэн цоорсон үед, эсхүл хуучин хагалгаа задарсан үед ингэдэг гэж хэлж байсан. Хэвлийг нь нээж үзэхэд нарийн гэдэс цоорсон байсан, чацархай хоёр газраа урагдсан байсан гэсэн. Чацархайг нь цэвэрлэж оёсон гэж байсан. Мөн бөөр нь шээсээ ялгаруулж чадахгүй байгаа муу ажиллаж байна гэсэн. Хагалгаанд орсныхоо дараа цус бохирдсон одоо бөөр дэмжих аппаратанд хоёр удаа орсон, эмчилгээ хийх гэхээр цус бүлэгнэхээ больсон. Цус бүлэгнүүлэх эмчилгээ хийх гэхээр бөөр нь зогсчих гээд байна. Антибиотик өндөр тунгаар хийж бас болохгүй байна. Хагалгааны дараа гэдсийг нь битүүлээгүй задгай байгаа одоо энэ хүний бөөрийг л ажиллагаанд оруулах хэрэгтэй байгаа. Ер нь бол биеийн байдал муу байгаа гэж бидэнд тайлбарласан. Энэ өдрийнхөө орой нь талийгаач дээр ороход амьсгаатай олон аппарат залгасан унтаа байдалд байсан. Би ах нь ирлээ гэхэд нүүрээ үл ялиг хөдөлгөж байсан нүдээ нээж юм ярьсан асуудал байхгүй. Нүүрнийхээ хамар хамар хэсгээр халцарсан, хөмсөг нь мөн шархтай оёсон байсан. Ингээд гараад би Мтай уулзаад хүн маань маш хүнд байна даа яг юу болсон бэ үнэнээр нь хэлчих миний дүү гэхэд М талийгаач буудлаас гараад гүйгээд алга болсон, би хувцаслаад гараад иртэл талийгаач байхгүй байсан хайж яваад хайсан дээр сууж байхад нь олсон гэж надад хэлсэн. Энэ үед хүү Ерөөлт нь ээжээс битгий олон юм асуугаад бай наад хүнд чинь хэцүү байгаа ш дээ гэсэн. Ингээд би дахиж эмнэлэгээр ороогүй өөр ажилтай явж байгаад дүү нартай буцсан. Талийгаач маань архи хэрэглэдэг, ажил амралтаа зохицуулаад уудаг. Зан аашийн хувьд дөлгөөн ааш зантай, нийтэч, дуулж хуурддаг, хүмүүжилтэй хүн байсан. Миний дэргэд архи ууж байсан асуудал бол байхгүй. Талийгаач маань 1989 онд Мтайгаа танилцаж хамт амьдарч эхэлсэн байх. Гурван хүүхэдтэй том баньд Ерөөлт нь Мгийн дагавар хүүхэд юм. Талийгаач дагавар хүүхдээ ялгаварлаад байдаг асуудал байхгүй. Энэ хоёр маань айл шиг л айл байсан. Гэр бүл л юм хойно хааяа маргалдах асуудал байдаг л байх. Зодоон нүдээн дээрээ тулж байсан асуудал байхгүй.  /1хх-ийн 70-72/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.М мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой /хэдэн цагт гэдгээ санахгүй байна/ Эрдэнэт хотоос нөхөр В.Д, бага хүү Дөлбаяр нарын хамт өөрсдийн 40-46 ОРА улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн саарал өнгийн автомашинтай Улаанбаатар хотод орой 23:00-00:00 цагийн үед ирсэн юм. Бид нар манай төрсөн дүү Мгийн хүүгийн үсний найранд оролцохоор мөн талийгаач нөхөр маань шулуун гэдэсний хагалгаанд орох зорилготой Улаанбаатар хотод ирсэн юм. Хотод орж ирэнгүүтээ манай нөхөр хүү бид гурав Модны хоёрт байдаг /яг хаягыг нь нарийн мэдэхгүй байна/ миний төрсөн дүү Мгийн гэрт очиж хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах "Ангара” зочид буудлын ресторанд 11:40 цагийн үед миний төрсөн дүү М-ийн хүүгийн үсний найр эхэлсэн ба манай хамаатнууд оролцохоор цугларсан байсан юм. Үсний найр нь Ангара зочид буудлын Манжуур ресторанд болсон ба ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйлгүй тэмдэглэн өнгөрүүлсэн. Айраг л байсан. Тэгээд үсний найр 17-18. цагийн үед байхаа цагийг нь нарийн санахгүй байна тарсан ба найр тараад миний төрсөн дүү Б.Г түүний эхнэр О, миний төрсөн дүү Мядагбадам, хүргэн Т, миний төрсөн дүү М талийгаач нөхөр бид нар гэр бүлээрээ уулзалдаж ярьж суухаар шийдээд “Ангара” буудлын 207 тоот өрөөнд бөөнөөрөө орцгоосон юм. Тэгээд бид нар өөрсдөдөө байсан 0.75 литрийн хар Экс шил архи 2-ыг хувааж уусан. Тэгээд хоёр шил архиа дуусгаад 0.5 литрийн нэг шил архи гаднаас аваад бас хувааж уусан. Бид нараас манай төрсөн дүү Мядагбадам нялх хүүхэдтэй болохоор архи уугаагүй ээ. Бусад нь архи ууцгаасан. Тэгээд миний төрсөн дүү М нэг их удаагүй архи уугаагүй гарч явсан. Тэгээд ойролцоогоор 22 цагийн үед байх манай төрсөн дүү Мядагбадамын 3 сартай хүүхэд уйлаад байсан. Тухайн үед нь Мядагбадам болон хүргэн Батбаяр талийгаач манай нөхөр Дд хандан та дуугаа жаахан аяархан яриач гэж хэлсэн. Учир нь манай нөхөр согтоод чанга чанга яриад байсан юм. Тэгээд маргаан дөнгөж эхэлтэл М гаднаас орж ирсэн. Тэгээд манай дүү М больцгоо таръя гэж хэлсэн. Тэгээд Мядагбадам Т, М нар явж амарлаа гээд 23:00 цагийн үед байх явцгаасан.  