Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01422

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01422

 

 

СЭДЭ ХХК--ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/02114 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч СЭДЭ ХХК--ийн хариуцагч Г.Ц-, Г.Н- нарт холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 46 922 012 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, хариуцагч Г.Ц-, Г.Н-, хариуцагч нарын өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 10 дугаар сард хариуцагч Г.Ц-, Г.Н- нар манай эмнэлэгт хандаж, үр шилжүүлэн суулгуулахаар тохирсон, 11 дүгээр сарын 16-ны өдөр үр шилжүүлэн суулгах ажилбарыг эхлүүлж, 2 ихэр үр тогтсон. 12 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчаас ЭХО зураг авахад хэвлийд ямар нэгэн өөрчлөлт байгаагүй. Харин 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г.Ц- хэвлийгээр өвдөж байна гэж эмнэлэгт ирсний дагуу үзлэг хийж олгой байх магадлалтай тул өөр эмнэлэгт үзүүлээд ир гэж хэлсэн. Мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЭХО-д харахад үрэвсэл үүссэн байх магадлалтай гэсэн учраас нарийн шинжилгээ хийлгэхээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхийг санал болгож, тус эмнэлгийн эмч нар умайд өндгөвчинд үрэвсэл, ургацаг үүссэн байна, дурангийн хагалгаа хийх боломжгүй, умай, өндгөвчийг авч болзошгүй, ургийн аюулгүй байдалд баталгаа өгөхгүй гэсэн учир ар гэртэй нь зөвлөлдөн Бүгд Найрамдах Солонгос улс руу яаралтай авч явсан.

Үр шилжүүлэн суулгаад амжилттай болоод хоёр ураг тогтсон байхад үр хөндөлт хийлгэнэ гэдэг харамсалтай байна гэж хэлээд манайх дотроо яаралтай хуралдаад Солонгос улс руу авч явж эмчилгээ хийлгэе гэж шийдсэн. Монгол улс оношилж чадахгүй байгаа юм чинь Солонгост очиж яг үр шилжүүлэн суулгаснаас болсон уу үгүй юу гэдгийг нь тодорхойлуулъя гээд тэр шөнөдөө визийг нь гаргаад маргааш өглөө нь Солонгос улсын Жусоны их сургуулийн Гансип гэдэг эмнэлэгт үзүүлсэн. Монгол эмч нар үр шилжүүлэн суулгаснаас болоод гэдсэнд гялтан үүсээд ингэж байгаа гэсэн учраас шууд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд энэ асуудал ямар ч эмэгтэйчүүдийн оноштой хамааралгүй байна, энэ чинь мухар олгой ургаад хагарсан байна гэдэг онош тавиад мэс заслын тасагтаа шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дурангийн хагалгаанд оруулж, мэс заслын тасагт нь эмчилгээ хийж мухар олгойг нь авахдаа нээлттэй биш дурангийн хагалгаагаар шимэгдүүлэх маягаар урагт нөлөөлөхгүйгээр эмчилгээг хийж энэ хүнийг цоо эрүүл болгож өгсөн. Манай эмнэлгийн буруугаас болж олгой ургаагүй байна гэдгийг тухайн үед хагалгаа хийсэн эмнэлгийн эмч нар дүгнээд бичээд өгсөн байгаа. Гэтэл хэт сэдээснээс болоод олгой ургуулсан байна гэж хариуцагч ярьдаг. Нэгэнт байгалийн жамаар өөрөө хүүхэдтэй болж чадахгүй байгаа тохиолдолд өндгөн эсийг сэдээж байж гаргаж авдаг. Сэдээсний хүчинд өндгөн эс авсан. Түүнээс нь хоёр ураг бий болсон. Манай эмнэлэг гэрээнд заасан ажлаа хангалттай сайн биелүүлж энэ хүний эрүүл мэндийг хамгаалсан. Энэ хүмүүс манай эмнэлгийг андуураад байх шиг байгаа юм. Манай эмнэлэг үр шилжүүлэн суулгах эмнэлэг бөгөөд мэс засал хийдэггүй.

Хариуцагч Г.Ц-ийн эмчилгээний зардал 35 112 012 төгрөг, хариуцагч нарын онгоцны тийзний үнэ 7 610 000 төгрөгийн зардлыг 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх бүх зардлыг тэдний өмнөөс төлж барагдуулсан. Иймд манай эмнэлгийн буруутай үйлдэл гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа учраас Солонгос улсад эмчилсэн эмчилгээний зардал болон онгоцны тийзний зардал нийт 42 722 012 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 10 дугаар сард СЭДЭ ХХК--д очиж үр шилжүүлэн суулгахаар шинжилгээнд орж улмаар 2017 оны 11 дүгээр сараас өндөр тунгаар дааврын эм хийж, өндгөвчний сэдээлт хийж эхэлсэн. Тэр үед эмчид миний өндгөвч маш хурдан сэдээгддэг шүү гэж сануулахад огт тоогоогүй, хэсэг хугацааны дараа 2 өндгөвчиндөө тариа тариулж, 6 дахь хоногоос эхлэн хэвлийгээр хүчтэй өвдсөн учраас эмчид үзүүлэхэд их хэмжээгээр өндгөн эс ялгаруулсан тул өвдөж байгаа гэсэн. Тухайн сардаа 23 өндгөн эсийг надаас соруулж авсан ба үүнээс 21 үр хөврөл бий болж, улмаар 2 эсийг суулгасан. Би амьдралын эрүүл хэмнэлтэй учраас миний биеийн байдал маш сайн байсан. Үр суулгаснаас хойш 8 хоногийн дараа эмнэлэг дээр очиж шинжилгээ өгөхөд 2 ихэр хүүхэдтэй болсон байсан боловч 2 дахь удаагийн шинжилгээ хийхэд миний хэвлий 4-5 сартай жирэмсэн хүнтэй адил томорсон байсан. Үүнийг тодруулахаар ЭХО-д харуулахад хэвлийд шингэн хуримтлагдсан байсныг 12 дугаар сарын 04, 08-ны өдрүүдэд 2 литр гаран ус соруулж авсан. Гэвч биеийн байдал дээрдэхгүй байсан тул эмч гаднаас халдвар орж, хэвлий үрэвссэн тул нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах хэрэгтэй гэж үзээд намайг Амгалан амаржих газар руу шилжүүлэх гэтэл уг эмнэлэг манай эмнэлэг ийм хүнд өвчтэй хүн авахгүй гэсэн хариу өгсөн. Үүний дараа Цэргийн госпитал дээр очиход жижүүр эмч нь олгой байх магадлалтай, гэхдээ одоогоор манайд хагалгааны заал байхгүй гэсэн. СЭДЭ эмнэлэгт буцаж очсон бөгөөд тус эмнэлэг намайг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлж, шинжилгээ хийлгэхэд дурангаар эхлээд харна, тэгээд оношлогдохгүй бол нээлттэй хагалгаа хийнэ гэсэн. Гэвч нээлттэй хагалгаа хийсэн тохиолдолд ургийг аврах боломжгүй гэсэн учраас нэхэмжлэгч тал намайг Бүгд Найрамдах Солонгос улс руу авч явсан. Би Солонгос улсад хагалгаанд ороход юу болсныг сайн мэдэхгүй, хагалгааны дараа өндгөвчний хэт сэдээлт гэж тайлбарласан. Би, энэ хугацаанд сэтгэл санаа, бие эрхтнээрээ хохирсон, цаашид надад ямар сөрөг үр дагавар гарахыг мэдэхгүй нисэх дээр байхад нэхэмжлэгч СЭДЭ ХХК--ийн эмч нар өөрсдөө хэвлийн гаднаас халдвар орсон гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд Солонгос улсад очих эмнэлэг бол манай төв эмнэлэг, төлбөр мөнгө дээр та нар санаа зоволтгүй, битгий санаа зов гэж хэлснийг эмнэлгийн дарга болон орчуулагч нар гэрчилнэ. Хувь хүний биеийн онцлог өөр өөр байдаг, бид нар эмнэлэгт итгэж өнөөдрийг хүрсэн. Төлбөр мөнгөний талаар бид нарт нэг ч зүйл урьдчилж хэлээгүй, хэрвээ төлбөрийн талаар мэдэж байсан бол ийм их зардал гаргаж Солонгос улс руу явахгүй, мухар олгой гэдгийг мэдэж байсан бол Монгол Улсад авахуулж болох байсан. Мөн Солонгос улсад эмчилгээ хийсэн эмч нар манай хүүхдүүдийг дауны өвчтэй гэж хэлсэн боловч Монгол Улсад хүүхдүүдээ үзүүлэхэд эрүүл байсан. Нэхэмжлэгчийн эмч нар Солонгос тал шийднэ, юунд ч битгий санаа зов гэж хэлсэн атлаа одоо бид нараас мөнгө нэхэж байна, шинжээчийн дүгнэлтээр өндгөвчний хэт сэдээлтээс үүдэн олгой ургах боломжтой гэж гарсан. Энэ хугацаанд цаашид ямар өвчин тусах нь тодорхойгүй, хүүхдүүд эрүүл саруул 1 нас хүрсэн тул баярласан, гэхдээ ирээдүйд гарах бүх асуудлыг СЭДЭ эмнэлэг хариуцах ёстой. Анх өндгөвчний хэт сэдээлт гэж өөрсдөө оношилсон. Энэ хугацаанд өвчтөнд бүхэлд нь хяналт тавих ёстой байсан бөгөөд хэрэв нэхэмжлэгчээс өөр газар оношлуулсан бол Монгол Улсад олгойг авах боломжтой байсан. Хэвлийд үрэвсэл орсон тул төв эмнэлэг рүү авч явна гэсэн байдаг. Хариуцагч нарын өмнөөс өөрсдөө мөнгө төлсөн.