Тэгээд манай дүү Г түүний эхнэр О талийгаач бид дөрөв буудлын өрөөнд үлдсэн. Тэгээд бид дөрөв тэндээ амаръя гэтэл манай нөхөр архи ууна амрахгүй гээд байсан. Би талийгаач нөхрөө архи уулгахгүй гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд талийгаач бид хоёр маргалдаж байгаад талийгаач нөхөр маань миний нүүр рүү гараа сарвалзуулж байгаад цохиод байсан. Мөн миний үснээс зулгаасан ер нь бол надаас талийгаач маань архи нэхээд байсан. Тэгж байгаад талийгаач намайг доороо хийгээд үснээс зулгаагаад архи авч өг гэсэн. Энэ үед манай төрсөн дүү Г намайг өмөөрөөд талийгаач нөхрийг маань татаад авсан. Тэгээд би өндийгөөд хартал талийгаач нөхөр маань хажуулдаад хэвтчихсэн, хамар, хөмсөг нь шалбарсан байсан ба ухаан алдаагүй байсан. Харин манай дүү Г манай талийгаач нөхрийг зодсон. Г дүү маань талийгаачид хандан та эгчийг минь зодлоо гээд уурлаад байсан. Би тэгээд дүүдээ хандаж болиоч зайлцгаа гэж хэлсэн ингээд манай дүү өрөөнөөс гараад явсан ба эхнэр нь араас нь гарсан. Энэ хоёрыг гарсны дараагаар нь би талийгаачийн нүүрэнд үүссэн шархыг цэвэрлэсэн, толгойн ард үүссэн шархийг мөн цэвэрлэсэн. Ингээд нөхрөө оронд нь оруулсан. Шөнө талийгаач нөхөр маань ёо ёо гээд хэвтээд байсан. Би архиндаа шартаад ёолоод байгаа юм байх гэж бодоод толгойг нь чийгтэй алчуураар арчиж өгчихөөд унтаад өгсөн. Тэгтэл өглөө 07:00 цаг өнгөрч байхад талийгаач ус ууна гээд орондоо ус уугаад байсан. Тэгээд талийгаач бид хоёр хэвтэж байгаад өглөө 09:00 цагийн үед талийгаачийг явъя гээд дуудтал бие нь муудаад унтаа байдалтай болоод байсан. Би шартаад байгаа юм байх гэж бодоод би дүү Т, М нарыг дуудсан ба Т талийгаачийг явж чадахгүй болохоор нь 09:00-10:00 цагийн үед /цагийг нь нарийн санахгүй байна/ буудлаас Т үүрч гарсан ба Мгийн Приус-20 маркийн цэнхэр өнгийн машинаар авч яваад Гэмтлийн эмнэлгийн ойролцоо байдаг нэрийг нь санахгүй байна нэг хувийн эмнэлэгт аваачиж үзүүлтэл нилээн оочиртой байсан. Тэгээд хувийн эмнэлэгт үзүүлэхээ болиод ГССҮТ-д 2018 оны 11-р сарын 11-ний өдөр 13:00 цагийн үед очиж үзүүлсэн. Тэгээд тэр өдөртөө талийгаач хэвлийн хөндийн хагалгаанд орсон. Харин 2018 оны 11-р сарын 15-ны өдөр 09 цаг 50 минутын үед манай нөхөр ГССҮТ-д нас барсан. Одоогоор миний ил харагдах гэмтэл шарх байхгүй. Тухайн үед  миний гар хөхөрсөн байсан ба одоо арилсан байна. /1хх-ийн 77-79/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.О мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 10-нд Баянгол дүүргийн 3-р хороо Ангара буудлын доорхи Манжуур рестронд хүүхдийн үсний найранд ах дүү нар бүгд оролцсон юм. Ингээд хүүхдийн үсний найр 16-17 цагийн хооронд дууссан байгаа. Найр дуусаад Т, эхнэр Мядагбадам, талийгаач, эхнэр Мгийн хамт би нөхөр Гантулгын хамт, эгч М бид нар хүмүүсээ гаргаж өгчихөөд уг рестроны 2 давхарт буудлын 207 тоот өрөөнд орсон. Буудлын өрөөнд ороод 2 шил 0.75 архи уусан. Ингээд дуулж ууж сууж байгаад тарсан. Буудлын өрөөнд талийгаач болон эхнэр М, манай нөхөр Г бид 4 үлдсэн бусад хүмүүс нь харихаар явцгаасан. Гэрлээ унтраагаад амарцгаасан талийгаач эхнэр Мг амраахгүй зовоогоод амраахгүй байсан. М нь нөхрийгөө унтаачээ гэж их гуйж байсан. Ингэж байтал М ёооё гэж байсан. Би хэсэг унтаж байтал М яаж байгаа юм гэж орилохоор нь би сэрсэн. Сэрэхэд манай нөхөр босоод зогссон байсан би ч ухасхийн босож нөхрөө барьж авсан. Нөхрөө барьж авахад намайг манай нөхөр ор руу түлхсэн. Би босож очиж гэрэл асаахад манай нөхөр босоод зогссон, талийгаач газар хамар толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Энэ үед М зайлаад өг гэж орилсон ба манай нөхөр Г танийг зодоод зовоогоод байгаа биз дээ таныг л өмөөрлөө ш дэ миний буруу юм уу гэж хэлээд л хувцаслаад гараад явхаар нь би араас нь гарсан байгаа. Тэгээд гадуур хэсэг яваад буцаж буудалдаа орж унтсан буудалдаа ирэхэд талийгаач ёолоод хэвтэж байсан. М буудлын юмнуудыг янзалж байсан. Ингээд бид нар амарцгаасан. Өглөө босоход талийгаач орон дээрээ манарсан байдалтай ёолоод хэвтээд байсан. Тухайн үед архиндаа ингэж байна л гэж бодсон. Ингээд Б, М хоёрыг дуудаж эмнэлэг явахаар болсон. /1хх-ийн 81-82/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Мядагбадам мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 09-нд Орхон аймгаас аав ээж хоёр, талийгаачийн гэр бүл, Гантулгын гэр бүл, дүү Баттулгын гэр бүл, тэгээд манай гэр бүл нийлээд бүгдээрээ хамтаар 3 машинаар бид нар Улаанбаатар хотод ирсэн. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хороо Ангара буудлын доорхи Манжуур рестронд хүүхдийн үсний найранд ах дүү нар бүгд оролцсон юм. Тухайн өдөр найр эхлэхээс өмнө Ангара буудалд ирээд хононо гэж бодож байсан учраас 1 өрөө захиалж авсан. Ингээд хүлээн авалт 16 цаг өнгөрч байхад дууссан ба тэндээс явах хүмүүс нь тараад талийгаач гэр бүлийн хамтаар, Г гэр бүлийн хамтраар, Баттулгын гэр бүл, ингээд манай гэр бүлийхэн нийлж Ангара буудалд захиалсан байсан өрөөндөө орцгоосон. Тэнд хэсэг хугацаа өнгөрсний дараа Баттулга өөрийн гэр бүл болон 3 хүүхдээ аваад түрүүлээд харихаар явсан. Баттулгын гэр бүл гараад явсны дараа Г эхнэр хүүхэдтэйгээ айлд очно гээд гарч явсан. Тухайн үед Г архи хэрэглээгүй байсан машинтай явж байсан. ингээд хоол цай болж байсан ба удалгүй хэн нэгэн нь нэг шил архи гаргасан надаас бусад нь уг архинаас ууцгаасан. Би тухайн үед жооохон хүүхэдтэй байсан учраас архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Тухайн үед нөгөөдүүл маань хамт сууцгааж хоорондоо ярьж хөөрч сууж байгаад уусан байгаа. хэн нь хэр хэмжээгээр уусан талаар сайн мэдэхгүй байна би өөрөө хүүхдээ хараад босож суугаад байсан учраас сайн мэдэхгүй байна. Ингээд сууцгааж байсан хүмүүс халж эхлээд чанга чанга яриад байсан. Үүнээс нь болж манай 3 сартай хүү маань цочоод байсан тэгэхээр нь би нөхөр Тыг дуудаж жоохон чимээгээ намсага гэж хэлээ гэсэн.  Ингээд манай нөхөр нөгөөдүүл дэр очиж хүүхэд дээр очиж хүүхэд цочоод байна жоохон дуугаа намсага гэхэд талийгаач улам чанга дуугарч манай нөхөр Т руу дайрч чи муу ямар сүртэй юм гаргадаггүй юм гаргачихсан юм шиг наад шээсээ аваад эндээс зайл гэж орилж шилэн аяга авч манай нөхөр рүү шидсэн. Тэгэхдээ нөхрийг маань оноогүй хана цохиод аяга хагарсан байгаа. Тэгэхээр нь  би ингэж байж чадахгүй хэрүүл уруултай энд байж яадаг юм бэ гаръя гэж нөхөртөө хэлсэн. Энэ маргаан эхэлж байх үед гаднаас Г эхнэрийнхээ хамтаар айлаа олсонгүй гээд буцаад орж ирсэн. Би нөхөр хүүхдийн хамтаар гарах гээд коридорт хүүхдээ хувцаслаад зогсож байхад Г ах ирээд та гурав яв яв ах нь эрүүл юм чинь талийгаач болон эхнэртэй нь хамт хоночихоё гэж хэлсэн. Ингээд нөхөр хүү бид гурав гарч явж М эгчийнд очиж хоносон. Буудлаас М эгч мөн хамт гарсан. Уг нь бол уг буудлын өрөөнд манай гэр бүл болон талийгаачийн гэр бүл хононо гэж авсан байсан. Биднийг явсны дараа юу болсон талаар сайн мэдхгүй байна. Ингээд өглөө босоод утсаа хартал М эгчээс дуудлага ирсэн байсан. Тэгээд би эргүүлж залгаад сайхан амарсан уу юу болсон бэ шөнө залгаад гэхэд ахын чинь бие тааруу байна хүрээд ир гэсэн ба манай нөхөр Т, М эгч хоёр явсан. Тэгээд намайг өдөр М эгчийн гэрт хүүхдээ хараад байж байгаад М эгч рүү залгаад яасан та нар яагаад алга болчихов гэхэд Д ахын чинь бие тааруу байна хагалгаанд орох гэж байна гэхээр нь би хүүхдээ аваад эмнэлэг дээр очсон. Намайг очиход эмнэлэг дээр манай эгч ах нар байсан. Би яасан юу болсон бэ гэхэд надад тухайн үед тоймтой юм хэлээгүй нялх хүүхэдтэй энд байгаад хэрэггүй гэрт очоод байж бай гэхээр нь яваад өгсөн. /1хх-ийн 84-85/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Т мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 09-нд Орхон аймгаас хадам аав ээж хоёр, талийгаачийн гэр бүл, Гантулгын гэр бүл, дүү Баттулгын гэр бүл, тэгээд манай гэр бүл нийлээд бүгдээрээ хамтаар 3 машинаар бид нар Улаанбаатар хотод ирсэн. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 08 цаг өнгөрч байхад талийгаач эхнэртэйгээ бид гурвуулаа Баянхошуунд байх Мгийн худийн гэрт очиж найранд хэрэглэх хорхог хийхээр очсон. Тэнд хорхог хийж байхдаа талийгаач болон айлын эзэнтэй хамтаар гурвуулаа 1 шил 75 грамын экс архи хувааж уусан. Ингээд 11 цагийн орчимд хорхогоо хийж дуусаад Баянгол дүүргийн 3-р хороо Ангара буудлын доорхи Манжуур ресторанд хүүхдийн үсний найранд очсон юм. Ингээд хүлээн авалт 16 цаг өнгөрч байхад дууссан ба тэндээс явах хүмүүс нь тараад талийгаач гэр бүлийн хамтаар, Г гэр бүлийн хамтраар, Баттулгын гэр бүл, ингээд манай гэр бүлийхэн нийлж Ангара буудалд захиалсан байсан өрөөнд орцгоосон. Тэнд хэсэг хугацаа өнгөрсний дараа Баттулга өөрийн гэр бүл болон 3 хүүхдээ аваад түрүүлээд харихаар явсан. Баттулга эхнэр хүүхдийнхээ хамтаар хүмүүс хүргэж өгөхөөр мөн гарч явсан. Тухайн үед Г архи хэрэглээгүй байсан машинтай явж байсан. Ингээд хоол цай болж байсан ба нэг шил архи авч тавьсан байсныг ерөнхийдөө талийгаач бид хоёр хувааж уусан. Бусад нь орж гараад байсан хүүхнүүд нь найрынхаа ширээ янзалж хураах, заалыг нь хүлээлгэж өгөх гээд ажилтай л орж гараад байсан. Ингээд хамт архи уугаад сууж байх үед талийгаач нэг хүнтэй утсаар ярьсан ба хэнтэй ярьсаныг мэдэхгүй ядарсан юмыг битгий та нар дээрэлхээд бай зүгээр байхгүй бол би очиж байгаад та нарыг ална шүү гэх мэтээр уурлаж ярьсан. Ингээд сууж байгаад халаад чанга чанга яриад байсан ба эхнэр намайг дуудаад талийгаачийг жоохон аяархан ярь гэж хэлдээ хүүхэд цочоод байна гэсэн. Би талийгаач Д ах дээр очоод мөрөн дээр нь зөөлөн алгадаад Д ахаа та жоохон аяархан ярьчихаа хүүхэд цочиж уйлаад байна гэхэд талийгаач чи муу пизда гаргадаггүй шээс гаргачихаа юу наадахаа аваад зайл гэж хэлээд архи ууж байсан хундагаа над руу шидсэн. Гэхдээ намайг оноогүй хана руу оносон. Энэ үед манай эхнэр ингэж байж чадахгүй хэрүүл уруултай энд байж яадаг юм гаръя гэж хэлсэн. Энэ үед гаднаас Г эхнэрийнхээ хамтаар орж ирсэн. Ингээд би эхнэр хүүхдээ аваад Мгийн хамт гарч гэрт нь очиж хоносон. Өглөө манай эхнэр Мядагбадам эгчийн нөхөр бие нь муу байна гэж байна хүрээд гэж байна гэж хэлэхээр нь би Мгийн хамтаар урд өдрийнхөө буудалд очсон. Намайг буудалд ороход талийгаач эхнэртэйгээ, Г мөн эхнэртэйгээ хамт 4- үүлээ байсан. Бүгд босчихсон зөвхөн талийгаач орон дээр хэвтэж байсан ба харахад нүүр нь шалбарсан, Д ахаа гэж дуудахад нүдээ нээгээд харж байсан. Босоорой явъя гэхэд өндийж ирсэн ба явж чадах уу гэхэд толгойгоо сэгсэрсэн. Тэгээд би гадуур куртикийг нь өмсгөөд үүрээд буудлаас гарсан. Нөгөөдүүл ч хамт гарсан. Ингээд талийгаачийг Мгийн машинд эхнэрийнх нь хамт суулгаж эмнэлэг явсан эхлээд Мөнгөн гүүр гэх эмнэлэгт очсон ба оочер ихтэй ганц эмчтэй байсан ба 30 орчим минут хүлээгээд ерөөсөө гэмтэл ороё гэж шийдээд гэмтлийн эмнэлэгт ирсэн. Г эхнэрийнхээ хамт явж байсан. Хүлээн авах дээр үзүүлээд шууд хэвтүүлсэн. Хүлээн авахын эмч нь цагдаатай уулз гэсэн ба талийгаачийн эхнэр М ганцаараа цагдаатай уулзсан. Ингээд эмчилгээнүүд хийгдэж эхэлсэн. Буудалд очоод юу болсон талаар асуухад өөдөөс нүдээ нээж харж байгаа мөртлөө юм ярихгүй байсан. Гас асуухад шөнө цонхны гэрэл талийгаач эгчийг маань зодоод байх шиг харагдаад би тийрчихсэн гэж хэлсэн. Өөр тодорхой юм ярихгүй байсан. Ер нь их гэмшсэн байдалтай дуугүйхэн л сууж байсан. /1хх-ийн 88-90/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.Г мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 09-нд манай эгч Мгийн ач хүүхдийнх нь үсний найранд оролцохоор Орхон аймгаас талийгаач Д, эхнэр М, хүү Д, аав Б, ээж С, дүү Т, М, Б, Ө, О миний бие ингээд 11-үүлээ хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хотод ирсэн. Ингээд модны хоёрын орчимд И-ийн гэрт нь хоночихоод маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 10-нд Баянгол дүүргийн 3-р хороо Ангара буудлын Манжуур хятад ресторанд найр нь болсон. Ингээд найр 17-18 цагийн хооронд тарсан. Ингээд найр тараад Т, эхнэр Мядагбадам, талийгаач Д, эхнэр Мгийн хамт, би эхнэр Оийн хамт, эгч М, нарын хамтаар бид нар хүмүүсээ гаргаж өгчихөөд уг рестораны 2 давхарт буудлын буланд өрөөнд орсон. Өрөөний дугаарыг сайн мэдэхгүй байна. Өрөөнд ороод найр сайхан болж дууслаа гээд нэг шил архи гаргаж хувааж ууцгаасан. Архиа дуусчихаад би гадаа дэлгүүрээс нэг шил архи авч ах дүү нартаа өгсөн. Т мөн нэг шил архи авч өгсөн. Буудалд 3 шил архи уусан. Буудалд би хэсэг байж байгаад хотод байдаг найзындаа очиж хонохоор эхнэр Оийн хамт өөрийн машинаар явсан боловч хайсан айлаа