Хариуцагч нарын хүүхдүүд эрүүл саруул төрсний дараа СЭДЭ эмнэлэг дээр очиход нэхэмжлэл өгсөн, гэвч энэ бол нэхэмжлэх болохоос зардлыг бодитоор төлсөн баримт биш. Эмчийн ёс зүйг зөрчсөн, мөнгөө төлсний дараа эмчилгээ хийдэг дэлхийн стандарт байдаг. Нэхэмжлэгч тал өөрсдөө Солонгос улс дахь манай төв эмнэлэг, төлбөрт санаа зовох шаардлагагүй гэж хэлсэн, өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаагаа мэдээд хугацаа алдалгүй арга хэмжээ авсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч СЭДЭ ХХК--ийн хариуцагч Г.Ц-, Г.Н- нараас 42 722 012 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 565 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөвхөн нэхэмжлэгчид хамаатай мэт хуулийг буруу тайлбарлаж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч эмнэлэг надад мухар олгой ургуулсан учраас гэх татгалзлаа ямар нэгэн нотлох баримтаар нотлоогүй атал анхан шатны шүүх ... мухар олгойн үрэвслийн шалтгаан нь Г.Ц-ийн үр шилжүүлэн суулгах цаг хугацаанд үүссэн өндгөвчний хэт сэдээлт, улмаар хэвлийн хөндийд хуримтлагдсан шингэний нөлөө байгаагүйг нэхэмжлэгч нотлоогүй гэж нэг талыг барьсан дүгнэлт хийх болсон үндэслэлээ шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 596 тоот дүгнэлт, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгийн үр шилжүүлэн суулгах ажилбарын дараа өндгөвч хэт сэдээлт хам шинж хүнд хэлбэрээр үүсч, эмчлэх явцад бага аарцагны гялтангийн үрэвсэл хүндэрсэн гэх буруу, худлаа оношийг /оношилгоо буруу байсан нь шинжлэх ухаанаар нотлогдсон байхад/ үндэслэн шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх шинжлэх ухаанаар нотлогдсон баримтыг илтэд үгүйсгэсэн үндэслэлгүй шүүхийн шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 42 722 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч СЭДЭ ХХК- нь хариуцагч Г.Ц-, Г.Н- нарт холбогдуулан Солонгос улсад эмчлүүлсэн эмчилгээний зардалд 35 112 012 төгрөг, тийзний үнэнд 7 610 000 төгрөг, нийт 42 722 012 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Үр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий СЭДЭ ХХК- нь тус эмнэлэгт хандсан Г.Ц-, Г.Н- нарын зөвшөөрлийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үр шилжүүлэн суулгах ажилбар хийсэн, 8 хоногийн дараа шинжилгээ өгөхөд 2 ихэр хүүхэдтэй болсныг оношилсон, 2 дахь удаагийн шинжилгээгээр хэвлийд шингэн хуримтлагдсан талаар талууд тайлбарласан, уг үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин үр шилжүүлэн суулгах мэс ажилбарын дараа үйлчлүүлэгчийн хэвлийн хөндийд их хэмжээний шингэн үүссэн, мухар олгойн үрэвсэл болсныг Солонгос улсад мэс заслаар эмчилсэнтэй холбоотой гарсан зардлыг эмнэлэг, эсхүл үйлчлүүлэгч хэн нь хариуцах талаар талууд маргажээ.