олж чадаагүй буцаж буудалд ирсэн. Энэ үед буудалд байсан хүмүүс уугаад сууцгааж л байсан ба талийгаач Д халамцаад согтуу манай хүргэн дүү Ттай маргалдаад байсан манай ах дүү нарыг муулж хэл амаар доромжлоод байсан. Энэ үед Т нь нялх хүүхэд байна одоо чимээгээ жаахан намсгаа гэхэд талийгаач улам чангаар Т руу чи эднийхэнд долигнож нэр нүүр олж авдаг гэх мэтээр уурлаж байсан. Тэгээд Т уурлаад аяархан байгаа ч гэхэд талийгаач ширээн дээр байсан шилэн аягыг авч Т руу шидсэн боловч оноогүй хананд хагарсан. Тухайн үед би больцгоо гээд Т, Мядагбадам нарыг авч гараад та нар өөр газар очоод хоночих гэсэн. М эгч Т, Мядагбадам нарыг хүүхэдтэй нь аваад буудлаас гарсан. Ингээд өрөөнд талийгаач болон М эгч, би өөрийн эхнэрийн хамт 4-үүлээ үлдсэн. Ингээд амрахаар болоод би эхнэрийн хамтаар орон дээр хэвтсэн. Талийгаач эхнэр Мтай маргалдаад суугаад байсан. Маргаан нь гэхдээ тийм айхтар маргаан байгаагүй эгч нөхрөө чи далжигнаад байлгүй унт гэхэд үгэнд нь орохгүй маргалдаад байсан. Ингээд хэсэг хугацаанд би унтсан байсан. Гэтэл талийгаачийн дуу улам чангараад байхаар нь сэрээд хартал талийгаач эхнэрийнхээ дээр гарчихсан зодоод байх шиг харагдахаар нь би өндийгөөд чи яагаад эгчийг зодоод байгаа юм бэ гээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Би бөгжтэй гараараа цохисон. Энэ үед талийгаач яаж байнаа чацага минь гээд босож ирээд над руу дайрахаар нь зөрүүлээд хэвлий орчим руу нь нэг удаа өшиглөсөн. Намайг өшиглөхөд талийгаач хойшоо саваад ширээ мөргөж газар унасан. Энэ үед намайг манай эхнэр болон эгч болиоч гэсэн ба эгч маань намайг гар яв гэсэн. Тэгээд би гараад явсан. Ингээд гадуур эхнэрийн хамтаар хэсэг явж байгаад буцаж ороод унтсан. Өглөө босоход талийгаач Д ах согтуу юм шиг манарсан байдалтай байсан ба би зүгээр үү гэхэд зүгээр гэж байсан гэдэс эвгүй байна шөнө юу болсон бэ гэж байсан. Тэгээд эгч гэдэс нь эвгүй байгаад байна эмнэлэг явъя гээд авч явсан. Эмнэлэг дээр очоод үзүүлэхэд талийгаачийн бие тааруу байна гээд хагалгаанд орсон. Хоёр удаа хагалгаанд ороод өвчнөө даалгүй нас барсан...би тухайн үед манай эгчийг зодоод байна гэж бодоод маш их уурлаж бачимдаад талийгаачийг цохиж зодсон нь үнэн би яг яаж зодсоноо санахгүй байна. Нүүрэн тус газар нь нэг удаа цохисон хэвлий орчим руу нь нэг удаа өшиглөж унагаасан. /1хх-ийн 175- 179/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний эмч О.Гантогтохын “...талийгаач В.Д 2018.11.11-ний өдөр 14 цаг 30 минутанд биеийн байдал хүнд ухаангүй хавсарсан гэмтэлтэй амнаас нь спиртийн төрлийн зүйл үнэртсэн байдалтай хордлого ихтэй, хамар, дээд уруул орчим зулгарсан, дагзанд шалбарсан шархтай эхо-оор харахад хэвлийн хөндийд бага хэмжээний шингэнтэй хүн хэвтсэн. Ирэх үедээ шинжилгээгээр цус багадалттай бөөрний үйл ажиллагааны алдагдалтын шинжтэй байсан. Ингээд эмийн эмчилгээг эхлүүлж 17 цагийн орчим давтан хэвлийн эхо хийхэд хэвлийд байсан сул шингэн нэмэгдсэн байсан тул яаралтай журмаар хэвлийн хагалгаанд орсон. Хагалгааны явцыг мэс заслын тэмдэглэлд тодорхой бичсэн...талийгаач нь биеийн байдал маш хүнд олон эрхтний дутагдалд орсон тул эмийн болон мэс засал дионез эмчилгээний үр дүн гарахгүй байсаар нас барсан. Эмчилгээний хугацаанд өвчтөний ухамсарт ухаан сэргээгүй ба 2018.11.13-ны үед цочрог мэдэрч нүдээ нээх төдий байсан...анхны хагалгааны явцад хэвлийн эрхтнийг шалгахад нарийн гэдэсний дунд болох цутгалан гэдэс бүдүүн гэдсэнд няцрал үүссэн байсан эдгээр няцралууд нь сэргээгүй тул үхжил үүсч тэжээлгүй болсон байсан тул гэдэс тайрах мэс засал хийгдсэн. Няцралт гэдэг нь гэдэсний хананд үүссэн цус хуралт хөхрөлтийг хэлнэ. Мөн нарийн гэдсэнд 4 см орчим том задрал байсан...өвчтөн маш хүнд хэвлийд үүссэн гэмтэл хүнд мөн бөөрний дутагдалд байсан амь насыг аврах боломж маш бага...” /1хх-ийн 99/ гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч Ц.Ганболд “...хохирогчийн биед хийгдсэн үзлэг оношлогоо эмчилгээ зөв хийгдсэн, амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэлтэй байсан. Цаг хугацаанд зөв оношилж мэс засал болон эмийн эмчилгээ хийсэн боловч эмгэг жамаараа хүндэрч нас барсан...” /1хх-ийн 118/ гэх мэдүүлэг,

 

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №2549 дугаартай задлан шинжилгээний дүгнэлт: Талийгаачид хэвлийн битүү гэмтэл, цутгалан гэдэс, чацархай, их сэмжний урагдал, хэвлийн хөндий дэх цус алдалт /1800 мл/, хэвлийн гялтангийн ялгадаст идээт үрэвсэл, зүүн зовхины цус хуралт, зүүн хөмсөгний шарх, хуйханд шарх хамрын нуруунд зулгаралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, өшиглөх, үрэх шүргэх үед үүсгэгдэнэ. Хэвлийн гэмтэл нь хүндэрч үхэл хүргэжээ. Нарийн гэдэсний урагдал, үхжилт нь хэвлийн гялтангийн үрэвсэлээр хүндэрч үхэлд хүргэжээ. Эмнэлэгт дөрөв хоног эмчлэгдсэн тул спиртийг тогтоох шинжилгээ хийсэнгүй. Цус нь 3-р бүлэг байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна. /1хх-ийн 108/ гэжээ.

 

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №137 дугаартай шинжилгээнд: ГССҮТ-д В.Дд антибиотик, хордлого тайлах, шингэн сэлбэх, үрэвслийн эсрэг эмийн эмчилгээ, цус шүүх эмчилгээ хийсэн ба 2018 оны 11 дүгээр сарын  11-нд хэвлийн битүү гэмтэл, дотор эрхтнүүдийн гэмтэл гэсэн оношоор хэвлий хөндийг нээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг шалгах, нарийн гэдсний чацархайн урагдалыг оёх, сэмж тайрах, хэвлий хөндийг нээх хагалгаа, 2018 оны 11 дүгээр сарын 14-нд Хэвлийн хагалгааны дараах байдал, нарийн гэдэс, чацархайн урагдал, бие мах бодийн хордлого, цус түгээмэл бүлэгнэх хам шинж бөөрний цочмог дутагдал гэдэс гадагшилт оношоор хэвлийн хөндийг дахин нээж эрхтнүүдийг шалгах, бүдүүн гэдэсний баруун хэсгийг тайрах, нарийн гэдсийг гуурсдах, хэвлийн хөндийг цэвэрлэх гуурсдах хагалгаа хийжээ. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний эхний хагалгаа цаг алдалгүй, зохих ёсоор хийж, гэмтлүүдийг бүрэн оношлож, зөв хагалгаа хийжээ. Хэвлий битүү гэмтэж нарийн гэдэс 4.0 см орчим урагдсан, чацархайд хэд хэдэн газар урагдаж хэвлий хөндийд цус алдалтын /1800 мл/ хзвлийн гялтангийн үрэвслийн хүндрэл цус түгээмэл бүлэгнэх хам шинж /ДВС/ болж нарийн бүдүүн гэдэсний үхжил болсноос ба нарийн гэдэс хагалгааны шархаар гадагшилт болсоноос давтан хагалгаа хийжээ. Нарийн гэдэс гэмтсэний улмаас доторхи агууламж нь хэвлий хөндийд гадагшилж хэвлийн гялтангийн үрэвсэл үүсгэсэн нь эмгэг жамаар явагджээ. Энэ хүндрэл нь хоёр дахь хагалгаа хийхэд ч үргэлжилж байжээ. Иймээс энэ хүндрэл нь эхний хагалгаатай холбоогүй жам ёсны хүндрэл юм. 2018 оны 11 дүгээр сарын 14-нд хэвлийн хөндийг дахин нээж эрхтнүүдийг шалгах, бүдүүн гэдэсний баруун хэсгийг тайрах, нарийн гэдсийг гуурсдах, хэвлийн хөндийг цэвэрлэх, гуурсдах хагалгаа нь нарийн бүдүүн гэдсний үхшил, хэвлийн гялтангийн үрэвсэл, гэдэс гадагшилтийн улмаас хийжээ Хагалгааны тактик, үйлдэл зөв байна. Дээрхи хоёр мэс заслыг заавал, хугацаа алдалгүй хийх хагалгаа юм. Нарийн гэдэсний урагдал чацархайн урагдал, хэвлийн гялтангийн үрэвсэл нь 3.1.12 ба 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /1хх-ийн 116/ гэсэн дүгнэлт,