 

Нэхэмжлэгч СЭДЭ ХХК- нь Солонгос улсын Жусоны Их сургуулийн харьяа Сан Гиб Төв эмнэлэгт эмчилгээний зардалд 35 112 012 төгрөг төлсөн, мөн Монгол улсаас Солонгос улс, Солонгос Улсаас Монгол Улсад зорчих нислэгийн тийзийн үнэ 7 610 000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд гаргасан /хх-13-19/, эмнэлэг зардлыг хариуцна, зардалд санаа битгий зовоорой гэж хариуцагч эхнээсээ хэлж байсан, зардлыг эмнэлэг хариуцах ёстой гэж тайлбарлаж байна.

 

Дээрх зардлыг үйлчлүүлэгч Г.Ц-, Г.Н- нараас шаардсан үндэслэлээ нэхэмжлэгч мухар олгойн үрэвсэл болсон нь Солонгос улсад оношлогдсон, уг үрэвсэл нь өндгөвч өдөөснөөс болон үр шилжүүлэн суулгах мэс засал хийснээс шалтгаалаагүй нь тогтоогдсон тул эмчилгээний зардлыг эмнэлэг төлөх үндэслэлгүй гэж, хариуцагч нар нь татгалзлын үндэслэлээ мэс засалтай холбоотой гарч болох хүндрэлийг тайлбарлан, зөвшөөрүүлсэн баримт байгаа, тэнд бага аарцагны хөндийн үрэвсэл гэж заагдсан байдаг, мөн тус эмнэлгийн эмч нар нь өндгөвчний хэт сэдээлт гэж оношилсон тул зардлыг эмнэлэг хариуцах ёстой гэж тус тус тайлбарлажээ.

 

Зохигчдын маргаж буй үндэслэлд хамааралтай дараах баримтууд хэрэгт авагдсан байна.

 

СЭДЭ ХХК--ийн үр шилжүүлэн суулгах мэс ажилбар хийхийн өмнө үйлчлүүлэгч нарт Хуруу шилний хүүхэд мэс ажилбарын зөвшөөрлийн хуудас, мэс ажилбар хийлгэх зөвшөөрлийн хуудас гэх баримтыг танилцуулж, Г.Ц-, Г.Н- нар зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Дурдсан бичгийн баримтад халдварын хүндрэл үүссэн үед антибиотик эмчилгээ хийнэ. Хэвлий хөндий болон бага аарцагны эрхтний архаг үрэвсэлтэй өвчтөнд халдварын эрсдэл үүсэх өндөр магадлалтай, эдгээр эрхтнүүд үрэвсэж хэвлийн гялтан үүссэн бол мэс заслаар эмчилнэ гэж, гарч болох хүндрэлд бага аарцагны хөндийн үрэвсэл гэж тус тус заажээ. Үйлчлүүлэгчийн зөвшөөрөл хэсэгт санал болгож буй мэс ажилбарыг зөвшөөрч байна. Дээрх эмнэлгийн тусламж үйлчилгээний үр дүн, гарч болох хүндрэл, эрсдэл, нэмэлт ажилбар, орлуулж болох эмчилгээний талаар би тодорхой мэдээлэл авсан болно гэж тусгагдсан байна. /хх-7-12/

 

Хэрэгт авагдсан Г.Ц-ийн 13434 дугаартай өвчний түүх гэх баримтад 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өвчтөнийг Солонгос улсад эмчлүүлэхээр шилжүүлэх үеийн дүгнэлт бичигдсэн, уг дүгнэлтэд үр шилжүүлэн суулгах ажилбарын дараа өндгөвч хэт сэдэгдэх хам шинж хүнд хэлбэрээр үүсч эмчлэгдэх явцад аарцагны гялтангийн үрэвсэл үжилээр хүндэрч эмийн эмчилгээнд үр дүнгүй байна гэж үзсэн. Ингээд хэвлийн хөндийг нээж мэс заслын хүрээг тухайн үед шийдэх шийдвэр гарсан. Дүгнэлт шийдвэрийг ажилбар хийсэн Солонгосын эмнэлэгт танилцуулсан, харилцан ярилцаж зөвлөлдөн зохих бэлтгэл хийж эх болон ар гэрийнхэнтэй зөвшилцсөний дагуу 2019 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний нислэгээр Сөүлийн эмнэлэгт шилжүүлэв гэжээ. /хх-150/

 