В.Дгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлт /1хх-ийн 12-17/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 18/

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 20/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 105-106/

Өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 123/ болон хохиролтой холбогдох баримтууд,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүх сэтгэц эмгэг судлалын 275 дугаартай: Б.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Г хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, үйлдлээ удирдах чадвартай байсан байна. Б.Г нь хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацааг мэдэх чадвартай байсан байна. Б.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. /1хх-ийн 156/ гэсэн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 208/, оршин суух хорооны тодорхойлолт /1хх-ийн 145/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 162/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Б.Г 2018 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ангара” зочид буудалд өөрийн төрсөн эгч Б.Мг зодлоо гэх шалтгаанаар хүргэн ах В.Дг зодож биед нь нарийн гэдэсний урагдал, чацархайн урагдал, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Уг гэмтлийн улмаас В.Д 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14:30 минутын үед Гэмтлийн эмнэлэгт хэвтэж яаралтайгаар хэвлийн хагалгаанд орж, 11 дүгээр сарын 14-нд хэвлийн хөндийг дахин нээж хагалгаа хийгдэж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус эмнэлэгт нас баржээ.

 

Эдгээр байдал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан;

гэрч Б.Мгийн“...талийгаач намайг доороо хийгээд үснээс зулгаагаад архи авч өг гэсэн энэ үед манай төрсөн дүү Г намайг өмөөрөөд талийгаач нөхрийг маань татаад авсан. Тэгээд би өндийгөөд хартал талийгаач нөхөр маань хажуулдаад хэвтчихсэн, хамар, хөмсөг нь шалбарсан байсан ба ухаан алдаагүй байсан. Харин манай дүү Г манай талийгаач нөхрийг зодсон. Г дүү маань талийгаачид хандан та эгчийг минь зодлоо гээд уурлаад байсан...” /хх-ийн 77/,

гэрч Х.Оийн“...Би босож очиж гэрэл асаахад манай нөхөр босоод зогссон, талийгаач газар хамар, толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан...Тэгээд гадуур хэсэг яваад буцаж буудалдаа орж унтсан буудалдаа ирэхэд талийгаач ёолоод хэвтэж байсан...” /хх-ийн 82/,

гэрч Б.Мядагбадамын “...ахын чинь бие тааруу байна хүрээд ир гэсэн...” /хх-ийн 84/,

гэрч Б.Тын“...талийгаач орон дээр хэвтэж байсан ба харахад нүүр нь шалбарсан, Д ахаа гэж дуудахад нүдээ нээгээд харж байсан. Босоорой явъя гэхэд өндийж ирсэн ба явж чадах уу гэхэд толгойгоо сэгсэрсэн...Гас асуухад шөнө цонхны гэрэлд эгчийг маань талийгаач зодоод байх шиг харагдаад би тийрчихсэн гэж хэлсэн...” /хх-ийн 88/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаагийн”...  гэр бүлийн хүмүүсээс нь орж болно гэхээр нь манай дүү Б орсон байсан...” /1хх-ийн 56-58/,

гэрч В.Бгийн”...эхнэр Мтай нь уулзахад М нь миний буруу эртхэн түргэн тусламжид ханддаг байж гээд уйлаад байсан....намайг ороход талийгаач унтаа байдалтай аппратууд залгасан байсан. Мөн хамар болон хөмсгөн дээрээ шарх зулгаралттай харагдаж байсан... ахыгаа дуудахад нүдээ нээж харсан гэхдээ юм ярьж чадаагүй ам нь л өмөлзөөд байсан...эмч нартай нь уулзахад...их хүнд хүн дээр хүнд хагалгаа хийлээ гэж байсан. Өмнө хагалгаа хийсэн газруудад маань үхжилт үүссэн байгаа учраас дахин хагалгаа хийж үхжилт үүссэн хэсгүүдийг тайрч авсан гэж хэлсэн...” /1хх-ийн 66/,

гэрч В.Ганбатын “...эмчтэй уулзахад эмч талийгаачийг...хэвлийг нь нээж үзэхэд нарийн гэдэс цоорсон байсан, чацархай хоёр газраа урагдсан...чацархайг нь цэвэрлэж оёсон гэж байсан...”/1хх-ийн 70-72/,

гэрч ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний эмч О.Гантогтохын“...талийгаач В.Д 2018.11.11-ний өдөр 14 цаг 30 минутанд биеийн байдал хүнд ухаангүй хавсарсан гэмтэлтэй...эхо-оор харахад хэвлийн хөндийд бага хэмжээний шингэнтэй хүн хэвтсэн...17 цагийн орчим давтан хэвлийн эхо хийхэд хэвлийд байсан сул шингэн нэмэгдсэн байсан тул яаралтай журмаар хэвлийн хагалгаанд орсон...талийгаач нь биеийн байдал маш хүнд олон эрхтний дутагдалд орсон тул эмийн болон мэс засал дионез эмчилгээний үр дүн гарахгүй байсаар нас барсан...” /1хх-ийн 99/,

шинжээч эмч Ц.Ганболдын“...хохирогчийн биед хийгдсэн үзлэг оношлогоо эмчилгээ зөв хийгдсэн, амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэлтэй байсан. Цаг хугацаанд зөв оношилж мэс засал болон эмийн эмчилгээ хийсэн боловч эмгэг жамаараа хүндэрч нас барсан...” /1хх-ийн 118/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлгүүд болон цогцост хийсэн шүүх эмнэлгийн  2549 дугаартай задлан шинжилгээний дүгнэлт /1хх-ийн 108/ хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн137 дугаартай шинжилгээний дүгнэлт /1хх-ийн 116/, В.Дгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлт /1хх-ийн 12-17/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 18/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 105-106/ Өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 123/, хохиролын баримтууд  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар  мөрдөн байцаалтанд Б.Гантулгын “...би тухайн үед манай эгчийг зодоод байна гэж бодоод маш их уурлаж бачимдаад талийгаачийг цохиж зодсон нь үнэн би яг яаж зодсоноо санахгүй байна. Нүүрэн тус газар нь нэг удаа цохисон хэвлий орчим руу нь нэг удаа өшиглөж унагаасан...” /1хх-ийн 179/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж  байх тул нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.      

 

Гэм буруугийн хуралдаан дээр шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч А.Золжаргал, С.Батсайхан нар “...талийгаач В.Д нь Б.Гантулгын төрсөн эгч Б.Мг цохиж зодсон байдаг. Энэ нь түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн үйлдэл байх бөгөөд Б.Г нь тухайн үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний амь нас хохироосон байх боломжтой байна. Иймд түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах...” гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Бгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “...хэрэгт шалгагдвал зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтүүд тус тус гаргалаа.  

Хэрэгт цугларсан баримтуудаар амь хохирогч В.Д, Б.М нар эхнэр, нөхрийн харилцаатай гэр бүлийн хүмүүс байх бөгөөд шүүгдэгч Б.Г, Б.Мгийн төрсөн дүү болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон.

Б.М нь шүүгдэгч Б.Гантулгын ойр дотны хүн мөн боловч гэмт хэрэг үйлдэгдэх дээрхи цаг хугацаанд В.Д нь эхнэр Б.Мг хүчээр дарлаж, хүндээр доромжилж түүний эрүүл мэнд, амь насанд хохирол, хор уршиг учруулахуйц нөхцөл байдал үүсгэсэн талаар хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч Б.Гантулгыг хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.  

Б.Г, хүргэн ах В.Дгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хэвлий хэсэгт нь өшиглөсөн үйлдлийн улмаас В.Дгийн амь нас хохирсон нь гэмт үйлдэл үхэл хоёрын хоорондын шууд шалтгаант холбоотой.

Б.Гантулгын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно.

Мөрдөн байцаалтын явцад Б.Гд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бичгийн нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж бэхжүүлэгдсэн байх тул түүнд холбогдох хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Эдгээр үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Бгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч А.Золжаргал, С.Батсайхан нарын санал хүсэлтүүдийг хүлээн аваагүй болно.

Гэм буруугийн хуралдаан дээр улсын яллагчаас Б.Гантулгыг “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул улсын яллагчийн санал дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч;

шүүгдэгч Б.Гантулгыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Амь хохирогчийн төрсөн дүү В.Б мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон байх ба талуудын хүсэлтээр хийгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт амь хохирогчийн төрсөн охин Д.Мын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.2-т заасан өөрийнх нь хүсэлтийн дагуу Шүүх, мөн хуулийн 9.5 дугаар зүйлд заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр нэмж тогтоосон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б “өмгөөллийн хөлсөнд 2.000.000 төгрөг, замын зардалд 666.400 төгрөг, буяны зардалд 550.000 төгрөг нийт 3.216.400 төгрөг нэхэмжилнэ” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М ”аавын цалингийн зээлийн үлдэгдэл 19.000.000 төгрөг, хойдын буянд хийсэн зан үйлийн зардал 2.500.000 төгрөг, оршуулгын зардал 10.000.000 төгрөгийн зардал гарсан. Буяны хоног хураахад 1.300.000 төгрөг, эмчилгээний зардал 1.500.000 төгрөг, анхан шатны хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн замын зардал 150.000 төгрөг, хэргийн материалтай танилцахаар ирсэн зардалд 30.000 төгрөг тус тус нэхэмжилж байна. Нийт 35.000.0000 төгрөгийн нэхэмжлэлээс Г нь 5.000.000 төгрөг болон эмчилгээний зардлын 1.500.000 төгрөг өгснийг хасч  одоо 28.500.000 төгрөг нэхэмжилнэ” гэж тус тус мэдүүлж байна.    

Хууль ёсны төлөөлөгч В.Бгийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 2.000.000 төгрөг нэхэмжилснийг талуудын сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс болон шашны зан үйлтэй холбогдуулан нэхэмжилж буй В.Б 550.000 төгрөг, Д.М 2.500.000 төгрөг тус тус нэхэмжилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.  

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд оршуулгын зардалтай холбогдох зардал бүрэн төлөгдсөн гэж үзнэ. 

 

Харин талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл төлбөртэй холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж үүнтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.  

 

Хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход зарцуулсан замын зардлын 666.400 төгрөгийг В.Бд, мөн хууль ёсны төлөөлөгч Д.Мд 1.680.000 төгрөгийг гэм буруутай этгээд Б.Гас гаргуулж олгохоор шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

Гэм буруугийн хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 8 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч А.Золжаргал, С.Батсайхан нараас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлт тус тус гаргалаа.

 

Б.Г гэм буруугийн санаатай хэлбэрээр Үндсэн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон, учирсан хор уршиг арилахгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж өмгөөлөгчдөөс гаргасан санал хүсэлтийг хүлээн аваагүй болно.

 

Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Б.Гантулгын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу хүний амь нас хохироож хүнд хор уршиг учруулсан байдлыг харгалзаж улсын яллагчийн санал болгосон 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилго болон Шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Г үйлдсэн хэргийн талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлйин 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Гас нийт 2.346.400 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Бд 666.400 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мд 1.680.000 төгрөг тус тус олгосугай.

 

7. В.Бгаас өмгөөллийн хөлсөнд 2.000.000 төгрөг,  шашны зан үйлтэй холбогдуулан В.Б 550.000 төгрөг, Д.М 2.500.000 төгрөг  нэхэмжилснийг  тус тус хэрэгсэхгүй болгож,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мын нэхэмжилсэн амь хохирогчийн цалингийн зээлийн үлдэгдэл төлбөртэй холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж үүнтэй холбогдох болон бусад хохирол, хор уршигтай холбогдох асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ

                   ШҮҮГЧИД                                    Ч.ОТГОНБАЯР

                                                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