Солонгос Жусонь их сургуулийн эмнэлгийн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мэс засал хийсэн тодорхойлолтод хэвлийн хөндийн дурангийн хагалгаагаар мухар олгой тайрах, наалдац салгах, идээ цэвэрлэх хагалгаа хийсэн гээд, оношийг мухар олгойн үрэвслийн улмаас мухар олгойн цоорол, хэвлийн гялтан хальсны үрэвсэл бий болсон гэж, шалтгааныг мухар олгойн үрэвсэл нь ямар ч үед үүсэх боломжтой байдаг ба үрэвсэлт өвчин тул үр суулгах мэс ажилбар хийлгэсэн, овуляцийн хам шинж илэрсэн, жирэмсэн ихэр тээлтийн шалтгаанаас үүдэлтэй гэж дүгнэх боломжгүй гэж тодорхойлсон байна. /хх-26, 27/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүх мэргэжлийн шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 596 дугаар дүгнэлт гарсан, уг дүгнэлтэд 1. Г.Ц- нь үр шилжүүлэн суулгах ажилбарын явцад өндгөвч хэт сэдээлтийн улмаас хэвлийд их хэмжээний шингэн үүссэн байна. 2. Хэвлийн шингэн соруулах ажилбарын явцад нянгийн халдвар авах боломжгүй. 3. Өндгөвч хэт сэдээлтийн улмаас хэвлийд их хэмжээний шингэн хуралдсан нь мухар олгойг хоёрдогчоор үрэвсүүлэх боломжтой, мөн хоол хүнс, биеийн эсэргүүцэл гэх мэт олон шалтгаанаар мухар олгой үрэвсэх боломжтой. 4. Хэвлийд их хэмжээний шингэн хуралдсаныг өвчний түүхэд өндгөвч хэт сэдээлтийн хам шинж гэж оношилсон байна гэж дүгнэжээ. Зохигчид уг дүгнэлтийг эсэргүүцэж маргаагүй.

 

Дээрх бичгийн баримтуудыг харьцуулан үнэлбэл, үр суулгах мэс ажилбарын дараа Г.Ц-ийн хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан, мухар олгойн үрэвсэл болсныг өндгөвчийг сэдээснээс, үр суулгах мэс заслаас шалтгаалахгүй тусдаа үүссэн өвчин гэж эргэлзээгүй дүгнэхээргүй, хүндрэлийг мэс заслаар эмчилнэ гэж заасан ч уг мэс засалтай нэмэлт зардал гарвал эмнэлэг хариуцахгүйг урьдчилан мэдэгдсэн, харилцан тохиролцсон баримтгүй байна.

 

Нэхэмжлэгч СЭДЭ ХХК- нь мэс ажилбарын өмнө ийм төрлийн хүндрэл гарч болохыг болон мэс заслаар эмчлэх тухай үйлчлүүлэгчид танилцуулан, мөн гарсан хүндрэлийг өндгөвч хэт сэдээлтийн хам шинж гэж оношилж, Солонгос улсад эмчлүүлэхээр шийдвэрлэсэн, мэс заслын явцад зардлыг төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч нарын мэс засалтай холбоотой гарч болох хүндрэлийг тайлбарлан, зөвшөөрүүлсэн баримт байгаа, тэнд бага аарцагны хөндийн үрэвсэл гэж заагдсан байдаг, мөн тус эмнэлгийн эмч нар нь өндгөвчний хэт сэдээлт гэж оношилсон тул зардлыг эмнэлэг хариуцах ёстой гэх татгалзал үндэслэлтэй байх тул Солонгос улсад эмчлүүлсэн эмчилгээний зардалд 35 112 012 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шаардсаныг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх хэргийн уг үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлтэй болжээ.

 

Харин Г.Ц-, Г.Н- нар нь давж заалдах шатны журмаар хэргийг хэлэлцэх явцад Монгол Улсаас Солонгос улсад зорчих нислэгийн тийзийн үнийг төлөхөөс татгалзаагүй тайлбар гаргасан тул 7 610 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан дүнг болон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/02114 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэгч СЭДЭ ХХК--ийн хариуцагч Г.Ц-, Г.Н- нараас 42 722 012 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг хариуцагч Г.Ц-, Г.Н- нараас 7 610 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СЭДЭ ХХК--д олгож, үлдэх 35 112 012 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Г.Ц-, Г.Н- нараас 136 710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СЭДЭ ХХК--д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371 561 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